Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 97

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 24-7 тоотод оршин суух Будан овогт Нодиогийн Гүвээчээгийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Гүвээчээ шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Би 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд сүү тосны технологичоор, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Дөлгөөн компанид технологичоор тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаад ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Гүвээчээ Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Н.Гүвээчээ нь 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд сүү тосны заводын технологичоор, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн компанид технологичоор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 60 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдлийн даргын 1985 оны 05 дугаар сарын 21-ний өдийн 7 тоот тушаал, 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 тоот тодорхойлолт, гэрч Д.Отгонсүрэн, З.Гончигдорж, Д.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Гүвээчээ өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарБудан овогт Нодиогийн Гүвээчээг 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд сүү тосны заводын технологичоор, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дөлгөөн компанид технологичоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА