Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2018/0221/З |
Дугаар | 273 |
Огноо | 2018-05-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 273
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.Оы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ТТХГ, ЧД-ын НДХт тус тус холбогдох
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/432 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож, тэтгэмж олгох шийдвэр гаргахыг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Б.Б, хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...З.О миний бие ТТХГт нягтлан бодогчоор ажиллаж байгаад байгууллагын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/432 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие иргэний байгууллагад 16 жил гаруй, цэргийн байгууллагад 12 жил, 4 сар, 12 хоног ажиллаж хөдөлмөрлөсөн бөгөөд тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн хэмээн үзэж 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цэргийн бүрэн тэтгэвэр буюу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан.
Тодруулбал Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 12, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 43-д зааснаар иргэний байгууллагад ажилласан 1 жилийг 6 сараар хорогдуулан цэргийн албан хаасан хугацаанд оруулан тооцоход иргэний байгууллагад ажилласан жил 8 жил гаруй, цэргийн байгууллагад ажилласан жилийг нэмж тооцвол нийт 20 жил 4 сар 12 хоног цэргийн алба хаасанд тооцогдох ёстой.
Гэтэл Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан Б/432 дугаар тушаалаар тэтгэвэр гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг надад 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгохоор, миний цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлснээр тогтоосон. Энэ нь цаашид цэргийн алба хаасны тэтгэвэр авагч миний авах тэтгэврийн хэмжээг багасгаж, нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг хуулиар тогтоосон хэмжээнд буюу 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр авах эрхийг зөрчиж байна гэжээ.
Хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Б.Б нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тэтгэвэр тогтоохыг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад даалгаж өгөхийг хүссэн нь ойлгомжгүй байна. Учир нь цэргийн алба хаасны тэтгэврийг тогтоох асуудал нь хуулиар нийгмийн даатгалын байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тул тус газар нь үүргийнхээ дагуу иргэн З.Оы зөвхөн тус байгууллагад ажилласан жил, цалин хөлсийг үнэн зөв тодорхойлж өгсөн болно.
Иргэн З.О нь тус байгууллагад 12 жил, 4 сар, 12 хоног ажилласан нь цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хувь тэнцүүлэн тогтоох тэтгэврийн эрхийг хүссэн байсан тул түүний тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгохоор Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/432 дугаар тушаал гарсан нь хууль зүйн хувьд зөв юм. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болох зохицуулалт нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасан болзлыг хангасан иргэний хувьд зөвхөн иргэний байгууллагад ажилласан хугацаагаа тэтгэврийн хувь хэмжээг тогтооход нэмж тооцуулах хууль зүйн боломжийг тухайн иргэнд олгож байгаа болно.
Тодруулбал дурдсан хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхэд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасан 2 үндсэн болзлын аль нэгийг тухайн иргэн цэргийн байгууллагад ажилласан хугацаагаараа хангасан байхыг шаардаж байх тул иргэн З.Оы нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
Тэтгэмжийн хэмжээний талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь зөвхөн тэтгэвэр тогтооход хэрэглэгдэх заалт бөгөөд харин нэг удаагийн тэтгэмжийн асуудал нь тус хуулийн 18, 19 дүгээр зүйлээр зохицуулагдаж байна.
Тус хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Цэргийн алба хаагч... цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 19 дүгээр зүйлийн 7 дах хэсэгт “энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дах хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно”, Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан “цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 4-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно.” гэж тус тус заасан тул дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрх үүссэн иргэн З.Од 18 сарын нэг удаагийн тэтгэмжийг хуулийн дагуу тооцон олгохоор шийдвэрлэсэн гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан Б/432 дугаар тушаалд нэхэмжлэгч нь цэргийн байгууллагад 12 жил, 4 сар, 12 хоног алба хаасан тул хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор тус хэлтэст шилжүүлжээ.
Иргэн З.Оы тэтгэврийг бодохдоо цэргийн байгууллагад ажилласан 12 жилийн хугацаан дээр нэмж Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасны дагуу иргэний байгууллагад ажилласан 16 жилийг цэргийн байгууллагад ажилласан 8 жилээр тооцож нийт 20 жил, 5 сар, 23 хоног болж байгаа нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дах заалтыг хангасан байх тул цэргийн бүрэн тэтгэвэр тогтоосон. Мөн 36 болон 18 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж нь тэтгэврийн хэмжээнд нөлөөлдөггүй тул одоо тогтоогдсон байгаа тэтгэврийн хэмжээ болох 1.272.640 төгрөгийн тэтгэвэр өөрчлөгдөхгүй ба нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ болон олгох эсэх асуудал нь манай нийгмийн даатгалын байгууллагын шийдвэрлэх асуудал биш юм. Иймд нэхэмжлэгчийн тэтгэврийг цэргийн бүрэн нөхцлөөр тогтоосон тул хувь тэнцүүлснээр тогтоосон гэх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй учир манайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн тусгай хамгаалалттай газрын даргын 2017 оны Б/432 дугаар тушаалын
- “1 дэх заалтын “...цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног...” гэх хэсгийг хүчингүй болгон “...иргэний байгууллагад 16 жил, цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ажилласан хугацааг нэгтгэн тооцвол цэргийн байгууллагад нийт 20 жил 4 сар 12 хоног... гэж”,
- 1 дэх заалтын “...цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор...” гэх хэсгийг хүчингүй болгон “...цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгохоор” гэж, хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахыг даалгах
- 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгон “З.Од 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгохыг зөвшөөрсүгэй” гэж өөрчлөлт оруулахыг даалгах” гэж тодорхойлсны хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
1. Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны Б/432 дугаар тушаалын “1 дэх заалтын “...цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног...” гэх хэсгийг хүчингүй болгон “...иргэний байгууллагад 16 жил, цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ажилласан хугацааг нэгтгэн тооцвол цэргийн байгууллагад нийт 20 жил 4 сар 12 хоног... гэж”, “...цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор...” гэх хэсгийг хүчингүй болгон “...цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгохоор” гэж, 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгон “З.Од 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгохыг зөвшөөрсүгэй” гэж өөрчлөхийг даалгах” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...иргэний байгууллагад ажилласан 16 жилийг цэргийн байгууллагад ажилласан жилтэй нэгтгэн тооцвол 20 жил 4 сар 12 хоног болж байгаа учраас мөн хугацаагаар цэргийн алба хаасанд тооцогдох ёстой...ийм учраас 36 сарын тэтгэмж авах эрхтэй...тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж үзэж бүрэн тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан байхад хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор шилжүүлсэн нь буруу...дараа нь нийгмийн даатгалын байгуулагад хяналт шалгалт хийгдэх үед ажлаас чөлөөлсөн тушаал дээр хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор шилжүүлсэн байхад бүрэн тэтгэвэр тогтоосон байна гэх асуудал үүсэх эрсдэлтэй...” гэж тус тус тайлбарлан маргасан нь дараахь байдлаар үндэслэлгүй байна.
Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны Б/432 дугаар тушаалын 1 дэх заалтаар нэхэмжлэгч З.Оыг ажлаас чөлөөлж цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор ЧД-ын НДХт шилжүүлжээ.
З.О нь иргэний байгууллагад 16 жил, цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ажилласан болон ажлаас чөлөөлсөн үйл баримттай талууд маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох болон тэтгэмж олгохтой холбоотой асуудалд шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болно.
Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана”, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй: цэргийн алба хаах нас хэтэрч” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь цэргийн байгууллагад нийт 12 жил 4 сар 12 хоног ажилласан тул хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлсэн Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын маргаан бүхий тушаалын 1 дэх заалтыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно” гэж заасан нь нэхэмжлэгчийн иргэний байгуулагад ажилласан жилийг зөвхөн тэтгэвэр тогтоох үед ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох тухай ойлголт бөгөөд энэ нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй” гэсэнд хамаарахгүй юм.
Өөрөөр хэлбэл Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд батлагдах үеийн хуулийн үзэл баримтлал, Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл зэргээс нэгтгэн дүгнэвэл “цэргийн алба хаах” болон “тэтгэвэр тогтоох үед ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох” ойлголтууд нь 2 тусдаа ойлголт байх бөгөөд ажилласан жилийг дүйцүүлэн тооцсоныг цэргийн алба хаасан гэж үзэхгүй, зөвхөн тэтгэвэр тогтоох үед энгийн даатгуулагч болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн зөрүүг арилгах, эрх тэгш байдлыг бий болгох зорилготой байсан гэж хууль тогтоогчийн үзэл санааг тайлбарлахаар байна.
Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Төрийн албан хаагчид тэтгэвэр, тэтгэмж олгох, тэтгэврийн сан байгуулах, зарцуулах журмыг хуулиар зохицуулна”, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тус тус зааснаас үзэхэд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн “цэргийн албанаас халагдах” тухай ойлголт нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан “Төрийн албан хаагчийг төрийн албанаас халах” тухай ойлголтоос зарчмын хувьд ялгаатай байх бөгөөд тэтгэвэрт гарах, биеийн эрүүл мэндийн улмаас ажлаас чөлөөлөгдөх, нас хэтрэх гэх мэт үндэслэлээр ажлаас чөлөөлөх нь цэргийн албанаас халагдах тухай ойлголтод хамаарч байна.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 2 дахь хэсэгт “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ажилласан тул түүнд 18 сарын нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын маргаан бүхий 2017 оны Б/432 дугаар тушаалын 2 дахь заалт нь хууль зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл дээр тайлбарласанчлан хариуцагч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн зүгээс нэхэмжлэгчид тэтгэвэр тогтоохдоо иргэний байгууллагад ажилласан хугацааг дүйцүүлэн цэргийн байгууллагад ажилласан хугацаатай нэгтгэн тооцсон нь цэргийн алба хаасан гэж үзэх үндэслэл биш, зөвхөн нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах хууль зүйн ойлголт байна.
Нэхэмжлэгч З.О нь 1967 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн ба маргаан бүхий тушаал гарах үед 50 нас хүрсэн, хариуцагч захиргааны байгууллагад 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн ажилласан бөгөөд Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно” гэж заасны дагуу хэдийгээр захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг 47 нас хүрмэгц сунгасан талаарх шийдвэр гаргаагүй хэдий ч үргэлжүүлэн ажиллуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэвэр тогтоолгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:1/ нийгмийн даатгалын дэвтэр, 2/ даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, 3/ даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт” гэж тус тус зааснаас үзэхэд тэтгэвэр тогтоох эрх нь нийгмийн даатгалын байгуулагад байх бөгөөд даатгуулагчийн өргөдлийг үндэслэн тэтгэвэр тогтоох хугацааг эхлэн тодорхойлсноор бичиг баримтыг нягтлан шалгадаг байна.
Энэ нь нийгмийн даатгалын байгууллага иргэний тэтгэврийг тогтоохдоо зөвхөн ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэл болголгүйгээр холбогдох бусад баримтын хамт тэтгэврийн хувийн хэрэг нээж хавсаргадаг тул нэхэмжлэгчийн “...дараа нь нийгмийн даатгалын байгуулагад хяналт шалгалт ороход ажлаас чөлөөлсөн тушаал дээр хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор шилжүүлсэн байхад бүрэн тэтгэвэр тогтоосон байна гэх асуудал үүсэх эрсдэлтэй...” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “цэргийн алба хаагчийн бүрэн тэтгэвэр тогтоолгох” гэх хууль зүйн нэр томъёо Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд байхгүй зөвхөн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох, цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоох гэх ойлголтууд байх бөгөөд энэ нь мөн хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид “цэргийн алба хаагч” гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасанчлан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн өндөр насны бүрэн тэтгэвэр гэх ойлголтоос ялгаатай тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг “бүрэн тэтгэвэр тогтоолгох” гэж тодорхойлсны дагуу тушаалд өөрчлөлт оруулахыг даалгах боломжгүй юм.
2. Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны Б/432 дугаар тушаалд хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахыг даалгах шаардлагын тухайд:
Маргаан бүхий 2017 оны Б/432 дугаар тушаалын 1 дэх заалтаар нэхэмжлэгч З.Оыг ажлаас чөлөөлж цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор хариуцагч ЧД-ын НДХт шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн цэргийн албанд ажилласан жилийг Төрийн тусгай хамгаалалтын газрын зүгээс тооцон дурдсан нь алдаагүй боловч нэхэмжлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хандсан өргөдлийг судлаагүйн улмаас өмнө нь иргэний байгууллагад ажилласан жилийг тооцож дурдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “...шийдвэр гүйцэтгүүлэх арга журмыг заана...” гэж заасны дагуу маргаан бүхий тушаалын 1 дэх заалтад “Нийгмийн даатгалын байгууллага нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу З.Оы иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтооход энэхүү заалт саад болохгүй болохыг дурдсугай” гэх хэсгийг нэмэх байдлаар уг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч З.Оаас Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга болон ЧД-ын НДХт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны Б/432 дугаар тушаалын “1 дэх заалтын “...цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног...” гэх хэсгийг хүчингүй болгон “...иргэний байгууллагад 16 жил, цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ажилласан хугацааг нэгтгэн тооцвол цэргийн байгууллагад нийт 20 жил 4 сар 12 хоног... гэж”, “...цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор...” гэх хэсгийг хүчингүй болгон “...цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгохоор” гэж, 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгон “З.Од 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгохыг зөвшөөрсүгэй” гэж өөрчлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож маргаан бүхий тушаалын 1 дэх заалтад хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахыг хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 6 дугаар зүйлийн 4, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 2 дахь хэсгийн 3, 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Оаас Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга болон ЧД-ын НДХт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны Б/432 дугаар тушаалын “1 дэх заалтын “...цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног...” гэх хэсгийг хүчингүй болгон “...иргэний байгууллагад 16 жил, цэргийн байгууллагад 12 жил 4 сар 12 хоног ажилласан хугацааг нэгтгэн тооцвол цэргийн байгууллагад нийт 20 жил 4 сар 12 хоног... гэж”, “...цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор...” гэх хэсгийг хүчингүй болгон “...цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоолгохоор” гэж, 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгон “З.Од 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж олгохыг зөвшөөрсүгэй” гэж өөрчлөхийг даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгож маргаан бүхий тушаалын 1 дэх заалтад хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахыг хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2017 оны Б/432 дугаар тушаалын 1 дэх заалтад “Нийгмийн даатгалын байгууллага нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу З.Оы иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтооход энэхүү заалт саад болохгүй болохыг дурдсугай” гэх өөрчлөлтийг маргаан бүхий тушаалын 1 дэх заалтад нэмэх байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА