Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 104

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 9-11 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 59 настай, Арвайхээр овгийн Мишигдоржийн Рэнчиндоржийн хүсэлттэй

           “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Рэнчиндорж, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч М.Рэнчиндорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн 15 дугаар авто баазад жолоочоор тасралтгүй ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл гарсан тушаал байхгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн 15 дугаар авто баазад жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.  

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Рэнчиндорж “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

М.Рэнчиндорж нь 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл БНМАУлсын тээврийг удирдах газрын харъяа Өвөрхангай аймгийн тээврийг удирдах газрын 15 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн тээврийг удирдах газрын даргын 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 58 тоот тушаал, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 113 тоот лавлагаа, Өвөрхангай аймгийн авто тээврийн 15 дугаар баазын даргын 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22 тоот тушаал, хавсралт, Өвөрхангай аймгийн тээврийг удирдах газраас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчид Өвөрхангай аймгийн тээврийг удирдах газраас 1979 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон “Онц тээвэрчин” дурсамж, 1980 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгосон баярын бичиг, 1981 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон баярын бичиг, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлөөс 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдөр олгосон гэрчилгээ, Тээврийг удирдах газрын нам, захиргаа, олон нийтийн байгууллагуудаас 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон баярын бичиг, тээврийг удирдах газрын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороо, уралдааны комиссоос 1984 оны 07 дугаар сарын 19-ний өдөр олгосон баярын бичиг, Тээврийг удирдах газрын захиргаа, намын үүрээс олгосон баярын бичиг,  Монгол ардын хувьсгалт намын үүрийн даргаас 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олгосон “Онц тээвэрчин” баярын бичиг, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 27 тоот тодорхойлолт, гэрч П.Доржсүрэн, Л.Чогсомсүрэн, Л.Сумъяа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Арвайхээр овгийн Мишигдоржийн Рэнчиндоржийг 1978 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл БНМАУлсын тээврийг удирдах газрын харъяа Өвөрхангай аймгийн тээврийг удирдах газрын 15 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА