Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга З.Баярцэцэг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр,

шүүгдэгч: Н.У,

шүүгдэгч: Ц.Ү,

шүүгдэгч: Д.О,

шүүгдэгч: М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У, Ү, О, А нарт холбогдох  эрүүгийн 2005020021574 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, Хэнтий аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Б

 

         Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт 

 

        Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт 

 

       Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт 

 

 Шүүгдэгч Д.О, М.А, Н.У, Ц.Ү нар бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ‘S’ пабад иргэн Р.М, С.Г нарын биед халдан зодож, эдгээр хоёр иргэний эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Д.О мэдүүлэхдээ:

Би тухайн үед 1 шил архи уусан байсан. Гэтэл зөөгч ирээд хохирогч нарыг тооцоогоо хийхгүй байна гэж хэлсэн. Тэгээд тооцоо хийхгүй байгаагаас болж тэдэнтэй маргасан. Согтууруулах ундаа хэрэглэснээс болж хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хохирлыг дундаасаа төлж барагдуулсан. Би өвчтэй, одоо группэд байдаг гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- М.А мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч нарын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Н.У мэдүүлэхдээ:

Тухайн үед учир зүйгээ олоод асуудлыг зохицуулах, эсхүл цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд асуудлаа шийдүүлэх боломж байсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн нь энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн. Үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байна. Бид хүн тус бүр 300 000 төгрөг гаргаж, нийт 1 200 000 төгрөгийг Мт өгсөн. Дахиж ийм алдаа гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Ц.Ү мэдүүлэхдээ:

Тухайн үед тооцоо хийхгүй байгаагаас болж хохирогчтой маргаан болсон. Паб 10 цагаас хаадаг, тооцоогоо хийхгүй байгаа бол цагдаа дуудаад өгчих гэж би хэлсэн. Гэтэл нөгөө хүүхэн намайг үсдээд хазаж, маажсан. Тэр үед Д.О дундуур орж ирж салгах гэсэн боловч салахгүй байхаар нь М.Арвижих ирж салгасан. Хохирлыг дундаасаа гаргаж өгсөн. Хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа, дахин ийм алдаа гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч- С.Г мэдүүлэхдээ:

М бид хоёр гарах гээд тамхины өрөөнд орж тамхи татаж байхад хажууд танихгүй залуу тамхи татаад яриа өдөөд байсан. Тэгэхэд тамхины өрөөнд тэр залуугийн найзууд бололтой хоёр эмэгтэй орж ирээд  үгийн зөрүүгүй бид хоёрыг алцайсан гичий, үхсэндээ алцганаад байгаа юм гээд шууд хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд тооцоогоо хийж дууссан юм бол хурдан зайлаач гээд байсан. Тэгээд тэр залуутай хардаж хэл амаар доромжлоод байсан. Бид хоёрыг гарах гэхэд нэг эмэгтэй нь Мыг үсдээд газар унагаасан. Тэгээд бид хоёр гарах гэхэд  нэг эмэгтэй нь Мыг үсдээд газар унагаасан. Тэгээд би болиоч гээд салгах гэхэд намайг нөгөө эмэгтэй нь үсдээд газар унагаасан. Тэгээд бид хоёрыг дээрээ нийлж өшиглөөд тал талаас зодсон. Би нэг хэсэг дуу гарахгүй болоход ямар шазруун эмэгтэй вэ гээд дээрээс нэмж зодоод байсан. Тэгэхэд нөгөө эмэгтэй нь хүн аллаа, одоо боль гээд миний дээр дарж хамгаалсан. Тэгээд тэд нар хаалгаа хаагаад дотогшоо орсон. Би хэсэг хэвтэж байгаад 102-т дуудлага өгсөн. Тэгээд бид хоёр уг пабын хаалгыг нүдээд онгойлгохгүй байхаар нь яваад өгсөн. Тухайн үед манай найз М бид хоёр пабад 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Нэлээд халсан, согтуу байсан. Болсон явдлыг бүгдийг нь санаж байгаа. Нөгөө эрэгтэй нь нэлээд согтуу, хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Нөгөө гурван эмэгтэй нь нэлээд согтолттой харагдсан. Эхлээд Мыг өндөр эмэгтэй нь үсдээд газар татаж унагаагаад хаа сайгүй өшиглөөд байсан. Тэгээд намайг очоод салгахад араас үсдэж татаж унагаагаад тал талаас нийлж зодсон. Яг хэн хэн яаж зодсоныг санахгүй байна. Тухайн үед би нүүрээ дараад хэвтэж байсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэжээ. (хэргийн 22-23, 25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч- Р.М мэдүүлэхдээ:

2020 оны 5 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед өөрийн найз Гын хамтаар ТБД Андуудын замын урд талд байдаг “Эс” пабад орсон. Тэндээ 1 шил 0.75 литрийн архи авч, хувааж уугаад, дараа нь 100, 100 грамм архи авч уугаад гарах болсон. Орой Г найз Энхбаярыг дуудаж, гэртээ хүргүүлэх гэж байсан. Тэгээд орой 21 цагийн үед Энхбаяр ирээд түрүүлж гараад гадаа хүлээж байя гэхээр  нь бид хоёр тамхины өрөөнд тамхи татаж байхад танихгүй нэг эмэгтэй, араас нь удалгүй өндөр залуу орж ирээд тэр эмэгтэй үгийн зөрүүгүй бид хоёрыг янхан гэж хэлээд над руу дайраад үсдээд доошоо дараад, өшиглөөд байсан. Тэгэхэд араас нь хоёр эмэгтэй орж ирээд тэд нар нийлээд бид хоёрыг үсдээд өшиглөж маажиж зодсон. Тэгээд манай найз Г түрүүлж үүд рүү гарахад би араас  нь гарсан. Гэтэл бид хоёрыг явуулахгүй, анх орж ирсэн эмэгтэй үсдээд, цохиод дайраад байсан. Хажуугаас нь бас нөгөө хоёр эмэгтэй нь нийлж зодсон. Тэгээд тэд нар паб руугаа ороод хаалгаа хаагаад дахиж онгойлгоогүй. Тэгээд манай найз 102-т дуудлага өгөөд ирэхгүй байхаар нь бид нар явсан. Тэгээд маргааш нь гэртээ сэрэхэд хамаг бие хөндүүрлэж өвдөж, зүүж явсан зүүн чихний ээмэг алга болсон, хүзүүнд байсан гинж тасарсан, би халаасандаа хийсэн байсан. Мөн цүнхэнд байсан гар утасны дэлгэц хагарсан байсан. Тэгээд цагдаагийн газар очиж өргөдөл гаргаж өгсөн. Тухайн үед манай найз Г бид хоёр пабад 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Нэлээд муудсан байсан. Өөрсдийгөө хянан чадвартай байсан. Юунаас болж маргаан гарах болсныг мэдэхгүй байна. Тамхины өрөөнд бид хоёрыг байхад орж ирээд шууд гичий, янхан гээд намайг эхлээд үсдээд дарсан. Тухайн үед намайг түрүүлж орж ирсэн эмэгтэй нь үсдэж доошоо дараад хажуу талаас нь сүүлд орж ирсэн эмэгтэйчүүд нь нийлж зодсон. Тухайн үед доошоо тонгойсон байсан болохоор хэн хэн нь яаж зодсоныг хараагүй. Гыг бас үсдээд дараад газар унагаан зодож байсан. Бид хоёр эсэргүүцэх нөхцөл огт байгаагүй. Тухайн үед манай найз Г бид хоёр, нөгөө гурван эмэгтэй, зөөгч эмэгтэй, баарны эзэн гэх залуу байсан. Тэд нар архи уусан, согтуу байсан. Миний биед учирсан уг гэмтлийг тэр гурван эмэгтэй нийлж зодож учруулсан. Мөн уг залууг бас нийлж зодсон байх гэж бодож байна. Би ээмгээ 1 жилийн өмнө 680 000 төгрөгөөр, Наран Малл дэлгүүрээс авч байсан. Гинжээ бас Наран Малл дэлгүүрээс хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй байна. Гар утсаа 2019 оны 8 сард 480 000 төгрөгөөр Монелоос авч байсан. Би алдсан өрөөсөн ээмэг, гинж, гар утасныхаа дэлгэцийг хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна.

  Зүүн сарвууны чигчий хуруу, зулайн хуйханд учирсан зөөлөн эдийн няцрал гэмтлийг Ү, хамар, оочинд зулгаралт гэмтлийг нөгөө жижиг, намхан эмэгтэй маажиж учруулсан. Нөгөө том махлаг эмэгтэй нь толгой руу үсдэж чирээд цохиод байсан. Зүүн шилбэний цус хуралтыг А өшиглөж учруулсан гэжээ. (хэргийн 16-17, 18-19 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ө.П мэдүүлэхдээ:

2020 оны 5 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед өөрийн ажил болох “S” пабад зөөгчөөр ажиллаж байхад манай захирал А хажуу ширээнд эхнэр У, хоёр найзын хамт сууж байсан. Тэгэхэд 14 дүгээр ширээнд сууж байсан 2 эгч гарах гээд тооцоогоо төлөх гээд текен дээр ирсэн. Тэгээд картын үлдэгдэл хүрэлцэхгүй хоорондоо юм яриад зогсож байсан. Тэгээд тэр 2 эгч тамхилна гээд тамхины өрөөнд орсон. Тэгэхэд текний хажуу ширээнд сууж байсан захирлын хоёр найз эмэгтэй нь тамхи татах гээд орсон. Тэгээд би тамхины өрөөнд ороход намайг тэр хоёр эгч биллээ аваад ир гээд би аваачиж өгсөн. Гэтэл тэр хоёр эгчтэй захиралтай хамт сууж байсан 2 эмэгтэй найз нь тамхины өрөөнд маргалдаад байсан ба удалгүй бөөнөөрөө зууралдаад гараад явцгаасан. Гадаа юу болсныг мэдэхгүй байна. Тамхины өрөөнд маргалдаж байгаад үүд рүү бөөнөөрөө зууралдаад гарцгаасан гэжээ. (хэргийн 26-27, 28 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6411 дугаартай дүгнэлтэд:

1. Р.Мын биед зүүн сарвууны чигчий хуруунд шарх, хамар оочид зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6412 дугаартай дүгнэлтэд:

1. С.Гын биед тархи доргилт, дух, баруун шанаа, баруун нүдний гадна хэсэг хамар зулгаралт, цээж, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 57 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

 

Ц.Ү эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 159 дүгээр хуудас)

Д.О эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 160 дугаар хуудас)

М.А эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 161 дүгээр хуудас)

Н.У эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 162 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

 Шүүгдэгч Д.О, М.А, Н.У, Ц.Ү нар бүлэглэж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‘S’ пабад хохирогч Р.М, С.Г нарын биед халдан зодож,

Р.Мын биед зүүн сарвууны чигчий хуруунд шарх, хамар оочид зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал,

С.Гын биед тархи доргилт, дух, баруун шанаа, баруун нүдний гадна хэсэг хамар зулгаралт, цээж, баруун шуунд цус хуралт бүхий тус бүр хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.М, С.Г нарын мэдүүлэг, гэрч Ө.Пгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6411, 6412 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.О, М.А, Н.У, Ц.Ү нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч нарыг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Р.М нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтаар 364 380 төгрөгийг,

Хохирогч С.Г нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нар хохирогч нарт нийт 1 200 000 төгрөгийг төлжээ.

 

Иймд Д.О, М.А, Н.У, Ц.Ү нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдлыг харгалзан ялыг оногдуулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Уг бусадтай бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ,

 

шүүгдэгч Үыг бусадтай бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан

 

шүүгдэгч О бусадтай бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан

 

шүүгдэгч А бусадтай бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Уг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч Ц.Үыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч Д.Оюун-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч М.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Д.О, М.А, Н.У, Ц.Ү нарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.О, М.А, Н.У, Ц.Ү нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.О, М.А, Н.У, Ц.Ү нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О, М.А, Н.У, Ц.Ү нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН