Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01198

 

Д.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00517 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 922 дугаар магадлалтай

Д.Бийн нэхэмжлэлтэй

“Н” ОНӨААТҮГ-т холбогдох

Тэтгэвэрт гарахад олгох 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 7 346 796 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Б нь Н ОНӨААТҮГ-ын Автобус нэг баазад 2006 оны 08 дугаар сарын 08-нд 34 тоот тушаалаар ажилд орж, 2017 оны 09 дүгээр сарын 01-нд дугаар Б/742 тоот тушаалаар 11 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Нэхэмжлэгч нь тус байгууллагад бүх насаараа ажилласан боловч Автобус нэг баазын захиргаа, Үйлдвэрчний хороо нарын 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмж олгоогүй. Түүний 1 сарын дундаж цалин 612 233 төгрөг ба Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь заалтын дагуу 12 сарын тэтгэмж 7 346 796 төгрөгийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэл гаргасан. Одоо 3 762 500 төгрөгийг шилжүүлсэн тул шаардлагаас хасч олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нь тус газрын 1 дүгээр баазад 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 34 тушаалаар мөнгө хураагчаар ажиллаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/742 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Өндөр насны тэтгэвэрт суухад нь байгууллагаас 8 сарын дундаж хөлстэй тэнцэх 4 300 000 төгрөгийг өгөхөөр шийдэж, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3 762 500 төгрөгийг Голомт банкны данс руу нь шилжүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/898 тоот тушаалаар тэтгэмж 537 500 төгрөгийг олгохоор заасан ч олгоогүй тул төлнө.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоол, уг тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/778 тоот захирамжаар Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр НӨҮГ-уудыг татан буулгах захирамж гаргаж, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд нь татан буугдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 14 дүгээр зүйлийн 14.2,  Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт  тус тус заасны дагуу “хх” ОНӨААТҮГ-т 1 дүгээр бааз, 2 дугаар бааз, 3 дугаар бааз, Эв нэгдэл гэсэн 4 үйлдвэрчний эвлэл үйл ажиллагаа явуулдаг тул тус тусын хамтын гэрээг мөрдөн ажиллах боломжгүй.  Хамтын гэрээг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл дагаж мөрдөх байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Н болон өөрчлөн байгуулсан нь дээрх хуулийн заалттай нийцэж байна. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээ хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинээр байгуулах хэлэлцээ хийгдэж 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 албан тоотоор үйлдвэрчний эвлэлийн хорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажилласан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/677 тоот бичгээр үйлдвэрчний эвлэлийн хороонд хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл, санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн ч гэрээ байгуулахгүй, асуудлыг гацаанд оруулж байна. Ажил олгогч байгууллагаас 2016 оны 03 дугаар сарын 01-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хамтын гэрээ байгуулагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00517 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 128 дугаар зүйлийн 128.1.8, 42 дугаар зүйлийн 42.1, 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Хамтын гэрээний нэмэлт 8.5-д заасныг баримтлан хариуцагч “Н” ОНӨААТҮГ-аас 2 687 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Суман бошгот овогтой Дашдэндэвийн Бт олгож, үлдэх 896 796 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118 150 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 922 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Н ОНӨААТҮГ-т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх хамтын гэрээг хуульд нийцүүлж дүгнээгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримтлан Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Автобус нэг ОНӨҮГ-ын захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байх тул “Н” ОНӨААТҮГ-ын захиргаа, “Эв нэгдэл” ҮЭХ-ы хооронд байгуулсан гэрээний заалтыг мөрдөхгүй гэж үзлээ хэмээн тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд хуулийн зүйл заалтыг дэндүү явцуу хүрээнд харж байгаа нь тодорхой байна. Угтаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа хариуцагч байгууллага ажил олгогчийн хувьд ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэг бүхий “Н” ОНӨААТҮГ-ын ажилтны “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн засаг даргын газар бүртгүүлснээр уг гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа талаар тайлбарыг гаргасан. Уг хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь байгууллагад 11 жил тасралтгүй ажилласан бөгөөд 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрх үүссэн бөгөөд хамтын гэрээний үүргээ биелүүлж 4 300 000 төгрөг олгохоос 3 762 500 олгосон үлдэгдэл 537 500 олгоно гэсэн байтал шүүх анхаараагүйд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Автобус-нэг ОНӨҮГ-ын  захиргаа, ҮЭХ-ны хооронд 2013 онд байгуулсан Хамтын гэрээг үндэслэн, 11 жил тасралтгүй ажилласан, өндөр насны тэтгэвэрт гарахад 12 сарын цалинтай тэнцэх 7 346 796 төгрөгийн тэтгэмж олгох байтал олгоогүй. Хариуцагчаас 3 762 500 төгрөгийг шилжүүлсэн тул дутуу олгосон 3 584 296 төгрөгийг гаргуулна гэж  тайлбарлажээ.

Хариуцагчаас : “... Автобус нэг ОНӨҮГ нь 2014 онд татан буугдаж, “Н” ОНӨААТҮГ болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Хамтын гэрээ нь аж ахуйн нэгж татан буугдах хүртэл мөрдөгдөнө. Иймд 2013 онд байгуулагдсан Хамтын гэрээний заалт үйлчлэхгүй. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Н” ОНӨААТҮГ-ын захиргаа тус нэгтгэлийн Эв Нэгдэл ҮЭХ-той Хамтын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 11-15 жил ажилласан бол 8 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор тохиролцсон ба нэхэмжлэгчид 4 300 000 төгрөгийг олгохоос 3 762 500 төгрөгийг олгосон тул үлдэх 537 500 төгрөгийг олгоно. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж маргасан байна.

Автобус нэг ОНӨҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Хамтын гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд тус өөрчлөлтөөр гэрээний 8.5.-д  “...11-15 жил тасралтгүй ажилласан ажилтанд 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор”, гэрээний 1 дэх заалт буюу Ерөнхий зүйлд “Энэхүү хамтын гэрээ нь ...гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заажээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨҮГ, Автобус-3 ОНӨҮГ, Цахилгаан тээвэр НӨҮГ-уудыг татан буулгаж, Зоригч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулсан, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэг талаас “Н” ОНӨААТҮГ-ын захиргаа, нөгөө талаас “Н” ОНӨААТҮГ-ын ажилтны Эв Нэгдэл ҮЭХ хамтран 2017-2018 онд хэрэгжүүлэхээр Хамтын гэрээ байгуулжээ. Энэ гэрээ батлагдсанаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Автобус нэг ОНӨҮГ, ҮЭХ-ны хооронд 2013 онд байгуулсан Хамтын гэрээний хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа дуусгавар болохоор байна. 

Дээрх үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлгүйгээр 2013 онд байгуулсан Хамтын гэрээг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Харин нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, бүртгэгдсэн Хамтын гэрээг эс зөвшөөрч, улмаар гэрээний нэг тал болох “Н” ОНӨААТҮГ-ын ажилтны Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг, бүртгэлийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн  2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0280 дугаартай захирамжаар Захиргааны хэрэг үүсгэсэн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон өндөр насны тэтгэвэрт гарсан ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг тогтоосон Хамтын гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний нэг тал болох Эв нэгдэл ҮЭХ-ны эрх зүйн байдал тодорхойгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00517 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 922 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Н” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                        Х.ЭРДЭНЭСУВД