| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/1123/Э |
| Дугаар | 1161 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 1161
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч С.Энхням, шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн С.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 02573 1469 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн С.Н, Монгол Улсын иргэн, Булган аймгийн Гурван булаг суманд *** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эх, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Н нь 2020 оны 8 дугаар сарын 9-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй караокены газарт хохирогч П.Э-ийн 2,300,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Б овгийн С.Н нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундаан хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй нийтийн караокед хохирогч П.Э-гийн 2,300,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч С.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Иргэн С.Б-аас цагдаагийн байгууллагад гаргасан: ”…манай нөхөр 2,300,000 төгрөгөө алдсан...” гэх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4 дүгээр хуудас);
3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хх-ийн 6-15 дугаар хуудас);
4. Хохирогч П.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...надад 2,300,000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас);
5. Гэрч Л.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Э бид 2 баарны гадаа үл таних 2 эмэгтэйтэй таарсан...Этэр шар үстэй эмэгтэйг таньж байсан, үсчин гэж хэлж байсан. Тэндээс гараад бид 4 такситай *** гэдэг газарт очсон... Э-гаас мөнгийг нь авах гэсэн чинь намайг түлхээд байсан. Тэгэхээр нь өөрөө мэдэж байгаа юм байх гэж бодоод орхисон. Намайг тамхи татаад буцаад орж ирж байх үед нөгөө 2 эмэгтэй гараад гудамжаар гүйж байсан...Би Э-д “тэр 2 эмэгтэй чинь гудамжаар гүйгээд явж байна, чи мөнгөө үз дээ” гэхэд Э бэлхүүсэндээ зүүсэн пааскаа үзэх үед мөнгө нь байхгүй, пааск нь онгорхой байж байсан... гэсэн мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар хуудас);
6. Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...*** гэдэг газарт ороод Нийслэл нэртэй 0,5 хэмжээтэй 8 ширхэг пиво авч уусан. Уг пивоны тооцоог Н хийж харагдсан. Караокед дуулж, авсан пивоо ууцгааж байхад нүдний шилтэй залуу нь дөрвүүлээ буудалд оръё гээд байсан. Тэр үед нь Н бид 2 дургүйцсэн. Н “би одоо явъя, 2 жоохон хүүхэдтэй, гэрт хүүхдүүд хоол ундгүй байгаа” гэж хэлэхэд савхитай залуу нь тэгвэл идэж уух юм аваад танайд очъё гээд байсан. 21 цагийн үед манай хуурай дүү Н намайг гаръя гэсэн. Тэгээд гарах үед Н нэг залуугаас нь миний цүнхийг аваад өгөөч гэсэн. Тэр залуу нь Н-ийн цүнхийг хүзүүндээ хийчихсэн байхаар нь би очиж цүнхийг нь авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46-47 дугаар хуудас);
7. Гэрч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Тэр хоёр хүний яриа надад сонсогдож байсан...Тэр үед шар үстэй, улаан куртиктэй эмэгтэй хоёулаа манайд очъё би чамаас хаашаа ч холдохгүй шүү дээ, май чи миний цүнхийг үүр гээд савхитай залуугийн хүзүүнд хар өнгөтэй жижиг цүнхээ үүрүүлсэн. Тэгээд “чи хурдан гүйж чадна биз дээ, одоо гараад хоёулаа зам дээрээс такси баръя, тэгэхгүй бол танай найз чинь байн байн орж ирээд тайван суулгахгүй байна” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 51-52 дугаар хуудас);
8. Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...манай нөхөр гарахдаа 2,300,000 төгрөгтэй гарсныг би харсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас);
9. Шүүгдэгч С.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 110 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 71 дүгээр хуудас),
10. Шүүгдэгч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Э-г тооцоо хийж байхад паасканд нь мөнгө байхыг харсан. Э мөнгөтэй пааскаа сандал дээр үлдээгээд А-ийг дагуулан караокеноос гараад явахаар нь би пааскнаас нь 2 боодол мөнгө аваад цүнхэндээ хийсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 99-100 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн талаар, хохирогч П.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 297 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хулгайлах гэмт хэргийн улмаас биет байдлаар 2,300,000 төгрөг алдагдсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 2,300,000 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч С.Н-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Н-ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч П.Э нь хохирлын мөнгөө бүрэн авсан, цаашид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Н-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТГ-т өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн С.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТГ-т өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоосугай.
4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Н-д сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдоогүй, тэрээр хохирлоо бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Н-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА