Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/78

 

 

 

 

 

 

 

 

   2021         01          26                                        78  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч: М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Гт холбогдох эрүүгийн 2003004600405 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 50 дугаар байр, 8 тоотод оршин суух хаягтай боловч энэ хаягтаа оршин суудаггүй, Есүсийн сүмд оршин суух,

1997 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 99 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан,

1997 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн шүүхийн 142 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих,

2002 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар баривчлах,

2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 23 дугаар шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Г.

Шүүгдэгч М.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Улаанбаатар өртөөн дэх М.Цын ажлын өрөөнөөс түүний “Ай поне” гар утас, бүргэд хаалганы түлхүүр, ажлын өрөөний түлхүүр, Тоёота приус-20 маркийн автомашины түлхүүрийг хулгайлан авч, бусдад 1 157 800 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- М.Г мэдүүлэхдээ:

Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахиж ийм гэмт хэрэг хийхгүй. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна. Би одоогоос эергээр амьдарна. Би 2 эрэгтэй дүү, 2 эмэгтэй дүүтэй. Миний 2 хүүхэд хашаа байшингаа зараад намайг хаяад явсан. Би хамтран амьдрагчтай болоод сайхан амьдрах болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Ц мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр өөрийн ажил болох Улаанбаатар төмөр замын Улаанбаатар өртөөн дээр ажилтай байсан. Ажлаа хийж байгаад 16 цаг 05 минутын орчим өдөр өлгөөд орхисон цамцаа авах гээд очтол цамц маань байгаагүй. Цамцны халаасанд “Ай поне Экс” маркийн гар утас, ажлын түлхүүр, машины түлхүүр зэрэг эд зүйлүүд байсан юм. Ингээд 89200111 дугаар руу залгаж  үзэхэд эхлээд дуудаж байсан. Хэд хэдэн удаа залгаад авахгүй болохоор нь дахиад ажлынхаа хүний утсыг гуйж байгаад дахин залгахад бас л аваагүй. Тэгж байгаад 17 цаг өнгөрөөд холбогдох боломжгүй болчихсон. Тэгээд би Улаанбаатар өртөөний гадна талыг харсан камерыг шүүж үзье гэж бодоод камерын бичлэгийг үзэхэд 15 цаг 15 минутад намхан нуруутай, төмөр замын хангалтад өгдөг шиг хөх өнгийн ажлын хувцас өмссөн эрэгтэй хүн миний ягаан өнгийн юүдэнтэй цамцыг урдаа тэвэрчихсэн өртөөний байрны хаалгаар гарч явсан нь бичигдсэн байсан. Ингээд вокзалын цагдаагийн хэсэг дээр очиж энэ талаар хэлээд хамт камерын бичлэгийг үзэхэд вокзалын цагдаа уг хүнийг таних юм байна гээд хамтдаа вокзалын арын хэсгээр хайж яваад вокзалын хойд талд байдаг “Geniuss” нэртэй хоёр давхар тоосгон зочид буудлын баруун талын аркаас уг хүнийг унтаж байхад нь олсон. Цагдаа уг хүнээс нэрийг нь асуугаад өөрт нь гар утас байгаа талаар асуухад согтуу болохоор хариулаагүй. Миний гар утас болон бусад эд зүйлүүд мань уг хүнд байгаагүй. Ямар ч байсан хулгай хийсэн хүнийг олсон болохоор ажил руугаа явж байхад миний цамцыг ажлын газрын маань хүн автобусны буудлын хажуу талын өвсөн дундаас олоод авчирч өгсөн. Би өөрийн гар утас болон цамцаа олоод авчихсан болохоор одоо миний зүгээс ямар нэгэн гомдол саналгүй. Машины болон ажлын, гэрийн түлхүүрүүд, гар утасны цэнэглэгч зэргийг нэхэмжлэхгүй гэжээ. (хэргийн 8 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ш.Ш мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 12 цагийн орчим Улаанбаатар төмөр замын төв вокзалын хойд талын Ундрам дэлгүүрийн тэнд Зүүнхараа хүн авч явна гээд орилоод зогсож байхад үдээс хойш 15 цаг өнгөрч байхад вокзал дээр архи уугаад яваад байдаг Г /Ёоёо Ганбаа/ гээд архичин нөхөр шууд над дээр ирснээ “май энэ утсыг авчих” гээд нэг утас гарт бариулсан. Тэгэхээр нь “хөөе чи юун утастай явж байгаа юм бэ, хулгайн утас юм биш үү” гэхэд “би сая энэ утсыг олсон юм, 20 000 төгрөгөөр авчих” гээд байхаар нь за за 10 000 төгрөгөөр л авъя гэхэд нэмээд 2000 төгрөг өгчих гэхээр нь би Гт 12 000 төгрөг өгөөд уг утсыг нь авсан. Тэгээд тэндээ Зүүнхараа явах хүн хайгаад зогсож байхад тэр хавиар явсан хүмүүс ёо ёо Ганбаа хүний утас хулгайлсан гэж байна гэж ярьж байгааг сонссон. Тэгээд уг утсыг Г олоогүй, хулгайлсан юм байна гэдгийг мэдээд би Төмөр зам дахь цагдаагийн газрын мөрдөгч Өсөхбаярт сая ёо ёо Г надад нэг хулгайн утас өгсөн гэж хэлсэн. Би Өсөхбаярыг таньдаг болохоор шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.

Би Ганбаад өсгөн 12 000 төгрөгөө нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэжээ. (хэргийн 15, 17 дугаар хуудас)

 

2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

2020 оны 9 дүгээр сарын 09-ний 15:15:28 цагт М.Г нь дохиолол холбооны 2 дугаар ангийн ажлын байрны гадна хаалганы чиглэлтэйгээс гартаа цамц мэт зүйл барьсан байдалтай гарч ирээд ертөнцийн зүгээр хойд чиглэлд орж ирсэн хашааны хаалга чиглэлд алхаж байгааг харуулав гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1 157 800 төгрөгөөр үнэлэв гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд:

Хар өнгийн дэлгэцтэй ар тал нь цэнхэр өнгөтэй “Самсунг А-50” загварын ЕМАЙ 356644103467242, 356645103467249 дугаартай гар утсыг хүлээлгэн өгөв гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

М.Г нь 1997 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 99 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан,

1997 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн шүүхийн 142 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих,

2002 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар баривчлах,

2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 23 дугаар шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 32 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч М.Г нь хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Улаанбаатар өртөөн дэх М.Цын ажлын өрөөнөөс түүний “Ай поне” гар утас, бүргэд хаалганы түлхүүр, ажлын өрөөний түлхүүр, Тоёота приус-20 маркийн автомашины түлхүүрийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч хохирогч М.Цад 1 157 800 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Ц, гэрч Ш.Шын мэдүүлэг, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Тээврийн прокурорын газраас М.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “Ай поне” загварын гар утсыг хохирогчид биет байдлаар нь буцаан өгч хохиролгүй болгосон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдлаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Гыг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар М.Гыг 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар М.Гт оногдуулсан 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Гын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Г бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН