Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 28

 

М.Г-, Б.О- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал            

Прокурор                                       О.Доржмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                О.Нандинцэцэг

                                                       Б.Чинбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 33 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч О.Нандинцэцэг нарын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-ийн Г-, Б-ийн О- нарт холбогдох эрүүгийн 1718000220110 тоот, 1 хавтастай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Х- овогт М-ийн Г- /РД:**********/, урьд ял шийтгэлгүй.

2.Монгол улсын иргэн, Б- овогт Б-ийн О- /РД: **********/, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 04 дүгээр сарын 29-нд 10 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

-Шүүгдэгч М.Г- нь 2017 оны 05 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр 3-4 удаа хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн,

-Шүүгдэгч Б.О- нь 2017 оны 04 дүгээр сараас эхлэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр байнга тогтвортой хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 33 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Х- овогт М-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б- овогт Б-ийн О-г “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр байнга тогтвортой хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Шүүгдэгч М.Г-, Б.О- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Б.О-г 5 /тав/ жил хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-гийн цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар М.Г-т тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Г- нь тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч М.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжпүүлэхээр... тус тус зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Нандинцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Б.О- нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг удаа дараа хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд анхан шатны шүүхээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр байнга тогтвортой хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бусдад өгсөн гэсэн үндэслэлээр ял оногдуулсан. Үүнээс байнга хэрэглэсэн гэдэг нь тогтоогдож байх боловч байнга тогтвортойгоор хадгалж бэлтгэж, бусдад өгсөн гэх үндэслэл нь тодорхойгүй байна.

Гэрчүүдийн “...Б.О- нь хар тамхины ургамал ороогоод татаад явж байдаг” гэсэн мэдүүлгүүдээр тухайн насанд хүрээгүй гэрчүүд хар тамхины ургамал гэдгийг шууд хараад мэдэх боломжгүй бөгөөд Б.О- нь энгийн утаат тамхийг мөн татдаг байсан нь гэрчүүд уг тамхийг андуурсан байх боломжтой юм.

Мөн анхан шатны шүүхийн тогтоолд “Б.О- нь сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамлыг байнга тогтвортойгоор хадгалж хэрэглээгүй гэж мэдүүлж байгаа боловч энэ байдал нь насанд хүрээгүй гэрчүүдийн... Б.О- нь хар тамхины ургамал ороогоод татаад явж байдаг... мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна” гэж заасан нь уг мэдүүлгүүд нь зөвхөн байнга хэрэглэсэн үйлдлийг нотолж байх бөгөөд байнга тогтвортойгоор бэлтгэсэн, хадгалсан бусдад өгсөн шинж тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулсан байгаа нь Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-т зааснаар уг мэдүүлэг нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл хууль ёсны болон үндэслэлтэй байж чадахгүй байна.

Иймээс Б.О-гийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий ургамал бэлтгэсэн хадгалсан бусдад өгсөн үйлдэл нь байнга тогтвортой байх шинжийг агуулаагүй, энэ нь бүрэн нотлогдохгүй байх тул зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснааар зүйлчилж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“Б.О- миний бие мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал хэрэглэсэн, хадгалсан, бэлтгэсэн, бусдад өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Нандинцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Давж заалдах гомдлоо дэмжиж байна... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Б.О- нь урьд 1 удаа ял шийтгэгдсэн боловч ялтай байдал арилсан, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “ял хөнгөрүүлж” шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор О.Доржмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Б.О- мэдүүлэгтээ: “тухайн бодис нь Дарханд хаа сайгүй ургадаг” гэдэг. Б.О- нь тухайн бодисыг байнга тогтвортой хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй боловч, биедээ авч явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Б.О- нь бодисыг байнга тогтвортой хадгалсан, бэлтгэсэн, бусдад өгсөн болох нь бүрэн нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Г-ыг 2017 оны 05 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр 3-4 удаа хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар, шүүгдэгч Б.О-г 2017 оны 04 дүгээр сараас эхлэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр байнга тогтвортой хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Г-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

-шүүгдэгч Б.О-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр байнга тогтвортой хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч М.Г-т тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч М.Г-, Б.О- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламж бүхий 790 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Б.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч М.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хэвээр үргэлжпүүлэхээр шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч О.Нандинцэцэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.Г-, Б.О- нар нь 2017 оны 04 сараас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис болох “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агуулга бүхий ногоон өнгийн ургамал мэт зүйлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйл баримт тогтоогдсон байх ба анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Г-ын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, харин шүүгдэгч Б.О- нь уг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр байнга тогтвортой хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

“Байнга тогтвортой” гэдэг нь хугацааны хувьд урт, тасралтгүй үргэлжилсэн шинжтэй ойлголт тул дээрх 3 сарын богино хугацаанд “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агуулга бүхий ногоон өнгийн ургамал мэт зүйлийг бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдлийг байнга тогтвортой үйлдсэн гэж үзэх боломжгүй тул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Г-, Б.О- нарын үйлдсэн хэрэг нь өөрсдийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй гэрч Б.Энхбаатар, Д.Амартайван, гэрч Б.Билгүүн нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 25-ны өдрийн №7049 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч М.Г-т оногдуулсан ял нь түүний хувийн байдалд тохирсон байна.      

Харин шүүгдэгч Б.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнд энэ зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хор уршгийн хэмжээг харгалзан ял оногдуулж, анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч О.Нандинцэцэг нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3, 4 дэх заалтуудад:

“1.Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Х- овогт М-ийн Г-, Б- овогт Б-ийн О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

“3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.О-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

“4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                                    ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                    ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ