Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0604

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 497 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “М” ХХК,

Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар, 2020 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 124 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн 79/2017 дугаартай тусгай зөвшөөрлийг хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ХХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг нөхөн олгохыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 497 дугаар,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Х.Н,,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

 

Хэргийн индекс: 128/2021/0698/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 497 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн47 дугаар зүйлийн 47.1.7, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 22 дугаар зүйлийн 22.2, 24 дүгээр зүйлийн 24.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн ““Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар, 2020 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 124 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн 79/2017 дугаартай тусгай зөвшөөрлийг хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгох, “М” ХХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг нөхөн олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн "Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай" 08 дугаар тогтоолыг хүчингүй 1 болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба "М" ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагаас тодорхой зарим шаардлагыг хангаж ажилласан бөгөөд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдах 50 МВТ-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын эрчим хүчний нэгдсэн системд холбогдох техникийн нөхцөлийн хугацааг шалтгаангүйгээр сунгаж өгөөгүйн улмаас дараа дараах нөхцөл шаардлагын биелэлтийг хангаж ажиллахад саад учирч, бидний үйл ажиллагаанд хүндрэл үүссэн. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн "Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай" 08 дугаар тогтоолыг үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. "М" ХХК-ийн 79/2017 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. "М" ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т "Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана." гэж заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 25 ны өдөр Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хороо нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 16 дугаар зүйлийн 16.1-д тус тус заасны дагуу "М" ХХК-ийн гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариу өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд шийдвэрлэхгүй хугацаа авч байснаа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1/96 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор манай компанид олгосон 79/2017 дугаартай Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон мэдэгдлийг ирүүлсэн

Энэ нь Эрчим хүчний зохицуулах хороо нь хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй удсаны улмаас манай Тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон ба төрийн байгууллага өөрт ашигтай нөхцөл байдлыг ашиглан өөрт давуу байдлыг санаатайгаар бий болгосны дараа буюу Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаснаас хойш 10 сарын дараа тогтоол үйлдэж, маргаан бүхий захиргааны акт болох "Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахгүй байх тухай" 08 дугаар тогтоолыг гаргасан нь үндэслэлгүй байхад шүүх энэхүү тогтоолыг үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 219 Мөн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө гаргах хуулиар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч биелүүлсэн гэж үзсэн хэрнэ энэхүү хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан Эрчим хүчний зохицуулах хорооны хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх талаар зохицуулалт агуулсан Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйл болон Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 9 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг нарийвчлан зохицуулаагүй гэж дүгнэсэн байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд хүсэлтээ захиргааны байгууллагад гаргасан, харин энэхүү хүсэлтийг захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөх үүргээ биелүүлээгүй нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй болж байна. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0497 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 2. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 08, мөн оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, тус компанийн 79/2017 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдэл хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл нөхөн олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... Эрчим хүчний зохицуулах хороо нь хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй удсаны улмаас манай тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан ба төрийн байгууллага өөрт ашигтай нөхцөл байдлыг санаатайгаар бий болгож 10 сарын дараа 8 дугаар тогтоолыг гаргасан нь үндэслэлгүй байхад шүүх энэ тогтоолыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэжээ.

4. Нэхэмжлэгч “М” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эрчим хүчний барилга байгууламж Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт нарны цахилгаан станцын эх үүсгүүр барих 79/2017 дугаар тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авчээ.

5. Тус компани нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 159 дүгээр албан бичгээр “хугацаа сунгуулах” хүсэлтийг гаргасан боловч үүнээс өмнө Эрчим хүчний зохицуулах хороо нь зохих журмын дагуу тус компаниас ирүүлсэн тайланг хэлэлцэж, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 124 дүгээр тогтоолын нэг дэх заалтаар “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг “Хангалтгүй” гэж дүгнэж, 2 дахь заалтаар барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх шаардлагыг 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор тайлагнахыг үүрэг болгосон, үүнтэй нэхэмжлэгч маргаагүй байна.

6. Уг тогтоолын дагуу нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэн байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5/20 дугаар албан бичгээр  хүргүүлсэн боловч хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолоор “барилгын ажлыг 12 сарын дотор эхлүүлсэн байх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.  

 7. Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана” гэж зааснаас үзвэл хариуцагч нь “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй” байхад хугацааг сунгах үндэслэлгүй байна.

8. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч нь хугацаа сунгуулах хүсэлтээ Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана” гэж заасан хугацаанд ирүүлээгүй тул 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаар тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан” гэх үндэслэлээр тухайн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэх тайлбар гаргасныг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

9. Учир нь нэхэмжлэгч нь хугацаа сунгуулах хүсэлтийг хэдийгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө гаргаагүй ч  2020 оны 124 дүгээр тогтоолын дагуу хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэн байгуулж хүргүүлсэн, хугацаа сунгуулах хүсэлтийг 160 хоногийн өмнө гаргаснаас үзвэл хариуцагчид хүсэлтийг шийдвэрлэх хангалттай хугацаа байсан гэж үзнэ.  

10. Гэвч хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь дээрх 08 дугаар тогтоолоор “тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр хугацаа сунгахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй, уг тогтоол гарснаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн эрх дуусгавар болсон байх тул уг 2021 оны 146 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчээс “санаатайгаар өөрт ашигтай байдлаар хүсэлт шийдвэрлэхгүй удааж хугацааг нь дууссаны дараа хүчингүй болгосон” гэх дээрх гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна..

11. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ