Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/58

 

 

 

 

 

 

 

 

2021             01         19                                    58

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч: Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мд холбогдох эрүүгийн 2005030741635 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, Гааль татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, улсын үйлдвэрийн газарт мэргэжилтэн ажилтай, сард 2 500 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, эхнэр, 1-11 насны 3 хүүхдийн хамт

,

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, М.

 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам гудамж, Авзага 10 байр, 34 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр, түүнээс олон хүний буюу бага насны хүүхэд болох төрсөн хүү 8 настай М.Төийг гараар цохиж, хөлөөр өшиглөж, биед нь сарвуунд зулгаралт, өгзөг, хэвлийд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн төрсөн хүү 11 настай М.Тийг гараар цохиж, биед нь зовхи, хацар, бугалга, тохой, шуу, цээж, гуя, ташаа, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.М мэдүүлэхдээ:

Тухайн үед манай хүүхдүүд утсаар тоглоод үгэнд орохгүй байсан. Гэтэл манай эхнэр хүүхдүүд чинь үгэнд орохгүй байна, чи хүүхдүүддээ үг хэл гэсэн. Тэгээд ийм зүйл болсон. Надад өөрийгөө өмгөөлж хэлэх үг байхгүй. Миний хийсэн зүйл буруу гэдгийг ойлгож байна. Тө, Төгсбилэг нарын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Одоо би хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа. Намайг 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байхад хүүхдүүдийн бие хэвийн болсон байсан. Энэ асуудлаас хойш 2 хүүхэдтэйгээ байнга ярилцаж байгаа. Би хүүхдүүдийнхээ утас, компьютер тоглохыг байнга хязгаарлахгүй, тодорхой хэмжээнд хязгаарлаж байхаар болсон. Тухайн үед агшин зуур миний уур хүрээд ийм зүйл хийсэн. Би цаашид үр хүүхдүүдээ ухамсартайгаар хүмүүжүүлнэ, дахиж хүүхдүүддээ гар хүрч, загнаж, хүчээр ямар нэгэн зүйл хийлгэхгүй, хүүхдүүддээ тэжээж тэтгэж байна гэдэг байдлаар хандахгүй, дахиж ийм зүйл хийгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад  насанд хүрээгүй хохирогч-М.Т мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэртээ аав, ээж, дүү нарын хамт байж байхад 22 цагийн орчим санагдаж байна, би зочны өрөөндөө цэвэрлэгээ хийж байхад манай аав М дүү бид хоёрын өрөөнд дүү Төийг шарсан төмс идсэн гараараа гар утас оролдлоо гэж уурлаад зодоод байсан. Яаж зодсоныг нь хараагүй. Тэгээд удалгүй зочны өрөөнд орж ирээд намайг гэрээ сайн цэвэрлэсэнгүй гэж хэлээд шууд миний нүүр рүү алгадаад, одоо гарыг чинь хугална гээд буйдангийн модон дээр миний гарыг тавиад миний гарыг хөшөөд байсан. Аав миний нүүр рүү алгадсаны улмаас миний хамраас цус гарахад манай аав одоо цусаа цэвэрлэ гэхээр нь би нойлын өрөө рүү ороход аав миний араас ариун цэврийн өрөө рүү орж ирээд миний нуруу, гар, гуя хэсэг рүү олон удаа цохиод байхаар нь би уйлтал аав миний толгойг барьж байгаад крант руу нэг удаа мөргүүлээд, намайг ариун цэврийн өрөөнд орхиод гарсан. Тэгээд аав удалгүй буцаж орж ирээд ариун цэврийн өрөөний хаалганд миний гарыг хавчуулаад дараад байсан. Тэгээд намайг орхисон. Энэ үед манай ээж бага дүүг аваад байж байсан. Тэгээд би ариун цэврийн өрөөнд хамраас гарсан цусаа цэвэрлээд байж байхад аав дунд дүү Төийг зодож байгаад буцаж ирээд намайг бас цохиод байсан. Манай аав урьд нь манай ээж болон дүү нарыг маань зодож байсан. Хэзээ зодож байсныг нь санахгүй байна. Би ааваасаа маш их айдаг. Манай аав, ээж хоёр заримдаа дүү бид хоёроос болж маргалддаг. Манай ээж дүү бид хоёрыг өмөөрөөд аавтай байнга маргалдаж, хэрэлддэг гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад  насанд хүрээгүй хохирогч-М.Тө мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэртээ аав, ээж, ах, дүү нарын хамт байж байхад 22 цаг өнгөрч байх үед манай аав М намайг тостой гараараа утас барьлаа гээд өрөө рүүгээ орох гэж байхад хүрч ирээд гэдэс рүү хөлөөрөө өшиглөөд, өрөөнд оруулаад зөндөө олон удаа намайг толгой, нүүр рүү алгадаад, нүд рүү өшиглөөд ширээгээ цэвэрлэ гээд зочны өрөөнд ороод манай төрсөн ах М.Тийг зодсон. Манай ахын хамраас цус гараад, унтлагын өрөөнд ороод цэвэрлэгээ хийж байхад манай ахыг ариун цэврийн өрөөнд зодоод байсан. Би ариун цэврийн өрөө орох гэтэл боожгойг минь тасална гээд сэрээгээр миний боожгойн урд хэсэг рүү хатгаад бас баруун гар руу хатгаад байсан. Намайг ариун цэврийн өрөөнд оруулаад миний хурууг тасална гээд гусочик /төмөр тасалдаг зүйл/-ээр айлгаад, миний гарыг хөлөөрөө дараад хоёр гараараа миний гарыг арагш нь хөшөөд, багалзуурдаад, хоолой боогоод өргөөд байсан. Намайг өөрийнхөө юмыг хий гээд зандраад байсан. Би тэр үед цэвэрлэх ёстой байсан ширээгээ цэвэрлэсэн. Би огт уйлаагүй. Аав урьд нь ээж, ах, дүү нарыг зодож байсан. Хэзээ яаж зодож байсныг нь би санахгүй байна. Ямар ч байсан ааваасаа маш их айдаг гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Уг насанд хүрээгүй хүүхдийн хувцсыг тайлуулан нүцгэн биеийн үзлэгийг явуулахад баруун нүдний хэсэгт 6 см урттай хөхрөлттэй, баруун гарын шуу хэсэг, гарын дотогш хэсэгтээ чиглэлтэй бүрдэг хөх өнгийн хөхрөлтэй, баруун гарын дотор хэсэг, 1х1 см хэмжээтэй дугуй хэлбэрийн хөхрөлттэй, ар нурууны баруун далны хэсэгт 5 см урттай бүдэг хөх өнгийн хөхрөлттэй, зүүн гарын дотор хэсэгт бүдэг өнгийн хөхрөлттэй, зүүн гарын дотор хэсэгт бүдэг өнгийн хөхрөлттэй, биед өөр ил харагдах шархгүй байв гэжээ. (хэргийн 12 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11805 тоот дүгнэлтэд:

1. М.Тийн биед зовхи, хацар, бугалга, тохой, шуу, цээж, гуя, ташаа, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11806 тоот дүгнэлтэд:

1. М.Төийн биед сарвуунд зулгаралт, өгзөг, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Г.М эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 61 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам гудамж, Авзага 10 байр, 34 тоотод тэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр, түүнээс олон хүний буюу бага насны хүүхэд болох төрсөн хүү 8 настай М.Төийг гараар цохиж, хөлөөр өшиглөж, биед нь сарвуунд зулгаралт, өгзөг, хэвлийд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

төрсөн хүү 11 настай М.Тийг гараар цохиж, биед нь зовхи, хацар, бугалга, тохой, шуу, цээж, гуя, ташаа, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч М.Тө, М.Т нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11805, 11806 тоот дүгнэлтүүд, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс насанд хүрээгүй хохирогч нарын биед учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг гаргаагүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул Г.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Г.Мөнх-Эрдэнийн энэ хэрэгт цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний 15 000 төгрөгөөр тооцож, 210 000 төгрөгийг 1 500 000 төгрөгөөр торгох ялаас хассугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 1 290 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Г.Мд даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН