Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/73

 

 

 

 

 

 

 

 

 

2021              01            22                                     2021/ШЦТ/73

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Э.Ө- түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Т.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Э-ны Ө- холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005032781725 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймаг Бугат суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, Мишээл салонд гоо сайханч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 7 дугаар гудамж 182б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ны Ө. /РД:ДГ89010600/

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Э.Ө- нь 2020 оны 11 дүгээр сарын 03-наас 04-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А- нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ш.О-ын толгой хэсэгт архины шилээр цохиж биед тархи доргилт, духанд шарх, дух, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч   Э.Ө- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ш.О-ын “Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шөнө 00 цаг өнгөрч байхад найз Урансайхан, Дэлгэрмаа нарын хамтаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А- нэртэй бааранд орсон. Тэгээд бид гурав тэр бааранд ороод Жак нэртэй граммыг нь мэдэхгүй нэг шил виски захиалан уусан бөгөөд би тэр вискинээс 150 орчим граммыг уусан. Тэгээд би хоёр найзтайгаа А- баарны тектэй ойролцоо бүжгийн талбай дээр бүжиглээд байж байтал миний толгойг шилээр цохисон эгч текний дэргэд үл таних яг хэдэн хүн байсныг мэдэхгүй эмэгтэй хүмүүстэй маргалдаад эхлэхээр нь би ойрхон байснаараа очоод салгасан. Тэгээд тэр хүмүүсийг салгаад байж байтал манай хоёр найз тамхины өрөө орж тамхи татна гээд явахаар нь би ганцаараа текний дэргэд нэг хамгаалагчийн дэргэд зогсож байтал нөгөө маргаан хийгээд байсан бас цагдаа нар ирээд аваад явсан эгч миний араас аль гартаа барьчихсан байсан гэдгийг сайн мэдэхгүй, шилээр толгойн баруун дух, баруун хөмсөгнөөс дээхэн талд нэг удаа цохисон. Тухайн үед би бага зэрэг манараад байж байтал тэр А- баарны эзэн гээд сахалтай ах над руу ирээд чамайг хүн архины шилээр цохичихлоо, ариун цэврийн өрөө орж цусыг чинь угаая гээд дагуулаад явсан.

Тэгээд ариун цэврийн өрөө ороод цусаа угаасан боловч миний толгойноос гарч байгаа цус тогтохгүй байсан. Тэгж байх хооронд миний толгойг шилээр цохисон эгчийг баарны хамгаалагч нар цагдаад барьж өгөөд явуулсан байсан.

... Миний хувьд гомдолдтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл өөрийн биед учирсан гэмтэлд гарсан зардлаа нарийн тооцож гаргаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44-45 дугаар хуудас/

 

Гэрч Ш.М-гийн “... Надад тухайн бааранд юу болсон талаа харсан зүйл байхгүй. Бааранд байхад хэн нь мэдэхгүй нэг хүн ирээд Ө-ыг хүний толгой хагалчихлаа гэхээр нь байсан газраасаа гараад хартал О- гэх охин ариун цэврийн өрөөнд толгойноосоо гарсан цусаа угаагаад зогсож байсан. Ө- хаана байсныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

 

Гэрч Г.М-ын “ ... Тэгээд Ө-ыг явсан хойно бид нар хэн нь хаана юу хийж байгаа талаар мэдэх сөхөөгүй байж байтал яг хэн нь мэдэхгүй Ө-ыг хүний толгой цохиод хагалчихлаа гээд байсан. Тэгээд би тэр баарнаас Ө-ын толгойг нь хагалсан гэх эмэгтэйн хамтаар Гэмтлийн эмнэлэг явсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч Б.Д-гийн “... Харин О-, А- хоёр бүжгийн талбай руу бүжиглэхээр гарсан хойно би ширээн дээрээ ганцаараа суугаад үлдсэн. Тэгээд би ширээндээ ганцаараа суугаад байж байтал нэг танихгүй залуу ирээд надад танай найз чинь толгойндоо цохиулчихлаа гэхээр нь босоод хартал манай найз О-ын толгойноос цус гарчихсан, тэр баарны хамгаалагч гэмээр том биетэй, гэзэгтэй сахалтай эрэгтэй дагуулчихсан баарны тек орчмоос ирж байсан. Тэгээд би юу болсон талаар асуутал О- надад нэг танихгүй эмэгтэй ирээд цохичихлоо гэсэн бөгөөд хамт явсан хамгаалагчаас нь асуутал тиймээ нэг эмэгтэй танай найзыг цохичихлоо гэж байсан. Тэгэхээр нь би О-ын толгойг цохисон эмэгтэй нь хаана байгаа талаар асуутал хамгаалагч надад тэнд байгаа, найзыгаа аваад явж бай гэхээр нь эмнэлэг дуудсан юм уу гэсэн чинь хамгаалагч надад дуудсан гэж байсан.

... Би яг яаж байгаад О- хүнд зодуулсан талаар харсан зүйл байхгүй. Надад тэр баарны хамгаалагч хэлэхдээ нэг эмэгтэй архины шилээр толгой руу нь цохисон гэж байсан. Би тэр эмэгтэйг нь хараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Бичлэг бүхий дискэнд үзлэг хийсэн “... Ш.О-ын толгой орчим нь нэг удаа цохих ба уг цохилтын улмаас Ө-ын гартаа барьсан архины шил хагарсан даруй Ө- шууд дэлгэцийн баруун доод булан руу эргэж харж яваад алга болох ба Ш.О- газар унах үед баарны хамгаалагч татан босгоод маргааныг салгах үйлдэл хийж байгаад цааш авч явах ба үүнээс хойш хэрэгт ямар нэгэн ач холбогдолтой зүйл гарахгүй байж байгаад 9 минут 55 секунд яваад бичлэг дуусав” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 34-38 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12915 дугаартай:

“1. Ш.О-ын биед тархи доргилт, духанд шарх, дух, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тогтоогдсон гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт. /хэргийн 48-49 дүгээр хуудас/

 

Мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “... 1. Эрүүгийн 200503278 дугаартай хэрэгт нэг ширхэг бичлэг бүхий цагаан өнгөтэй, ямар нэгэн бичиглэлгүй, сиди /CD/-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 52 дугаар хуудас/

 

Э.Ө-ын “... Би хүлээн зөвшөөрч байна. Би дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Үйлдсэн хэргийн талаар ярих зүйл байхгүй. Одоо маш их харамсаж байна ... ” гэсэн мэдүүлэг /хэргийн 61-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан дээрх хохирогч Ш.О-, гэрч Ш.М-, Г.М-, Б.Д- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, түүнчлэн шүүгдэгч Э.Өлзийбаяр нь хохирогч Ш.О-ыг архины шилээр цохиж байгаа уг үйл явдлыг буулгасан дүрс бичлэг зэрэг анхдагч, шууд нотлох баримт, мөн шүүгдэгч Э.Ө-ын мөрдөн шалгах явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тэрээр 2020 оны 11 дүгээр сарын 03-наас 04-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А- нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ш.О-ын толгой хэсэгт архины шилээр цохиж биед тархи доргилт, духанд шарх, дух, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Э.Ө-ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Ө- нь бусдын биед халдаж байгаа үйлдэл нь хууль бус гэдгийг мэдсээр байж үйлдэж гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Ш.О-аас гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд 41.160 төгрөгийн мөн 8800 төгрөгийн баримт тус тус гаргаж өгчээ.

Шүүгдэгч Э.Ө- нь хохирогчийн “толгойны томографийн зураг авхуулах 120.000 төгрөгийг төлсөн, мөн 65.000 төгрөгийг дансаар шилүүлсэн” болох нь хохирогч Ш.О-ын мэдүүлгээр /хэргийн 77 дугаар хуудас/ тогтоогдож байх тул баримтаар гарсан хохирол төлөгдсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэхдээ хохирогч Ш.О- нь эмчилгээнд 720.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Ө- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүх, шүүгдэгч Э.Ө-ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоос төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э-ны Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ө-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ө-ыг  торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Ө- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Э.Ө- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ш.О- нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ