Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0583

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н ,

Нэхэмжлэлийн шаардлага: “...А ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малталын хайгуулын XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтад авах замаар тусгай хэрэгцээнд авсан тул ХV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох, Ашигт малтмалын хайгуулын XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох шийдвэрүүд гаргахыг хариуцагчид даалгах...” тухай

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0434 дүгээр шийдвэр

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э , С.Д нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0820/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А  ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малмталын хайгуулын XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтад авах замаар тусгай хэрэгцээнд авсан тул ХV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох, Ашигт малтмалын хайгуулын XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох шийдвэрүүд гаргахыг хариуцагчид даалгах” талаар маргасан байна.

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0434 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн:

1 дэх заалтаар Ашигт малтмалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.1.13 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А ХХК-иас гарагсан А ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалтад авах замаар тусгай тусгай хэрэгцээнд авсан тул ХV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох, Ашигт малтмалын хайгуулын XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээс татгалзсан ашигт малтмал, газрын тоёсны газрын хариу хууль бус болохыг тогтоож, А ХХК-ийн дүйцүүлэн тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Монгол Улсын Засгийн газарт даалгах тухайнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н аас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0434 дугаар шийдвэрийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гардан авч, шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.12-т заасныг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.

3.2 Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0031 дугаартай шийдвэрээр “А ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” 68 дугаар тогтоол хүчингүй болгосон. Гэтэл Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээрх маргаан бүхий тогтоолоо хүчингүй болгоод тухайн асуудлаар дахиад шинээр тогтоол гаргасан.

3.3 Мөн Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” 68 дугаар тогтоолыг хүчингүй болгох талаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад явцад “А” ХХК нь тусгай зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байсан.

3.4 Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэд нь 2017 оноос хойш манай компанийн хайгуулын ажлыг эсэргүүцэж, тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил хийх боломжгүй болгож байсан. Улмаар Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” 68 дугаар тогтоол, Говь- Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар нутгийг орон нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” 14 дүгээр тогтоол гарч тусгай зөвшөөрлийн талбай тусгай хамгаалалтад авах шийдвэрт бүхэлдээ давхцаж, тусгай зөвшөөрлийн талбайд цаашид үргэлжлүүлж орон нутгаас байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах, хайгуулын ажил явуулах, зөвшөөрөл авах боломжгүй байдал үүссэн.

3.5 Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “Тусгай хэрэгцээний газар гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг хэлнэ" гэж заасны дагуу Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус компанийн тусгай зөвшөөрлийн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг ундэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэсэн хуулийн зохицуулалттай.

3.6 Орон нутгаас тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн мэдээллийн санд тусгай зөвшөөрлийн тусгай хэрэгцээнд авсан үлдэгдлийн мэдээлэл бүртгэгдсэнтэй холбоотой манай компанийн нөхөн олговрыг нэг жилийн дотор шийдвэрлэх ёстой байхад одоог хүртэл нөхөн олговрыг хэрхэн олгох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй.

3.7 Төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэж тухайн талбайг тусгай хэрэгцээнд авсан учраас тусгай зөвшөөрлийн талбайд үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон эрх зүйн харилцаа үүссэний улмаас тус компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон байсныг тогтоолгох зүй ёсны шаардлага байхад шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшин ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон...” нөхцөл байдал үүсээгүй байна гэж шүүх дүгнэсэн нь “А ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

3. Нэхэмжлэгч “А ” ХХК-иас хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтад авах замаар тусгай хэрэгцээнд авсан тул ХV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох, Ашигт малтмалын хайгуулын XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох шийдвэрүүд гаргах шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргажээ.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж, Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай тогтоолын 1-д энэ заалтын тусгай хэрэгцээнд авах гэдгийг Газрын тухай хуульд заасан нэгдмэл сангийн ангилаллын газрыг Улсын Их Хурал болон Засгийн газраас уг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд улсын тусгай хэрэгцээнд авч, тухайн газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглох үйл ажиллагааг ойлгоно.

5. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг Газрын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, хуульд заасан зориулалтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тохиолдлыг энэ заалтын тусгай хэрэгцээнд авах гэдэгт хамааруулан ойлгохгүй гэж тайлбарласан бөгөөд тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох зохицуулалтад хамаарахгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

6. Өөрөөр хэлбэл А ХХК-ийн XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон үйл баримттай талууд маргаагүй бөгөөд Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2019 оны 68 дугаартай тогтоолоо ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлээгүй, Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 0144 дугаартай захиргааны хэрэг үүсгэх захирамж-ийг Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн авч А ” ХХК-ийн XV-016656 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болох хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн байна. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0031 дугаартай шийдвэрээр Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан ...тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон... нөхцөл байдал үүсээгүй.

7. А ” ХХК нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тогтоол шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсны дараа холбогдох төрийн захиргааны байгууллагад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах хууль зүйн боломжтой байсан байна.

8. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0434 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0434 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ