Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2017/00290

 

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2017/00290

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Төв аймаг, Борнуур сум, 4-р баг, Нарт, дуган хад гэх газарт оршин суух /ЖИ89091313/ регистрийн дугаартай Хотон овогт Олзтойгийн Болдын хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Болд, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Болд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г.Ариунзаяатай 2009 онд анх танилцаж байсан. 2011 онд охин А.Номин-Эрдэнэ төрсөн. 2017 оны 03 дугаар сарын 10-ний өдрийг хүртэл хамт амьдарч байсан. Гэрлэлээ бүртгүүлээгүй. Бид Дуган хад-ны амралтын газарт хамт ажиллаад 6 жил болсон. 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр бие эвгүйрхээд байна гээд 03 дугаар сарын 09-ний өдөр 3-р эмнэлэг дээр ирсэн. Тэгээд 03 дугаар сарын 10-ны өдөр харваад өөд болсон. Тиймээс охиноо өөрийн нэр дээр авахч, тэжээгчээ алдсны тэтгэмж тогтоолгох гэж байгаа учраас талийгаач Г.Ариунзаяатай хамтын амьдралтай байсныг миний хэрэгт цуглуулан өгсөн нотлох баримтанд үндэслэн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Хотон овогт Олзтойгийн Болд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу агсан Түвшингийн Ариунзаяатай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтыг ирүүлсэн байна. Үүнд:

-Улсын бүртгэлийн 2017 оны 03 сарын 14-ний өдрийн №0000183058 тоот Нас барсны бүртгэлийн гэрчилгээнд Монгол улсын иргэн РД:ЖИ89110307, Шарнууд овогт Түвшингийн Ариунзаяа нь 2017 оны 03 сарын 10-нд нас барсныг, 2017 оны 03 сарын 14-нд нас барсны бүртгэлийн 9 дугаарт нас барсныг бүртгэж гэрчилгээ олгов гэсэн баримт,

-Төв аймгийн Борнуур сумын нарт 4-р багийн Засаг дарга Г.Цэрэнлхамын 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 54 тоот албан бичигт: Тус багийн иргэн Олзтойн Болд, эхнэр Түвшингийн Ариунзаяа, охин Ариунзаяагийн Номин-Эрдэнийн хамт Дуган хадны хэсэгт оршин суудаг гэх тодорхойлолт,

-Түвшийнгийн Ариунзаяа 2089 оны 11 сарын 03-ны өдөр Дорнодын эмнэлэгт төрснийг бүртгэлд 1989 оны 11 сарын 21-ний өдөр бүртгүүлсэн төрөлтийн бүртгэлийн лавлагаа,

-Гэрч Б.Мэндбаяр: талийгаач Т.Ариунзаяа, О.Болд нар 2008 онд гэр бүл болж хамт амьдарсан. 2010 оны 01 сарын 25-нд охин Ариунзаяагийн Номин-Эрдэнэ төрсөн. Хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай болж шүүхэд хандсан. Талийгаач Т.Ариунзаяа нь манай бэр юм. О.Болд, Т.Ариунзаяа нар нь Дуган хад-ны амралтын газарт хамт байдаг байсан. Т.Ариунзаяа энэ оны 03 дугаар сарын 10-ны өдөр өвчний учир нас барсан гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд байна.

-Гэрч Б.Нямсүрэн: Би Т.Ариунзаяагийн ээжийнх нь төрсөн эгч, буюу нагац эгч нь байгаа юм. Ээжийг нь Батын Нямбаяр гэдэг одоо Хөвсгөлд байдаг, Аавыг нь н.Түвшин гэдэг, Т.Ариунзаяа нь эхээс 3-уулаа, 3 охин, Т.Ариунзаяа бол дунд охин нь юм. Том эгчийг нь Т.Анхаа гэдэг, 1987 оных, бага дүүг нь Т.Ану гэдэг, 96 оных, О.Болд одоо Дуган хад-нд ажил хийдэг, Т.Ариунзаяа нь сая өвчнөөр нас барсан, тэд нэг хүүхэдтэй. Би Т.Ариунзаяагийн нагац эгч болох хүний хувьд сайн мэднэ гэв.

Хүсэлт гаргагч О.Болд нь Түвшингийн Ариунзаяатай хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон нас барсны гэрчилгээ, охин А.Номин-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, Төв аймгийн Борнуур сумын нарт 4-р багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд О.Болдын хүсэлтийг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үнэлж, талийгаач Түвшингийн Ариунзаяатай хамтын амьдралтай байсныг болон охин А.Номин-Эрдэнийнэцэг нь О.Болд болохыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.14-т заасныг баримтлан ЖИ89091313 регистрийн дугаартай Хотон овогт Олзтойгийн Болд нь ЖИ89110307регистрийн дугаартай Шарнууд овогт Түвшингийн Ариунзаяатай 2008 оноос 2017 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг сэргээж, 2010 оны 01 сарын 25-ны өдөр төрсөн охин А.Номин-Эрдэнийн эцэг нь О.Болд болохыг тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Болдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.ОЮУНЦЭЦЭГ