Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/72

 

 

 

 

 

 

 

 

2021              01            22                                     2021/ШЦТ/72

 

 

     

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Ш.О- түүний өмгөөлөгч У.Түвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Баянгол дүүргийн прокурорын газраас И овогт Ш-ийн О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 200502650180 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа барилгын материал зарж борлуулдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ......... дүүргийн

... дугаар хороо ... хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух,

урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 607 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 1751 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, И овогт Ш-ийн О-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ш.О- нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо ........ хотхоны харуулын байранд насанд хүрээгүй хохирогч А-ийн хоолойг боож, гараараа цохиж биед нь хүзүү, зүүн бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.О- мэдүүлэхдээ: “Шөнийн 23-24 цагийн хооронд болсон юм. А- нь өөрөө орилж хашгичаад байсан. Светрэн цамцтай байсан түүнээс нь базаж байгаад тавьсан юм. Ерөөсөө л тийм зүйл болсон. Манай харуулын байранд энэ хэдийн орилж хашгираад байсан бичлэг нь байсан. Би тэрийг үзэж байсан. Би 4 удаа цагдаа дуудсан. Тэгээд ээж нь орилж хашгичаад хүүхдээ аваад явсан. Би бол цохисон зүйл байхгүй. Манай харуулын даргын туслах хүртэл боль гэж хэлсэн. Өөрөө гүйгээд л гараад явсан. Манай байр биш юм байна лээ. Хойд талын байр гэсэн. Ээж нь орилоод би өөрөө цагдаад ажилладаг хүн, чамайг би яасан ч яадгийн гээд байсан ийм л юм болсон” гэв.

 

Шүүгдэгч Ш.О- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Насанд хүрээгүй хохирогч А-ийн “2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн үед би 305 дугаа байрны гадна саравчинд ганцаараа сууж байтал манай хоёр эрэгтэй найз болох Х-, А- хоёр ирээд миний сууж байсан саравчийг хөдөлгөөд байсан. Тэгээд байж байтал 305 дугаар байрны 4 давхраас “боль” гэж хэлсэн боловч манай хоёр найз сонсоогүй. Тэгээд нөгөө саравчийг хөдөлгөж байхад байрны гадаа нэг эгч машинаасаа бууж ирээд бид нарыг “боль” гэж хэлсэн. Тэгээд манай хоёр найз саравч хөдөлгөхөө больсон. Тэгээд бид нар гар утсаараа юм үзээд сууж байтал манай хоёр эмэгтэй найз А-, Н-, М- нар ирсэн.

Тэгээд бид хэд саравчин дотор байж байтал 305 дугаар байрны 4 давхарын эгч дахиж цонхоороо гарч ирээд манай эрэгтэй найзуудад хандан “наад гичийнүүдээ аваад зайлаач” гэсэн.Тэгтэл манай А- гээд найз “эгчээ бид нар одоо явлаа, та тайван унтаж амар” гэсэн. Тэгсэн чинь тэр эгч манай найзын өмнөөс “чи битгий олон юм яриад хуцаад бай, айгаагүй бол наанаа байж бай” гэсэн. Тэгээд манай найз “байж байя” гэж хэлсэн. Удалгүй байж байтал Мөнх-Эрдэнийг нөгөө цонхоороо орилоод байсан эгч алгадаж байсан. Тэгээд нөгөө манай найз А-ийг алгадах гэтэл М- тэр эгчийн гарыг нь бариад “эгчээ эмэгтэй хүүхдэд гар хүрээд хэрэггүй” гэсэн. Тэгтэл нөгөө эгч М-, А- хоёрыг харуулын байр луу аваад орсон. Бид нар тэгээд байж байтал манай ээж С- над руу залгаад “орой болчихлоо, ор” гэсэн. Тэгээд би гэр лүүгээ орох гээд явж байтал нөгөө эгч харуулын байрны цонхноос намайг хараад гарч ирээд миний цамцнаас татаад намайг харуулын өрөө лүү оруулсан. Намайг харуулын өрөөнд оруулангуутаа тэр эгч намайг загнасан. Би тэгэхээр нь “эгчээ би ямарч буруугүй ш дээ” гэж хэлтэл тэр эгч миний хоолойг өмсөж байсан цамцаар минь боосон. Би боогдоод нүд харанхуйлаад толгой эргээд цаашаагаа булан суусан. Тэгтэл тэр эмэгтэй “чи эцэг, эхээ дууд” гэсэн. Тэгэхээр нь манай аав байхгүй байгаа гэтэл “эцэггүй хүүхдийн толгой нь том” гэж хэлсэн. Тэгтэл тэр харуул хөгшин ах бид нарыг өрөөнөөсөө гаргах гэтэл “яахаараа эд нарыг гаргадаг юм бэ” гээд бид нарыг гаргахгүй байсан. Тэгээд байж байснаа тэр эгч миний нуруу луу 4, 5 удаа цохисон. Мөн зүүн гар луу хэд хэдэн удаа цохисон. Энэ үед манай ээж над руу залгаад “би харуулын өрөөнд байна” гэж хэлсэн. Тэгээд ээж намайг ирж авсан. ... Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/

 

Гэрч Г.Ц-ын “... манай ........ хотхоны оршин суугч эмэгтэй хэдэн хүүхэд харуулын байранд оруулчихсан загнаад нөгөө хүүхдүүд нь өөдөөс нь хэрэлдээд байж байсан. Тэр хүүхдүүд дотор Ану гээд нэртэй хүүхэд байхаар нь “чи ах зах хүний өөдөөс яагаад хэрэлдээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Ану “энэ эгч намайг боосон” гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/

 

Гэрч Д.Э-ын “Би харуулын байрандаа байж байтал манай хотхоны оршин суугч эмэгтэй гурван хүүхэд дагуулж орж ирээд “энэ гурав надтай хэрэлдээд саравчин дээр гүйгээд байна” гээд оройны яг хэдэн цаг гэдгийг санахгүй байна, нэлээн орой л орж ирсэн. Тэгэхээр нь би “та хэд өөрсдөө учраа ол” гээд гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Гэрч Д.С-гийн  “... Тэр эмэгтэй надад “эд нар саравч хөдөлгөж амгалан тайван байдал алдагдуулсан” гэсэн. Тэгтэл би хүүхдээ харсан чинь манай охины хоолой нь маажигдаад улайчихсан байхаар нь би тэр эмэгтэйд “яасан гэж чи хүний хүүхдэд гар хүрч байгаа” юм гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ болон тэнд байсан хүүхдүүдийг аваад гарсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Д.А-ийн “... А- камерын өрөөний хажууд иртэл нөгөө эгч А-ийг татаад камерын өрөө рүү оруулсан. Тэгээд би камерын өрөөний гадаа байж байтал А-ийн ээж нь ирээд А-, А-, М- гурвыг авч гарч ирсэн. А- гарч ирээд тэр эмэгтэйг өөрийг нь зодсон, хоолойг нь боосон гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9680 дугаартай:

“1. 2. А-ийн биед хүзүү, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.5 Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 40-41 дүгээр хуудас/

 

Ш.О-гийн яллагдагчаар өгсөн “... 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн үед орондоо ороод унтаж байтал хэдэн хүүхэд байрны гаднах саравч оролдоод байхаар нь “боль” гэж хоёр удаа хэлсэн боловч болихгүй байхаар нь гараад очсон. Бүгдээрээ зугтаагаад явсан. Тэнд байсан хоёр эрэгтэй хүүхдийг аваад харуулын байранд оруулаад байж байтал А- гээд охин харуулын байранд ороод ирсэн.

Тэгэхээр нь би А-ийг “чи яагаад эд нарыг боль гэхгүй байгаа юм” гэтэл миний өөдөөс хэрэлдэхээр нь би А-ийн цамцнаас нь татаж байгаад түлхсэн. Ерөнхийдөө ийм зүйл болсон. Би энэ үед цагдаа дуудсан боловч ирээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.О- нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн ... дугаар хороо ........ хотхоны харуулын байранд насанд хүрээгүй хохирогч А-ийн хоолойг боож, гараараа цохиж биед нь хүзүү, зүүн бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэн, шүүгдэгч Ш.О-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршгийн талаар:

Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримт байхгүй, хохирогч “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тэрээр торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа шаардлагагүй гэсэн тул хугацаа тогтоогоогүй болохыг дурдав.

 

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Ш-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.О- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ш.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ