Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч М.*******, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч******* овогт*******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010018531056 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын тосны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,******* овогт*******гийн *******, 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.******* нь 2020 оны 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 89 дүгээр байрны 69 тоот дахь гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч М.Сэрчмаатай маргалдаж гараараа нүүр рүү цохих, мотоциклийн малгайгаар толгой руу нь цохих зэргээр биед нь халдаж, баруун дээд 7 дугаар шүдний эмтрэл, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулай, зүүн дал, цээж, зүүн мөр, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөг, баруун шилбэ, зүүн тавхайд цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг үргэлжилсэн үйлдлээр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч М.*******: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хохирогч*******тай эвлэрсэн, одоо хамт амьдарч байгаа, дахин ийм үйлдэл хийгээгүй, хийхгүй, бид дундаасаа нэг хүүхэдтэй, гэмтэл учруулсан нь 21-ний өдөр байсан, 20-ны өдөр*******тай маргалдаад миний толгой руу цохисон асуудал байсан, 21-ний өдөр би найзуудтайгаа архи уугаад гэртээ ороод*******г зодсон, энэ үеийн зарим зүйлийг санахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч М.Сэрчмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ...*******ийг гэртээ ногоо аваач гэхэд чи өөрөө аваач пизда минь гэхээр нь би хүүхдүүдээ харж байхад чи аваач гээд хэрүүл болсон. Тэгээд би хүүхдээ тэвэрч байгаад түүний толгой хэсэгт хүрэхэд чи эр хүний толгойд хүрдэг хэн бэ гээд уурлаад миний нүүр рүү зөндөө цохисон, би уурлаад хүзүүнд байсан гинжнээс нь татахад тасарчихсан. Тэгсэн бүүр уурлаад миний цээж, хавирга руу эрэгтэй хүн зодож байгаа юм шиг зодсон. ...Бахиар гинжээ янзлах гээд хойд өрөө рүү орохоор нь чи ингэж болохгүй ш дээ гэхэд миний хөл рүү 2-3 удаа цохисон. ...Гарах гэж байхад миний нуруу, зүүн хавирга руу цохиж, үснээс зулгаасан. ...Орой гарчхаад орж ирээд миний хүүхдээс мөөмөө харамлалаа гээд надад уурлаад мотоциклийн хамгаалалтын малгайгаар миний толгой руу олон удаа цохисон...”  /хх-ийн 21-24/ гэсэн,

 

Шинжээч Б.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...7-р шүдний эмтрэл гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба биед учирсан зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Бахиар хөл рүү цохиход гэмтэл үүснэ, мотоциклийн малгайгаар бие болон толгой руу цохиход үүсэх боломжтой, нүүр рүү цохиход шүдний эмтрэл үүсэх боломжтой...” /хх-ийн 34-35/ гэсэн,  

 

Шүүгдэгч М.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ногоо авчих гэж хэлсэнээс болоод бид хоёрын хооронд маргаан үүссэн. Манай эхнэр******* сүүлийн үед маргаан гарахаар орилж чарлаад миний толгой руу цохиод мөн маажиж гэрийн эд хогшил эвдэлдэг болсон. Тэр үед би толгойгоо хамгаалаад одоо больчих гэж хэлээд тэврээд авсан, тэгээд зөрүүлээд цохисон. ...2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би гэдэс рүү нь нэг удаа жийхэд эхнэр******* хойшоо унасан, мөн миний гинжийг тасалсан. Би бахиар янзлах гээд сууж байхад намайг гуталтай хөлөөрөө шилбэ рүү өшиглөөд байхаар нь би хөлнийх нь өөдөөс бахиа бариад суусан. ...Сэрчмаагийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 27-28, 40-41, 69/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны №10887 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Сэрчмаагийн биед баруун дээд 7 дугаар шүдний эмтрэл, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулай, зүүн дал, цээж, зүүн мөр, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөг, баруун шилбэ, зүүн тавхайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 30-33/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 14/,

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 16-17/,

- Хохирогчийн биед учирсан гэмтлийн гэрэл зургууд /хх-ийн 43-48/,

- Шүүгдэгч М.*******ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 54/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.******* нь 2020 оны 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 89 дүгээр байрны 69 тоот дахь гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч М.Сэрчмаатай маргалдаж гараараа нүүр рүү цохих, мотоциклийн малгайгаар толгой руу нь цохих зэргээр биед нь халдаж баруун дээд 7 дугаар шүдний эмтрэл, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулай, зүүн дал, цээж, зүүн мөр, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөг, баруун шилбэ, зүүн тавхайд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь хохирогч М.Сэрчмаагийн “...2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ...*******ийг гэртээ ногоо аваач гэхэд чи өөрөө аваач пизда минь гэхээр нь би хүүхдээ харж байхад чи аваач гээд хэрүүл болсон. Тэгээд би хүүхдээ тэвэрч байгаад толгой хэсэгт нь хүрэхэд чи эр хүний толгойд хүрдэг хэн бэ гээд уурлаад миний нүүр рүү зөндөө цохисон, би уурлаад хүзүүнд байсан гинжнээс нь татахад тасарчихсан. Тэгсэн бүүр уурлаад миний цээж, хавирга руу эрэгтэй хүн зодож байгаа юм шиг зодсон. ...Бахиар гинжээ янзлах гээд хойд өрөө рүү орохоор нь чи ингэж болохгүй ш дээ гэхэд миний хөл рүү 2-3 удаа цохисон. ...Гарах гэж байхад миний нуруу, зүүн хавирга руу цохиж, үснээс зулгаасан. ...Орой гарчхаад орж ирээд миний хүүхдээс мөөмөө харамлалаа гээд надад уурлаад мотоциклийн хамгаалалтын малгайгаар миний толгой руу олон удаа цохисон...”  /хх-ийн 21-24/ гэсэн, шинжээч Б.Даваасүрэнгийн “...7-р шүдний эмтрэл гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба биед учирсан зулгаралт цус хуралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Бахиар хөл рүү цохиход гэмтэл үүснэ, мотоциклийн малгайгаар бие болон толгой руу цохиход үүсэх боломжтой, нүүр рүү цохиход шүдний эмтрэл үүсэх боломжтой...” /хх-ийн 34-35/ гэсэн,  шүүгдэгч М.*******ийн “...2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ногоо авчих гэж хэлснээс болоод бид хоёрын хооронд маргаан үүссэн. Манай эхнэр******* сүүлийн үед маргаан гарахаар орилж чарлаад миний толгой руу цохиод мөн маажиж гэрийн эд хогшил эвдэлдэг болсон. Тэр үед би толгойгоо хамгаалаад одоо больчих гэж хэлээд тэврээд авсан тэгээд зөрүүлээд цохисон. ...2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би  гэдэс рүү нь нэг удаа жийхэд эхнэр******* хойшоо унасан, мөн миний гинжийг тасалсан. Би бахиар янзлах гээд сууж байхад намайг гуталтай хөлөөрөө шилбэ рүү өшиглөөд байхаар нь би хөлийнх нь өөдөөс бахиа бариад суусан. ...Сэрчмаагийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 27-28, 40-41, 69/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны  №10887 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт М.Сэрчмаагийн биед баруун дээд 7 дугаар шүдний эмтрэл, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулай, зүүн дал, цээж, зүүн мөр, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөг, баруун шилбэ, зүүн тавхайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 30-33/ гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 16-17/, хохирогчийн биед учирсан гэмтлийн гэрэл зургууд /хх-ийн 43-48/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч М.Сэрчмаагийн биед учирсан “...баруун дээд 7 дугаар шүдний эмтрэл, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулай, зүүн дал, цээж, зүүн мөр, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөг, баруун шилбэ, зүүн тавхайнд цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.*******ийн түүнийг өшиглөх, цохих зэргээр зодсоноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.*******ийн хохирогч М.Сэрчмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь хамтран амьдардаг гэр бүлийн харилцаатай болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд тэдгээрийн хэн аль нь энэ талаар маргахгүй тул М.*******ийг хамтран амьдрагч М.Сэрчмаагийн биед үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Сэрчмаагийн эрүүл мэндэд баруун дээд 7 дугаар шүдний эмтрэл, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулай, зүүн дал, цээж, зүүн мөр, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөг, баруун шилбэ, зүүн тавхайнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч М.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дуагар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Шүүгдэгч М.******* торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 2010018531056 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.Сэрчмаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт*******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******гийн *******ийг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.*******т оногдуулсан 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Шүүгдэгч М.******* торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 2010018531056 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.Сэрчмаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

         

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР