Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 14

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, хохирогч Ю.Манлай, шүүгдэгч А.*******, А.Цэнгэл, тэдний өмгөөлөгч Б.Баттулга, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч******* овогт*******ын *******,******* овогт*******ийн******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526031189 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 29 хоногийн  хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, бие эрүүл, ухаан бүрэн,******* овогт*******ын *******,  

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт урьд нь:

Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн,******* овогт*******ийн*******, 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.*******, А.Цэнгэл нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Арьс ширний 80 айлын 10-6 тоотод оршин суух Ю.Манлайгийн эзэмшлийн өвлийн сууцны хаалганы нугасыг салган нэвтэрч 32 инчийн Монел маркийн зурагт 1 ширхэг, DDISH суваг хүлээн авагч, Тошиба дижитал камер 1 ширхэг, казино тоглоос 1 ширхэг, том арьсан дээр сийлсэн хөрөг зураг 3 ширхэг, жижиг арьсан дээр сийлсэн зураг 10 ширхэг, энергийн бугуйвч 1 ширхэг, монетон зүүлт 1 ширхэг, эрэгтэй савхин хүрэм 2 ширхэг, эмэгтэй савхин хүрэм 2 ширхгийг хулгайлж 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Ю.Манлай: “...2015 оны 12 дугаар сарын 15-ны орчим гэртээ ирэлгүй хэд хоносон байсан, гэртээ ирэхэд гэр доторх эд зүйлсийг ундуй сундуй болгочихсон байсан, цагдаад өргөдөл өгч шалгуулсан боловч гэрээс хулгай хийсэн хулгайч нь олдоогүй. Тэгээд 2019 онд энэ хоёрыг хулгай хийж байхыг харсан хүн гарч ирсэн, манай тэнд байдаг эмэгтэй хүн л дээ, тэр хүн гэрчлээд мэдсэн. Хохирол төлбөр төлнө гээд үл хөдлөх хөрөнгө шилжүүлж өгнө гэж байсан, тэгээд л алга болчихсон, утсаар ч ярихгүй, өөрсдийнх нь утас холбогдох ******* нь нялх нойтон 5 хүүхэдтэй, залуу хүүхдүүд сар сардаа өгөөд явчих байлгүй, ууг нь миний шавь нар юм, би гитар хөгжим заадаг байсан, хохирлоо барагдуулаад авчихвал гомдол саналгүй. Хохирол төлбөр аваагүй, шилжүүлнэ гээд бариад л явж байсан, хохирлоо л авчихвал гомдолгүй, хүн амьдралдаа алдаж болно, дахиж битгий алд, аав, ээжийг нь мэднэ, хайран хүүхдүүд, хохирлоо барагдуул, хохирол шилжүүлсэн талаар би өнөөдөр л мэдэж байна...” гэв.

 

Шүүгдэгч А.*******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч А.Цэнгэл: “...Манлай ахыг урьд нь мэддэг, таньдаг байсан, амархан мөнгө олох зорилгоор бодлогогүй үйлдэл хийсэн, гэрийн гаднах хаалгыг нугасаар нь салгаад гэрт нэвтэрч орсон, авсан эд зүйлээ Хархорин зах дээр аваачиж зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан,******* ахын охиных нь данс руу манай өмгөөлөгч өмнөх шүүх хуралдааны үед 350,000 төгрөгийг шилжүүлсэн, энэ  талаар өмгөөлөгч Б.Уранчимэг надад хэлсэн боловч энэ талаарх баримт өгөөгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ю.Манлай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажил гараад Арьс ширний 80 айлд байх гэртээ очоод хувцсаа солих гээд хаалгаа түлхүүрээр онгойлгоод ороход гэрийн доторх эд зүйлс бүгд эмх замбараагүй болсон, гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс “Монел” ЛСД 32 инчийн зурагт, DDISH нэртэй цагаан өнгийн суваг гээн авагч 1 ширхэг, TOSHIBA нэртэй дижитал камер 1 ширхэг, казино гээд тоглоом, эрэгтэй, эмэгтэй богино савхин хүрэм болон би өөрөө уран зураач сийлбэр хийдэг хүн байгаа юм. Миний ажил хөдөлмөр болох 180 см уртай арьсан ширэн дээр Чингис хааны есөн өрлөг жанжин сийлсэн хөрөг алга болсон байна. Эдгээр эд зүйлсэд содон шинж тэмдэг байхгүй харин өөрийнхөө зурсан хөрөг зургийг бол хаанаас нь ч харсан танина. Би нийт алдагдсан эд зүйлсээ нийт 3,130,000 төгрөгөөр үнэлж байна. Би арьс ширний 80 айлын тэнд амьдардаг хэрэг төвөгт их холбогддог нэр бүхий хүмүүсийг сэжиглэж байна. ...Би эдгээр хүүхдүүдэд ах нь авто засварын шинэ байранд орсон, энэ 80 айлын байранд манай охин байна, заримдаа гэр эзэнгүй байна шүү, та нар харж хандаж байгаарай гэж хүртэл хэлж байсан..." /1-р хх-ийн 25-30/ гэсэн,

 

Гэрч Х.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би******* гэдэг хүнийг зүс танина. 2015 оны хэдэн сард байсныг санахгүй байна. Арьс ширний 80 айлын голд байх тоглоомын газарт*******ийн хамт сууж байхад******* ах гэртээ дуудаж оруулаад ганц юм ууя гэж яриад гараад дэлгүүр орсон. Би тухайн үед хүүхдүүдтэйгээ хамт явж байсан болохоор дэлгүүрт очоод тэндээсээ явлаа гэж хэлээд гэр рүүгээ харьсан. Дахиж гэрт нь орж байгаагүй...” /1-р хх-ийн 13-14/ гэсэн,

 

Гэрч Д.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би хүнээс арьсан сийлбэр зургийг 300,000 төгрөгөөр авч байсан. 20 орчим насны хоёр залуугаас авсан. Хоёр ширхэг зураг барьчихсан явж байсан...” /1-р хх-ийн 32-33/ гэсэн,

 

Гэрч Б.Пүрэвцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Арьс ширний 80 айлд сүүлийн 8 жил амьдарч байна. 10-08 тоотод оршин суух******* гэх хүн энд нүүж ирээд удаагүй. Зураг зурдаг гэдгээр нь энэ хавийн хүмүүс андахгүй мэднэ. Надад*******гийн гэрээс ямар эд зүйл алдагдсан талаар мэдэх зүйл байхгүй...” /1-р хх-ийн 34-35/ гэсэн,

 

Гэрч Ц.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Арьс ширний 80 айлд амьдраад 4 болж байна.******* гэх хүнийг Арьс ширний 80 айлд амьдардаг хүмүүс зураг зурдаг гэдгээр нь таньдаг юм билээ. Би ганц хоёр удаа харж байсан болохоос сайн танихгүй. Би******* гэх хүний гэрт хулгай орсныг энэ хавын оршин суугчдаас сонссон...” /1-р хх-ийн 36-37/ гэсэн,

 

Гэрч Б.Ганбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 01 дүгээр сарын эхээр Хар хорин худалдааны төв дээр өөрийн уран бүтээлүүдээ зарах гээд явж байтал нэг худалдагч эмэгтэй намайг дуудсан. Би яваад очтол дээр танай зураг энүүгээр 40,000 төгрөгөөр зарагдаж байсан, зургийг 300,000 төгрөгөөр авсан. Яагаад хүн хуурч зардаг юм гэхээр нь би “та буруу ойлгосон байна, тэр зураг бол надтай хамт зураг зурдаг******* гэх хүний гэрээс хулгайд алдагдсан зураг байгаа юм. Хулгайлж авсан хүн л тэгж зарсан байх, бид нар тэр зургийг 40,000 төгрөгөөр зарах ямар ч үндэслэл байхгүй, арьсан эдлэлтэй зураг өөрөө материал их ордог, хамгийн багадаа 300,000 төгрөгөөр зарагдана” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь найз******* дээр очоод “чиний хулгайд алдсан зураг Хар хорин дээр зах дээр 40,000 төгрөгөөр зарагдсан байна, харсан хүн байна гэж хэлээд Хархорин зах руу дагуулж очоод харсан гэх худалдагч эмэгтэйтэй уулзуулсан...” /1-р хх-ийн 38/ гэсэн,

 

Шүүгдэгч А.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 12 дугаар сарын 15-ны орой найз*******ийн хамт танил ахын гэр болох Арьс ширний 80 айлын 10-6 тоотын хаалганы нугасыг хөшиж салгаад дотогшоо орж эд зүйлс хулгайлж авсан. Би хулгайн гэмт хэрэг хийсэндээ маш их харамсаж байна...” /1-р хх-ийн 151/ гэсэн,

Шүүгдэгч А.Цэнгэл мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр найз *******ын хамт манай Арьс ширний 80 айлд оршин суудаг******* ахын гэрийн хаалганы нугасыг тайлж гэрт нь орж савхин дээр сийлсэн зураг, Монел загварын зурагт, савхин хүрэм болон өөр бусад эд зүйлсийг хулгайлан авсан...” /1-р хх-ийн 169/ гэсэн мэдүүлгүүд,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-10/,

- Өргөдөл /1-р хх-ийн 14/,

- Хяналтын камерт бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 23/,

- Хохирлын үнэлгээний тайлан /1-р хх-ийн 54, 88, 92, 214/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 05/30, 05/69, 05/119, 05/168, 05/568 №703 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 40, 45, 47, 61, 68/,

- Шүүгдэгч А.*******ын  хувийн байдалтай холбоотой гэрч Т.Хонгорзулын мэдүүлэг /1-р хх-ийн 145/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 95/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 96/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /1-р хх-ийн 103/, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 111-125/ зэрэг болно.

- Шүүгдэгч А.Цэнгэлийн  хувийн байдалтай холбоотой гэрч Н.Алтангэрэлийн мэдүүлэг /1-р хх-ийн 146/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 97/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 98/, төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 101/, нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 102/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /1-р хх-ийн 104/, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 126-137/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.*******, А.Цэнгэл нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                           

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч А.*******, А.Цэнгэл нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Арьс ширний 80 айлын 10-6 тоотод оршин суух Ю.Манлайгийн эзэмшлийн өвлийн сууцны хаалганы нугасыг салган нэвтэрч, 32 инчийн Монел загварын зурагт 1 ширхэг, дидиш суваг хүлээн авагч, тошиба дижитал камер 1 ширхэг, казино тоглоом 1 ширхэг, арьсан дээр сийлсэн том хөрөг зураг 3 ширхэг, жижиг зураг 10 ширхэг, энергийн бугуйвч 1 ширхэг, монетон зүүлт 1 ширхэг, эрэгтэй савхин хүрэм 2 ширхэг, эмэгтэй савхин хүрэм 2 ширхэг зэргийг хулгайлж 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ю.Манлайгийн “...Би 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажил гараад Арьс ширний 80 айлд байх гэртээ очоод хувцсаа солих гээд хаалгаа түлхүүрээр онгойлгоод гэрт ороход гэрийн доторх эд зүйлс бүгд эмх замбараагүй болсон, гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс зурагт, суваг хүлээн авагч, дижитал камер, казино тоглоом, эрэгтэй, эмэгтэй богино савхин хүрэм болон би өөрөө уран зураач сийлбэр хийдэг хүн байгаа юм. Миний ажил хөдөлмөр болох 180 см уртай арьсан ширэн дээр Чингис хааны есөн өрлөг жанжин сийлсэн хөрөг алга болсон байна. Эдгээр эд зүйлсэд содон шинж тэмдэг байхгүй харин өөрийнхөө зурсан хөрөг зургийг бол хаанаас нь ч харсан танина...” /1-р хх-ийн 25-30/ гэсэн, гэрч Д.Наранцэцэгийн “...Би хүнээс арьсан сийлбэр зургийг 300,000 төгрөгөөр авч байсан. 20 орчим насны хоёр залуугаас авсан. Хоёр ширхэг зураг барьчихсан явж байсан...” /1-р хх-ийн 32-33/, гэрч Б.Ганбатын “...Би 2016 оны 01 дүгээр сарын эхээр Хар хорин худалдааны төв дээр өөрийн уран бүтээлүүдээ зарах гээд явж байтал нэг худалдагч эмэгтэй намайг дуудсан. Би яваад очтол дээр танай зураг энүүгээр 40,000 төгрөгөөр зарагдаж байсан гэж хэлсэн, арьсан эдлэлтэй зураг өөрөө материал их ордог хамгийн багадаа 300,000 төгрөгөөр зарагдана гэж хэлсэн...” /1-р хх-ийн 38/ гэсэн, шүүгдэгч А.*******ын “...2015 оны 12 дугаар сарын 15-ны орой найз*******ийн хамт танил ахын гэр болох Арьс ширний 80 айлын 10-6 тоотын хаалганы нугасыг хөшиж салгаад дотогшоо орж эд зүйлс хулгайлж авсан. Би хулгайн гэмт хэрэг хийсэндээ маш их харамсаж байна..." /1-р хх-ийн 151/ гэсэн, шүүгдэгч А.Цэнгэлийн “...Би 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр найз *******ын хамт манай Арьс ширний 80 айлд оршин суудаг******* ахын гэрийн хаалганы нугасыг тайлж гэрт нь орж савхин дээр сийлсэн зураг, зурагт, савхин хүрэм болон өөр бусад эд зүйлсийг хулгайлан авсан...” /1-р хх-ийн 169/ гэсэн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-10/, хяналтын камерт бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 23/, хохирлын үнэлгээний тайлан /1-р хх-ийн 54, 88, 92, 214/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 05/30, 05/69, 05/119, 05/168, 05/568 №703 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 40, 45, 47, 61, 68/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “...энэ гэмт хэргийг байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд нэвтэрч ...үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хууль болон Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээг тогтоосон байдлаас дүгнэхэд шүүгдэгч А.*******, А.Цэнгэл нарт 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь тэдэнд ашигтай, тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.*******, А.Цэнгэл нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ю.Манлайгийн эд хөрөнгөд 3,800,000 төгрөгийн хохирол учирсан /1-р хх-ийн 54, 88, 92, 214/, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, хохирол гаргуулахаар шийдвэрлэсний дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 3,800,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан /шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт/, хохирогч Ю.Манлай гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч А.*******, А.Цэнгэл нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон ажил эрхлэлт, ар гэрийн нөхцөл зэргийг харгалзан үзэж шүүгдэгч А.*******ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 06 сарын хугацаагаар баривчлах ял, шүүгдэгч А.Цэнгэлд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 01 жил 05 сарын хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч А.******* нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хорих ялаас Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 29 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнссэн суллагдаж /1-р хх-ийн 123-124/, хяналтын хугацаа дуусаагүй байх үед буюу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дэх хэсэгт тус тус заасныг журамлан өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим буюу 06 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 01 жилийн хорих ялаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Цэнгэлийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдал, хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т заасныг тус тус журамлан уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, А.Цэнгэл нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 201526031189 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ю.Манлай гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:            

 

1. Шүүгдэгч******* овогт*******ын *******,******* овогт*******ийн******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцож орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн*******д эд хөрөнгө хураахгүйгээр 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Алтанзулын *******ад эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял дээр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил 01 /нэг сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 29 хоногийн хорих ялын зарим буюу 06 /зургаа/ сарын хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.*******ад оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ял, шүүгдэгч А.Цэнгэлд оногдуулсан 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, А.Цэнгэл нарын тус бүр цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн 201526031189 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ю.Манлай гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т заасныг тус тус журамлан шүүгдэгч*******ийн*******д оногдуулсан 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч А.Цэнгэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******ад авсан цагдан хорих, А.Цэнгэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР