Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60

 

 

 

 

 

 

 

 

2021             01            19                                         60

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон,

шүүгдэгч: О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гт холбогдох эрүүгийн 2005030701710 дугаартай 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, Алъянс Тех ХХК-д дулааны инженер ажилтай, сард 1 000 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Г.

 

Шүүгдэгч О.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал” зочид буудлын хажуу талын зам дээр хохирогч С.Мыг зодож, түүний биед барууд доод үүдэн нэгдүгээр шүдний мултрал, зүүн доод үүдэн нэгдүгээр шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О.Г мэдүүлэхдээ:

Тухайн үед болсон зүйлийг сайн санахгүй байгаа ч С.Мыг зодсон гэдгээ санаж байна. Бид дөрвүүлээ 3 шил, 0.75 литрийн 3 шир шил архи уусан. Гэртээ харихаар явж байхдаа хүнтэй маргалдсанаа санасан. Ямар шалтгаанаас болж маргалдсанаа санахгүй байна. Хохирлын тухайд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг төлнө. Хохирогч надаас эхлээд 400 000 төгрөг нэхэмжилж байсан. Сүүлд нэмээд 2 000 000 төгрөг нэмж нэхэмжилсэн. Би хохирол төлөөгүй байгаа. Миний ажиллаж байгаа байгууллага 2020 оны 8 дугаар сараас хойш цалин өгөөгүй. Би хохирогчид 400 000 төгрөг төлье гэхэд авахгүй, 2 500 000 төгрөг нэхэмжилнэ гэсэн. Хохирогчийн өөрийнх нь шүд унасан эсэх талаар би мэдээгүй. Хохирогчийн 2 хиймэл шүд нь унасан байх гэж мөрдөгч надад хэлсэн. Би энэ асуудлаар эхлээд зөрчлийн хэрэг үүсэж шалгагдаж явж байгаад сүүлд эрүүгийн хэрэг үүссэн учраас хохирогчид ямар гэмтэл учирсан, ямар эмчилгээ хийлгэж байгаа талаар мэдээгүй. Хэрэг гарснаас хойш хохирогчтой нэг удаа уулзсан. Хохирогч цаашид эмчилгээ хийлгээд хохирлоо баримтаар нэхэмжилбэл төлнө. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч- С.М мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 18-нд миний бие Эрдэнэт хотоос 23 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн бөгөөд манай найз Энх-Отгон түүний эхнэр Чимгээ нартай уулзсан. Ингээд бид нар төмөр замд байдаг Эргэн дурсахуй гэх бааранд орсон бөгөөд тэндээ эхнэр Чимгээ бид хоёр хүний 2 шил 0.5 литрийн пиво аваад уусан. Харин Энх-Отгон машин барьж байгаа гээд огт архи уугаагүй. Ингээд 2020 оны 9 дүгээр сарын 19-ний 01 цаг өнгөрч байхад манай найз гаръя гэхээр нь гараад Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах Рояал зочид буудлын орчим явж байхад үл таних хоёр залуу замаар алхаж байгаад манай найзын машины урд хамар дээр нь өвдөглөөд гараад ирсэн. Ингээд манай найз Энх-Отгон машинаасаа гараад залуучууд яаж байна гэж хэлсэн. Гэтэл нөгөө хоёр залуугийн нэг өндөр нь юу гээд хуцаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би хойд хаалгаар гараад ирэхэд өөдөөс ямар нэг зүйл хэлэлгүйгээр шууд гараараа нүүрний зүүн шанаа хэсэгт мөргөж байсан. Тэгээд би толгойгоо дээш өргөөд хартал намайг ахиж нэг гараараа ам орчим нэг удаа цохиод толгой тархи руу нэлээд хэдэн удаа гараараа цохисон. Харин нөгөө хамт байсан залуу нь манай найзтай маргаан хийгээд байсан. Гэтэл манай найз Энх-Отгон гараараа цээжээр нь зуураад авсан бөгөөд маргаан болоод удаагүй байхад эргүүлийн хоёр цагдаа ирсэн. Тэр үед миний амнаас цус гарсан байдалтай байсан бөгөөд дээд үүдэн хоёр шүд хиймэл байсан ба голоороо хуваагдаж хугарсан байсан. Харин доод нэг шүд хугараад нэг нь суларч хөдөлгөөнд орсон байсан. Миний зүүн нүд цус хураад хавдсан байсан бөгөөд буйл язарч цус хурсан байсан. Надад одоогоор баримтаар гарсан зардал нь нийт 400 000 орчим төгрөг байна. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан бөгөөд дүгнэлттэй холбоотой гомдол, санал гэх зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна.

Эмнэлэгт шүд хийлгэж, сувган эмчилгээ хийлгэсэн. Мөн наашаа цаашаа явсан гээд зардал мөнгө болох нэлээд зардал гарсан. Цаашид хөдөлсөн шүдний хажууд нь эмплант шүд суулгамаар байна. Надад учирсан хохирол 2 150 000 төгрөг болж байгаа бөгөөд энэ хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ. (хэргийн 35-36, 38 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Б.Т мэдүүлэхдээ:

2020 оны 9  дүгээр сарын 19-ний шөнө 02:35 цагийн үед ажлын газрын дүү Гийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Рояал зочид буудлын гадна согтууруулах ундаа хэрэглэчхээд харих гэж явж байхад Г согтсондоо болоод 10 дугаар хорооллын туслах зам руу орсон. Тэгэхэд явж байсан приус маркийн машинаас жолооч нь бууж ирээд Гтэй маргалдаад зодолдсон. Тэгээд би араас нь гүйж очоод салгасан. Г тэр машины жолоочийг цохиж байхыг харсан. Гийг ч тэр жолооч цохиж байсан. Тэр шүд нь унасан гэх хүнийг бол цохиж байхыг хараагүй гэжээ. (хэргийн 8 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ц мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 18-нд манай найз М хөдөөнөөс хотод ирсэн бөгөөд манай эхнэр Уянга бид хоёр хамт очиж тосож авсан юм. Тэгээд манай найз бид нар удаан уулзаагүй удсан гээд төмөр замд байдаг Эргэн дурсахуй бааранд ороод тэндээ би машин барьж байсан болохоор огт уугаагүй бөгөөд манай эхнэр М нар хүний 2-3 шил 0.33 литрийн пиво уусан. Тэгээд тус баарнаас шөнө 01 цагийн үед гараад 10 дугаар хороололд туслах замаар явж байхад үл таних хоёр залуу зам дээр өмнүүр орж ирээд машины хамар дээр өвдөглөөд гараад ирсэн. Энэ үед дуут дохио өгөөд зогсоох үед манай найз М араас хөөш яагаад байгаа юм бэ гээд хэлсэн. Тэгээд машинаасаа буухад нөгөө хоёр залуугийн нэг нь манай найзыг шууд заамдаад, мөргөж, гараараа нэг хоёр удаа цохисон. Тэгээд би машинаас буугаад нөгөө нэг хамт байсан залуу нь дайрах гээд байхаар нь салгаад араас нь тэврээд авсан. Тэгээд холдуулаад нөгөө зодоод байгаа залууг нь очоод тэврээд хэсэг зогссон. Тэр үед нэг эмэгтэй цагдаа ирээд дуудлага өгсөн. Манай найз жаахан халсан байсан. Тэрнээс согтуу гэхээр бол биш байсан. Харин нөгөө хоёр залуу нэлээн муудсан бололтой харагдаж байсан. Маргаан дууссаны дараа харахад Мын үүдэн доод шүд байхгүй болсон байна гээд амнаас нь цус гарсан байсан. Дээрээ хиймэл шүдтэй бөгөөд тэр нь мөн хугарсан байна гэж хэлсэн бөгөөд хайгаад бид олоогүй гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10759 тоот дүгнэлтэд:

1. С.Мын биед баруун доод үүдэн 1 дүгээр шүдний мултрал, зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

О.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 48 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч О.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал” зочид буудлын хажуу талын зам дээр хохирогч С.Мыг зодож, түүний биед барууд доод үүдэн нэгдүгээр шүдний мултрал, зүүн доод үүдэн нэгдүгээр шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Мын мэдүүлэг, гэрч Б.Т, Б.Ц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 10759 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой хохирлыг нотлох баримтаар нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч С.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Гийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг О.Гт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч С.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Г цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН