| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2021/0028/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2021-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч П.Ариунболд, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт*******ын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010000001038 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт*******ын*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Ариунболд 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт клубийн автомашины зогсоол дээр хохирогч Б.Бат-Очиртой маргалдан улмаар нүүрэнд нь гараараа цохиж биед нь зовхи, хацарт цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч П.Ариунболд: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.Бат-Очир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр миний төрсөн өдөр болж би найз Дөлгөөн,*******,*******, Болд-Очир нарын хамт Минт бааранд ууж байгаад Саруул хороолол орж хүн хүргэж өгчхөөд иртэл тухайн баар хаасан байсан. Тухайн үед манай найзууд Минт баарны гадаа зогсоол дээр зогсож байхаар тэдэн дээр очих гээд хэсэг залуусын дундуур нь гарахад “янхны хүүхэд минь, аятайхан гарчих” гэж хараахаар нь би юу гэнээ гээд байж байхад манай найзууд ирж зодоон эхэлсэн. ...Тэр дундаас нэг өндөр залуу гарч ирээд миний нүүрэнд нэг удаа цохиж газар унагаасан...” /хх-ийн 23-25, 28-29/ гэсэн,
Гэрч М.Дөлгөөнтамир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 06-ны шөнө ...Бат-Очир сүүлд ирсэн. Гадаа хүн орилоод байхаар нь бид нар машинаас буугаад очиход******* гурван залуутай муудалцаж байсан, тэдэн дундаас мөрөн дээрээ шивээстэй шар залуу хувцсаа тайлаад зодолдох уу гээд дайраад байсан. ...Өндөр саравчтай малгайтай залуу манай*******ын нүүр рүү нь цохиж унагаасан...” /хх-ийн 42-44, 172-173/ гэсэн,
Гэрч Т.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 06-ны шөнө 04 цагийн үед ...Минт баарны гадаа*******ын эзэмшлийн 92-52 ДАА гэсэн дугаартай машинд сууж байхад ...******* баарнаас гараад наашаа чиглээд ирж байснаа, хүмүүс орилох чимээ гарахаар нь бид дөрөв машинаас буугаад харахад*******той гурван хүн муудалцаад байж байсан. ...Хувцастайгаа зогсож байсан өндөр залуу нь*******ыг солгой гараараа эрүү хэсэг рүү нь нэг удаа цохиж унагаасан...” /хх-ийн 47-48, 170-171/ гэсэн,
Гэрч Б.Энхдөлгөөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 06-ны үүрээр ...Минт баарны камерын өрөөнд ажлаа хийж байхад станцаар гадаа зодоон болж байна гэж хэлсний дагуу гарахад******* үл таних гурван залуутай зодолдож байсан. ...Тэр үед******* үл таних туранхай цагаан футболктой залууг алгадсан, алгадуулсан залуугийн найз*******ыг хоёр цохисон...” /хх-ийн 53-54/ гэсэн,
Гэрч Э.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өглөө 04 цагийн үед ...Бат-Очир баарнаас гарч ирээд бид нар руу чиглээд явж байсан, удалгүй орилох чимээ гарсан. ...Шивээстэй махлаг биетэй залуу*******ын нүүрэнд нь нэг удаа цохиход хойшоо савж унасан...” /хх-ийн 174-175/ гэсэн,
Шүүгдэгч П.Ариунболд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дуагар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 04 цагийн орчим найз нарын хамтаар ...Минт барнаас гараад эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй тааралдаад маргалдаж эхэлсэн. ...Бат-Очирын нүүрэнд нь нэг удаа цохисон...” /хх-ийн 36-37, 38-39, 71-72/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн өдрийн №17023 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Бат-Очирын биед зовхи, хацарт цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духан сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 57-58/ гэсэн дүгнэлт,
- Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /хх-ийн 1-2/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 14/,
- Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-18/,
- Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20/,
- Шүүгдэгч П.Ариунболдын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 75/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 77/, дансны хуулга /хх-ийн 83-110/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, П.Ариунболдод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч П.Ариунболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт клубийн автомашины зогсоол дээр хохирогч Б.Бат-Очиртой маргалдан улмаар нүүрэнд нь гараараа цохиж биед нь зовхи, хацарт цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Бат-Очирын “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр найз Дөлгөөн,*******,*******, Болд-Очир нарын хамт Минт бааранд ууж байгаад Саруул хороолол орж хүн хүргэж өгчхөөд иртэл тухайн баар хаасан байсан. Тухайн үед манай найзууд баарны гадаа зогсоол дээр зогсож байхаар тэд нар руу очих гээд хэсэг залуусын дундуур гарахад “янхны хүүхэд минь, аятайхан гарчих” гэж хараахаар нь би юу гэнээ гээд байж байхад манай найзууд ирж зодоон эхэлсэн. ...Тэр дундаас нэг өндөр залуу гарч ирээд миний нүүрэнд нэг удаа цохиж газар унагаасан...” /хх-ийн 23-25, 28-29/ гэсэн, гэрч М.Дөлгөөнтамирын “...2019 оны 6 дугаар сарын 06-ны шөнө ...Бат-Очир сүүлд ирсэн. Гадаа хүн орилоод байхаар нь бид нар машинаас буугаад очиход******* гурван залуутай муудалцаж байсан, тэдэн дундаас мөрөн дээрээ шивээстэй шар залуу хувцсаа тайлаад зодолдох уу гээд дайраад байсан. ...Өндөр саравчтай малгайтай залуу*******ын нүүр рүү нь цохиж унагаасан...” /хх-ийн 42-44, 172-173/ гэсэн, гэрч Т.Дөлгөөний “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өглөө 04 цагийн үед ...Минт баарны гадаа*******ын эзэмшлийн 92-52 ДАА гэсэн дугаартай машинд сууж байхад ...******* баарнаас гараад наашаа чиглээд ирж байснаа, хүмүүс орилох чимээ гарахаар нь бид дөрөв машинаас буугаад харахад*******той гурван хүн муудалцаад байж байсан. ...Хувцастайгаа зогсож байсан өндөр залуу нь*******ыг солгой гараараа эрүү хэсэг рүү нь нэг удаа цохиж унагаасан...” /хх-ийн 47-48, 170-171/ гэсэн, гэрч Б.Энхдөлгөөний “...2019 оны 6 дугаар сарын 06-ны үүрээр ...Минт баарны камерын өрөөнд ажлаа хийж байхад станцаар гадаа зодоон болж байна гэж хэлсний дагуу гарахад******* үл таних гурван залуутай зодолдож байсан. ...Тэр үед******* үл таних туранхай цагаан футболктой залууг алгадсан, алгадуулсан залуугийн найз*******ыг хоёр цохисон...” /хх-ийн 53-54/ гэсэн, гэрч Э.Шинэбаярын “...Бат-Очир баарнаас гарч бид нар руу чиглээд явж байсан, удалгүй орилох чимээ гарсан. ...Шивээстэй махлаг биетэй залуу*******ын нүүрэнд нь нэг удаа цохиход хойшоо савж унасан...” /хх-ийн 174-175/ гэсэн, шүүгдэгч П.Ариунболдын “...2019 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 04 цагийн орчим найз нарын хамтаар ...Минт баарнаас гараад эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй тааралдаад маргалдаж эхэлсэн. ...Бат-Очирын нүүрэнд нь нэг удаа цохисон...” /хх-ийн 36-37, 38-39, 71-72/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №17023 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Б.Бат-Очирын биед зовхи, хацарт цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духан сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 57-58/ гэсэн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 14/, бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-18/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Бат-Очирын биед учирсан “...зовхи, хацарт цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духан сорви...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч П.Ариунболдын түүний нүүр рүү цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.Ариунболдын хохирогч Б.Бат-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Ариунболын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бат-Очирын эрүүл мэндэд зовхи, хацарт цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духан сорви бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч П.Ариунболд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч П.Ариунболдын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Ариунболд торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2010000001038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт*******ын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ын*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч П.Ариунболдод оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүгдэгч П.Ариунболд торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2010000001038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Ариунболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ариунболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР