Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, хохирогч Б.Б-, түүний өмгөөлөгч А.Энхбуйр, шүүгдэгч Б.И-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С овогт Б И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000000835 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, С овогт Бы И,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.И- нь 2020 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Романа Ресиденс хотхоны гадна хохирогч Б.Б-тай таксины үйлчилгээний төлбөрөөс болж маргалдан улмаар түүний толгойд гараараа цохиж, биед нь халдан эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Б.Б-: “...2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хөл бөмбөг тоглоод найзуудтайгаа пиво уусан, тэгээд буудлын үүднээс гэртээ харих гээд такси барьсан, гэртээ хүргүүлсэн, тэгээд тооцоо хийх гэсэн 20,000 төгрөг нэхсэн, би 5,000 төгрөг өгнө гэхэд юу юугүй намайг бариад зодсон, машин дотор найз охиноороо намайг бариулж байгаад нийлж зодсон. Миний гадуур хувцсыг ураад түрийвчтэй ноцолдсон, тэгээд машин дотор ч, машины гадаа ч зодсон, машин дотор намайг хайр найргүй зодсон, яагаад тэр эмэгтэй байхгүй байгааг гайхаж байна. Зүүн нүд бүрэлздэг болсон, толгой тархи өвддөг болсон, хуулийн дагуу гомдлыг барагдуулж өгнө үү. ...10 гаруй хоног эмнэлэгт хэвтсэн, харанхуй шөнө гараад ир гэсэн, би харанхуй шөнө гарч чадахгүй гэж хэлсэн...” гэв.

 

          Шүүгдэгч Б.И-: “...Харих гээд найз охины хамт явж байхдаа замдаа Б- хохирогчийг аваад гэрт  нь хүргэж өгсөн, харилцан зодоон үүсгэсэн, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр такси үйлчилгээнд явж байхдаа Б-ыг авсан, төмөр замаас хохирогчийн гэр хүртэл 4,7 км гарсан, 5,000 төгрөг гардаг, 20,000 төгрөг нэхээгүй, 5,000 төгрөг нэхсэн. Хохирогч согтуу, нилээн их хэмжээгээр архи хэрэглэсэн байсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Төмөр замын Ангара зочид буудлын урдаас такси барих гээд зогсож байтал цайвар өнгийн Тоёота Приус маркийн машин ирсэн. Тэгээд суухад хоёр хүүхэд байсан, гэр лүүгээ буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Романа Ресинденс хотхон руу хүргүүлэхэд төлбөр 20.000 төгрөг нэхэхээр нь ийм ойрхон газар юу гэж 20,000 төгрөг гардаг юм, 5,000 төгрөг л гардаг гэж хэлээд 8,000 төгрөг өгсөн. Тэгээд буух гэхэд намайг буулгахгүй, жолооч нь намайг цохиод түрийвч байсан халаасыг урж түрийвчийг аваад намайг зодсон. Тэгээд миний гар утсыг авах гэхээр нь би барьсаар байгаад авч үлдсэн, намайг буулгачхаад зугтаах гэхээр нь би дугуй руу нь өшиглөхөд буцаж гарч  ирээд дахин зодсон...”  /хх-ийн 14-16/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Б.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр би найз залуугийн хамт Төмөр зам орчим явж байхад нэг ах гараа өргөсөн. Тэгээд манай найз залуу зогсож тухайн хүнийг суулгаад “хаа хүрэх вэ” гэж асуухад Романа Ресиденс гэж хэлсэн. ...Тухайн газрыг олоод хүргэж өгтөл нөгөө ах шууд мөнгөө өгөхгүй буучихсан. Тэгээд машинаас бууж гадаа зогсож, халаасаа ухаж байгаад 5.000 төгрөг өгсөн. Манай найз залуу гарч мөнгөө авчхаад машиндаа суух гэж байтал нөгөө ах араас нь цохисон. Тэр үед манай найз залуу яаж байна гээд цааш түлхэж зууралдсан. ...Манай найз залуу уг ахыг яг хэд цохисныг сайн мэдэхгүй байна, тэр хоёр зууралдаад салахгүй байгаад байсан, би салгах гэхэд намайг түлхээд байсан...” /хх-ийн 22-23/ гэсэн,

 

Гэрч Г.Ганбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Камерын бичлэг шүүж байхад уг бичлэг дээр нөгөө ах хүү нэг машины араас гүйж байгаа харагдсан.  ...Нөгөө машин наад талын гарцны тэнд зогсоод нэг  залуу бууж ирээд уг ахыг цохиж хоорондоо зодолдсон, камерын бичлэг дээр тэр хоёр зодолдож байгаа л харагдсан. Уг хүүхэд тэр ахыг дээрэмдэж эд зүйлийг нь авч байгаа харагдаагүй...” /хх-ийн 62/ гэсэн,

 

Гэрч М.Пүрэвжамц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажлаа хийж байгаад хүн намайг зодчихлоо гэсэн дуудлагын дагуу очиход Б- гэх хүний нүд нь хавдаж, цус гарсан байдалтай хотхоны харуул бололтой хүнтэй хэрэлдэж, маргалдаж байсан. ...Тухайн ахыг цохисон гэх залуугийн найз охин болох охин ирж надтай уулзаж “энэ ах мөнгөө өгөөгүй, та нарт мөнгө өгөх ёстой юм уу, яасан их мөнгө нэхдэг юм” гэж хэлээд маргалдаж манай найз залууг цохиж тэгээд тэр хоёр зодолдсон гэж хэлсэн...” /хх-ийн 63-64/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.И- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө найз охиныхоо хамтаар Төмөр замын вокзал орчим явж байхад нэг ах гараа өргөсөн, тэгээд манай найз охин бид хоёр зам дагуу юм байна гэж бодоод суулгасан, тухайн ах Романа Ресиденс гэх нэртэй газар очъё гэж гэхээр нь би хаана байдаг вэ гэхэд мэддэггүй юм уу ямар хоёр төмсний машинд суучив гэж хэл амаар доромжилсон. Тэгээд тухайн газар нь очоод буулгачхаад 4.7 км гарсан байна, 5000 төгрөг гэхэд халаасаа ухаж байгаад надад мөнгө алга гэж хэлснээ буугаад явчихаар нь би араас нь бууж хөөе, ахаа мөнгөө авъя гэхэд халааснаасаа аймаар нугаларчихсан 5000 төгрөг гаргаж өгсөн, тэгээд би цаашаа машин руугаа явж байхад араас ирээд миний хүзүүнд цохиж, чи муу байж бай гэхээр нь би яаж байна гээд түлхэж унагачхаад машиндаа суугаад явах гэхэд машины хойд буфер рүү өшиглөж цонхоор хөлөө оруулж ирсэн. Би хөөе, яаж байна гээд буугаад зууралдахад намайг цохисон би буцаагаад цохисон тэгээд цохилцож байгаад газар унагачхаад хоёр машины голоор орсон. Тэгээд бид хоёр заамдалцаж байж байгаад миний гар дээр цохиж намайг тонгойлгож байгаад шилэн хүзүүн дээр цохиж нүүр лүү өвдөглөсөн би тэр үед өндийж байгаад нүүр лүү нь хоёр удаа мөргөсөн. Тэгээд би тухайн ахыг одоо зайлалдаа гэж хэлэхэд би чамайг одоо алж байж сална гээд улайраад дайраад байсан...” /хх-ийн 40-41, 20-21/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №9544 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Б-ын биед тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..” /хх-ийн 25-26/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 4/,

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-ийн 6/,

- Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-11/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 30-34/,

- Шүүгдэгч Б.И-ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 45/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, насанд хүрээгүй гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.И-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч  Б.И- нь 2020 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Романа Ресиденс хотхоны гадна хохирогч Б.Б-тай таксины төлбөрөөс болж маргалдан улмаар түүний толгойд гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б-ын “...2020 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Төмөр замын Ангара зочид буудлын урдаас такси барих гээд зогсож байтал цайвар өнгийн Тоёота Приус маркийн машин ирсэн. Тэгээд суухад хоёр хүүхэд байсан, гэр лүүгээ буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Романа Ресинденс хотхон руу хүргүүлэхэд төлбөр 20.000 төгрөг нэхэхээр нь ийм ойрхон газар юу гэж 20,000 төгрөг гардаг юм, 5,000 төгрөг л гардаг гэж хэлээд 8,000 төгрөг өгсөн. Тэгээд буух гэхэд намайг буулгахгүй, жолооч нь намайг цохиод түрийвч байсан халаасыг урж түрийвчийг аваад намайг зодсон. Тэгээд миний гар утсыг авах гэхээр нь би барьсаар байгаад авч үлдсэн, намайг буулгачхаад зугтаах гэхээр нь би дугуй руу нь өшиглөхөд буцаж гарч  ирээд дахин зодсон...”  /хх-ийн 14-16/ гэсэн, насанд хүрээгүй гэрч Б.М-ын “...Тухайн газрыг олоод хүргэж өгтөл нөгөө ах шууд мөнгөө өгөхгүй буучихсан. Тэгээд машинаас бууж гадаа зогсож, халаасаа ухаж байгаад 5.000 төгрөг өгсөн. Манай найз залуу гарч мөнгөө авчхаад машиндаа суух гэж байтал нөгөө ах араас нь цохисон. Тэр үед манай найз залуу яаж байна аа гээд цааш түлхэж зууралдсан. ...Манай найз залуу уг ахыг яг хэд цохисныг сайн мэдэхгүй байна, тэр хоёр зууралдаад салахгүй байгаад байсан, би салгах гэхэд намайг түлхээд байсан...” /хх-ийн 22-23/ гэсэн, гэрч Г.Ганбатын “...Камерын бичлэг шүүж байхад уг бичлэг дээр нөгөө ах нэг машины араас гүйж байгаа харагдсан.  ...Нөгөө машин наад талын гарцны тэнд зогсоод нэг  залуу бууж ирээд уг ахыг цохиж хоорондоо зодолдсон, камерын бичлэг дээр тэр хоёр зодолдож байгаа л харагдсан. Уг хүүхэд тэр ахыг дээрэмдэж эд зүйлийг нь авч байгаа харагдаагүй...” /хх-ийн 62/ гэсэн, гэрч М.Пүрэвжамцын “...Дуудлагын дагуу очиход Б- гэх хүний нүд нь хавдаж, цус гарсан байдалтай хотхоны харуул бололтой хүнтэй хэрэлдэж, маргалдаж байсан. ...Тухайн ахыг цохисон гэх залуугийн найз охин болох охин ирж надтай уулзаж “энэ ах мөнгөө өгөөгүй, та нарт мөнгө өгөх ёстой юм уу, яасан их мөнгө нэхдэг юм” гэж хэлээд маргалдаж манай найз залууг цохиж тэгээд тэр хоёр зодолдсон гэж хэлсэн...” /хх-ийн 63-64/ гэсэн, шүүгдэгч Б.И-ын “...Би 2020 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ....тухайн газар нь очоод буулгачхаад 4.7 км гарсан байна 5000 төгрөг гэхэд халаасаа ухаж байгаад надад мөнгө алга гэж хэлснээ буугаад явчихаар нь би араас нь бууж хөөе, ахаа мөнгөө авъя гэхэд халааснаасаа аймаар нугаларчихсан 5000 төгрөг гаргаж өгсөн, тэгээд би цаашаа машин руугаа явж байхад араас ирснээ миний хүзүүнд цохиж, чи муу байж бай гэхээр нь би яаж байна гээд түлхэж унагачхаад машиндаа суугаад явах гэхэд машины хойд буфер рүү өшиглөж цонхоор хөлөө оруулж ирсэн. Би хөөе, яаж байна гээд буугаад зууралдахад намайг цохисон, би буцаагаад цохисон, тэгээд цохилцож байгаад газар унагачхаад хоёр машины голоор орсон. Тэгээд бид хоёр заамдалцаж байж байгаад миний гар дээр цохиж намайг тонгойлгож байгаад шилэн хүзүүн дээр цохиж нүүр лүү өвдөглөсөн би тэр үед өндийж байгаад нүүр лүү нь хоёр удаа мөргөсөн...” /хх-ийн 40-41, 20-21/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №9544 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Б.Б-ын биед тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 25-26/ гэсэн дүгнэлт, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/, сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-11/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч Б.Б-ын биед учирсан “...биед тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.И-ын түүнийг цохиж, зодсоноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.И-ын хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.И-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд биед тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь уг гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн 650,000 төгрөг /хх-ийн 30/, КТГ-н зураг авхуулсан 130,000 /хх-ийн 31/ нийт 780,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.И- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр  төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2010000000835 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 /нэг/ ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.И- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1,  4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Бы И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бы И-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.И-т оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И- нэг сая төгрөгийн торгуулийн ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-аас 780,000 /долоон зуун наян мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Б-д  олгосугай.

 

6. Эрүүгийн 2010000000835 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 /нэг/ ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.И- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.И-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР