Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1092

 

“Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00860 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК,

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

 

3 658 772.05 ам.доллар буюу 7 436 600 543 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

“Төрийн банк” ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгох, 721 227.95 ам.доллар буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гэрэлчулуун,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан,

Х.Гэрэлчулуун, Н.Батгэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийн пассив нь активаасаа хэтэрч өөрийн хөрөнгийн дутагдалд орсон тул албадлагын арга хэмжээ авч “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авагчийг томилсон. Улмаар тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хооронд энэ өдөр актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулан тус банкны зарим активыг пассивын хамт “Төрийн банк” ХХК-д шилжүүлэн ажиллаж байна. Энэхүү гэрээгээр хариуцагч “УБТЗ” ХНН-ийн дарга Г.Сэрээнэндоржийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4 000 000 ам.долларын, жилийн 12 хувийн хүүтэй /нийт хүү 380 000 ам.доллар/, 285 хоногийн хугацаатай, энгийн векселийн төлбөр төлөгдөөгүй, төлбөрийн хугацаа болоогүй тул “Төрийн банк” ХХК-ийн балансад шилжиж ирсэн.

Хариуцагч “УБТЗ” ХНН, “Жаст Групп” ХХК-ийн хооронд 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 ам.долларын, хүүгүй, 99 хоногийн хугацаатай энгийн вексель, 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 ам.долларын, жилийн 12 хувийн хүүтэй /нийт 380,000 ам.доллар/, 285 хоногийн хугацаатай энгийн вексель, 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 2 500 000 ам.долларын, хүүгүй, 121 хоногийн хугацаатай энгийн векселийг тус тус үйлдсэн нь нийт 10 500 000 ам.доллар болсон. Эдгээр векселүүдийг бичсэн өдөр нь “УБТЗ” ХНН-ээс “Жаст Групп” ХХК нь Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу “Хадгаламж банк” ХХК-д худалдаж, тус компанийн 10210000313 тоот дансанд 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 ам.доллараар 2 удаа, 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2 500 000 ам.доллар, нийт 10 500 000 ам.долларыг шилжүүлэн авсан байдаг.

Дээрх векселийн төлбөрөөс 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хүүтэй 4 000 000 ам.долларын энгийн векселийн /№2/ хугацаа нь дуусаагүй учир төлөгдөлгүй “Хадгаламж банк” ХХК-ийн авлагад үлдсэн байсан. Энэ векселийг “Жаст Групп” ХХК болон “Хадгаламж банк” ХХК-ийн хооронд 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр SV2013/01 дугаар “Векселийн арилжааны хэлцэл”-ээр 70 хоногийн хугацаагаар, уг хугацаа дуусмагц 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн SV2013/01-01 хэлцлээр хугацааг сунгаж 215 хоног буюу векселийн хүчинтэй хугацаа дуусах хүртэл хугацаагаар, сарын 1 хувийн хүүтэй, хугацааны эцэст төлбөрийг “УБТЗ” ХНН-ээс авах нөхцөлтэйгөөр худалдсан байна.

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар албадлагын арга хэмжээ авагдсаны дараа “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд дээрх төлөгдөөгүй вексельд Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу “Дамжуулах бичилт” үйлдсэнээр 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тухайн векселийг эзэмших эрх “Төрийн банк” ХХК-д шилжсэн бөгөөд вексельтэй холбоотой үйл явцыг Монголбанкинд тухай бүр тайлагнаж ажилласан. “УБТЗ” ХНН 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “УБ Аудит Корпораци” ХХК-д албан ёсоор гаргаж өгсөн баримтдаа “Хадгаламж банк” ХХК-д төлөх энгийн векселийн өглөг 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр манай данс бүртгэлд тусгагдсанаар 4 380 000 ам.доллар байх бөгөөд энгийн вексельд бичигдсэн вексель бичигдсэн огноо, үндсэн төлбөр, хүүний хувь, төлбөр хийх хугацаа, төлбөр хүлээн авагчийн нэр зэрэг үндсэн мэдээллүүд нь манай баримттай таарч байна гэсэн баримт “УБТЗ” ХНН-ийн замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж, Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга нарын гарын үсгээр баталгаажсан байдаг.

Гэтэл “УБТЗ” ХНН-ийн удирдлага дээрх вексель “Төрийн банк” ХХК-д шилжсэнийг мэдсээр байж төлбөрийг төлөхөөс татгалзаад зогсохгүй, “Жаст Групп” ХХК-тай хуйвалдан, бичсэн векселиэ хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүгчийг төөрөгдүүлсэн, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтын хамт Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 2013 оны 2109 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж нь “Төрийн банк” ХХК-ийн эрх ашигт бүдүүлгээр халдсан хууль бус шийдвэр тул “Төрийн банк” ХХК-иас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу захирамжийг хүчингүй болгуулахаар нотлох баримт бүхий хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгч өөрөө хэргийг хянан хэлэлцээд 2014 оны 10716/с дугаар захирамжаар өмнөх 2109 дугаартай шүүгчийн захирамжийг “гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн, илтэд үндэслэл муутай гарсан” гэж үзэж хүчингүй болгосон.

Шүүгчийн 2109 дүгээр захирамж хүчингүй болсон тул шүүгч “УБТЗ” ХНН-ийн нэхэмжлэлийн дагуу “Төрийн банк” ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин хянаад векселийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай “УБТЗ” ХНН-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, 1240 дугаар шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгчээс уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, уг шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасныг зөрчиж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргалгүйгээр хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцаасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, дахин хянаад, үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “Төрийн банк” ХХК-ийн “УБТЗ” ХНН-ээс векселийн төлбөр, хүүгийн хамт 4 380 000 ам.доллар гаргуулах бие даасан шаардлагыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2, 65.1.8-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байна.

Авлигатай тэмцэх газраас “УБТЗ” ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар 201523020178 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, “... Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр вексель бичсэн, “УБТЗ” ХНН нь Төрийн банкинд 4 380 000 ам.долларын өр төлөхөөр болж “УБТЗ” ХНН-т онц их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгаад, түүний үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

“Төрийн банк” ХХК нь Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу “УБТЗ” ХНН-ийн Төрийн банкин дахь 106000001517 дугаартай ам.долларын данснаас 721 227.95 ам.долларыг векселийн төлбөрөөс суутган тооцож барагдуулснаар одоогийн байдлаар 3 658 772.05 ам.долларын үлдэгдэлтэй байна. Иймд Векселийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу “УБТЗ” ХНН-ээс 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4 000 000 ам.долларын, 285 хоногийн хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй, векселийн үлдэгдэл төлбөр болох 3 658 772.05 ам.доллар буюу 7 436 600 543 төгрөгийг төлбөр хариуцагч “УБТЗ” ХНН-ээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

“УБТЗ” ХНН нь бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл болох векселиэр төлбөр авагч “Жаст Групп” ХХК-д нефтийн бүтээгдэхүүний төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгэж үүргийг дуусгавар болгож, энэ харилцааны хүрээнд “Хадгаламж банк” ХХК уг вексельд заасан үнийн дүнгээр санхүүжилтийг “Жаст Групп” ХХК-д хийснээр “УБТЗ” ХНН-ийн бусдад төлөх төлбөрийн үүргийг түүний өмнөөс гүйцэтгэсэн буюу “УБТЗ” ХНН нь өөрийн үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж буй харилцаа юм. Өөрөөр хэлбэл, “Хадгаламж банк” ХХК ба “УБТЗ” ХНН-ийн хооронд төлбөр төлөгч нь төлбөрийн үүргээ гуравдагч этгээд “Хадгаламж банк” ХХК-иар гүйцэтгүүлж буй, Иргэний хуулийн 210 дугаар зүйлд заасан харилцаа явагдсан гэж үзнэ. Уг харилцааны үр дүнд үүссэн төлбөрийг төлж барагдуулахыг “УБТЗ” ХНН-ээс шаардах эрх нь “Хадгаламж банк” ХХК-ийн албадан татан буулгасантай холбоотойгоор тус банкны зарим актив, пассив хөрөнгийг “Төрийн банк” ХХК-д шилжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 163-006/2013 БЭХА дугаар “Богино хугацаат хөрөнгө оруулалт шилжүүлэх тухай гэрээ” болон мөн өдрийн 165-008/2013 БЭХА дугаар “Бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-гээр шилжиж ирсэн байгаа. Иймд “Төрийн банк” ХХК нь “УБТЗ” ХНН-ийн “Жаст Групп” ХХК-д төлөх төлбөрийг түүний өмнөөс төлсөн “Хадгаламж банк” ХХК-ийн төлбөрийг буцаан шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийн хувиар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа гэж үзнэ.

Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “УБТЗ” ХНН нь дээрх төлбөрийг төлөхөөс зайлсхийх зорилгоор нефтийн бүтээгдэхүүний төлбөрөө төлүүлчихсэн, векселийн төлбөрийн харилцаанд хамааралгүй болсон “Жаст Групп” ХХК-ийг хариуцагчаар татан, “хүүтэй” вексель болон түүнийг шилжүүлж буй 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн SV2013/01, SV2013/02 дугаар “Векселийн арилжааны хэлцэл”-ийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэрээр уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн энэхүү шийдвэр нь “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэл гаргах эрхэд сөргөөр нөлөөлөх зүйлгүй буюу шаардах эрхийг үгүйсгэхгүй, манай нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй юм. Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасны дагуу “сонирхогч этгээд” буюу “Төрийн банк” ХХК нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн 56.6 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох “УБТЗ” ХНН-ээс уг төлбөрийг төлөх шаардлагыг гаргах эрхтэй гэж үзнэ. “Төрийн банк” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүүгийн төлбөр нэхэмжилж байгаа буюу хүүгийн төлбөрийг “УБТЗ” ХНН-ийн данснаас суутган авснаа нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлохдоо харгалзан үзсэн ба вексель хүчин төгөлдөр бус эсэхээс үл хамаарч хүү нэхэмжлэх буюу хүүг суутгаж авсан “Төрийн банк” ХХК-ийн эрхийг хөндөхгүй юм. Иймд дээрх үндэслэлээр “Жаст Групп” ХХК-иас “УБТЗ” ХНН-д нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний талаар 2013 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн актаар тогтоогдсон төлбөрийн үүргийг төлбөр төлөгч “УБТЗ” ХНН-ийн өмнөөс “Хадгаламж банк” ХХК-иас 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “Жаст Групп” ХХК-д төлсөн төлбөр 4 000 000 ам.долларын, түүний хүүгийн төлбөр 380 000 ам.долларын үлдэгдэл 3 658 772.05 ам.доллар буюу 7 436 600 543 төгрөгийг гаргуулах хэмээн нэхэмжлэлийн шаардагаа тодруулж байна.

“УБТЗ” ХНН-ээс Голомт банкны 100101331010006 тоот ам.долларын дансаар 3 удаа, нийт 6.5 сая ам.долларын төлбөр хийгдсэн. 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 ам.долларын гүйлгээг Хадгаламж банкин дахь данс руу “УБТЗ”-аас Векселийн төлбөр гэсэн утгатай шилжүүлсэн. Мөн 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дахин 2 000 000 ам.долларыг шилжүүлсэн бөгөөд энэ өдөр хүүгүй 4 000 000 ам.долларын 99 хоногийн хугацаа нь дуусахаар таарч байгаа юм. Хэлцлийн дагуу энэ өдөр хүүгүй векселийн төлбөрөө төлсөн. 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2 500 000 ам.долларыг Хадгаламж банкин дахь дансанд “УБТЗ” ХНН-ээс векселийн төлбөр гэсэн утгатай шилжүүлсэн нь хугацаагаараа нотлогдож байгаа. Үүргээс сонгож гүйцэтгэсэн гэж хариуцагч тал тайлбарладаг боловч бодит байдал дээр маргаан бүхий векселийн төлбөр төлөгдөөгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа.

“Хадгаламж банк” ХХК төлбөрийн чадваргүй болсон тул зарим активыг “Төрийн банк” ХХК-д шилжүүлэхдээ хуримтлагдсан хүү гэдгээр хавсаргагдсан байдаг. 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 154 хоногт байршсан хүү нь 205 333.33 ам.долларын төлбөр байдаг. Дараа нь 134 хоногийн хүү төлөгдөөгүй байгаа нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлөгдөөгүй хүү нь “Төрийн банк” ХХК-ийн актив, пассив шилжүүлсэн гэрээнээс хойш дансанд төвлөрсөн байдлаас харахад 174 666.67 ам.долларын үлдэгдэл байдаг. Эдгээрийн хүүг нэмэхээр 380 000 ам.долларын хүү төлөөгүй байдаг.

1998 онд Монголбанк болон Сангийн сайдын 153/180 тушаалаар векселийн төлбөр тооцоонд хэрэглэх журмыг баталсан. Энэ журмын 8 дахь хэсэгт векселийг төлбөр нэхэмжлэгч зөвшөөрч, түүний эзэмшигч болсон тохиолдолд хүчин төгөлдөр төлбөрийн хэрэгсэл байна гэж заасан байдаг. Хүлээн авагч “Хадгаламж банк” ХХК өөрөө энэ векселийг хүчинтэй гэж үзэн мөнгийг “Жаст Групп” ХХК руу шилжүүлсэн байхад шүүх түүнийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болдог эсэхийг мэдэхгүй байна. Тооцоо нийлэх актын үндсэн дээр “Жаст Групп” ХХК нь “УБТЗ” ХНН-д өглөгтэй гарсан учир векселийн төлбөрийг хариуцахгүй гэдэг. Гэтэл тооцоо нийлэх акт гэдэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон санхүүгийн хэрэгслүүдтэй холбож үзвэл 2 байгууллагын хооронд хийгдэж буй акт төдий баримт юм. Түүнчлэн “УБТЗ” ХНН-ийн санхүү эрхэлсэн орлогч н.Даваапил нь Г.Сэрээнэндоржид холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийг төлөөлөн оролцохдоо “Жаст Групп” ХХК-д ямар нэгэн байдлаар өргүй, харин Г.Сэрээнэндоржийн бичсэн векселийн улмаас “Төрийн банк” ХХК-д 4 380 000 ам.долларын өртэй байгаа нь “УБТЗ” ХНН-т хохирол учруулах гээд байна гэж мэдүүлсэн байдаг.

Нэгэнт вексель бичигдэн “Хадгаламж банк” ХХК-иас гарсан төлбөрийг “Төрийн банк” ХХК-д хуулийн дагуу шилжиж ирсэн тул “УБТЗ” ХНН энэ төлбөрийг төлөх л ёстой. Хариуцагч нь “Хадгаламж банк” ХХК татан буугдсантай холбоотой энэ төлбөрийг үгүйсгэдэг. Мөн “Жаст Групп” ХХК дампуурсан болохоор “Төрийн банк” ХХК-д төлбөрөө өгөхгүй байх аргыг хэрэглэдэг. Нотлох баримт хангалттай судлагдсан, бидний нэхэмжлэл хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Вексель хүчинтэй, хүчингүй эсэхээс үл хамааран шаардах эрх нь шилжиж ирсэн тул “Төрийн банк” ХХК-ийн балансад тусгагдсан, авах эрхийн дагуу нэхэмжилж байгаа юм. Иргэний хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар мэдүүлгийн болон зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг хуульд заасан журмын дагуу шүүх сэргээнэ. Мөн хуулийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага сэргээнэ.

Бид үнэт цаас болон хувьцаагаар маргаагүй, харин эрхээ сэргээлгэх гэж байгаа, өөрөөр хэлбэл “Хадгаламж банк” ХХК-д төлөгдөөгүй үлдсэн хүүтэй векселийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа. Тэрхүү төлөгдөөгүй үлдсэн 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4 000 000 ам.долларын векселийн бичилт нь “УБТЗ” ХНН-ээс “Хадгаламж банк” ХХК-д төлөгдсөн 2 векселийн бичилттэй яг адилхан байдаг. Энэ бичилтэн дээр бүгд адил дансны дугаар бичигдээгүй атал “УБТЗ” ХНН-ээс дээрх 2 векселийн төлбөрийг Голомт банкны дансаар төлсөн байдаг. Гэтэл мөн адил дансны дугаар бичигдээгүй векселийг хүчин төгөлдөр бус гэж маргадаг. Бид энгийн биш эрх зүйн ухамсрыг удирдлага болгож асуудалд хандах ёстой.

“Төрийн банк” ХХК нь маргаан бүхий векселийн төлбөрийг буцаан шаардах эрх нь тухайн үед “Хадгаламж банк” ХХК-ийг татан буулгах талаар Монголбанкнаас авсан албадлагын арга хэмжээг актив, пассив хөрөнгийн тодорхой хэсэг “Төрийн банк” ХХК-д шилжиж ирсэн хөрөнгийн авлага юм. Хариуцагч Сүхбаатар дүүргийн шүүхээр энэ векселийг хүчинтэй эсэх талаар маргаан гаргаж шийдвэрлүүлсэн байдаг. Бид векселийн төлбөрийг буцаан шаардах гэж байгаа боловч бусдын өмнөөс төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн харилцаа юм. Тухайн үед “УБТЗ” ХНН нь “Жаст Групп” ХХК-д төлөх ёстой хуримтлагдсан төлбөрийг вексель бичих замаар төлбөрийг санхүүжүүлж, төлж байгаа этгээдийн хувиар оролцож байгаа. Хариуцагч энэ вексель хүчин төгөлдөр бус байсан гэх үндэслэлгүй тайлбар гаргадаг.

“Жаст групп” ХХК болон “УБТЗ” ХНН-ийн  хооронд 2013 оны 01 дүгээр сарын  31-ний өдрийг хүртэл хугацаанд үүссэн байсан шатахууны төлбөрийг барагдуулахаар мөн оны 2 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн акт бичсэн байдаг. Энэ төлбөрийг барагдуулахын тулд “УБТЗ” ХНН вексель бичсэн. Үүнийг тухайн өдөр “Жаст групп” ХХК хүлээж аваад мөн өдөр нь “Хадгаламж банк” ХХК-д худалдсан. Тухайн үед тооцоо нийлсэн актын дагуу “Жаст групп” ХХК, “УБТЗ” ХНН-ээс 10.5 сая ам.долларын авлагатай байсан тул харилцан баталгаажуулж 4 000 000 ам.долларыг хүүтэй, 4 000 000 ам.долларын хүүгүй, хожим 2.5 хүүгүй, нийт 10.5 сая ам.долларын вексель бичсэн байдаг. Хүүгийн векселийн төлбөрийг 2013 оны 5 дугаар сарын 22 болон 28-ны өдрүүдэд 2 сая ам.доллараар 2 хувааж төлсөн. 2.5 сая ам.долларын  төлбөрийг мөн төлсөн. Одоо төлөгдөөгүй 380 хоногийн хугацаатай 380 000 ам.долларын нэрлэсэн хүүтэй, 4 000 000 ам.долларын төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэл нь векселийн төлбөр болох 3 658 772.05 ам.доллар буюу 7 436 600 543 төгрөг гаргуулах шаардлага байх бөгөөд нэхэмжлэлдээ хууль хэрэглээний илэрхий алдаа гаргаж, нотлох баримтыг зөвхөн өөрт ашигтай байдлаар нэхэмжлэлдээ хавсаргасан, нотлох баримтын үгийн шууд утгыг үгүйсгэн тайлбарлаж үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд дурдсан 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 4 000 000 ам.долларын 12 хувийн хүүтэй гэх векселийн төлбөрийг 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 ам.долларыг, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 ам.долларыг тус тус төлж барагдуулсан. Мөн энэхүү төлбөрийг гүйцэтгэсэн үйлдлийг Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “...төлбөр хариуцагч төлбөрийн хугацаанаас өмнө гүйцэтгэж болно” гэж заасны дагуу үйлдэл. Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг нь сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ” гэж заасан, мөн хуулийн 216.2 дахь хэсэгт “хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэж заасны дагуух хууль ёсны үйлдэл болно. Энэ хуулиар олгосон эрхээ эдлэх явдлыг хэн ч ямар ч үед хязгаарлах өөрийн дураар тайлбарлах эрхгүй. Мөн тус нийгэмлэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д заасны дагуу 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Жаст Групп” ХХК-тай тооцоо нийлэх акт үйлдсэн байдаг бөгөөд уг актаар “УБТЗ” ХНН нь 4 121 562 ам.долларын авлагатай гарсан байдаг. Энэ баримт нэхэмжлэгч талд байдаг бөгөөд түүнийг шүүхэд гаргаж өгөөгүй нуусан байна.

Мөн вексель нь Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 болон 17 дугаар зүйлийн 1-д заасан бүрдүүлбэрийн бичилт дутуу” бол түүнийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж тодорхой хуульчилсан байдаг. Энэ нэхэмжлэлийн үндэслэл болсон векселийн дамжуулах бичилт нь Векселийн тухай хуулийн 17.1, 17.5 дахь хэсэгт заасан бүрдүүлбэр хангагдаагүй бөгөөд энэ нь хэргийн 25 дугаар талд байгаа векселийн арын нүүрэн дэх бичлэгээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл, ийм бичлэг байхгүй бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалтыг анхаараагүй байгаа юм. Мөн энэ нь Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.4 дахь хэсэгт “бүрдүүлбэр, гарын үсэг буруу үнэт цаасыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ” гэснээр мөн хүчин төгөлдөр бус вексель юм. Өөрөөр хэлбэл, “Төрийн банк” ХХК-ийн ажилтнуудын мэдлэг ур чадвар дутсанаас хуульд тухайлан заасан нөхцөлийг зөрчсөн үнэт цаасыг авсан, векселийн төлбөр төлөгдсөн эсэх асуудлаар вексель үйлдэгчээс мэдээлэл аваагүй зэрэг илэрхий алдаа гаргасан байгаа юм.

Нэг талаас “Хадгаламж банк” ХХК-ийг төлөөлж банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд, нөгөө талаас “Төрийн банк” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Батсайхан нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Актив пассив хөрөнгө шилжүүлэх” гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д “...эрхийн маргаантай өмчлөх эрх үүсээгүй зэрэг актив хөрөнгө энэ гэрээ байгуулагдсанаас хойш 60 хоногийн дотор буцаан хөрөнгө шилжүүлэгчид хүлээлгэн өгнө” гэж заасан бөгөөд энэ заалтын дагуу нэхэмжлэгчээс тухайн вексель буцаж эрх хүлээн авагчид шилжих ёстой.

Мөн нэхэмжлэгч нь энэ векселийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн “Депозит дансны харилцагчийн монгол хуулга” 1021000003736 дансны хуулгаар “Жаст Групп” ХХК-тай хийсэн SV2013/01 тоот арилжааны хэлцлийн дагуу 4 000 000 ам.доллар, мөн “Жаст Групп” ХХК-тай хийсэн SV2013/02 тоот арилжааны хэлцлийн дагуу 4 000 000 ам.доллар авлагатай гэсэн байгаа дансны хуулгаар нотлогдоно. Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “вексель эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд хэрэгт байгаа SV2013/01 хэлцэл нь вексель эзэмших эрхийг 70 хоног гэж тогтоожээ. Гэтэл 4 000 000 ам.долларын 380 000 ам.долларын хүүтэй вексель нь 285 хоног гэж бичсэн хугацаатай бөгөөд дээрх хэлцлээр өөрчилж вексель эзэмших эрхийг бусдад хэсэгчлэн шилжүүлж, Векселийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Худалдах гэдэг нь өмчлөх эрх шилжих тухай ойлголт бөгөөд тухайн вексель нь “УБТЗ” ХНН-ээс “Жаст Групп” ХХК-д, дараа нь SV2013/01 хэлцлээр “Жаст Групп” ХХК-иас “Хадгаламж банк” ХХК-д, дараа нь “Хадгаламж банк” ХХК-иас “Жаст Групп” ХХК-д, дараа нь SV2013/02 тоот хэлцлээр “Жаст Групп” ХХК-иас “Хадгаламж банк” ХХК-д, дараа нь “Хадгаламж банк” ХХК-иас эрх хүлээн авагчид, эрх хүлээн авагчаас “Төрийн банк” ХХК-д шилжсэн болж байна. Энэ нь векселийн төлбөр тооцоонд хэрэглэх журмын 21-д “вексель эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ векселийн маягтын ар талд дамжуулах бичилтийг хийнэ. Дамжуулах бичилтийг Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн дагуу бичнэ. Нэг векселийн төлөгдөх хугацааны дотор гурваас дээшгүй удаа бусдад шилжүүлж болно гэсэн заалтыг зөрчиж дамжуулах бичилтийн бүрдүүлбэр дутуу, гурваас дээшгүй удаа гэсэн байхад түүнийг тав дахь этгээд авч өнөөдөр нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн үндэслэл гэж үзээд байгаа SV2013/02 дугаартай вексель арилжааны хэлцэлд “неттингрээ шилжүүлнэ” гэж бичсэн байгаа бөгөөд энэ нь хэн хэндээ авлага, өглөгөө харилцан тооцож, зөвхөн энэ хоёр талын хооронд шилжинэ гэсэн бичвэр бичсэн байна. Энэ нь хэлцлийн хоёр талыг “Хадгаламж банк” ХХК болон “Жаст Групп” ХХК-ийн хооронд л шилжинэ гэсэн утга бөгөөд гуравдагч этгээд хамаарахгүй гэсэн бичвэр юм. Энэ хэргийг манай нэхэмжлэлээр хариуцагчаар “Жаст Групп” ХХК-д холбогдох, гуравдагч этгээдээр “Төрийн банк” ХХК оролцсон хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх үед “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гэрэлчулуун нь Авлигатай тэмцэх газарт үндэслэлгүй гомдол гарган, иргэний хэргийн анхан шатны шүүхийн баримтыг хуулбарлан өгч эрүүгийн хэрэг үүсгүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажилд саад учруулан иргэний хэргийг шийдвэрлэх ажиллагааг зогсоосон болно. Тухайн маргааныг шийдвэрлэж байх үед шүүгчийн захирамжаар векселийг мөнгөжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан байхад 721 722 ам.долларыг манай данснаас дураараа авсан бөгөөд энэ мөнгөө хасч нэхэмжлэл гаргасан байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргах болно. Иймд хуульд заасан нөхцөл, хуулийг илт зөрчсөн хэлцэл, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Талуудын хооронд буюу “Жаст гупп” ХХК, “УБТЗ” ХНН-ийн хооронд 2006 оноос хойш түлш нийлүүлэх хэлцэл явагдаж байсан. Энэ хэлцлийн дагуу талуудын хооронд өглөг, авлага үүсэх нь ойлгомжтой. Талуудын хооронд хийсэн хэлцэл гэдэг нь хэрэгт авагдсанаар 2013 оны  5, 6, 7 дугаар сарын тооцоо нийлсэн акт гэж байгаа.  Энэ акт нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлд зааснаар хийгдсэн хэлцэл юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д заасны дагуу буюу хуулиар хүлээсэн үүргийн дагуу 2 байгууллагын ерөнхий нягтлан бодогч нар 2013 оны 5, 6 дугаар сард тооцоо нийлэн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 4 121 562 ам.долларыг “Жаст групп” ХХК-иас авлагатай байсан. Маргаан бүхий 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичигдсэн хүүтэй вексель Монгол улсын хуулийн дагуу байх ёстой.

Векселийн тухай хуульд зааснаар бүрдүүлбэр бичиг дутуу бол векселийг хүчин төгөлдөр бусд тооцно. Хэргийн 25 дугаар хуудсан дахь баримт Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн нэр байгаа боловч хаяг байхгүй, харилцах данс, банкны нэр байгаа боловч дансны дугаар байхгүй. Мөн хуулийн шинээр эзэмшигчийн нэр хаяг, харилцах данс байгаа боловч банкны нэр байхгүй. Хууль тогтоогч векселийг үйлдэхдээ бүрдүүлбэр үнэн зөв байж хуулийн хүчин төгөлдөр байна. Үнэт цаасанд бичвэрийн тусгай шаардлага тавигддаг. Иргэний хуульд зааснаар бүрдүүлбэр тодорхой биш бол хүчин төгөлдөр бус байна гэж байна. Иргэний хууль, Векселийн тухай хууль зэрэг нарийвчилсан хуулиар бүрдүүлбэр дутуу үнэт цаасыг хүчин төгөлдөр бусд тооцно. Нэгэнт Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хууль тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэсэн зарчмаараа энэ вексель хүчин төгөлдөр бус гэдгийг Улсын Их хурал хуульчлан тогтоосон.

Хууль мэдэхгүйгээс болоод векселийг хүлээж авсан этгээд нь буруутай. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Эрх хүлээн авагчид шилжиж байгаа үнэт цаас хүчин төгөлдөр бус байна. Ийм векселийг хүлээж аван, шаардах эрх үүссэн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийг зөрчсөн үйл ажиллагаа юм. Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.4 дэх хэсэгт зааснаар бүрдүүлбэр, гарын үсэг буруу үнэт цаасыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Энэ нь Иргэний эрх зүйн харилцааг нийтлэг үндэслэлийг тодорхойлж байгаа. Хэргийн 15, 17 дугаар хуудсанд байгаа гэрээний 3.5 дахь хэсэгт эрхийн маргаантай өмчлөх эрх үүсээгүй, актив хөрөнгө энэ гэрээг байгуулсан өдрөөс хойш 60 хоногийн дотор буцаан хөрөнгө шилжүүлэгчид хүлээлгэн өгнө гэж заасны дагуу 2013 оны 3 дугаар сараас 6 дугаар сарыг хүртэлх хугацаа дууссан тул шаардах эрхээ алдсан байна.

2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн депозит дансны монгол хуулга 102100003736 дансны дугаараар “Жаст групп”  ХХК-аас авлага үүсгэсэн. Өнөөдрийг хүртэл “Төрийн банк” ХХК-ийн санхүү нягтлан бодох бүртгэлийн албан ёсны баримтад энэ төлбөрийг төлөх этгээд нь “Жаст групп” ХХК гэсэн болохоос биш “УБТЗ” ХНН төлбөр төлөх тухай баримт байхгүй. Энэ нь “УБТЗ” ХНН төлбөр төлөгч биш гэдгийг нотолж байна. Векселийн тухай хуульд  банкинд худалдана гээд нарийвчлан заасан. Гэтэл нэхэмжлэгч нар Векселийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрхийг хэсэгчлэн шилжүүлсэн. SV201301, SV201302 тоот хийсэн хэлцлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01111 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа.

Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.4 дэх хэсэгт зааснаар үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг баримтална. Векселийн тухай хуулийн 5, 17 дугаар зүйлийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.6 дахь хэсэгт зааснаар үнэт цаасыг өөр этгээдэд шилжүүлснээр түүгээр гэрчлэгдэж байгаа эрх бүхэлдээ шилжинэ. Иргэний хуулийн 474 дүгээр зүйлийн 474.4 дэх хэсэгт зааснаар үнэт цаас эзэмшигчид мөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч тухайн үнэт цаасыг өмчлөх эрхтэй. Өөрөөр хэлбэл векселийн төлбөрийг хугацаанаас өмнө гүйцэтгэж болно. Векселийн хугацаа дуусахаас өмнө “УБТЗ” ХНН векселиэс татгалзаж байгаа үндэслэлээ 2 хоногийн өмнө албан ёсоор Монгол улсын арилжааны банк бүх банкууд, Монголбанк болон “Төрийн банк” ХХК-д гардуулж өгсөн. Энэ татгалзал нь хуулийн үндэслэлгүй гэсэн шүүхийн шийдвэрээр гарах ёстой. Өнөөдрийг хүртэл векселийн төлбөрөөс татгалзсан, үнэт цаасны гэрчлэгдсэн эрхийг сэргээсэн ямар ч шүүхийн шийдвэр байхгүй. Векселийн хугацаа дууссан бол вексель хүчингүй болдог үнэт цаас юм. Зөрчигдсөн эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй, ийм үйл ажиллагаа огт хийгээгүй.

Нэхэмжлэгч гэж тодорхойлж байгаа “Төрийн банк” ХХК “УБТЗ” ХНН-ээс “Хадгаламж банк” ХХК, “Жаст групп” ХХК руу, “Жаст групп” ХХК-иас “Хадгаламж банк” ХХК, “Хадгаламж банк” ХХК-иас дахин “Жаст групп” ХХК, “Жаст групп” ХХК-иас дахин  “Хадгаламж банк” ХХК, “Хадгаламж банк” ХХК-иас эрх хүлээн авагч, Эрх хүлээн авагчаас “Төрийн банк” ХХК руу шилжүүлсэн. Векселийн тухайн хуулиар вексель 3-аас дээш этгээдэд шилжих ёсгүй. Гэтэл өнөөдөр 6 этгээдэд дамжсан атлаа шаардах эрхтэй гээд шүүхэд ирсэн байна. Хуулийг мэдэхгүй, хуулийг буруу ойлгосон этгээдүүдийн үйлдлээс энэ хэрэг маргаан үүссэн гэдгийг анхаарч үзээсэй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангах хуулийн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус нийгэмлэг нь “Төрийн банк” ХХК-д 106000001517 дугаартай ам.долларын дансыг эзэмшдэг бөгөөд хэвийн үйл ажиллагаа явуулж байхад 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дансаар хийгдэх гүйлгээг зогсоож илт хууль бус үйл ажиллагаа явуулсан болно. Үүнийг тайлбарлахдаа 4 000 000 ам.долларын бөгөөд 380 000 ам.долларын хүүтэй векселийн маргаанаас болж ямар нэгэн эрх бүхий хууль хяналтын болон төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр “гүйлгээ хийгдсэн” гэж төлбөрийн даалгаварт тэмдэг дарсан боловч уг гүйлгээг цааш нь шилжүүлэлгүй зогсоож манай байгууллагыг хохироож төрийн бодлогоор 2 засгийн газар дамжин 3 дахь этгээд буюу БНСУ-аас түлш, шатахуун авах үйл ажиллагааг зогсоож, Монгол улсад хохирол учруулсан болно.

Хоёр удаагийн засгийн газар Монгол улсыг ОХУ болон БНХАУ нефть шатах тослох материалын хараат байдлаас гаргах зорилт тавьж ажилласан бөгөөд гуравдагч улс буюу БНСУ-аас дараа төлбөрийг нь төлж байх нөхцөлөөр дизель түлш авч хамгийн том хэрэглэгч болох тус нийгэмлэгт нийлүүлж, төлбөр тооцоо саадгүй явж байвал бусад аж ахуйн нэгжид нийлүүлэхээр өргөжүүлэх тохиролцоог хийсэн бөгөөд энэ тохиролцооны дагуу БНСУ-ын “КВ Энержи” компаниас анхны худалдан авалтыг хийсэн бөгөөд үүний төлбөр болох 429 075.99 ам.долларын шилжүүлгийг дур мэдэн гацааж, талуудын хооронд байгуулсан гэрээг тасалдуулсан бөгөөд үүний улмаас төрийн бодлого тасалдсан гэж үзээд БНСУ-ын талаас дахин түлш нийлүүлээгүй болно.

“Төрийн банк” ХХК энэ үйлдлийг хийхдээ тухайн гадаад төлбөрийн даалгавар дээр гүйлгээ хийгдсэн гэсэн тэмдэг дарсан, бид уг төлбөрийн даалгаврын хувийг БНСУ-ын КВ энержи компанид өгсөн байсан боловч уг гүйлгээг дур мэдэн саатуулсан хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн үйл ажиллагаанаас болж ОХУ ба БНХАУ-ын хараат зах зээл хэвээр үлдэж, өнөөдрийг хүртэл Монгол улс бүхэлдээ дэлхийн зах зээлээс өндөр үнээр түлш авч хэрэглэн Монгол улсаараа хохирч байгаа болно. Энэ үйлдэл нь Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-т “харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх” мөн зүйлийн 446.1.6-д “харилцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх” үүргээ биелүүлээгүй илт хууль зөрчсөн үйлдэл болно. Мөн энэ нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т “төлбөр тооцооны үйлчилгээ” үзүүлэх үүргээ биелүүлээгүй үйлдэл юм.

Төрийн банкны энэ хууль бус үйл ажиллагааг тогтоолгох зорилгоор нэхэмжлэл гарган, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр шийдвэрлүүлэх болж, иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд тухайн хэрэг маргааныг шүүх нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-ийн хүсэлтээр маргаан бүхий векселийг мөнгөжүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан шүүгчийн 11533/б дугаартай захирамж 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Гэтэл “Төрийн банк” ХХК шүүгчийн захирамжийг санаатай зөрчиж, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 106000001517 дугаартай ам.долларын данснаас 721 227.95 ам.долларыг суутган авч шүүгчийн захирамжийг зөрчсөн. Энэ нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг санаатай зөрчсөн. Талуудын хооронд үүссэн маргаантай байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар Векселийн тухай хуульд шүүхээр шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд үүний дагуу шүүх маргааныг хянаж байхад хууль ба шүүхийг үл тоож санаатайгаар зөрчсөн үйлдэл юм. Иймд “Төрийн банк” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлийг тогтоож, 721 227.95 ам.долларыг гаргуулж өгнө үү.

“УБТЗ” ХНН-ийн харилцах 10600001517 тоот дансанд 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 721 297 ам.доллар 95 цент байсан. Өөрөөр хэлбэл “УБТЗ” ХНН-ийн харилцах дансны мөнгөнөөс 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гүйлгээ хийж БНСУ руу гүйлгээ хийгдсэн гэсэн тэмдэг дарагдсан байсан. Үүний дараа Солонгос улсаас энэ мөнгө орж ирээгүй гэсэн. Монгол улсын хоёр ч Засгийн газар Орос, Хятад гэсэн улсын шатах тослох материалын хараат байдлаас гарахын тулд БНСУ-тай 70 000 000 ам.долларын түлш нийлүүлэх үйл ажиллагааг эхэлж байсан. Засгийн газар “УБТЗ” ХНН хамгийн их дизель түлш хэрэглэдэг тул туршилтаар “УБТЗ” ХНН-тай нийлүүлэх гэж сонгосон. Засгийн газрын бодлогоор Солонгос улс анх удаа Монгол улсад түлшийг импортоор хэрэглэх гэж байсан. Энэ төлбөрийг “Төрийн банк” ХХК хууль бусаар саад болсон тул Засгийн газрын туршилтын гэрээ хэрэгжээгүй. Иймд өнөөдрийг хүртэл Монгол улс, Орос, Хятад улсаас шатахуунаа нийлүүлэн хаалт бий болсон.

Нэг банкны дураараа үйл ажиллагаанаас болоод энэ гэрээ хэрэгжээгүй тул Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-т зааснаар харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх; 446.1.6-д зааснаар харилцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүргээ “Төрийн банк” ХХК зөрчсөн. Хууль бусаар суутган авсан 721 297 ам.доллар 95 центийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд үндэслэл нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, төлбөрийн даалгавар дээр гүйлгээ хийсэн гэсэн тэмдэг дарагдаагүй байсан бол энэ ажил тасалдахгүй байх байсан. Гэвч гүйлгээ хийсэн гэсэн тэмдэг дарсан хэрнээ цааш гүйлгээ хийгээгүй хохирол учруулсан. Энэ вексельтэй холбоотой маргааныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2014 оны 7 дагаар сарын 10-ны өдөр шийдвэрлэх хүртэл векселийг мөнгөжүүлэхгүй байхыг даалгасан шүүгчийн захирамж гарсан боловч энэ захирамжийг зөрчин явуулсан. Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд “Төрийн банк” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлийг тогтоолгох,  721 227 ам.доллар 95 цент гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан,

Х.Гэрэлчулуун, Н.Батгэрэл нар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “вексельд заасан төлбөрийг төлбөрийн хугацаа дууссаны дараах ажлын 2 хоногийн дотор хийгээгүй тохиолдолд вексель эзэмшигч нь төлбөр хариуцагч, түүний батлан даагчаас төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулан авах эрхтэй. Энэ тохиолдолд төлбөр хариуцагчийн харилцах данс байгаа банк хүчин төгөлдөр векселийг үндэслэн төлбөр хариуцагчийн данснаас төлбөрийг гаргаж өгөх үүрэг хүлээнэ” гэж заасан. Энэ үүргийн дагуу Голомт, Худалдаа хөгжил, Хаан, Чингис хаан зэрэг арилжааны банкуудад хандсан боловч “УБТЗ” ХНН-ийн зүгээс нөлөөлж шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл төлбөрийг шилжүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.

“Төрийн банк” ХХК-ийн Актив, пассивын удирдлагын хорооны 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээр өөрт байрших “УБТЗ” ХНН-ийн 106000001517 тоот дансанд байсан 721 227.95 ам.долларыг векселийн авлагаас суутгасан болно. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно” гэж заасан. “УБТЗ” ХНН нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж, “Хадгаламж банк” ХХК-ийг дампуурсныг далимдуулан төрийн мөнгийг завших оролдлого гаргаж, “Жаст Групп” ХХК-тай эвлэрсэн гэж векселийг хүчин төгөлдөр бусд тооцуулсан шүүгчийн захирамж гаргасан байсан нь хүчингүй болсон.

“Төрийн банк” ХХК төлбөрийг суутгаж авч байгаа нь хууль зүйн үндэслэлтэй. Төлүүлсэн төлбөрөө огт үндэслэлгүйгээр татгалзаж, төлбөр төлөх хугацаа дуусан, 2 жилийн хугацаа өнгөрсний дараа бид төлбөрөө суутгаж авсан. Иргэний хуульд заасан өөртөө туслах арга хэмжээ авсан юм. Векселийг үл маргах журмаар төлдөг. Аливаа төлбөрийн хэрэгслийг үл маргах журмаар төлнө. “УБТЗ” ХНН-ийн бичиж өгсөн вексель дээр тухайн үеийн дарга Г.Сэрээнэндорж, байгууллагын дүрмийн хүрээнд харилцагчийн гарын үсэг вексельд зурагдсан байгаа. Үүнийг төлбөрийн даалгавар гэж үзнэ гэсэн хуулийн зохицуулалт байна. Нэгэнт дансанд нь мөнгө байсан учраас, мөн төлбөр хариуцагч нь үндэслэлгүйгээр төлбөрөө төлөхөөс татгалзаж байсан тул бид суутгаж авсан юм.

Энэ Солонгос улс руу шилжүүлэх гэж байгаа төлбөрийг өөр бусад банкуудаар шилжүүлэх боломжтой байсан. Бид Иргэний хуулийн дагуу өөртөө тусалж байгаа, Банкны тухай хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм. 721 227 ам.доллар 95 центийг гаргуулах шаардлага нь хүүтэй векселийг “УБТЗ” ХНН төлөх ёстой гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгөн харилцан тооцох замаар шийдэх боломжтой. Энэ векселийн төлбөрийг авах эрхтэй гэж шүүх тогтоовол сөрөг нэхэмжлэл хасагдан шийдэгдэх боломжтой. Сөрөг нэхэмжлэл бол хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хадгаламж банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Мөн өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн А157 дугаартай “Албадан татан буулгах тухай” тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг нэг жил хүртэл хугацаагаар, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаартай тушаалаар 1 жил хүртэл хугацаагаар, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А-172 дугаартай тушаалаар 6 сар хүртэл, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалаар 6 сар хүртэл хугацаагаар тус тус сунгасан.

Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих хуулийн зохицуулалттай. “Хадгаламж банк” ХХК-ийн хуучин гүйцэтгэх удирдлагаас “Хадгаламж банк” ХХК-ийн санхүүгийн тэнцлийг 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар гарган, тэнцлийн үнэн зөв болохыг баталгаажуулан гарын үсэг зурж, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр банкны эрх хүлээн авагчийн зөвлөлд хүлээлгэн өгсөн. Банкны эрх хүлээн авагчаас тус тэнцлийг үндэслэн Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасны дагуу “Хадгаламж банк” ХХК-ийн нийт активыг хяналтандаа авсан. Тус активд “УБТЗ” ХНН-ээс 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 285 хоногийн хугацаатай, 4 000 000 ам.долларын, жилийн 12 хувийн хүүтэй /нийт хүү 380 000 ам.доллар/ буюу нийт 4 380 000 ам.долларын үнийн дүн бүхий энгийн векселийн авлага бүртгэлтэй байсан.

“УБТЗ” ХНН-ээс 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар Аудит корпораци” ХХК-д гаргаж өгсөн “Хадгаламж банк” ХХК-д төлөх энгийн векселийн өглөг 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар манай данс бүртгэлд тусгагдсанаар 4 380 000 ам.доллар байх бөгөөд энгийн вексельд бичигдсэн вексель бичигдсэн огноо, үндсэн төлбөр, хүүгийн хувь, төлбөр хийх хугацаа, төлбөр хүлээн авагчийн нэр зэрэг үндсэн мэдээллүүд нь манай баримттай тохирч байна” гэсэн санхүүгийн, нягтлан бодох бүртгэлийн тулган баталгаажуулалтын тодруулга нь хүүтэй векселийн төлбөр 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй, өглөг байсан болохыг нотолж, “УБТЗ” ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийн өөрийн болон Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч даргын гарын үсгээр баталгаажсан байдаг.

“Хадгаламж банк” ХХК үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх хугацаанд буюу 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд “УБТЗ” ХНН-ээс төлбөрөөс татгалзах тухай үндэслэл бүхий ямар нэгэн санхүүгийн болон албан бичгээр ирүүлсэн баримт байгаагүй. “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 65 дугаар зүйлийн 65.1.1-д тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх” 002/2013БЭХА/154 дугаартай, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Богино хугацаат хөрөнгө оруулалт шилжүүлэх” 006/2013/БЭХА/163, “Бусад актив хөрөнгө шилжүүлэх” 008/2013/БЭХА/165 дугаар гэрээгээр “УБТЗ” ХНН-ээс 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4 000 000 ам.долларын үнийн дүн бүхий, жилийн 12 хувийн хүүтэй /нийт хүү 380 000 ам.доллар/, 285 хоногийн хугацаатай, энгийн векселийг “Төрийн банк” ХХК-ийн актив хөрөнгөд шилжүүлсэн. Энэ тухай 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 667 болон 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 882 дугаартай албан бичгээр удаа дараа шүүх болон “Төрийн банк” ХХК-д гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Хэрэгт авагдсан Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авагчийн хугацаа сунгагдан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Энэ үйл ажиллагааны үр дүн нь Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар банкны эрх хүлээн авагчийг томилсноор банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжинэ.  “Хадгаламж банк” ХХК-ийн хуучин удирдлагаас 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр санхүүгийн тэнцэл үнэн зөв гаргасан гэж баталгаажуулаад 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр банкны эрх хүлээн авагчийн зөвлөлд хүлээлгэж өгсөн байдаг. Энэ тэнцлийг үндэслэн Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д зааснаар  “Хадгаламж банк” ХХК-ийн нийт активыг хяналтандаа авсан.Тус активд “УБТЗ” ХНН-ийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 285 хоногийн хугацаатай, 4 000 000 ам.долларыг, жилийн 12 хувиар нийт 380 000 ам.долдарын хүүтэй, нийт 4 385 000 ам.долларын энгийн векселийн авлага бүртгэлтэй байсан. Төлөгдөх хугацаа нь 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан.

“Хадгаламж банк” ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тэнцлийн төлбөр хийгдээгүй байдаг. “Хадгаламж банк” ХХК-ийг хэвийн үйл ажиллагаа явуулж байх үед “УБТЗ” ХНН төлбөрөөс татгалзах санхүүгийн болон ямар нэгэн албан бичиг ирүүлж байгаагүй. Хэрэгт авагдсан баримтаар 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “УБ аудит корпораци” ХХК-д гаргаж өгсөн албан бичигт тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 4 380 000 ам.долларын векселийн өглөг байна. Энэ баримт дахь мэдээлэл нь таарч байна гэснээр энэ нь нотлогдож байна. Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 65 дугаар зүйлийн 65.1.1-т зааснаар банкны зарим пассивыг “Төрийн банк” ХХК руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний үр дүнд хэрэгт авагдсан актив, пассив шилжүүлэх гэрээний хүрээнд хийгдсэн богино хугацаанд хөрөнгө оруулалт шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ  гэрээгээр “УБТЗ” ХНН-ээс 2013 оны 02 дугаар сарны 18-ны өдрийн бичсэн 285 хоногийн хугацаатай, 4 000 000 ам.долларыг, жилийн 12 хувийн энгийн векселийг “Төрийн банк” ХХК руу шилжүүлсэн.

Хэрэгт авагдсан “Хадгаламж банк” ХХК-ийн эрх хүлээн авагч “Төрийн банк” ХХК-д актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ болон түүний хүрээнд хийгдсэн гэрээ хуулийн хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Энэ гэрээнээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг шаардах этгээд нь нэхэмжлэгч байгууллага яахын аргагүй мөн байна. Шүүхийн шийдвэрээр векселийг хүчин төгөлдөр бусд тооцсон гэж байна. Шүүхийн шийдвэрээр талуудын хүсэл зорилго юу вэ гэдгийг ойлгохгүй байна. Энэ бол Векселийн тухай хуульд векселийг тодорхойлсноор ямар нэг үл маргахгүйгээр вексель эзэмшигчийг төлбөр төлөгчийн банкинд тухайн үнэт цаасыг үндэслээд төлбөр хийх талаар байгаа юм. Бичигдсэн векселийг хүчин төгөлдөр бусд тооцох тэрхүү эрхийн дагуу бусдаас шаардах эрх хүчингүй болох үр дагавар үүсэхгүй. Хоёрдугаарт 3 векселийн арын хуудсан дээрх нөхцөл бүгд адилхан байгаа. Гэтэл хариуцагч өнөөдөр энэхүү векселийг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа хэрнээ энэхүү өөрийн маргааны үндэслэлийнхээ эсрэгээр нөгөө 2 векселийн төлбөрүүдийг төлж байсан үйл баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үр дагаврыг үүсгэх боломжтой байна гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “УБТЗ” ХНН-ээс 3 278 772.05 ам.доллар буюу 6 664 235 343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 380 000 ам.долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгож, үндэслэлгүйгээр суутган авсан 721 227.95 ам.доллар гаргуулах тухай хариуцагч “УБТЗ” ХНН-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37 340 953 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 8 300 615 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33 479 126 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 40 дүгээр зүйлийн 40.2,  40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Шүүх энэ төрлийн маргааныг шийдвэрлэхдээ хамгийн түрүүнд маргаан бүхий вексельд Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт заасан “шилжих векселийн хувьд төлбөрийн зөвшөөрөл өгсөн тэмдэглэл” байгаа нөхцөлд гуравдагч этгээдэд векселийн төлбөрийг нэхэмжлэх эрх үүсдэг болохыг хуулиар тусгайлан зохицуулсан байгааг анхаарах ёстой юм. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ буруу тодорхойлсон ба шүүгчийг төөрөгдүүлж мэтгэлцээн явуулж улмаар шүүгч хуулийн дээрх заалтыг анхаарсангүй.

Энэ хэргийн маргааны зүйл болох “УБТЗ” ХНН-ээс “Жаст групп” ХХК бичиж өгсөн 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4 000 000 ам долларын, жилийн 12 хувийн буюу 380 000 ам долларын хүүтэй, 285 хоногийн хугацаатай вексель нь шилжих вексель мөн эсэхийг анхааран үзэлгүй шүүх хэргийг шийдвэрлэн буруу юм. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч Векселийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Вексель нь энгийн, шилжих вексель гэсэн төрөлтэй байх бөгөөд тэдгээр нь зөвшөөрлийн болон мэдүүлгийн гэсэн хэлбэртэй байна” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт “шилжих векселийн хувьд төлбөрийн зөвшөөрөл өгсөн тэмдэглэл” байх нөхцөлийг хуульчилсан билээ.

Мөн Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Вексель бичигч гэж

тухайн векселийг бичсэн иргэн ба хуулийн этгээдийг хэлнэ” гэж, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Шилжих вексельд төлбөрийн зөвшөөрөл бичүүлэхийг вексель бичигч хариуцна” гэж заасан бөгөөд маргаан бүхий векселийн хувьд “Вексель бичигч” “УБТЗ” ХНН мөн билээ. Өөрөөр хэлбэл Векселийн тухай хуулийн дээрх зохицуулалтаар вексель гуравдагч этгээдэд шилжих эсэхийг “УБТЗ” ХНН шийдэх ёстой бөгөөд маргаан бүхий векселийн нүүрэн талд шилжих вексельд төлбөрийн зөвшөөрөл өгсөн тэмдэглэл байхгүйг шүүх анхаарсангүй.

Монголбанкны ерөнхийлөгч 1998 оны 5 дугаар сарын 06-ны өдөр "Энгийн Векселийн маягт батлах" тухай 172 дугаар тушаалаар энгийн болон шилжих векселийн загварыг баталсан бөгөөд бидний маргаан бүхий вексель нь энгийн вексель болохоос шилжих вексель биш болохыг шүүх анхаарсангүй. Хэрэв нотлох баримтыг анхааралтай үзсэн бол 1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь талд байгаа вексельд "Энгийн вексель" гэж тодорхой бичсэн байгаа.

Мөн Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “:..Векселиэр төлбөр тооцоо гүйцэтгэх журмыг Сангийн яам, Монголбанк тогтооно.” гэж, 9.3 дахь хэсэгт "Векселийн загвар, хэрэглэх журмыг Монголбанк тогтооно" гэж тус тус заасан бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч Сангийн сайдын 1998 оны 153/180 дугаар тушаалын хавсралт 1-ээр "Векселийг төлбөр тооцоонд хэрэглэх журам"-ыг баталсан. Энэ журмын 13 дугаар зүйлд шилжих векселийг энэ журмын 7 дугаар зүйлийн 7.3-т заасан үндэслэлээр төлбөр тооцоонд хэрэглэнэ. Вексель бичигч нь вексельд заасан төлбөрийг түүний эзэмшигчид төлөхийг төлбөр хариуцагчид даалган шилжүүлэх векселийг бичнэ. Энэ тохиолдолд вексель бичигч Векселийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн дагуу төлбөр хариуцагчаас төлбөрийн зөвшөөрөл авч, вексельд тэмдэглүүлсэн байх шаардлагатай. Жишээ нь: А компани талхны В компаниас гурилын үнэ 15 сая төгрөг авах ёстой бол В компанийг Б компанид төлөхийг даалган шилжих вексель бичиж болно. Энэ тохиолдолд В компаниас төлбөрийн зөвшөөрөл авч, вексельд тэмдэглүүлсэн байх шаардлагатай" гэж жишээ аван тодорхой тайлбарласан байгаа болно.

Шүүх үндсэн нэхэмжлэлийг тодорхойлохдоо шийдвэрийн үндэслэх хэсэгт “...2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4 000 000 ам долларын, жилийн 12 хувийн буюу 380 000 ам.долларын хүүтэй, 285 хоногийн хугацаатай, энгийн векселийн үлдэгдэл 3 658 772.5 ам доллар буюу 7 436 600 543 төгрөг гаргуулах шаардлага төгрөгийг Векселийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулахаар шаарджээ." гэж, мөн “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдээс төлсөн төлбөр болох 4 000 000 ам доллар, мөн түүний хүүгийн төлбөрийн үлдэгдлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.6 дахь хэсгүүдэд заасны дагуу буруутай этгээд болох "УБТЗ ХНН-ээс гаргуулахаар шаардсан” гэсэн дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийг тодорхойлсон байна.

Векселийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг нь “Төлбөр хариуцагч вексельд заасан төлбөрийн хугацаанд төлбөрөө гүйцэтгээгүйтэй холбогдон гарсан маргааныг шүүх, арбитр зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн заалт бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон хуулийн зохицуулалт биш болохыг шүүх анхаарсангүй. Мөн хэрэг авагдсан баримтаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, түүнийг хариуцагч талд гардуулсан, хариу тайлбар авсан үйл баримт байхгүй бөгөөд хариуцагч талд өөрчилсөн нэхэмжлэл гардуулсан үйл явдал болоогүй билээ.

Нэхэмжлэгч талд шаардах эрх хуулийн дагуу шилжсэн эсэхийг шүүх анхаараагүй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 210 дугаар 210.1 дэх хэсгийн заалт хэрэглэгдэхгүй юм. Өөрөөр хэлбэл вексель нь шилжих вексель биш тул гуравдагч этгээдэд шаардах эрх үүсэхгүй болохыг хуульчилсан тул “хууль буюу гэрээгээр” гэсэн нөхцөл байхгүй болохыг шүүх анхаарсангүй. Мөн шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэсэн заалт бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/ 01111 дүгээр шийдвэрээр буруутай этгээд нь хариуцагч “Жаст групп” ХХК болохыг анхааран үзсэнгүй. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэрээр вексель хүчин төгөлдөр бус учир түүний Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д "дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл" мөн хүчин төгөлдөр бус бөгөөд ямар ч үед “Төрийн банк” ХХК-д шаардах эрх үүсэхгүйг шүүх анхаарсангүй.

Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний алдааны талаар, шүүх сөрөг нэхэмжлэлийг тодорхойлохдоо шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан, “Төрийн банк” ХХК-ийг өөрийн банкин дахь “УБТЗ” ХНН-ийн данснаас хууль бусаар суутгал хийснийг тогтоолгож, үндэслэлгүйгээр суутган авсан 721 227.95 ам.долларыг “Төрийн банк” ХХК буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ” гэж тодорхойлж, мөн “...Төлбөр авагч “Жаст Групп” ХХК нь дээрх гурван векселийг төлбөр төлөгч “УБТЗ” ХНН-ээс хүлээн аваад, Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар “Хадгаламж банк” ХХК-д худалдаж, тус банкнаас SV2013/01 болон SV2013/02 тоот “вексель арилжааны хэлцэл”-үүдийн дагуу 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 8 000 000 ам доллар, улмаар 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 2 500 000 ам.долларыг “Жаст Групп” ХХК-д төлсөн болох нь баримтаар тогтоогдсон байна.” гэжээ. Гэтэл шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хэрхэн яаж дүгнэж хэрэгсэхгүй болгож байгаа талаар дүгнэлт алга байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт ямар тохиолдолд векселийг бусдад шилжүүлэхийг заасан бөгөөд хавтаст хэрэгт “Жаст Групп” ХХК-д дээрх хуульд тухайлан заасан “мөнгөн хөрөнгө хэрэгтэй болсон өөрийн зээлдүүлэгч буюу бэлтгэн нийлүүлэгчид өртэй бол” гэсэн нөхцөлийг тодорхойлсон ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Гэтэл шүүх хуулийн тухайлсан зохицуулалтыг анхааран үзэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт хийсэн байна. Хавтаст хэргийн 25-29 дэх талд SV2013/01 болон SV2013/02 тоот "вексель арилжааны хэлцэл"-үүд байхгүй болно. Өөрөөр хэлбэл хэрэгт ийм баримт авагдаагүй байхад хэргийг нотлох баримтын үндсэн дээр шийдвэрлэх зарчмыг зөрчсөн байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг анхаараагүй байна.

Мөн шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 467 дугаар зүйлийн 467.4, Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэр гарсан болохыг анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл уг шийдвэрээр “УБТЗ” ХНН бичиж “Жаст групп” ХХК-д өгсөн 4 000 000 ам.долларын дүн бүхий, 380 000 ам.долларын хүүтэй векселийг “УБТЗ” ХНН-ийн үйлдсэн векселийн бүрдүүлбэр дутуу гэж үзээгүй, харин “Жаст групп” ХХК болон “Хадгаламж банк” ХХК-ийн хооронд дамжуулах бичилт хийж шилжүүлэхдээ хууль зөрчсөн гэж үзэж хүчин төгөлдөр бусд тооцсон болохыг шүүх анхаараагүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.7 дахь хэсэгт “Зөвшөөрлийн үнэт цаасыг шилжүүлж байгаа этгээд түүний хүчин төгөлдөр байдал болон эрх шилжүүлэхийг хариуцна” гэж заасан бөгөөд энэ заалтаар “Жаст групп” ХХК алдаанаас тухайн үнэт цаас хүчин төгөлдөр бус болж байгааг анхааран үзэж “Төрийн банк” ХХК-ийн хувьд хариуцагч нь “УБТЗ” ХНН биш харин “Жаст групп” ХХК болохыг тогтоон дүгнэлт хийх байжээ.

Сөрөг нэхэмжлэлийг шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д зааснаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа болохыг анхааран үзэх ёстой бөгөөд “УБТЗ” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдаад байгаа Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 446 дугаар зүйлийн 446.1.3, 446.1.6 дахь заалт, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд векселийг мөнгөжүүлэхгүй байхыг “Төрийн банк” ХХК-д даалгасан шүүгчийн захирамжийг зөрчиж суутган авсан талаарх тайлбарт ямар ч дүгнэлт хийсэнгүй. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлон 2013 оны 5, 6, 7 дугаар сарын тооцоо нийлсэн акт, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн маргааныг шийдвэрлэх хүртэл хугацаанд векселийг мөнгөжүүлэхгүй байхыг “Төрийн банк” ХХК-д даалгасан шүүгчийн захирамжийг зөрчиж, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хууль зөрчин авсан болохыг нотолсон депозит дансны хуулга, зэргийг хэрхэн дүгнэсэн талаар ямар ч дүгнэлт шүүхийн шийдвэрт алга байна. Гэтэл би сөрөг нэхэмжлэлийн нэг болох “Төрийн банк” ХХК-ийн хууль зөрчин үйл ажиллагаа явуулдаг болохыг эдгээр баримтыг шинжлэн судлуулж шүүх хуралдааны мэтгэлцээний үед хангалттай нотолсон байхад сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нотолгоог дүгнэхгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Мөн шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн үндэслэл ба нотолгоогоо гарган мэтгэлцэж байхад түүнд шүүх дүгнэлт хийхгүй юм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3 дахь хэсэгт тус тус заасан эрхийг хэн хангах юм. Энэ шүүхийн шийдвэрээр миний Үндсэн хуулиар хамгаалагдсан шударга шүүхээр шүүлгэх эрх огт хангагдсангүй. Иймд “Төрийн банк” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

            Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг”-т /цаашид “УБТЗ” ХНН гэх/ холбогдуулан тус нийгэмлэгээс 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4 000 000 ам.долларын, жилийн 12 хувийн буюу 380 000 ам.долларын хүүтэй, 285 хоногийн хугацаатай, энгийн векселийн төлбөрийн үлдэгдэл 3 658 772.05 ам доллар буюу 7 436 600 543 /долоон тэр бум дөрвөн зуун гучин зургаан сая таван зуун дөчин гурван/ төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 12 хувийн хүүтэй, 4 000 000 ам.долларын дүн бүхий 285 хоногийн хугацаатай векселийн төлбөрийг хоёр хуваан төлж барагдуулсан, мөн уг хүүтэй векселийг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул хүчин төгөлдөр бус векселийг үндэслэн төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж марган нэхэмжлэгчийн банкин дахь “УБТЗ” ХНН-ийн данснаас үндэслэлгүйгээр суутган авсан тул 721 227,95 ам долларыг Төрийн банкнаас буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч “УБТЗ” ХНН нь “Жаст групп” ХХК-тай байгуулсан нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 10 480 150,51 ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй талаар 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлэн акт /хх2-59/ үйлдсэн, уг 10 500 000 ам.долларын төлбөр төлөх баталгаа болгон нэхэмжлэлд заасан 3 векселийг бичиж, төлбөр авагч “Жаст групп” ХХК уг векселүүдийн эзэмшигч болсон үйл баримтын талаар талууд маргаагүй.

            Нефтийн бүтээгдэхүүний төлбөр төлөх баталгаа болгон бичсэн дээрх 3 вексель нь Векселийн тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан энгийн вексельд хамаарах бөгөөд Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-ээс 9/-т заасан бүрдүүлбэрийг хангасан байна.

Иймд хариуцагч нь Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан энгийн вексель бичигч буюу төлбөр хариуцагч болсон гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч “УБТЗ” ХНН нь Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн хугацаа болмогц уг векселд заагдсан төлбөрийг ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр уг вексель эзэмшигчид үл маргалдах журмаар төлөх үүрэгтэй байжээ.

Хариуцагч талын 2013 оны 5 дугаар сарын 22, мөн оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус бүр 2 000 000 ам.доллар, нийт 4 000 000 ам.долларыг дээрх хүүтэй векселийн төлбөрт төлсөн гэх татгалзал нь “УБТЗ” ХНН-ээс “Улаанбаатар аудит Корпораци” ХХК-д 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хандан гаргасан “энгийн векселийн өглөг нь 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар манай данс бүртгэлд тусгагдсанаар 4 380 000 ам.доллар байна, энэ нь энгийн вексельд бичигдсэн огноо, үндсэн төлбөр, хүүний хувь, төлбөр хийх хугацаа, төлбөр хүлээн авагчийн нэр зэрэг үндсэн мэдээллүүдтэй таарч байна” гэж мэдэгдсэн /хх1-36/ баримтаар няцаагдсан ба 2013 оны  02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4 000 000 ам.долларын үнэ бүхий 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлж дуусгах /285 хоногийн/ хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй векселийн төлбөрийг төлөөгүй талаарх тус нийгэмлэгээс “Төрийн банк” ХХК-д 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 12/962 дугаар албан бичигт векселийн төлбөр төлөгдөөгүйг дурдан зөвшөөрч, уг төлбөрийг “Жаст групп” ХХК хариуцахыг мэдэгдсэн /хх1-39/, мөн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хадагаламж банкны эрх хүлээн авагчаас “Төрийн банк” ХХК-д шилжүүлсэн богино хугацаат хөрөнгө оруулалтын дансны үлдэгдэлд “УБТЗ” ХНН-ийн вексель 4 000 000 ам.доллар, векселийн хүүгийн авлага 205 333,34 ам.доллар /хх1-20, 23/ болох талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Төлбөр хариуцагч “УБТЗ” ХНН-ээс 4 000 000 ам.долларын үнэ бүхий, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлбөрийг төлөх хугацаатай /99 хоногийн/ хүүгүй векселийн төлбөрийг 2013 оны 5 дугаар сарын 22, мөн оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус тус 2 000 000 ам.доллараар, мөн 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн 2 500 000 ам.долларын үнэ бүхий 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусах /121 хоногийн хугацаатай/ хүүгүй векселийн төлбөрийг 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлж барагдуулсан байх тул  зохигчдын маргаан нь зөвхөн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичсэн 4 000 000 ам.долларын үнэ бүхий 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлж дуусгах /285 хоногийн/ хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй векселийн төлбөртэй холбоотой гэж шүүх үзэж, хэргийг шийдвэрлэсэн нь зөв, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь харьцуулан үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлсэн байна. 

 Дээр дурдсан векселийг эзэмшиж байгаа “Жаст групп” ХХК нь “УБТЗ” ХНН-ээс бичсэн 4 000 000 ам.долларын үнэ бүхий жилийн 12 хувийн буюу 380 000 ам.долларын хүүтэй векселийг “Хадгаламж банк” ХХК-д 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн SV2013/01 вексель арилжааны гэрээгээр худалдаж, дамжуулан бичилт хийжээ. Ийнхүү дамжуулан бичилтийг 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хийхдээ Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан дамжуулан бичилт хийхэд хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр векселийг болон вексель арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/01111 дүгээр шийдвэр гарсан, хуулийн хүчин төгөлдөр байна.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй тул нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь уг хүчин төгөлдөр бус векселийн вексель эзэмшигчийн хувиар хариуцагч “УБТЗ” ХНН-ээс векселийн төлбөр шаардах эрхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Векселийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасанд нийцжээ.

Гэвч дээрх байдлаар хүчин төгөлдөр бус болсон вексельд дамжуулан бичилт хийж, векселийн арилжааны гэрээ хийгдсэний улмаас 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр  “Хадгаламж банк” ХХК нь векселд заагдсан 4 000 000 ам.долларыг “Жаст групп” ХХК-д төлсөн үйл баримт зохигчдын тайлбар, бусад баримтаар тогтоогдсон,  талууд энэ талаар маргаагүй.

Харин дээрх вексель дамжуулан бичилт хүчин төгөлдөр бус болохыг шүүх тогтоосон тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг буруутай этгээд “Жаст групп” ХХК хариуцах ёстой гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Хэргийн дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл “Хадгаламж банк” ХХК-аас “Жаст групп” ХХК-д хүчин төгөлдөр бус векселийн үндсэн дээр 4 000 000 ам.долларыг төлснөөр   “Жаст групп” ХХК-ийн өмнө векселиэр баталгаажуулсан нефтийн бүтээгдэхүүний өр төлбөр төлөх үүргээс хариуцагч “УБТЗ” ХНН чөлөөлөгджээ.

Иймд “Хадгаламж банк” ХХК-ийн хувьд “Жаст групп” ХХК-д 4 000 000 ам.долларыг төлсний улмаас хариуцагч “УБТЗ” ХНН өр төлбөрөөс чөлөөлөгдсөн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар уг зардлаар үүргээс чөлөөлөгдсөн “УБТЗ” ХНН-ээс шаардах эрх “Хадгаламж банк” ХХК-д үүссэн байна.    Улмаар “Хадгаламж банк” ХХК-ийн хуулийн дагуу үүсэн энэхүү шаардах эрх нь “Хадгаламж банк” ХХК-д Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаалаар авагдсан эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хүрээнд мөн өдрийн А/157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгасан шийдвэр, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн эрх хүлээн авагч болон “Төрийн банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 002/2013/БЭХА/154 тоот “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний /хх1-15-17/ 1.6-д “шаардах эрх болон үүрэг шилжүүлэх гэрээгээр холбогдох материалыг шилжүүлэхдээ хүлээлцсэн талууд акт үйлдэх, энэ нь тухайн гэрээний салшгүй хэсэг байх”-аар заасны дагуу хийсэн 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 006/2013БЭХА/163 тоот “Богино хугацаат хөрөнгө оруулалт шилжүүлэх тухай” гэрээний хавсралтад “УБТЗ” ХНН-ээс 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн 4 000 000 ам.долларын үнэ бүхий векселийг “Төрийн банк” ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх1-18-20/

Иймд “Хадгаламж банк” ХХК-ийн хүчин төгөлдөр бус векселийн дагуу төлбөр төлсний улмаас хариуцагч “УБТЗ” ХНН-ийг өр төлбөрөөс чөлөөлөгдсөнтэй холбоотой Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үүргийг шаардах “Хадгаламж банк” ХХК-ийн эрх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.9 дэх хэсэгт зааснаар “Төрийн банк” ХХК-д шилжсэн гэж үзэх үндэслэлтэй.

Гэрээний бус үүргийн харилцаанд гэрээний үүргийн холбогдох журмыг хэрэглэж болох талаар Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсгийн зохицуулалтад  заасан тул “УБТЗ” ХНН-д холбогдох “Хадгаламж банк” ХХК-ийн гэрээний бус үүргийн шаардлагыг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан шаардах эрх шилжсэн гэж үзэх нь уг үүргийн мөн чанарт харшлахгүй.

Харин нэхэмжлэгч нь Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар векселийн төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй тул маргаан бүхий 4 000 000 ам.долларын үнэ бүхий векселийн 12 хувийн хүү гэж 380 000 ам.доллар шаардсаныг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв болно.

Түүнчлэн нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагчийн данснаас 721 227,95 ам.долларыг суутган авсан нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт нийцэх тул хүчин төгөлдөр бус вексель, хэлцлийн үндсэн дээр төлбөр суутгагдсан гэх үндэслэлээр уг төлбөрийг буцаан гаргуулах тухай шаардлагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3-т зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчид гаргах эрхгүй байна.  Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг үндэслэлийг Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар тайлбарласан нь буруу боловч нэхэмжлэгчийн хариуцагчаас суутган авсан 721 227,95 ам.долларыг 4 000 000 ам.доллраас хасч тооцсон нь үндэслэл бүхий болжээ.  

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь векселийн төлбөр үндэслэлгүй суутган авсан хууль бус учраас буцаан гаргуулах агуулгатай байхад нэг агуулга бүхий  сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийг тусдаа шаардлага мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай байх тул энэ талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шаардлагатай өөрчлөлтийг оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  3 278 772,05 ам.доллар буюу 6 664 253 343 төгрөгийн хэмжээнд хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг оновчтой хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/00860 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “УБТЗ” ХНН-ээс 3 278 772,05 ам.доллар буюу 6 664 235 343 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож, Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул векселийн хүүд 380 000 ам.доллар гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг, Иргэний 492 дугаар зүйлийн 492.2.3-т зааснаар хариуцагчийн 721 227,95 ам.доллар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг “2”, 4 дэх заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн  шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 779 741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ