Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 135/2017/01273/И |
Дугаар | 001/ХТ2018/01183 |
Огноо | 2018-09-18 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2018/01183
Дын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэр
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар магадлалтай
Дын нэхэмжлэлтэй
Тд холбогдох
2 138 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бурмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай сумын Салхит багийн байранд Т нь 2013 оноос эхлэн түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Засаг даргын Тамгын газрын 2013-2015 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч шалгалт хийсэн. Уг шалгалтаар дутуу төлөгдсөн түрээсийн төлбөр 300 000 төгрөг, ашиглалтын зардал 1 838 300 төгрөг нийт 2 138 300 төгрөгийн төлбөрийг Төөр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх актын төлбөрийг барагдуулахыг Тд удаа дараа шаардсан боловч 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот албан бичгээр 1 дүгээр сарын төлбөр болох 300 000 төгрөгийг шилжүүлсэн тайлбар ирүүлсэн ч гэрээнд заасан дансанд хийгээгүй нь түрээслэгчийн буруутай үйлдэл юм. Иймд Төөс 2 138 300 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т нь 3 дугаар багийн захиргааны байрны 1 давхрын 2 өрөөг түрээслэхээр болж хаалгыг нэгтгэн өрөө хооронд хаалга гаргаж өгөх хүсэлт тавьсан бөгөөд 3 дугаар багийн Засаг дарга, Хонгор сумын Захиргаа, нягтлантайгаа ярилцаад эхний сарын түрээсийн зардлаар барилгын ажилчдаар засвар хийлгэхээр тохиролцож, засвар үйлчилгээний хөлс шилжүүлж өгөхийг хүссэн гар өргөдөл, нэхэмжлэхийн дагуу 3 дугаар багийн олон нийтийн байцаагчид 2013 оны 3 дугаар сарын түрээсийн зардлыг 2 хувааж баримтын дагуу 14030006762 тоот дансанд шилжүүлсэн байна. Ашиглалтын зардал, цахилгааны төлбөрийн тухайд түрээсийн гэрээнд нийтлэг үндэслэл буюу түрээсийн төлбөр тооцоог заахдаа ашиглалтын зардлыг банк хариуцан төлөх тухай зохицуулалт байхгүй, банк төлөх үндэслэл байхгүй бөгөөд манай төв нь Хонгор сумын Засаг даргын тамгын газрын тухайн үеийн удирдлага, Орон нутгийн өмчийн албатай тохиролцсоны үндсэн дээр сарын 300 000 төгрөгийн тогтмол түрээс төлөх саналыг зөвшөөрч гэрээг байгуулсан. Банк нэхэмжлэхийн дагуу 2013 оны 3 дугаар сарын 01-ээс сар бүр түрээсийн төлбөрөө төлж байсан болно. Мөн түрээсийн зардал шилжүүлснээс хойш 2 жил 7 сарын хугацаанд ашиглалт, цахилгааны төлбөрийг банк бүрэн хариуцах тухай тохиролцоогүй тул уг төлбөрийг түрээсийн гэрээ дуусах хүртэлх хугацаанд төлөх хууль, эрх зүйн үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан Төөс 2.138.300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын тамгын газарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Төөс улсын тэмдэгтийн хураамж 49.162 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49 163 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар гаргаж буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бурмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр Салхит тооцооны төвөөс “түрээсийн төлбөр 300 000 төгрөг, ашиглалтын зардал 1 838 300 төгрөг, нийт 2 138 300 төгрөг гаргуулах" шийдвэр гаргасан.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийвлэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.
Шийдвэрт “Таар төлүүлэхээр шийдвэрлэсэн актыг аль байгууллагын эрх бүхий этгээд гаргасан эсэх нь тодорхойгүй, акт гэх гарын үсэг, тэмдэгтэй баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна” гэсэн нь манай зүгээс Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт Аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нарын гарын үсэг зурж баталгаажуулсан шалгалтын тэмдэглэлийг эх хувиар хавтас хэрэгт хавсаргасан болно. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар магадлалд гомдолтой байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцагч Тны Дархан-Уул аймгийн харъяа Салхит тооцооны төвд холбогдуулан түрээсийн төлбөр 300 000 төгрөг, түрээслэсэн хугацааны ашиглалтын зардал 1 838 300 төгрөг, нийт 2 138 300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.
Хэрэгт хариуцагчаар татагдсан Тны Дархан-Уул аймгийн харъяа Салхит тооцооны төв нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т заасан Тны салбар бөгөөд 29.6.-д зааснаар хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн эрхгүй юм.
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг засуулахаар шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад нийцсэн, 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтыг зөрчөөгүй байна.
Харин Д 2013-2015 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын материал эх хувиараа хэргийн 30-45 дугаар хуудсанд авагдсан байх тул дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь алдаатай боловч энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бурмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД