Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0573

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Нэхэмжлэгч Б.А

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Гуравдагч этгээд Ц.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцуулах, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар тогтоолоор баталсан салбар эрх зүйн зохицуулалт, мэдээллийн сан хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалын ангилал, зэрэглэл нь ахлах түшмэл, ТЗ-10 гэсэн ангилалаас буулгахгүйгээр ажилд эгүүлэн тогтоолгох/, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 60,593,415 төгрөгийг нөхөн олгуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2020/0757/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.А нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцуулах, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар тогтоолоор баталсан салбар эрх зүйн зохицуулалт, мэдээллийн сан хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалын ангилал, зэрэглэл нь ахлах түшмэл, ТЗ-10 гэсэн ангилалаас буулгахгүйгээр ажилд эгүүлэн тогтоолгох/, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 60,593,415 төгрөгийг нөхөн олгуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр:

2.1. “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-гөөс Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дүгээр тушаал-ыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлага, түүнд хамаарах зүйлийг нэрлэн заасан бөгөөд нэхэмжлэгч энэ шаардлагын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, түүний үндэслэлийг тайлбарласнаар шүүх хэргийг хянан хэлэлцээд дээрх хуулийн 106.3-т заасан шүүхийн шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилан заасан.

3.1.1 Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан “Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцуулах..." гэх нэхэмжлэлийн шаардлагын дагуу гарах шүүхийн шийдвэрийн төрлийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зохицуулаагүй. Ийнхүү тодорхойлж буй нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчид ямар эрх зүйн үр дагавар үүсгэх, маргаан бүхий актын үйлчлэл үгүйсгэгдэх бол анх гарнаасаа үйлчлэлгүй болох уу, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор үйлчлэлгүй болох уу гэдгийг тодорхойлох боломжгүй.

3.1.2. Өөрөөр хэлбэл мөн хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагад нийцээгүй, энэ шаардлагын дагуу хэргийг хянан хэлэлцээд гарах шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасанд нийцээгүй байна.

3.2. Анх тус яамны газрын дарга Ц.Б болон мэргэжилтэн Б.М нараас Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн "Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай" А/02 дугаар тушаалын хавсралтад нэр нь ороогүй Н.Т , Ц.Д, Ц.Б нарын нэрийг нэмж оруулсан байгаа талаарх зөрчлийг илүүлсэн талаарх мэдээллийг яамны Хуулийн хэлтэст ирүүлсэн.

3.2.1. “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо" ТББ-ын ерөнхийлөгч н.Б-с энэ талаар тодруулахад манай сургалт хариуцсан Д.Б , танай Б.А хоёрын хийсэн ажил гэдэг зүйлийг хэлсэн тул Д.Б аатай 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 11:33 цагт утсаар холбогдож энэ талаар тодруулсан бөгөөд Б.Аг тушаалын хавсралтад 3 хүний нэрийг нэмж оруулсан болохыг хэлдэг, дараа нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төрийн нарийн бичгийн даргаас Д.Б-г дуудаж уулзаж тушаалын хавсралт сольсон асуудлыг тодруулж асуухад Б.А энэ зөрчлийг гаргасан болохыг хүлээн зөвшөөрдөг. Энэ дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дугаар тушаалаар Б.Ад сахилгын шийтгэл хүлээлгэсэн.

3.2.2. Шүүх хуралдааны явцад гэрч Д.Б  нь "... Шалгалтыг зохион байгуулсан ажлын албаны нарийн бичгийн даргаар миний бие ажилласан. Манай байгууллагын захиргааны хэлтэст ажиллаж байсан н.Б гэх хүн "боломжтой бол 2 хүнийг шалгалтын комисстоо бүртгүүлээд өгөөч” гэж шалгалтын үеэр ярьсан. Шалгалтын дүн мэдээг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсний дараа н.Б над руу залгаж "нөгөө 2 хүнийг бүртгүүлж чадсангүй юу гэхэд” би “бүртгүүлэх боломж байсангүй, мөн манай байгууллага шалгалтад тэнцсэн 1 хүнийг орхигдуулсан асуудал гаргасан" гэж хэлсэн. Тэгтэл н.Б "за би А-тэй ярья, та орхигдуулсан хүнийхээ нэрийг өгчих” гэж хэлсэн. Үүний дараа манай байгууллагад яамнаас тушаал ирчихсэн байсан.

3.2.3. Дараа нь энэ асуудал болоход н.Б-тай ярьсан, тодорхой асуудал байгаа учраас Б.А-тэй шууд ярьсан гээд хэлчих гэсний дагуу Б.Н ид тэгж хэлсэн, тухайн үед н.Бщ ажлаасаа гарчихсан байсан, мөн н.Б , Б.А хоёр нэг хэлтэст цуг ажилладаг байсан, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр яаманд хандаж гараар бичиж өгсөн тайлбар үнэн ..." гэж мэдүүлсэн.

3.2.4. Харин анхан шатны шүүх Б.Аг мэргэшлийн зэрэг олгох тушаалын хавсралтыг сольж 3 хүний нэрийг нэмж оруулсан болохыг эргэлзээгүйгээр тогтоох боломжгүй, ийм баримт байхгүй гэж дүгнэсэн атлаа энэхүү хэрэгт ач холбогдолтой Д.Б ын мэдүүлгийн талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй, мөн Б.А, н.Б  нар нь нэг хэлтэст ажиллаж байсан, найз нөхдийн холбоотой болохыг гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар хэлдэг боловч н.Б гийн "Б.Атэй яриагүй..." гэх мэдүүлгийг үндэслэн маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", 34.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

3.3. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон хориглох зүйлийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй зэрэг тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан, ийнхүү сахилгын шийтгэл ногдуулахдаа уг хуульд заасан журмаар болон "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ыг үндэслэл болгох бөгөөд дээрх хууль болон журамд сахилгын зөрлийг мэдсэнээс болон илэрүүлснээс хойш шийтгэл ногдуулах тодорхой хугацааг заасан, харин шүүхэд гомдол гаргаснаар энэхүү хугацаа тасалдах талаарх зохицуулалт тусгагдаагүй байна.

3.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9, 10 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Аг Төрийн нарийн бичгийн даргын мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаалын хавсралтад дугаар олгож, бүртгэх, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд дахин шинээр захиргааны акт гаргах хууль зүйн боломжгүй байгааг шүүх анхаараагүй, энэ талын зохицуулалтыг шүүхийн шийдвэрт дурдаагүй нь шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

3.4.1 Мөн миний бие шүүх хуралдааны явцад шүүгчээс асуусан асуултад тушаал, шийдвэрийн хадгалалт, хамгаалалтыг хариуцаж байсан гэдгээр нь хариуцлага хүлээлгэж болно гэж хариулсаныг шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3 дахь хэсэгт иш татан тайлбарлахдаа "... нэхэмжлэгчийг тушаалын хавсралтад гурван хүний нэр нэмсэн, албан тушаалын чиг үүргээ буруугаар ашигласан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулаагуй, харин ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо биелүүлээгүй гэж үзсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч маргаан бүхий захиргааны актаас үзвэл албан тушаалын чиг үүргээ буруугаар ашигласан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан болох нь тогтоогдож байна ..." гэж мушгин тайлбарлаж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхнаасаа л маргаан бүхий тушаалд заасан үндэслэлийг тайлбарлан мэтгэлцэж ирсэн байхад энэ тайлбараасаа ухарсан мэтээр тайлбарласан байна.

3.4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний шүүх хуралдаанд ярьсан зуйлууд нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдох бегеед хэрвээ шүүхэд ийм буруу ойлголт өгсөн бол шүүх хуралдааны явцад тодруулж асуух боломжтой байсныг шүүх анхаарч үзэлгүй шийдвэрийн үндэслэл болгосон байгаад гомдолтой байна.

Иймд нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шуухийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Б.А нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцуулах, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар тогтоолоор баталсан салбар эрх зүйн зохицуулалт, мэдээллийн сан хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалын ангилал, зэрэглэл нь ахлах түшмэл, ТЗ-10 гэсэн ангилалаас буулгахгүйгээр ажилд эгүүлэн тогтоолгох/, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 60,593,415 төгрөгийг нөхөн олгуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

3.2. Нэхэмжлэгч Б.А нь анх 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн мэргэжилтнээр, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс Төрийн захиргааны удирдлагын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Тогтоол, шийдвэрийн биелэлт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн Салбарын эрх зүйн зохицуулалт, мэдээллийн сан хариуцсан ахлах шинжээчээр тус тус томилогдон ажиллаж байжээ.

3.3. Гэтэл Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус баримтлан “...Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах шинжээч Б.А нь Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар “Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай” тушаалд дугаар олгож бүртгэхдээ хавсралтыг сольж Н.Т , Ц.Д, Ц.Б нарыг нэмж оруулсан нь илэрч, албан тушаалын чиг үүргээ буруугаар ашигласан” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсанд нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргаж байна.

3.4. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна.” гэж тус тус заажээ.

3.5. Хэдийгээр хариуцагчаас маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгч Б.Аг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7-д заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь тодорхойгүй буюу хэрэв ёс зүйн зөрчилд хамааруулсан бол ямар зөрчил гэж үзсэн нь ойлгомжгүй, энэ талаар салбар Ёс зүйн зөвлөлийн аливаа шийдвэр байхгүй боловч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан ... албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гэж зааснаар сахилгын шийтгэлийг сонгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрийг шүүх буруутгах боломжгүй байна.

3.6. Барилгын салбарын ажилтныг давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах үүргийг Монголын барилгачдын холбоо гүйцэтгэдэг ба харин Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тус сургалтад хамрагдсан ажилтанд мэргэшлийн зэрэг олгодог. Тодруулбал Барилгын хөгжлийн төвөөс мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг шинээр олгох санал, тушаалын төслийг яам руу хүргүүлж, улмаар Төрийн нарийн бичгийн даргын тушаалын хавсралтад орсон нэрсийн дагуу гэрчилгээг хэвлэн ирүүлснээр гарын үсэг зурагдаж, тамга дарагдан баталгааждаг.

3.7. Хэрэгт авагдсан баримтаас Монголын барилгачдын нэгдсэн холбооноос 2019 оны 12 дугаар сард тус яаманд мэргэшлийн зэрэг олгох ажилтан, албан хаагчдын нэрс, холбогдох материалыг ирүүлсэнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар тушаалаар барилгын салбарын ажилтнуудад мэргэшлийн зэрэг шинээр олгох, сунгах асуудлыг шийдвэрлэсэн ба уг тушаалыг тус яамны салбар эрх зүйн зохицуулалт, мэдээллийн сан хариуцсан ахлах шинжээч Б.А 2 хувь хэвлэн дугаарлаж, тушаалын хавсралтуудад Хуулийн хэлтэс гэсэн дардсыг дарж нэг хувийг тус хэлтсийн архивт, нөгөө хувийг Бодлого, төлөвлөлтийн газрын даргад хүлээлгэн өгсөн гэх боловч Барилгын хөгжлийн төвөөс хэвлэн ирүүлсэн гэрчилгээнүүдийг яаманд үлдсэн тушаалын хувьтай тулган үзэхэд хавсралтад ороогүй 3 хүний буюу Н.Т , Ц.Д, Ц.Б нарын нэртэй гэрчилгээ хэвлэгдэн ирсэн бөгөөд хэргийн оролцогчид уг үйл баримттай маргаагүй байна.

3.8. Энэ тохиолдолд Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах шинжээч ажилтай нэхэмжлэгч Б.Агийн хувьд “Албан тушаалын тодорхойлолт”-д заасан “...Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал, шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж, нэгдсэн бүртгэл хөтлөх, дугаар олгох” үүргээ биелүүлээгүй буюу ажил үүрэгтээ хангалттай хариуцлагатай хандаагүй гэж үзэх нь үндэслэлтэй.

3.9. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар тушаалын хавсралтад дур мэдэн 3 этгээдийг нэмсэн эсэхээс үл хамаарч өөрийн чиг үүрэгт хамаарах ажилд хяналт тавьж, аливаа зөрчлөөс сэргийлэх үүрэгтэй бөгөөд нэгэнт зөрчил илэрсэн байхад хариуцагчаас сахилгын шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар цаашид ажиллуулах боломжгүй хэмээн дүгнэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Агээс Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцуулах, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох , ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 60,593,415 төгрөгийг нөхөн олгуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ