| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2021/0058/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2021-01-25 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Б.Б-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч шүүгдэгч Т овот Б-ы Б-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010000001125 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Т овогт Б-ы Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 95 дугаар байрны 41 тоотод оршин суух гэртээ компьютер ашиглан Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох QR тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 00-00 УАВ улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, эхнэр маань 3 дугаар эмнэлэгт хагалгаанд орсон, эмнэлэг дээр эргэж очих бичгээ эмнэлгээс авахаа мартсан байсан, эхнэр зөвшөөрөлгүй машинаар явж чадахгүй гээд айгаад байхаар нь тухайн өдөр тусгай зөвшөөрлийн бичгийг хэвлээд гэрээсээ гараад гэрлэн дохион дээр цагдаад баригдсан, хуурамчаар бичиг баримт үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээдэг гэдгийг судлаагүй, тухайн үед эхнэр маань эмнэлэгт үзүүлэхээр явж байгаагаа цагдаад хэлээд явсан бол ингэж шүүх хурал болохгүй байх боломжтой байсан, доод айлын хэвлэх төхөөрөмжийг гуйж байгаад өнгөтөөр хэвлэсэн. Торгуулийн ялыг 2-3 сарын хугацаанд хувааж төлөх боломжтой...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Гэрч Б.Баттулга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3 дахь заалт, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоол, тус тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/1251 дугаартай захирамжийн хүрээнд томилгооны дагуу замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож үүрэг гүйцэтгэсэн. 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 227 дугаар пост буюу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн сургуулийн хойд төв замын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн зөвшөөрөл болох QR тусгай зөвшөөрлийг шалгаж ажиллахад 08:00 цагийн үед 00-00 УАВ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн ...тусгай зөвшөөрлийн QR кодыг албаны хэрэгцээнд ашигладаг Самсунг Х про маркийн шалгах төхөөрөмжөөр уншуулж шалгахад тус тусгай зөвшөөрөл нь 26-27 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бүртгэлтэй байсан бөгөөд 00-00 УАВ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Б- нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэн тээврийн хэрэгсэлдээ ашиглан явж байсныг илрүүлж, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар илтгэх хуудас бичиж өгсөн...” /хх-ийн 12-13/ гэсэн,
Гэрч П.Цогмандах мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 26-27 УБК улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд QR кодтой Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг ажлын шугамаар Голомт банкны албан хэрэгцээнд ашиглахаар авсан. Би Голомт банкны бизнес төвд ажилладаг, банкны захиргаанд хүсэлтээ явуулж зөвшөөрлөө гаргуулан авсан байгаа. ...Би уг зөвшөөрлийг бусдад өгсөн зүйл байхгүй...” /хх-ийн 14-15/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Манай эхнэр Б.Эрдэнэсолонго 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хамрын хагалгаанд орсон. Тэгээд 7 хоног Гуравдугаар эмнэлэгт хэвтээд 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эмнэлгээс гарсан. Ингээд маргааш нь буюу Голомт банкны ойролцоо дэлгүүрийн гадаа зогсож байсан автомашины QR кодтой Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг гар утсаараа дарж аваад Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 95-41 тоот гэртээ ирээд тус QR кодтой тусгай зөвшөөрлийг суурин компьютер дээрээ засаж Улсын дугаарыг нь өөрийн эзэмшлийн Тоёота Приус 41 маркийн автомашиныхаа 00-00 УАВ улсын дугаараар сольж хэвлэж гарган ашигласан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өглөө гэрээсээ гараад хуурамчаар үйлдсэн QR кодтой Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн автомашин дээрээ ашиглаж явж байгаад Хан-Уул дүүргийн Механик инженерийн их сургуулийн хойд уулзвар дээр замын хөдөлгөөнд оролцож байхад цагдаа QR кодыг шалгаж үзээд хуурамч гэдгийг нь мэдээд хэлтэс дээр авч ирсэн...” /хх-ийн 23-25/ гэсэн мэдүүлгүүд,
- Илтгэх хуудас /хх-ийн 4/,
- Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /хх-ийн 5/,
- Б.Б-ын жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 6/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 7/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 8/,
- Монгол Улсын засгийн газрын 178 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 26-28/,
- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын захирамжин хуулбарууд /29-30/
- Smartcar тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний санд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-37/,
- Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газрын албан бичиг /хх-ийн 79/
- Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 48/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 50/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 52/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.Б-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 95 дугаар байрын 41 тоот өөрийн гэртээ компьютер, хэвлэх төхөөрөмж ашиглан Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 00-00 УАВ улсын дугаартай Тоёото Приус 41 загварын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Б.Баттулгын “...Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3 дахь заалт, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоол, тус тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/1251 дугаартай захирамжийн хүрээнд томилгооны дагуу замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож үүрэг гүйцэтгэсэн. 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 227 дугаар пост буюу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн сургуулийн хойд төв замын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн зөвшөөрөл болох QR тусгай зөвшөөрлийг шалгаж ажиллахад 08:00 цагийн үед 00-00 УАВ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн ...тусгай зөвшөөрлийн QR кодыг ...шалгах төхөөрөмжөөр уншуулж шалгахад уг тусгай зөвшөөрөл нь 26-27 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бүртгэлтэй байсан бөгөөд 00-00 УАВ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Б- нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэн тээврийн хэрэгсэлдээ ашиглан явж байсныг илрүүлж, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар илтгэх хуудас бичиж өгсөн...” /хх-ийн 12-13/ гэсэн, гэрч П.Цогмандахын “...Би 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 26-27 УБК улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд QR кодтой Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг ажлын шугамаар Голомт банкны албан хэрэгцээнд ашиглахаар авсан. ...Би уг зөвшөөрлийг бусдад өгсөн зүйл байхгүй...” /хх-ийн 14-15/ гэсэн, шүүгдэгч Б.Б-ын “...Голомт банкны ойролцоо дэлгүүрийн гадаа зогсож байсан автомашины QR кодтой Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг гар утсаараа дарж аваад Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 95 дугаар байрын 41 тоот гэртээ ирээд тус QR кодтой тусгай зөвшөөрлийг суурин компьютер дээрээ засаж улсын дугаарыг нь өөрийн эзэмшлийн Тоёота Приус-41 маркийн автомашиныхаа 00-00 УАВ улсын дугаараар сольж хэвлэж гарган ашигласан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өглөө гэрээсээ гараад хуурамчаар үйлдсэн QR кодтой Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн автомашин дээрээ ашиглаж явж байгаад Хан-Уул дүүргийн Механик инженерийн их сургуулийн хойд уулзвар дээр замын хөдөлгөөнд оролцож байхад цагдаа QR кодыг шалгаж үзээд хуурамч гэдгийг нь мэдээд хэлтэс дээр авч ирсэн...” /хх-ийн 23-25/ гэсэн мэдүүлгүүд, Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл /хх-ийн 5/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 7/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 8/, Монгол Улсын засгийн газрын 178 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 26-28/, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын захирамжийн хуулбарууд /29-30/, Smartcar тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний санд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-37/, Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газрын албан бичиг /хх-ийн 79/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2010000001125 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл гэсэн хэвлэмэл цаас /хх-ийн 5/-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б- Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б-ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүгдэгч Б.Б- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. 2010000001125 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл гэсэн хэвлэмэл цаас /хх-ийн 5/-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР