Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

 

2021           01            29                                      92     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго,

хохирогч: Н.Э,

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бод холбогдох эрүүгийн 2005032790016 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, “Грийн импекс” ХХК-д машинист ажилтай, сард 900 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Б.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грийн” импекс ХХК-ийн байранд хохирогч Н.Эын нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, түүний биед хоншоор ясны түүшин сэртэнгийн хугарал, нэг шүдний хугарал, уруулд цус хуралт гэтэл бүхий, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч: Б.Б мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би тухайн байгууллагад техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажилладаг бөгөөд тухайн тоног төхөөрөмж дээр ажиллах ажилчдыг хариуцдаг ба банш савлах ажиллагааг миний зааврын дагуу савлагч нар хийдэг. Тэгээд би Эыг банш савла гэж хэлснээс бидний дунд маргаан үүссэн. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гарсан эмчилгээний зардлыг төлнө. Улсын яллагчид хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох ялыг сайн дураар хүлээн зөвшөөрч тохиролцсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Э мэдүүлэхдээ:

Ажлын байран дээр банш савлах ажлаас болж Б миний нүүр рүү гараараа цохисон. Миний 1 шүд хугарч, 2 шүд цөмөрсөн. Миний үүдэн 3 шүд мэдрэлгүй болсон. Одоо хоол идэх үед амт мэдрэхгүй байгаа. Хоол зулгааж идэж чадахгүй, хатуу зүйл даахгүй байна. Цөмөрсөн 2 шүдээ бэхэлгээ хийлгэж ломбодуулсан. Хугарсан шүдээ сэргээлгэсэн. Би шүдэндээ 1 сая гаран төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний төлбөрийг Б төлж барагдуулсан. Харин өөрөөсөө 170 000 төгрөг гаргаж, эмчилгээ хийлгэсэн. Боос хойшид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Ц мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 08 цагийн үед ажил дээрээ их цэвэрлэгээ хийж байсан. Тэгээд 15 цагийн үед банш савлах ажил гарч ирсэн ба чанар шалгагч Амаржаргал савлагч Лхаажавт чи энэ баншийг Бтой савла гэж хэлэхээр нь би энэ баншийг савлахгүй, би 2, 3 хоногийн өмнө банш савласан. Өөр хүнээр савлуулахгүй юу гэж хэлсэн. Тэгээд чанар шалгагч эгч Э дээр очоод чи Лын оронд банш савлачих гэж хэлэхэд би угааж байгаа машинаа дуусгаад банш савлая гэж хэлсэн. Тэгээд Э бид хоёр хамт юм яриад зогсож байхад чанар шалгагчийн өрөөнөөс Б орж ирээд хурдан машинаа угааж дуусгаад баншаа савлалдаа гээд Э руу скоч шидээд заамдаж аваад Эын нүүр рүү цохисон. Тэгээд Л ирж Э, Б хоёрыг салгасан. Э Быг цохисон зүйл байхгүй. Би хажуу талд нь хараад зогсож байсан гэжээ. (хэргийн 12-13 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Л мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 08 цагийн үед ажил дээрээ ирж их цэвэрлэгээ хийсэн юм. Өдөр 15 цагийн үед машинаа цэвэрлэж байхад Ц Лаа гэж дуудахаар нь эргэж харахад савлагч Эт машинист Б баншаа савла гэж хэлсэн. Тэр хоёрын ярианы өнгө нь муудалцах шинжтэй байхаар нь Э, Б хоёр руу очих гээд явж байхад Б, Э хоёр хоорондоо барьцалдаж авахаар нь дундуур нь ороход Эын уруулаас цус гарсан байсан ба Бын биед ил харагдах гэмтэлгүй байсан гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12677 тоот дүгнэлтэд:

1. Н.Эын биед хоншоор ясны түүшин сэртэнгийн хугарал, нэг шүдний хугарал, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.  Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

                 ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грийн импекс” ХХК-ийн байранд хохирогч Н.Эын нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, түүний биед хоншоор ясны түүшин сэртэнгийн хугарал, нэг шүдний хугарал, уруулд цус хуралт гэтэл бүхий, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Э, гэрч Ц.Ц, Л.Л нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12677 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Н.Э нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой 445 000 төгрөгийн нотлох баримт гаргасан боловч Б.Б хохирогчид 1 000 000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч нь Б.Боос хойшид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж байх тул энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Б нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

                                                                                         

1. Шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Бод даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Н.Э нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН