Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 98

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр багт оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, Бужгир овгийн Цэдэнсодномын Баасансүрэнгийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонсүрэн, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Баасансүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Баасансүрэнг 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Баасансүрэн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Ц.Баасансүрэн нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ч түүний 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 81 тоот лавлагаа, 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгосон 0320 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн протоколын хавсралт, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаар тогтоолын хавсралт, гэрч С.Даваадагва, Д.Пэрлий нарын мэдүүлэгзэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарБужгир овгийн Цэдэнсодномын Баасансүрэнг 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА