Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/16

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч
П.*******, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч******* овогт*******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010018500945 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар шийтгэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 283 дугаартай магадлаар 03 жил 05 сар хорих ял болгож өөрчилж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 19 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тэнсэнгийн хугацаа дууссан, бие эрүүл, ухаан бүрэн,******* овогт*******гийн *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.******* нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 12 дугаар гудамжинд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн Э.Дэлгэртуяаг эгчийг зодлоо гэж нүүр, бие рүү өшиглөж, биед нь уруулын зүүн дээд хэсэг, зүүн өвдөгний зулгаралт, зүүн цавины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

 

Шүүгдэгч П.*******: “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би ус авахаар гэрээсээ гараад явж байхад манай гэрийн гадаа нэг ах шээж байсан, тэгэхээр нь тэр ахад хандаж, та яагаад манай гэрийн гадаа шээгээд байгаа юм бэ, гэртээ орж шээ гэхэд миний араас чулуу шидсэн, тэгэхээр нь би зугтаасан, гэтэл тэр ах манай эгчийг гэрээс дуудаж гаргаж ирээд танай дүү чинь надад шаардлага тавилаа гэсэн, тэгээд тэр ах намайг цохиод байхаар нь би гэртээ орсон, тэр ахын хүүхэд нь******* манай эгч Насанбатыг зодоод байхаар нь би тэр хоёрыг салгасан, тэгээд******* эгч миний нүүр лүү цохиж маажих гээд байхаар нь би жийсэн, тэгсэн чинь танай гэрийг шатаана гэж******* хэлээд манай эгч Насанбатыг хэл амаар доромжлоод байхаар нь би цагдаа дуудсан. Настай хүнийг яаж байгаа юм бэ гэхээр нь үстсэн гэдэг нь худлаа, би хоёр удаа өшиглөсөн, маргааныг би эхлүүлсэн, настай хүн гээд байгаа нь хохирогчийн аав, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан цавины цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтлийг унахдаа авсан байх, намайг маажих гээд байхаар нь би зугтаасан. Хохиролд 96,000 төгрөг төлсөн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Э.Дэлгэртуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 22-нд гэртээ байхад аав Эрдэнэсүх гаднаас халамцуу орж ирээд хажуу айлын хүн алах гээд байна гэхээр нь юу болсныг тодруулахад шээс хүрээд байхаар нь хашааны буланд шээж байсан чинь усны хоосон саваар цохисон гэхээр нь би гарч уулзья гээд цуг гарсан. Тэгээд хажуу айлын хүүхэд байхаар нь яагаад настай хүнийг цохидог юм гэхэд чамд хамаагүй гээд бид хоёр маргалдаж, үсдэлцэж байгаад салсан. Тэр үед тэр залуу гарч ирэхээр нь би тэр залууд чи яахаараа настай хүнийг цохидог юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд хэрэлдээд намайг үсдээд газар чирээд нүүрэнд хоёр удаа, аарцагны орчим нэг удаа өшиглөсөн. ...Надад учруулсан гэмтлийг ******* гэх залуу нүүрэнд болон цавинд 4 удаа өшиглөж учруулсан ...”  /хх-ийн 20-21/ гэсэн,

 

Гэрч Ч.Эрдэнэсүх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад худгаас ус авчихаад буцаж байхдаа шээс хүрээд байхаар нь гудамжинд шээсэн. Тэгээд би танай хашаа руу шээгээгүй гэхэд яасан хэгжүүн өвгөн бэ гээд хоосон саваар нүүрэнд цохисон, цааш нь юу болсныг сайн санахгүй байна...” /хх-ийн 22/ гэсэн,  

 

Шинжээч Н.Энхцолмон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Цавины цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Цавины цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу 3-с дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Цавины цус хуралт гэмтэл нь өшиглөх үйлдлийн улмаас үүсэх боломжтой...” /хх-ийн 28/ гэсэн,  

 

Шүүгдэгч П.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эгч Насанбатын гэрт очоод ус авч өгөхөөр гараад явж байхад эгчийн хашааны гадаа 50 орчим насны ах шээгээд зогсож байхаар нь наана чинь шээж болохгүй гэхэд чамд ямар хамаатай юм гэхээр нь наадах чинь манай гэрийн гадаа байгаа биз дээ гэхэд би ах эгчийг чинь танина, хаана шээхээ би өөрөө мэдэж байна гэсэн. ...Гэртээ байж байсан чинь эхнэр Цацрал орж ирээд эгчийг чинь гадаа зодоод байна гэхээр нь би гарахад хүмүүс манай эгчийг дундаа зогсоогоод үсийг нь доош дарсан байхаар нь би салгах гэхэд салахгүй байхаар нь цавь руу нь хоёр удаа өшиглөсөн...” /хх-ийн 34-37/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №12262 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Э.Дэлгэртуяагийн биед уруулын зүүн дээд хэсэг, зүүн өвдөгний зулгаралт, зүүн цавины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 26-27/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,

- Шүүгдэгч П.*******ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-58/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 64-67/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, П.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч П.******* нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 12 дугаар гудамжинд иргэн Э.Дэлгэртуяаг “эгчийг зодлоо” гэж нүүр, бие рүү өшиглөж, биед нь уруулын зүүн дээд хэсэг, зүүн өвдөгний зулгаралт, зүүн цавины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Дэлгэртуяагийн “...2020 оны 10 дугаар сарын 22-нд ...тэр залуу гарч ирэхээр нь би тэр залууд чи яахаараа настай хүнийг цохидог юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд хэрэлдээд намайг үсдээд газар чирээд нүүрэнд хоёр удаа, аарцагны орчим нэг удаа өшиглөсөн. ...Надад учруулсан гэмтлийг ******* гэх залуу нүүрэнд болон цавинд 4 удаа өшиглөж учруулсан ...”  /хх-ийн 20-21/ гэсэн, гэрч Ч.Эрдэнэсүхийн “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад худгаас ус авчхаад буцаж байхдаа шээс хүрээд байхаар нь гудамжинд шээсэн. Тэгээд би танай хашаа руу шээгээгүй гэхэд яасан хэгжүүн өвгөн бэ гээд хоосон саваар нүүрэнд цохисон, цааш нь юу болсныг сайн санахгүй байна...” /хх-ийн 22/ гэсэн,  шинжээч Н.Энхцолмонгийн “...Цавины цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Цавины цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу 3-с дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Цавины цус хуралт гэмтэл нь өшиглөх үйлдлийн улмаас үүсэх боломжтой...” /хх-ийн 28/ гэсэн, шүүгдэгч П.*******ийн“...2020 оны 10 дугаар сарын 22-нд ...гэртээ байхад эхнэр Цацрал орж ирээд эгчийг чинь гадаа зодоод байна гэхээр нь би гарахад манай эгчийг хүмүүс дундаа зогсоогоод үсийг нь доош дарсан байхаар нь би салгах гэхэд салахгүй байхаар нь цавь руу нь хоёр удаа өшиглөсөн...” /хх-ийн 34-37/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №12262 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Э.Дэлгэртуяагийн биед уруулын зүүн дээд хэсэг, зүүн өвдөгний зулгаралт, зүүн цавины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 26-27/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч Э.Дэлгэртуяагийн биед учирсан “...уруулын зүүн дээд хэсэг, зүүн өвдөгний зулгаралт, зүүн цавьны цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч П.*******ийн түүнийг өшиглөснөөс үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.*******ийн хохирогч Э.Дэлгэртуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Дэлгэртуяагийн эрүүл мэндэд уруулын зүүн дээд хэсэг, зүүн өвдөгний зулгаралт, зүүн цавины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны  явцад хохирогчид эмчилгээний зардалд 96,000 төгрөг төлсөн, хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. Хохирогч Э.Дэлгэртуяа цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй гэсэн тул түүнийг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч П.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын заримыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч П.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.*******д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2010021991052 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт*******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******гийн *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч П.*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Шүүгдэгч П.******* торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 2010021991052 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Дэлгэртуяа гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

         

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР