Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

 

 

 

 

 

 

 

 2021           01            21                                     2021/ШЦТ/69

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Жаргал,

шүүгдэгч Р.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Э овогт Р-ын Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005033830002 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ....... төвд цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........ дүүргийн ... дугаар хороо ... дугаар хороолол ... дугаар байр ...  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Э овогт Р-ын Э-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Р.Э- нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Хархорины автобусны буудал өнгөрөөд өөрийн эзэмшилийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа машин шүргэлээ гэж Л.Ариунболдын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Э- мэдүүлэхдээ: “11 дүгээр сарын 25-ны өдөр явж байгаад маргалдаад урдуур нь орчихсон юм. Шүргэсэн нь миний буруу. Цохисондоо гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгч Р.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Л.Ариунболдын “Би 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг өнгөрч байх үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хархорин худалдааны төвийн замын урд талын автобусны буудлаас дөнгөж хөдлөөд хотын төв рүү явдаг тал руугаа өөрийн эзэмшлийн ХХ-ХХ УБӨ улсын дугаартай Prius 20 маркийн автомашинтайгаа 2 дугаар эгнээгээр явж байтал 3 дугаар эгнээнээс нэг машин шахаж орж ирээд зүүн талаас мөргөсөн. Тэгээд машин дотроо байж байтал нөгөө машины жолооч хүрэн малгайтай цамцтай биерхүү залуу бууж ирээд хараалын үг хэлж байснаа цонхоор гараа оруулаад миний баруун талын нүдний доод хэсэг рүү цохичихоод машиндаа суугаад зугтаагаад зүүн эргээд яваад өгсөн. Тэгээд би 102 дугаарт залгаж дуудлага өгсөн.

... Тухайн намайг цохисон залуу ХХ-ХХ УНВ улсын дугаартай цагаан өнгийн Prius 20 маркийн автомашинтай байсан. Миний баруун нүдний доод хэсэгт хөхөрч, нүд болон хацарны хэсэг хавдсан байсан. Би тэр залууг зодсон асуудал байхгүй. Надад гомдолтой байна. Уг хүнд хуулийн дагуу арга хэмжээ тооцуулах саналтай байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-39 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Болормаагийн “... манай нөхөр Л.Ариунболд Prius 20 маркийн ХХ-ХХ УБӨ улсын дугаартай автомашинтай явж байхад 3 дугаар эгнээнээс нэг Prius 20 маркийн цагаан өнгийн автомашин шахаж орж ирээд машиныг шүргээд зогссон.

Тэгэхэд тухайн машины жолооч машинаасаа бууж ирээд манай нөхөр Л.Ариунболдын талаар ирээд машины цонхоор гараа оруулаад нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд би тэр залууг болиочээ гээд гэж хэлэхэд тоохгүй машиндаа суугаад яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36-37 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12399 дугаартай:

“1. Л.Ариунболдын биед баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

 

Р.Э-ын яллагдагчаар өгсөн “... өөрийн эзэмшлийн Toyota Prius 20 маркийн ХХ-ХХ УНВ улсын дугаартай автомашинтай явж байхдаа хажууд явж байсан Prius 20 маркийн саарал өнгийн автомашины урдуур ороход хажуу талын эгнээнд явж байсан Prius 20 маркийн автомашины жолооч намайг адилхан шахаад миний машиныг шүргэхээр нь машинаасаа бууж ирээд тухайн автомашины жолоочийн нүүр лүү нь нэг удаа цохичихоод машиндаа суугаад яваад өгсөн.

Тухайн машины жолооч намайг цохисон зүйл байхгүй. Би машин шүргэчихээр нь уурандаа очоод тухайн машины жолоочийг цохисон юм. Би тухайн машины жолоочоос уучлалт гуйсан байгаа.

... Би учруулсан хохирлоо төлж барагдуулах болно. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-28 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Р.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнчлэн тэрээр бусдын нь биед халдаж байгаа үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэв.

 

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах явцад хохирогч Л.Ариунболд “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хэргийн 38-39 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Р.Э- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Р.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овогт Р-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Э-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаарР.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Р.Э- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ