Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 49

 

               

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч З.Ж-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч шүүгдэгч Х овогт З-н Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010023311066 дугаартай хэргийг шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүгч С.Сэржмядагаас хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт З-н Ж,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч З.Ж- нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ривер соун хотхоны 26а байрны 101 тоотод үйл ажиллагаа явуулдаг Б ХХК-ийн вакум хаалга, дэлл маркийн дэлгэц хагалсан, мөн тус компанийн эзэмшлийн 00-00 УНР улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд гупер, жижиг гурвалжин цонх зэргийг хагалж, санаатай гэмтээн 974,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч З.Ж-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэр бүлийн маргаанаас болж компанийн эд зүйлийг сүйтгэсэндээ харамсаж байна, тухайн үед их бухимдалтай, бачимдсан байсан. Дахин ийм зүйл хийхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, торгуулийн ялыг хамгийн багаар оногдуулж өгнө үү, оногдуулсан торгуулийн ялыг нэг сарын хугацаанд төлөх боломжтой...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч А.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай ажил Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер Стоун хотхоны 26А байрны 101 тоотод байрладаг. Тус өдөр би ажил дээрээ байгаагүй, гэтэл 12 цагийн үед ажил дээрээ ирсэн. Манай нягтлан Ариунтуяа над руу залгаад Төрмөнхийн эхнэр гэх эмэгтэй ажил дээр ирээд байгууллагын эд хөрөнгө эвдээд байна гэж хэлсэн. Ингээд ажил дээр ирэхэд оффисын вакум хаалганы шил хагалсан, компьютерын дэлгэц хагалсан, бичиг цаас тарааж шидсэн байсан. Мөн байгууллагын 00-00 УНР улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жижиг цонхийг хагалж, урд талын гуперыг мөргөж хонхойлгосон байсан. Тэгээд цагдаад хандсан юм. Байгууллагад нийтдээ 999,900 төгрөгийн хохирол учирсан, буруутай этгээдээс нэхэмжилж байна...” /хх-ийн 13-14/ гэсэн,

 

Гэрч Э.Давааням мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай байгууллагын эзэмшлийн 00-00 УНР улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын жижиг шил хагалж, урд гуперыг мөргөж хонхойлгосон. Мөн байгууллагын гадна талын шилийг хагалсан, тэгээд компанийн үүдний ширээн дээр байсан делл маркийн компьютерын шилийг хагалж, танхайрсан. Танхайрсан эмэгтэй нь нөхөр Төрмөнхийг манай байгууллагын эмэгтэй ажилчидтай хардаад танай байгууллага янханы газар гэж доромжлоод байдаг. Манай байгууллагын эмэгтэй ажилчид тус эмэгтэй дээр зүй бус үгээр доромжлуулсан асуудал дээр тус тусдаа өргөдөл гомдол гаргаж өгнө...” /хх-ийн 15-17/ гэсэн,

 

Гэрч Х.Төрмөнх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өглөө Ривер Стоун хотхоны 26А байрны 101 тоот ажил дээрээ 9 цагт ирсэн. 10 цаг гээд ажилдаа гарсан. Офиссоос гарахад эхнэр З.Ж- машинтайгаа ажлын гадаа ирсэн байсан. Эхнэр ажил дээр ирээд хэрүүл маргаан хийсэн, би хэрэлдмээргүй байсан тул ажлын талбай руу явсан. Залгаад байхаар нь гар утсаа унтраасан. Ажлаа дуусаад орой 17 цаг өнгөрч байхад утсаа асаасан. Захирал М-тэй утсаар ярихад эхнэр чинь ажил дээр ирээд ажлын вакум хаалганы шил хагалсан, компьютерын дэлгэц эвдэлсэн, ажлын 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилийг хагалсан, гуперыг хонхойлгосон асуудал үүсгэсэн гэж хэлсэн. Тэгээд захирлаас уучлалт гуйгаад утсаа тасалсан. Маргааш нь ажил дээр ирэхэд цагдаад өргөдөл өгсөн гэж хэлсэн...” /хх-ийн 21-24/ гэсэн,

 

Шүүгдэгч З.Нямдулам мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Төрмөнх гэртээ ирэхгүй 2019 оны 4 дүгээр сараас хойш гэртээ ирээгүй. Гэртэй ирэхгүй атлаа 2 хүүхдийн хичээл авчирч тавьсан байсан. Ингээд гэртээ ирэхгүй ажил дээрээ хонож байна, ажил ихтэй байна гээд гэрт ирэх нь ховор болсон. Ингээд салчхаад гэрт янз бүрийн юм авчирч тавиад байхаар нь болиулах зорилгоор залгахад утсаа авахгүй байсан, ингээд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажил дээр буюу Хан-Уул дүүргийн Ривер Стоун хотхоны 1 давхарт нөхрийн ажлын офисс дээр очсон. Тэгээд нөхөртэйгөө ажлынх нь гадаа таарсан. Ингээд ямар зорилгоор гэр лүү юм зөөгөөд байгаа юм бэ гэх асуусан. Тэгээд би чамтай уулзахаар ирлээ гэж хэлэхэд намайг үл ойшоогоод надаас зугтаасан. Ингээд надаас тэр чигтээ зугтаасан. Араас нь утсаар залгаад надтай уулзахгүй бол ажлын үүднээс чинь явахгүй шүү, ажлын чинь машиныг эвдэлнэ гэж хэлсэн. Тэгсэн хүнийг 5 жил тоогоогүй басаад, энэ юу хийж чаддаг юм бэ гэсэн байдалтай байхаар нь ажлынх нь гадаа байсан 00-00 УНР улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн машиныг өөрийн 62-61 УБЕ улсын дугаартай приус 20 маркийн машинаар урд гупер рүү нь 2-3 удаа мөргөсөн. Гэтэл урд талын гупер нь хонхойсон. Тэгээд бас хойд талын жижиг шилийг гараараа цохиод хагарахгүй болохоор нь жижиг модоор цохиж хагалсан. Ажлынх нь хүмүүс ээлжилж гарч ирээд харж байсан. Дараа нь ажил руу нь ороод Төрмөнхийг дуудаж өг гэж хэлэхээ орсон. Би нөхөр Төрмөнхийг ажилд орсноос ажлынхаа Мягмарсүрэнтэй уулздагийг мэдээд, ажлынх нь хүмүүст хандаж Мягмарсүрэнг дуудчих, ярих зүйл байна гэхэд Мягмарсүрэн хүрээд ирсэн, тэгэхээр нь би Мягмарсүрэнг гарч уулзая гэхэд надтай уулзахгүй, балай, галзуу авгай гэж хэлээд яваад өгөхөөр нь би тэр хүүхний ширээн дээр байсан эд хогшлыг гараараа нураасан. Тэгээд гараад явсан. Гараад уурандаа машинаар машиныг мөргөсөн. Машиныг мөргөөд эргээд ажил руу ороход хаалгаа түгжээд онгойлгохгүй байсан, тэгэхээр нь вакум хаалганы доод талын шилийг хөлөөрөө өшиглөөд хагалсан, тэгээд цагдаа дуудлаа гэхээр нь дууд гэж хэлсэн. Хохирлын мөнгийг төлж барагдуулсан...” /хх-ийн 18-20/ гэсэн мэдүүлгүүд, 

 

- Өргөдөл /хх-ийн 2, 3-5/,

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25-26/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30, 35-36/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 33/,

- Хохирогч байгууллагын хохирол төлсөн тухай бичиж өгсөн албан бичиг /хх-ийн 73/

- Шүүгдэгч З.Ж-ын гараар бичиж өгсөн тайлбар /хх-ийн 45-46/, түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 53/, бусад баримтууд /хх-ийн 58-63/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж З.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч З.Ж- нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ривер соун хотхоны 26а байрны 101 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн вакум хаалга, дэлл маркийн дэлгэц хагалсан, мөн тус компанийн эзэмшлийн 00-00 УНР улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд гупер, жижиг гурвалжин цонх зэргийг хагалж, санаатай гэмтээн 974,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.М-ийн “...Манай ажил Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ривер Стоун хотхоны 26А байрны 101 тоотод байрладаг. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би ажил дээрээ 12 цагийн үед ажил дээрээ ирсэн. Манай нягтлан Ариунтуяа над руу залгаад Төрмөнхийн эхнэр гэх эмэгтэй ажил дээр ирээд байгууллагын эд хөрөнгө эвдээд байна гэж хэлсэн. Ингээд ажил дээр ирэхэд оффисын вакум хаалганы шил хагалсан, компьютерын дэлгэц хагалсан, бичиг цаас тарааж шидсэн байсан. Мөн байгууллагын 00-00 УНР улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жижиг цонхийг хагалж, урд талын гуперыг мөргөж хонхойлгосон байсан...” /хх-ийн 13-14/ гэсэн, гэрч Э.Даваанямын “...Манай байгууллагын эзэмшлийн 00-00 УНР улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын жижиг шил хагалж, урд гуперыг мөргөж хонхойлгосон. Мөн байгууллагын гадна талын шилийг хагалсан, тэгээд компанийн үүдний ширээн дээр байсан делл маркийн компьютерын шилийг хагалж, танхайрсан...” /хх-ийн 15-17/ гэсэн, гэрч Х.Төрмөнхийн “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өглөө Ривер Стоун хотхоны 26А байрны 101 тоот ажил дээрээ 9 цагт ирсэн, 10 цагийн үед ажилдаа гарсан. Офиссоос гарахад эхнэр З.Ж- машинтайгаа ажлын гадаа ирсэн байсан. Эхнэр ажил дээр ирээд хэрүүл маргаан хийсэн, би хэрэлдмээргүй байсан тул ажлын талбай руу явсан. Залгаад байхаар нь гар утсаа унтраасан. Ажлаа дуусаад орой 17 цаг өнгөрч байхад утсаа асаагаад захирал М-тэй утсаар ярихад эхнэр чинь ажил дээр ирээд ажлын вакум хаалганы шил хагалсан, компьютерын дэлгэц эвдэлсэн, ажлын 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилийг хагалсан, гуперыг хонхойлгосон асуудал үүсгэсэн гэж хэлсэн. Тэгээд захирлаас уучлалт гуйгаад утсаа тасалсан...” /хх-ийн 21-24/ гэсэн, шүүгдэгч З.Нямдуламын “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нөхрийн ажил дээр очсон. Тэгээд нөхөртэйгөө ажлынх нь гадаа таарсан. Ингээд ямар зорилгоор гэр лүү юм зөөгөөд байгаа юм бэ гэх асуусан. Тэгээд би чамтай уулзахаар ирлээ гэж хэлэхэд намайг үл ойшоогоод надаас зугтаасан. Араас нь утсаар залгаад надтай уулзахгүй бол ажлын үүднээс чинь явахгүй шүү, ажлын чинь машиныг эвдэлнэ гэж хэлсэн. Ажлынх нь гадаа байсан 00-00 УНР улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн машиныг өөрийн 62-61 УБЕ улсын дугаартай приус 20 маркийн машинаар урд гупер рүү нь 2-3 удаа мөргөсөн. Гэтэл урд талын гупер нь хонхойсон. Тэгээд бас хойд талын жижиг шилийг гараараа цохиод хагарахгүй болохоор нь жижиг модоор цохиж хагалсан. Дараа нь ажил руу нь ороод Төрмөнхийг дуудаж өг гэж хэлэхээ орсон. Би нөхөр Төрмөнхийг ажилд орсноос ажлынхаа Мягмарсүрэнтэй уулздагийг мэдээд, ажлынх нь хүмүүст хандаж Мягмарсүрэнг дуудчих, ярих зүйл байна гэхэд Мягмарсүрэн хүрээд ирсэн, тэгэхээр нь би Мягмарсүрэнг гарч уулзая гэхэд надтай уулзахгүй, балай, галзуу авгай гэж хэлээд яваад өгөхөөр нь би тэр хүүхний ширээн дээр байсан эд хогшлыг гараараа нураасан. Тэгээд гараад явсан. Гараад машинаар машиныг мөргөсөн, машиныг мөргөөд эргээд ажил руу ороход хаалгаа түгжээд онгойлгохгүй байсан, тэгэхээр нь вакум хаалганы доод талын шилийг хөлөөрөө өшиглөөд хагалсан. Хохирлын мөнгийг төлж барагдуулсан...” /хх-ийн 18-20/ гэсэн мэдүүлгүүд, өргөдөл /хх-ийн 2, 3-5/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25-26/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30, 35-36/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 33/, хохирогч байгууллагын хохирол төлсөн тухай бичиж өгсөн албан бичиг /хх-ийн 73/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч З.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч “Б” ХХК-ийн эд хөрөнгөд 974,000 /хх-ийн 30, 35-36/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан, хохирогч “Б” ХХК гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 73/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч З.Ж- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэргийг харгалзан шүүгдэгч З.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.Ж- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 2010023311066 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар  хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч З.Ж- нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч “Б” ХХК гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт З-н Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт З-н Ж-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч З.Ж-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010023311066 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар  хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч З.Ж- нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч “Б” ХХК гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР