Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/61

 

 

 

 

 

 

 

 

2021           01            19                                        61         

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

            нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

            улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар /томилолтоор/,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Х.Э, түүний өмгөөлөгч Ч.Нямсүрэн /1732/,

            шүүгдэгч: Д.М, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр /0552/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Тээврийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мт холбогдох эрүүгийн 2003004540396 дугаар, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Нарантуул худалдааны төвийн 98 дугаар лангуунд туслах ажилтай, сард 750 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, эх, эхнэр, 1-2 насны хүүхдүүдийн хамт М.

 

            Шүүгдэгч Д.М нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 58 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамжны зүүн замд “SMS” загварын, унадаг дугуй унаж явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, аюулгүй байдлаа хангаж яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас явган зорчигч, 14 настай, Ц.Энг мөргөж, эрүүд мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.М мэдүүлэхдээ:

            2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 03 цагийн үед ажлаасаа тарж, гэртээ харьсан. Маргааш өглөө нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 07 цаг 30 минутын үед ажил руугаа явахаар гэрээсээ дугуйтай гарсан. Гудамжны замын зорчих хэсгийн баруун захаар явж байтал ардаас автомашин дуут дохио өгсөн тул би эргэж хараад буцаад хартал өмнө явган зорчигч гэнэт гарч ирсэн. Тэгээд би тоормосолсон боловч хохирогч хүүхэдтэй мөргөлдөж, тэр хүүхэд зам дагуу газар унасан. Замын хажуугаар явж байсан хүн эмнэлгийн түргэн тусламж үзүүлж, мөн аавыг нь дуудсан.

            Би ээж Дайриймаа, эхнэр, 2 хүүхдийн хамт айлын хашаанд, гэрт амьдардаг ба Нарантуул худалдааны төвийн 1-8 дугаар лангуунд туслах ажил хийдэг. Манайд  надаас өөр ажил хийдэг хүн байхгүй, эхнэр хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Манайх 5 ханатай гэртэй, өөр эд хөрөнгө байхгүй. Би түлэгдсэний улмаас сургуульд сураагүй, цэрэгт явж чаддаггүй, цэргийн албанаас чөлөөлөгддөг юм. Би хохиролд эхлээд 100 000 төгрөг, дараа нь 1 430 000 төгрөг, сүүлд 130 000 төгрөг, нийт 1 723 510 төгрөг төлсөн. Хохирогчийг манай ээж, эхнэр 2 эргэж очсон. Би эмчилгээний зардлыг бусдаас зээл авч төлсөн тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүүхдээ асарсан хугацааны цалинг төлөхөд үнэхээр хэцүү, хүндрэлтэй боловч  сар бүр 500 000 төгрөг өгөхийг хичээх болно. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний амьдрал ахуйг харгалзан ял оногдуулна уу гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Х.Э мэдүүлэхдээ:

            Миний охин Эн айлын ганц охин юм. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө 07 цаг 30 минутын орчим сургууль руугаа явахаар гэрээсээ гарч, замын хашлага дагаад алхаж явж байгаад энэ хүнд мөргүүлсэн байсан. Тухайн үед миний охин энэ дугуйтай хүнд мөргүүлснийг Оюу-Толгойд ажилладаг хүн хараад, охинд маань эрүүл мэндийн анхны түргэн тусламж үзүүлж, охиныг ухаан орох үед аавынх нь утасны дугаарыг түүнээс авч, аав руу нь залгасан байсан. Тэр хүн “тэр үед замаар ямар ч машин байгаагүй, хүүхдийг явж байхад дугуйтай хүн араас нь мөргөснөөс тэд  орооцолдоод унасан гэж хэлсэн байсан. Гэмтлийн эмнэлэгт очсон хойно Мын эхнэр нь түүнд “тоормос нь барихгүй энэ дугуйг битгий уна гэж би чамд хэлсэн шүү дээ” гэж хэлж байсан. Миний охин хүнд гэмтэж, тархины хагалгаа хийлгэсэн, одоо бие нь сайн эдгэрээгүй, гэртээ байнгын асаргаанд байгаа. Их ядардаг, гэмтлийн улмаас таталт өгдөг болсон, 30 минут ном уншаад цааш нь уншиж чадахгүй ядардаг болсон. Байнга асаргаа шаардлагатай тул би ажлаасаа жилийн чөлөө аваад хүүхдээ асарч байгаа. М миний өсвөр насны охиныг гэмтээсэн атлаа гэмшиж, биднээс уучлалт гуйгаагүй. Мөрдөн байцаагч хэлж байж М бидэнд 1 486 000 төгрөг өгсөн. Мын гэр бүлийн хүн сүүлд 130 000 төгрөг шилжүүлсэн байсан. Би 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл ажлаасаа чөлөө авсан тул Маас энэ хугацааны 1 сарын цалин 1 078 000 төгрөг, нийт 13 сарын цалин болох 14 140 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс, нийт 16 090 000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний охин одоо байнга таталтын эсрэг эм, өвчин намдаах эм ууж байгаа. Манай ажлын газар 3 сарын хугацаагаар цалингүй чөлөө олгоод, улмаар чөлөөг цаашид сунгаж явдаг тул би одоо 2 дахь сунгалт дээрээ явж байна. Би халамжаас асаргааны мөнгөнд сард 99 000 төгрөг, хүүхдийн эм, тариа эмчилгээний төлбөрт улиралд 54 000 төгрөг авч байна. М эхлээд 100 000 төгрөг, дараа нь 1 486 000 төгрөг өгч, сүүлд 130 000 төгрөг данс руу шилжүүлсэн нь миний хэрэгт гаргаж өгсөн хохирол 1 713 430 төгрөгийн хохирлыг төлсөн юм. Одоо эмчилгээний төлбөрт 683 600 төгрөг, ажилгүй байгаа хугацаны цалинд сарын 1 078 000 төгрөг, нийт 13 сарын цалин 14 140 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс зэрэгт нийт 16 090 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би нэхэмжилсэн төлбөрөө бүрэн гаргуулж авах хүсэлттэй байна. Би гомдолтой байна гэв.

 

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч-Ц.Эн мэдүүлэхдээ:

            2020 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 7 цаг 30 минутын орчим сургуульдаа явахаар гэрээсээ гараад гудамжаа уруудаад зам дагаад алхаад явж байхад ямар ч байсан нэг юм хойд талаас мөргөсөн. Тэгээд тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байгаа. Тухайн зам нь зүүн талдаа явган хүний замтай боловч хашаа, зам хоёрын дунд нарийсаад замгүй болчихдог, нөгөө тал буюу баруун талдаа явган хүний зам байхгүй, замын хажуу талын шороон хэсэг мөн зам хашаа хоёрын дунд нарийсаад байхгүй болдог хэсэг дээр би зорчих хэсгийн баруун гар талаар замын хашлага дагаад хойноосоо урагшаа чиглэлтэй алхаж байсан гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-М.Ц мэдүүлэхдээ:

            2020 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө гэртээ байж байхад манай эхнэр миний утас руу залгасан хүнтэй яриад намайг охин доор дугуйтай хүнд мөргүүлсэн байна, хурдан яваад очоорой гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд хашаанаасаа гараад доор очтол миний охин Эн энгэр нь цус болсон, уйлсан, хажууд нь дугуйтай залуу буюу мөргөсөн хүн нь хамт зогсож байсан. Хажуугаар нь явж байсан тэр залуу хүүхдийн чинь эгэм хугарсан юм шиг байна, би түргэн дуудсан. Одоо ирж байгаа гэсэн. 10 минутын дараа түргэний машин ирээд миний охиныг үзээд шууд аваад явсан. Тухайн үед би дугуй унаж явсан залуутай жаахан маргаад, дугуйгаа машины ард хийчих, хамт явъя гэж хэлэхэд тэр залуу явахгүй байсан. Тэр залуу намайг бас заамдаж аваад, надтай маргалдсан. Намайг анх очиход тэр залуугийн нүүр, хамар нь цус болсон байдалтай байсан гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 10079 тоот дүгнэлтэд:

            1. Ц.Энгийн биед баруун дух, зулай, чамархай, хөхлөг сэртэн, дагз яс хүртэл үргэлжилсэн зөрөөтэй хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.  

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

            3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.2.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1218 тоот хэргийн материалаар хийсэн дүгнэлтэд:

            1. Шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ганцэнгэлийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №10079 дугаартай дүгнэлтийн хэсэгт “дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.2.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. Шинжээч нь гэмтлийн зэрэг тогтоох 3.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон, уг заалтын хувьд “гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх” байхаар заасан бөгөөд шинжилгээний хариунаас харвал хугарал байгаа талаар л дурдсанаас нэвтэрсэн шархны талаар бичээгүй байна. Дээрх гэмтэл Ц овогтой Энд учраагүй болно.

            2.3 Ц.Энгийн биед баруун дух, зулай, чамархай, хөхлөг сэртэн, дагз яс хүртэл үргэлжилсэн зөрөөтэй хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 88 дугаар хуудас)

 

            Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 169 дугаар магадалгаанд:

            1. SMS загварын унадаг дугуйг жолоодож явсан жолооч Даариймаа овогтой М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            2. Явган зорчигч Ц овогтой Эн нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.1. Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар цуварч явна. ...явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг, харин хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй буюу мотоцикл, мопед, унадаг дугуй хөтөлж яваа хүн хөдөлгөөний чигийн дагуу явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

            Д.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)                                         

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Шүүгдэгч Д.М нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 58 минутын орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамжны зүүн замд “SMS” загварын, унадаг дугуй унаж явахдаа Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын Хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,

            12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч, хохирогч 14 настай, Ц.Энг мөргөж, эрүүл мэндэд нь баруун дух, зулай, чамархай, хөхлөг сэртэн, дагз яс хүртэл үргэлжилсэн зөрөөтэй хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ц.Эн, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Э, гэрч М.Ц нарын мэдүүлэг, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 10079, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1218 тоот дүгнэлтүүд, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 169 дугаар магадалгаа, “Лазер мед” эмнэлгийн  толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээ, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2020 оны 9 дүгээр сарын 11, 16-ны өдрийн компьютерт томографын шинжилгээ, Ц.Энгийн өвчний түүх зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

            Тээврийн прокурорын газраас Д.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Ц.Эн эмнэлэгт хэвтэн, хагалгаа хийлгэж, эмчлүүлэх үед 1 713 430 төгрөгийн зардал төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар  нотлогдож байх ба  Д.М нь хууль ёсны төлөөлөгч Х.Эд 1 723 510 төгрөг төлсөн тул  түүнийг хэрэгт гаргаж өгсөн баримтын хүрээнд эмчилгээний зардлыг төлсөн гэж үзлээ.

 

Харин өнөөдрийн шүүх хуралдаанд хууль ёсны төлөөлөгч нь хүүхдийн эмчилгээний зардалд 683 760 төгрөг, хүүхдээ асрахаар цалингүй чөлөө авсан тул ажилгүй байсан 13 сарын хугацааны цалин 14 140 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс, нийт 16 683 760 төгрөгийн хохирол нөхөн төлүүлнэ гэж мэдүүлснээс Д.М нь хүүхдийн эмчилгээний зардалд 683 760 төгрөг төлөхөө маргахгүйгээр хүлээн зөвшөөрсөн ба харин ажилгүй байсан хугацааны цалинд сард 500 000 төгрөг төлнө гэж илэрхийлж байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э нь “Скай хайпермаркет” дэлгүүрт үйл ажиллагааны хяналтын мэргэжилтнээр ажилладаг, сард 1 078 000 төгрөгийн цалинтай, өвчтэй хүүхдээ асрахаар байгууллагаас цалингүй чөлөө авсан нь тус төвийн албан бичиг, тодорхойлолт, гүйцэтгэх захирлын тушаал, 1111987 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

хохирогч Ц.Энгийн биеийн байдал 1 жилийн хугацаанд хүнд, тогтворгүй байх тул 1 жилийн турш байнгын хүний асаргаанд байх шаардлагатай нь “Их амгалан” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

 

Х.Э нь охин Энг асрахаар 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ажлаасаа чөлөө авчээ.

Иймд түүний 2020 оны 5-9 сарын цалингаас дундаж цалинг нь тодорхойлоход 901 245 төгрөг болж байна. Хууль ёсны төлөөлөгч нь охиноо асрахдаа сар бүр асаргааны 99 000 төгрөгийг халамжаас авдаг гэж мэдүүлсэн тул үүнийг хасаж, Д.Маас 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд сард 802 245 төгрөг, 1 жилийн хугацаанд 9 626 940 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Харин өмгөөлөгчийн зардлыг шүүгдэгч төлөх үндэслэлгүй болно.

 

Иймд Д.Маас хохирогчийн эмчилгээний зардалд 683 760 төгрөг, хууль ёсны төлөөлөгчийн ажилгүй байх хугацааны цалинд 9 626 940 төгрөг, нийт 10 310 700 төгрөг гаргуулан шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, өнөөдрийн хуралдаанд нэхэмжилж байгаа эмчилгээний зардал 683 760 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн, мөн хууль ёсны төлөөлөгчид ажилгүй байсан, байх хугацааны цалинд сар бүр 500 000 төгрөг төлөхөө илэрхийлж байгаа,

Д.Мын өөрийн нь эрүүл мэндийн байдал, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү М.Мэндсайхан, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Гэгээлэн нарыг тэжээн тэтгэдэг зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүх Д.Мт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1312486 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Мыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Д.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар Д.Мт гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Д.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

            үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Мт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Д.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж,

            1312486 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.Маас 10 310 700 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эд олгож,

            нэхэмжлэлээс 6 373 060 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН