Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 27

 

Г.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал    

Прокурор                                        Д.Энхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туулын даргалж 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 64 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-гийн Г-т холбогдох 1718004100206 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй Д- овогт Г-гийн Г- /РД: **********/ нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн урд талын хатуу хучилттай зам дээр **** УБЛ улсын дугаартай “Тоёото приус-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2-д заасныг зөрчсний улмаас явган зорчигч 5 настай Б.Б-г мөргөж  түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай   ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.Г-т холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Г.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Г.Г-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлд: “...шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Г.Г-ын өмчлөлийн **** УБЛ улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж...”гэж дурдаад тогтоолын тогтоох хэсэгт уг авто машиныг хэрхэн шийдвэрлэсэн  тухай зааж өгөөгүй анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Шүүгдэгч Г.Г-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын ихэнх хэсгийн нөхөн төлж үлдэх хэсгийг сайн дураар төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнийг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Г.Г-ыг 1 жилийн хугацаагаар  хорих ялаас чөлөөлж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хугацаа зааж ялаас чөлөөлөх тухай ойлголт Эрүүгийн хуулийн 6.7 дугар зүйлийн 1.1-д хуульчлагдаагүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчийг 1 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зэрэг үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж зөвтгүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор Д.Энхтуяа гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Дараах 2 үндэслэлээр дээд шатны прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн.  Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “... Г.Г-ын өмчлөлийн **** УБЛ улсын дугаартай авто машин битүүжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр үлдээж...” гэж дурдаад, тогтоолын “Тогтоох” хэсэгт уг авто машиныг хэрхэн шийдвэрлэсэн тухай зааж өгөөгүй анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.  Шүүгдэгч Г.Г-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын ихэнх хэсийг нөхөн төлж, үлдсэн хэсгийг сайн дураар төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнийг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Г.Г-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлж шийдвэрлэснийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь хугацаа зааж ялаас чөлөөлөх тухай ойлголт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д хуульчлагдаагүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчийг 1 жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэх саналтай байна гэв.

Тодорхойлох нь:

Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн их сургуулийн урд талын хатуу хучилттай зам дээр 5 настай Б.Б- нь Г.Г-ын жолоодож явсан автомашинд мөргүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж Г.Г-т холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.Г-т холбогдох хэргийг хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан журмын дагуу ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дээд шатны прокурорын эсэргүүцэлд бичсэн үндэслэлүүдийг хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байгаа боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-д заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих зүйлийг бүрэн тусгаагүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчсөн гэж үзнэ. Тухайлбал: шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Г.Г-ын эзэмшлийн **** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхээр дурдсан боловч тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэрхэн шийдвэрлэснээ заагаагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ичинхорлоод 1.500.000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар тусгаагүй орхисон байна.

Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эвлэрч хохирол, төлбөрийн үлдэгдэл болох 1.500.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний дотор төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан болох нь хэрэгт хавсаргаж ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул тогтоолын хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт хохирол, төлбөрийн үлдэгдлийг төлөх хугацааг гэрээний хугацаагаар тогтоож өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хорих ялаас чөлөөлөхдөө “1 жилийн хугацаа” тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих хэсэгт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 5, 7 дахь заалтанд:

2.”...Г.Г-аас 1.500.000 төгрөг ...” гэсний дараа  “ 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор гаргуулж...”гэж нэмж;

5. “...1 жилийн хугацаагаар...”гэснийг хасч;

7. “...1.8 ...” гэсний дараа 1.9-д” гэж нэмж.”шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц...” гэсний дараа “...Г.Г-ын эзэмшлийн **** УБЛ улсын дугаартай “Тоёото приус 20” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож...” гэж нэмж тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                                     

                                                     ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                     ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ