Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, хохирогч Ц.Ш-, түүний өмгөөлөгч Ю.Н- (онлайнаар Дорноговь аймгийн шүүхээс), шинжээч О.Гарьд, С.Дарханбаатар, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч С.Нансалмаа, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Ж- овогт Д-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019001680358 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ж- овгийн Д-ийн Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан заалтыг зөрчин “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх А0102 магистрал зам, Төмөр замын 33 дугаар зөрлөгийн орчим замд Волво маркийн 00-00 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.5, 1.4-т заасан заалтуудыг зөрчсөнөөс жолооч Ц.Ш-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Г.Үүрийнцолмонгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Ц.Ш-: “...2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ...33 дугаар зөрлөгийн орчимд хоёр охинтойгоо явж байхад урдаас ирж явсан том машины араас бас нэг том машин ирж байсан. Ард нь явж байсан том машин нь урд байгаа машинаа гүйцэж түрүүлж байгаа харагдсан. Би тухайн машиныг өөрийн  эгнээндээ ороод амжих байх гэж бодоод хурдаа хасаад явж байхад амжихгүй болсон юм шиг урдаас гэрлээрээ дохихоор нь би тоормосоо гишгэсэн боловч яах ийхийн зуургүй ирж миний машины зүүн урд зүг рүү мөргөсөн. Нэг мэдэхэд замын хажууд машин дотроо сэрсэн. ...Миний хувьд элэг бяцарсан, зүүн эгэм хугарч хүнд гэмтэл авсны улмаас нэг удаа хагалгаанд орсон. ...Миний охин болон миний эмчилгээний зардал нийт 11,786,034 төгрөг болсон. ...Өнөөдрийн байдлаар 10,000,000 төгрөгийн хохирол авсан. ...Хохирлоо бүрэн авсан тохиолдолд гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй...” гэв.

 

Шинжээч О.Гарьд: “...Д.Б- 73,7 км цагийн, Ц.Ш- 83,7 км цагийн хурдтай явж байсан гэж тогтоогдсон. Замын хөдөлгөөний дүрмийн зорилго хөдөлгөөнд оролцогчдын дарааллыг тогтоодог. Давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх асуудлыг зохицуулдаг. Тээврийн хэрэгслүүд шулуун замаар өөр өөрсдийн эгнээгээр явж байсан бол осол гарахгүй. Осол гарах шалтгаан нөхцөл нь Б- үргэлжилсэн цагаан шугам давахыг хориглосон газар гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс болоод Ш-ийн хөдөлгөөнд саад учруулж осол гарсан гэж үзэж мөрдөгчийн магадлагаа гаргасан. Ш-ийн хувьд Б- замд нь саад учруулаагүй байсан бол осол гарахгүй байх байсан. Давуу эрхтэй хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэдэгт тухайн тээврийн хэрэгслийн тээврийн хэрэгслийн хурд чиглэлд өөрчлөлт оруулахгүйгээр зам тавьж өгөхийг ойлгодог. Ш- Б-ийг хараад саад учирч байгааг мэдэж хурд, чиглэлд нь өөрчлөлт орсон. Тиймээс Б-ий үйлдлээс энэ осол гарсан гэж үзэж Ш-ийн үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзсэн. Мөн Б- тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ жолоодсон. ...Б- анхнаасаа С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох дадлага туршилтай байсан бол энэ осол гарах байсан уу, үгүй юу гэсэн асуудал байгаа. Хэргийн газар нөхөн үзлэг хийхэд Б- үргэлжилсэн цагаан шугам давсан, тухайн газар үзэгдэх орчин хязгаарлагдмал, аюул бүхий гэдгийг заасан замын тэмдгүүд байсан.  Энэ тэмдгүүд байсан газар гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээгүй байсан бол осол гарахгүй байсан. ...Хөндлөнгийн нүдээр харахад Ш- урсгал сөрж мөргөсөн мэт харагдана. Миний хувьд харахад Ш- өөрөө урсгал сөрж очиж мөргөсөн үйл баримт харагдахгүй байгаа. Ш-ийн машины дугуйны мөр өөрийн эгнээнд явсаар эсрэг урсгал руу бага зэрэг даялж орсон мөр харагдаж байгаа. Үүнийг урсгал сөрсөн гэж үзэхгүй. ...Б- өөрийн эгнээнд бүрэн ороогүй байсан. Чиргүүлийн зүүн хойд дугуйны мөр эсрэг урсгалд байсан. ... Замын хөдөлгөөний дүрэмд гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахаас бусад тохиолдлыг урсгал сөрсөн гэж ойлгохоор заасан байдаг. Урсгал сөрнө гэдэг бол санаатай үйлдэл. Ш-ийн хувьд тоормосны мөр эхэлж байгаагаас төгсөх хүртэл өөрийн эгнээнд байсан. Энэ тохиолдолд тээж яваа ачаанаас хамаарч аль ч тал руу даялж болно. Мөргөлдөх процесс маш хурдан болдог учир жолооны хүрд бага зэрэг хазайхад жин ихтэй тал руугаа автомашин даялдаг. Тийм учраас урсгал сөрсөн гэж үзэхгүй...” гэв.

 

Шинжээч С.Дарханбаатар: “...Миний гаргасан дүгнэлтэд автомашины мөргөлдсөн байрлал, автомашины эвдрэлийг харуулсан, хэн нь урсгал сөрсөн талаар байхгүй. ...Хэмжилтийн бүдүүвч зургийн А цэгээс харахад Тоёота Приус 20 маркийн автомашин урсгал сөрсөн харагдаж байна. Мөн дүгнэлтэд дурдагдсан хурд нь тухайн хоёр автомашины байж болох хамгийн доод хурдаар авагдсан. Учир нь энэ хоёр автомашин бүрэн зогсолт хийгээгүй байхдаа мөргөлдөж зогссон. ...Тухайн үед хоёр автомашин хоёулаа зогсох арга хэмжээг авсан байна. ...83,7 км цагийн хурдтай гэдэг бол зогсоох арга хэмжээ авч эхлэхээс зогсох хүртэл хурд гэж ойлгож болно...” гэв.

 

Шүүгдэгч О.Б-: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, С ангиллын жолооны эрхтэй, тухайн үед орон нутгийн 70-75 км цагийн хурдтай явж байсан, хохиролд 10 сая төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлнө...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогч Ц.Ш- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сум орчхоод өөрийн эзэмшлийн 00-00 ДГС улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод төрсөн охин Үүрийнцолмон /9 настай/, Эрхсаран /6 настай/ нарын хамт гурвуулаа Сайншанд сум орох гээд 17 цагийн үед хөдөлсөн. Хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлээд явж байсан, 33 дугаар зөрлөгийн тэр хавьд явж байхад эсрэг урсгалд нэг том машин явж байсан. ...Тэр том машины араас цагаан өнгийн ачааны автомашин гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд гарч ирсэн. Тэгэхээр нь би тухайн гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаа машиныг өөрийн эгнээндээ амжаад орчих юм байна гэж бодоод хурдаа алсаас бага багаар хасаад явж байтал нэг л амжихааргүй өөдөөс гэрлээрээ дохиод дөхөөд ирсэн. Тэгэхээр нь би шууд тоормосоо гишгэсэн боловч зүүн урд тал руу нь очиж мөргөсөн. ...60 км/ц орчим хурдтай явж байсан, их хурдтай бол яваагүй...” /1-р хх-ийн 36-39/ гэсэн,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний охин Г.Үүрийнцолмон ослын дараа Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт очиж дунд чөмөгний яс хадуулах хагалгаанд орсон. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хэвтрийн байдалтай, өвдөж шаналсан байж байна...” /1-р хх-ийн 24-26/ гэсэн,

 

Иргэний хариуцагч Л.Амарсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хуульд иргэний хариуцагч яах ёстой гэж заасан байдаг тэр зааснаар явна. Б-ээс нэхэмжлэх зүйл байхгүй. ...2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Д.Б- миний машиныг бариад Эрээн хотоос Замын-Үүдийн хилээр гарч ирсэн. Тэгээд Замын-Үүдэд байж байгаад 6 дугаар сарын 01-ний өдөр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу гарсан. ...Байршил тогтоогчоо харж байхад Сайншанд сумаас гараад 30 минут яваад зогсчихсон байхаар нь би Д.Б-ий утас руу залгахад эхнэр нь утсыг нь аваад ...осолд орчихлоо гэж хэлсэн...” /1-р хх-ийн 104, 110/ гэсэн,

 

Гэрч А.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Волво маркийн 00-00 УНД дугаартай тээврийг хэрэгслийг худалдаж аваад манай компанийн нэр дээр шилжүүлсэн. ...Амарсайхан зээл авах гэсэн юм гэхээр нь өөрийн нэр дээр зээл авч өгсөн, Амарсайхан өөрөө зээлийг төлдөг. ...Яг захиран зарцуулах эзэн нь Амарсайхан байгаа юм...” /1-р хх-ийн 117/ гэсэн,

 

Гэрч Г.Үрэлмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар арын 01-ний өдрийн 14 цагийн үед нөхөртэйгөө хамт Улаанбаатар хот орох гээд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас гарсан. Манай нөхөр том оврын ачааны машинаар Улаанбаатар хотод ачаа буулгах ёстой байсан. Тэгээд орой 18 цагийн үед 33 дугаар зөрлөг өнгөрөөд явж байхад эсрэг урсгалаас нэг жижиг суудлын автомашин явж байсан, тэр машиныг хажуугаар зөрөөд явах байх гэж бодоод явж байхад гэнэт тоормослоод урсгал сөрж ирээд манай машины зүүн урд хэсэгт мөргөсөн. Тэгээд машинаа зогсоогоод нөхөр түрүүлж буугаад араас нь би буусан. Бид хоёр машинаас буухад нөгөө жижиг машин замын нөгөө талд буюу ертөнцийн зүгээр замын баруун гар талд гарчихсан байхаар нь тэр машин дээр очоод урд талд нь хэвтэж явсан хүүхдийг Б- гаргаж аваад өвөр дээрээ хэвтүүлсэн, жолооч болох эмэгтэй нь машинаа тойроод гүйгээд байсан, арын сандал дээр хэвтэж байсан хүүхдийг би машинаас гаргаж авсан. Би тэр үед цагдаа дуудъя гэхэд ...жолооч эмэгтэй манай нөхөр рүү залгачих, манай нөхөр Айраг сумын цагдаагийн дарга гэсэн. Тэр үед хажуугаар явж байсан нэг машин зогсоод нөгөө эмэгтэй хүний нөхөр рүү нь залгаж хэлсэн. Нөгөө машины жолооч эмэгтэйгээс архи үнэртэж байсан, надтай болон нөхөртэй уулзаж чадахгүй тойроод ундаа уугаад цаагуур яваад байсан, тэр үед хоёр хүүхэд нь бид хоёр дээр байсан. Тэгээд нөгөө машины жолооч эмэгтэйн нөхөр нь энгийн машинтай 3 цагдаатай ирсэн, дараа нь цагдаагийн машинтай 2-3 цагдаа ирсэн. Цагдаа гэх нөхөр нь бас согтуу, архи аймаар их үнэртэж байсан, тэнд очоод пизда гэж хараагаад манай нөхрийг зодох гээд дайраад байсан, намайг хүртэл түлхэж авсан. Тэгээд орой 21 цагийн үед дахиад Айраг сумаас цагдаа нар ирээд хэмжилт хийсэн. Өмнө нь хийсэн цагдаа нар нь хамт ирсэн цагдаа нараа загнаад өөрөө зааж өгөөд эндээс хэмж, тэндээс хэмж гээд байсан, би тухайн үед хэргийн газрын зураг авсан чинь чи яах гээд зураг аваад байгаа юм гээд миний утсыг булааж аваад наад зургаа устга гээд байсан. Тэр үед эхнэр нь чи битгий хэрүүл хийгээд бай, чамаас болоод дандаа хэрүүл гардаг, чамаас болоод ийм юм болчихлоо гээд байсан, нөхөр нь эхнэрээ би чамайг хоноод яв гээд байхад чи хоноогүй гээд хоорондоо хэрэлдээд байсан. Нөхөр бид хоёр Тоёота Приус маркийн машины жолоочийн хоёр хүүхдийг нь нэг нэгээр нь тэврээд сууж байхдаа би том хүүхдээс нь юу болсон бэ гэж асуусан чинь ээж миний урдуур гараа явуулаад гэнэт ийм юм болчихлоо гэж хэлж байсан. Тэгээд хэмжилт хийж байсан цагдаа нар нөхөр бид хоёрыг машиндаа суу, хэрвээ суухгүй байгаад байх юм бол ...цагдаж хорино гээд байхаар нь нөхөр бид хоёр машиндаа очиж суусан. Миний утсан дээр байсан ослын газрын зургийг чамд ингэх эрх байхгүй гээд устгачихсан. Тэгсэн атлаа тэндээ байгаа бүх цагдаа нарыг Ганзориг гэдэг нөхөр нь та нар бүгд гар утсан дээрээ зураг ав гээд байсан. Тэгээд хэмжилт хийж дуусахаас өмнө түргэн ирээд нөгөө машины жолооч болон хоёр хүүхдийг нь аваад явсан, удалгүй хэмжилт дуусаад манай нөхрөөс цус авна гээд нөхөр бид хоёрыг цагдаагийн машинд суулгаад Дорноговь аймаг руу авч явсан. Замдаа явж байхдаа нөгөө эмэгтэй жолооч согтуу байна ш дээ, тэрийг нь яаж гаргаж ирэх юм бэ гэсэн чинь цусны шинжилгээгээр гараад ирнэ гэхээр нь үлээлгэх юм байхгүй юм уу гэсэн чинь чи миний ажлыг заахгүй шүү гээд байсан. Тэгээд би үнэхээр цусны шинжилгээгээр гарах юм бол хамт байж байгаад цус өгөхгүй юм уу гэхэд тэнд 6 цагдаа байгаа, тэр хүмүүс нь авна гэхээр нь цусны шинжилгээ авсныг нь яаж мэдэх юм бэ гэхэд чи миний ажлыг заах болоогүй, авдаг хүмүүс тэндээ авч байгаа гэсэн. Тэгээд эмнэлэг дээр очиж манай нөхрөөс цус авчхаад өглөө ир гээд явуулсан. Тэгээд маргааш нь цагдаа дээр дуудаад мэдүүлэг өгсөн чинь надаас дандаа тулгаж асуугаад та нарын буруу байна гэж мэдүүлэг авсан. ...Ахыгаа унаагүй болгочихлоо, энэ асуудал чинь 4-5 жилийн хорих ялтай, хурдан энэ асуудлаа шийдье гээд байсан. Тэгээд маргааш нь эхнэр нь хагалгаанд орно гэхээр нь бид хоёр хүн чанар гаргаад очъё гэсэн чинь нөхөр нь манай хадмууд ирчихсэн байна, та хоёр битгий ир гээд байхаар нь жоохон байж байгаад дахиад залгасан чинь нөхөр нь согтуу, манай эхнэр намайг архи уусан гээд уурлаад байна, битгий ирээрэй гээд байсан. Тэгээд маргааш нь нөхөр нь согтуу залгаад муу новшнуудаа, та нараас болж ийм юм боллоо гээд байсан. Ер нь дандаа согтуу залгаж та нараас боллоо гээд байдаг байсан. Хүүхдийг нь эргээд очиход хүртэл согтуу байж байдаг байсан. Уулзаад ярихад хүртэл наадах чинь 4-5 жилийн хорих ялтай, би цагдаа хүн мэдэж байна, хүмүүсээ босгож авмаар байна, ганц амьдралаа залгуулж байсан унаагүй болчихлоо, тийм учраас энэ асуудлаа хурдан шийдмээр байна, хэрэв тэгж чадахгүй бол би заргалдана шүү гээд байдаг байсан. Тэгээд хүүхдээ хагалгаанд оруулах гэж байхдаа залгаад та нарт мөнгөний боломж хэр байна, ахад нь санхүүгийн боломж хэцүү байна гээд байхаар нь шалгах газар нь шалгах байх, танай эхнэр чинь урсгал сөрөөд ороод ирсэн шүү дээ гэхээр нь одоо наад асуудлыг чинь цагдаа нар шалгана, ширүүхэн юм болно шүү, миний гараас гарахгүйдээ гээд байдаг байсан. ...Осол болохоос өмнө урдаа явж байсан машиныг гүйцэж түрүүлчхээд өөрийн эгнээндээ ороод ойролцоогоор 400-500 орчим метр явж байхад хажуугаар зөрөөд өнгөрөх нь үү гэтэл урсгал сөрөөд манай машиныг мөргөсөн.

...Манай нөхөр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, гүйцэж түрүүлэх үйлдлээ дуусаад өөрийн эгнээ рүү миний талаар бүрэн орчихсон байхад өөдөөс жижиг тэрэг утаа маналзуулаад ирж яваа харагдсан. Тэгээд удахгүй манай машины зүүн урд тал руу хүрч ирээд хүчтэй мөргөсөн...” /1-р хх-ийн 122, 125-126/ гэсэн,

 

Гэрч Л.Энхзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн14 цагийн үед Улаанбаатар хот орохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас өөрийн эзэмшлийн 00-35 ДГО дугаартай Хово маркийн машиныг жолоодоод гарсан. Тэгээд Дорноговь аймаг өнгөрөөд 33 дугаар зөрлөг орох гээд 60 орчим км цагийн хурдтай явж байхад намайг Волво маркийн ачааны автомашин гүйцэж түрүүлсэн. Тэгээд 33 дугаар зөрлөг ороод явж байхад миний урд талд зам дээр тоос манараад явахаар нь би зөрлөгөө өнгөрөөд 200-300 метр явж байхад замын хажууд намайг гүйцэж түрүүлсэн Волво маркийн автомашин жижиг машинтай мөргөлдчихсөн зогсож байсан. Нөгөө жижиг машин нь замаас гарчихсан, ус зайлуулах гүүр рүү уначихсан байсан. Тэгээд ...осол болсон газарт очиход Волво маркийн машины жолооч жижиг машины хүүхдийг тэврээд сууж байсан, намайг очиход ахаа, эмнэлэг, цагдаа дуудаарай гэж Волво маркийн машины жолооч хэлэхээр нь би буцаж машин руугаа очиж утсаа аваад цагдаад дуудлага өгсөн тэр үед бас нэг жижиг тэрэг очоод зогсчихсон байхаар нь би тэр машины жолоочийг түргэнд дуудлага өгчих, би цагдаа руу залгая гэж хэлсэн, тэр жижиг машины жолооч түргэнд дуудлага өгсөн. Жижиг машины жолооч эмэгтэй манай нөхөр рүү залгаад өгөөч гэхээр нь би нөхөр рүү нь залгаад эхнэр чинь энд осолд орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би ослын зогсолтын тэмдгийг нь ард тавьж өгөөд байж байхад эхлээд Айраг сумын цагдаа нар жижиг машины жолоочийн нөхөртэй хамт ирсэн. Тэгээд би яваад өгсөн. Тухайн үед жижиг машинд сууж байсан нэг охины хөл нь хугарчихсан гээд хөдөлж болохгүй байсан, бусад хүмүүс нь гайгүй байсан. ...Яг осол болохыг бол хараагүй ээ, нүдний үзүүрт ойролцоогоор 400-500 метрийн цаана зам дээр тоос манараад явчихаар нь осол болчихлоо гэж бодоод явж байхад Волво маркийн машины хажуугаар нь дахиад нэг ачааны автомашин гараад цаашаа явчихсан. ...Миний машинд камер байгаа, тухайн ослын газар очиж байгаа үеийн бичлэгийг тастаж аваад хадгалаад авчихсан байгаа. ...Тоёота Приус маркийн машины жолооч сандраад одоо яанаа гээд байсан. ...Волво маркийн машины тоормос хавчдаг бүх дугуй нь зэрэг барьдаг учраас богино зайнд тоормос гишгээд зогсох боломжтой байдаг. Харин Хятад бенз машины тоормос нэлээн хол зайнд тоормос гишгэж байж зогсдог. Тэгэхээр Волво маркийн машин тэр машиныг гүйцэж түрүүлээд өөрийн урсгалдаа ороод явж байхад осол болсон байх, тэгэхгүй бол дөнгөж гүйцэгдэж түрүүлээд өөрийн урсгалдаа орж амжаагүй байхад осол болсон гүйцэгдэж байгаа том чиргүүлтэй ачааны машин зогсож амжихгүй Волво маркийн автомашины араас мөргөх байсан, тэгээгүй Волво маркийн машины хажуугаар гараад явчихсан...” /1-р хх-ийн 127-128/ гэсэн,

 

Шинжээч Р.Пүрэвдагва мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Монгол Улсад мөрдөгдөж байгаа авто тээврийн хэрэгслийн дугуйн стандартад дугуйн хээг ижил байна гэсэн заалт байхгүй. Харин тээврийн хэрэгсэлд өндөр, намхан хоёр өөр /ижил бус/ дугуйг тавихыг хориглодог юм. Мөн шинжээч томилсон тогтоолд дугуйн стандартын талаар асуулт орж ирээгүй байсан. Дугуйн хээ өөр байх нь осол болсон шалтгаан нөхцөлд нөлөөлөхгүй. Мөн шинжээчийн дүгнэлтийн 7 дугаар асуултад осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас болоогүй гэж гаргасан нь тээврийн хэрэгслийг үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн шаардлагад нийцсэн иж бүрдэл хангасан байсан тул хариултыг бичсэн. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд тээврийн хэрэгслийн техникийн хяналт оношилгоогоор орж  MNS 4598/2011 стандартыг хангасан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох эрх авдаг юм. Уг тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осолд орж эвдэрсэн тул тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг оруулах боломжгүй байсан...” /1-р хх-ийн 208-209/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө...”

Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот руу ачаа буулгах гээд эхнэр Үрэлмаагийн хамт Замын-Үүд сумаас өдөр 14 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд явсаар байгаад Дорноговь аймаг өнгөрөөд Айраг сум орох гээд 33 дугаар зөрлөг өнгөрөөд урдаасаа хойшоо чиглэлд Волво маркийн 00-00 УНД дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод 30-40 орчим км цагийн хурдтай явж байхад миний чиргүүлтэй том ачааны автомашин нилээн удаан яваад байсан, би ч араас нилээн дагаад явж байгаад алсаас харж байгаад өөдөөс машин байхгүй байхаар нь 60-70 орчим км цагийн хурдтай урдаа явж байсан ачааны машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж дуусаад өөрийн эгнээндээ ороод ойролцоогоор 300-400 метр явж байхад эсрэг урсгалаас Тоёота Приус-20 маркийн машин ирж байхаар нь зөрөөд өнгөрөх юм байна гэж бодоод явж байхад надруу нилээн ойртож ирсэнээ гэнэт тоормос гишгээд чахрах чимээ гараад над руу чиглээд ирэхээр нь би бас тоормос гишгээд баруун гар тал руугаа нөгөө машинд мөргүүлэхгүй гээд зайлуулаад жолоогоо дарсан чинь тухайн машин тэр чигээрээ тоормослож явсаар байгаад миний машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Осол орой 18 цагийн үед гарсан. Тэгээд миний машин замын хажуу руу гарчихсан байсан учраас машинаа зогсоогоод буугаад нөгөө Тоёота Приус маркийн машин дээр очиход тухайн машин ертөнцийн зүгээр баруун тийшээгээ замаас гарчихсан байсан, тэгсэн тэр машины жолооч эмэгтэй машинаасаа гараад ирчихсэн, машинаа тойроод гүйгээд байхаар нь би та зүгээр үү, машинд чинь хүн байгаа юу гэсэн чинь хоёр хүүхэд байгаа гэхээр нь би машинаас хоёр хүүхдийг гаргаж авсан. Намайг хоёр хүүхдийг авах үед том хүүхэд машины урд сандал дээр сандалын түшлэгээ хойшоогоо болгочихсон уйлаад хэвтэж байсан, бас нэг хүүхэд нь арын сандал дээрээ байж байхаар нь би машинаас гаргаж авсан. ...Жолооч эгч манай Айраг сумын цагдаагийн дарга, манай нөхрийг дууд гэж байсан. Тэгээд бид нар хүлээгээд эмэгтэй жолооч бид хоёр 2 хүүхдийг нэг нэгээр тэврээд сууж байхдаа жолооч эгчтэй хэсэг юм ярьж сууж байхад тэр эгчээс архи үнэртээд байсан, мөн том охин нь ээжээ та унтчихсан юм уу гээд уйлаад байсан. Тэгээд 30 орчим минутын дараа жолооч эмэгтэйгийн нөхөр нь гэх хүн хоёр цагдаа дагуулаад ирсэн. Хамт ирсэн хоёр цагдаа нь цагдаа хувцастай байсан, нөхөр нь энгийн хувцастай байсан. ...Жолооч эмэгтэй нөхрөө чи болиоч, чи дандаа ингээд байх юм, чиний хэрүүлээс дандаа болдог гэж хэлэхээр нь би цаашаагаа яваад өгсөн, тэр нөхрөөс нь айсан. Тэгээд удаагүй Айраг сумаас баахан цагдаа нар ирээд хэмжилт хийсэн, нөгөө машины жолоочийн нөхөр нь хэмжилт хийж байгаа цагдаа нарт бичиж байгаа цаасыг хараад нэг юм хэлээд байхаар нь хар төрөөд цагдаа нар дээр очиход хөөгөөд байсан. Сүүлд Сайншанд сумаас Санжаапэрэнлэй гээд мөрдөгч, бас нэг аппарат барьсан цагдаатай ирсэн. Тэгээд мөрдөгч нь дахиад хэмжилт хийсэн. Тэгэхээр нь дахиад очоод нөгөө машины жолоочийн нөхөр нь зааж өгөөд байна, хар төрөөд байна гэж хэлсэн чинь ажиллагаанд битгий саад болоод бай, машиндаа сууж бай гэхээр нь би машиндаа сууж байгаад дахиад очсон чинь хоёр дахь удаагаа санууллаа, ингээд байвал чамайг хорино шүү гээд байхаар нь би машиндаа ороод суучихсан юм. ...Түргэн ирээд Тоёота Приус маркийн машины жолооч эгч болон хоёр хүүхдийг нь аваад явсны дараа хэмжилт хийж, замаа цэвэрлэж дуусаад миний биеэс цус авна гэхээр нь би драгер багаж үлээж болохгүй юм уу гэсэн чинь нөгөө жолоочийн бие муу байгаа учраас үлээж чадахгүй байна, тэгэхээр цус авна гэж хэлсэн. Тэгээд би цагдаа нарыг дагаад Сайншанд ороод хөндлөнгийн хоёр гэрчтэй тэр өдрөө цусны дээж өгчхөөд нөгөө жолооч эмэгтэй хаана цус өгч байгаа юм бэ гэсэн чинь манай өөр мөрдөгч бас авч байгаа, чи санаа зоволтгүй гэж хэлсэн. ...Тоёота Приус маркийн машины жолооч эмэгтэйн нөхөр нь ирэхдээ бас согтуу ирсэн. ...Мэдүүлэг өгчхөөд мэдүүлгээ гарын үсэг зурах гээд уншаад байж байхад миний хэлсэн үг бичигдээгүй байхаар нь хэлсэн чинь нөгөө цагдаа буюу Санжаапэрэнлэй намайг загнаад байсан. Ослын дараа Тоёота Приус маркийн автомашины жолоочийн нөхөр болох хүн над руу залгаад машин өг, эхнэр хүүхдийг минь эрүүл болгож өг гээд өдөр болгон бацаан минь чамайг хачин болгоно, хэдэн жил авахаа сонго гээд дарамтлаад байдаг байсан залгаж ярьсан бичлэгүүд нь байгаа. ...Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийж машинаа гүйцчихээд өөрийн эгнээ рүү ороход өөдөөс маш хурдтай гарч ирсэн. Эхлээд гүйцэх гэж байхад өөдөөс ямар нэг тээврийн хэрэгсэл ирж яваа харагдаагүй...” /1-р хх-ийн 218-219, 220-221, 222-223/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Зам тээврийн осол хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг болсон гэх газар нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багийн нутаг 33 дугаар зөрлөгийн зүүн хойд замд байв. Уг зам нь асьфалтан улсын чанартай, А0102 дугаартай тахир тэгш, хуурай, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвасгүй, хоёр эгнээтэй явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй зам байв...” /1-р хх-ийн 23-24/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №02/0176 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ц.Ш-ийн биед элэгний 5, 7 дугаар сегментийн хамарсан эдийн няцралт, хальсны урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, баруун эгэмний ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Учирсан элэгний 5, 7 дугаар сегментийг хамарсан эдийн няцрал, хальсны урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Баруун эгэм ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Учирсан гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

5. Шинээр илэрсэн зүйлгүй...” /1-р хх-ийн 166-167/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №02/0177 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Үүрийнцолмонгийн биед зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн эгэмний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Учирсан зүүн дунд чөмөгний далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Зүүн эгэмний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4. Учирсан гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй

5. Шинээр илэрсэн зүйл үгүй...” /1-р хх-ийн 169-170/ гэсэн,

 

- Техникийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №19 дугаартай дүгнэлтэд: “...1. 00-00 ДГС улсын дугаартай Тоёота Приус маркийн NHW200035098 арлын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, Г.Үүрийнцолмонгийн эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нь Ашиглалтын байдал явсан замналаас үзэхэд осол гарахын өмнө техникийн хувьд бүрэн бүтэн байсан байна.

2. 00-00 ДГС  улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд анги эвдрэлтэй байсныг тогтоох боломжгүй, үйлдвэрийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй байна.

3. Үйлдвэрийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй замын хөдөлгөөнд саад учруулаагүй.

4. Кузовын зүүн гар талын салхины шилний хүрээ мурийж үрчийсэн, урд хаалганы босоо багана чихэгдсэн, лонжром арал нумарч гулзайсан, урд салхины шил цөмөрч хагарсан, капот урд хэсэг нугаларч үрчийсэн, зүүн гар талын урд хаалга бүхэлдээ салоны хамт задарч үрчийсэн, хаалганы шил хагарсан, зүүн талын крыло урагдаж үрчийсэн, урд бүфер тасарч урагдсан, нэмэгдэл гэрэл нэг ширхэг бутарсан, радиотар тогтоох дээд, доод карказ төмөр баруун, зүүн булан нугларч хэв гажилтанд орсон, хөргөлтийн радиотер, кондишены радиотер цөмөрч цоорсон трубууд нугларч хэв гажилтанд орсон, их гэрэл баруун, зүүн бутарч хагарсан, цахилгааны утаснууд тасарсан, лонжром холборч хөнгөн цагаан хэлбэржүүлсэн бэхэлгээ мурийж тасарсан, цахилгаан мотор суурь тасарч шахагдсан хөргөлтийн насосын суурь тасарч хагарсан, баруун гар талын толь хагарч бутарсан, цахилгааны утас тасарсан, гал хамгаалагчийн суурь задарч реленүүд гэмтсэн, зүүн гар талын амортизатор муруйж хэв гажилтад орсон, цафны доод гар мурийсан, урд дугуйн обуд хагарч тоормосны накладны гэр хагарсан, шингэн алдсан, урд салоны дэр, рүлын дэр задарч салон хэв гажилтанд орсон, дугуйн дээд, урд памприс моторын доод памприсууд урагдаж тасарсан.

5. 00-00 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны эд анги систем нь ослын газарт очиж үзэхэд хатуу хучилттай авто зам дээр гарсан тоормосны зам, тоормосны мөрнөөс үзэхэд осол үйлдэгдэх үед тоормосны эд анги систем хэвийн ажиллагаатай байгааг илтгэж байна...” /1-р хх-ийн 159-160/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалисткийн шинжилгээний газрын Авто техникийн лабораторын 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №3652 дугаартай дүгнэлтэд: “...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем болон фото зурагт үзүүлсэн Волво маркийн 00-00 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун зүүн дугуйнаас зам дээр үүссэн тоормосны мөрний уртаар хурдыг тогтооход 73,7 км цагийн хурдтай явж байсан байх боломжтой байна.

2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл схем болон фото зурагт үзүүлсэн Тоёота Приус маркийн 00-00 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун зүүн дугуйнаас зам дээр үүссэн тоормосны мөрний уртаар хурдыг тогтооход 83,7 км цагийн хурдтай явж байсан байх боломжтой байна.

3. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй.

4. Шинээр нөхцөл байдал илрээгүй...” /1-р хх-ийн 195-196/ гэсэн,

 

- 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №148 дугаартай мөрдөгчийн магадалгаанд: “...Волво маркийн 00-00 УНД дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.5, 1.29.а-1.29 в тэмдгийг аюул бүхий газар байрлуулна. ...Нэг сумтай, 1.29. а, 1.29.б тэмдгийг урт зайд үргэлжилсэн эргэлт дээр дөрвөөс цөөнгүй тоотойгоор цувруулан байрлуулна, 1.29.а-1.29.3 “Эргэх чиг” 1.29.а, 1.29.б тэмдэг нь замын үзэгдэлт хязгаарлагдмал, эргэх радиус багатай хэсгийг ...анхааруулна. Мөн 2 дугаар хавсралтын 1.3 Хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.1 хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ; 1.4. 1.1-1.3. 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно..., мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Тоёота Приус-20 маркийн 00-00 ДГС дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ш- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Осол гарах үед жолооч Ц.Ш- дээрх дүрмийн заалтуудыг зөрчсөн боловч Волво маркийн 00-00 УНД дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б-ий үйлдэл нь осол гарах шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.

4. Тоёота Приус маркийн 00-00 ДГС дугаарын автомашиныг жолоодон явсан жолооч Ц.Ш-ийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь зөрчлийн шинжтэй гэх үндэслэлтэй байна...” /1-р хх-ийн 201-203/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-20/,

- Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 21-22/,

Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 24-31/,

- Хохирогчийн гэрэл зургууд /1-р хх-ийн 47-49

- Хохирлын баримтууд /1-р хх-ийн 52-91, 2-р хх-ийн 151/,

- “Инвэскор” ХХК-ийн албан бичиг /1-р хх-ийн 105/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 236/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3147, 3148, 3651 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 131-136, 184-190/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 139-157/,

- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /2-р хх-ийн 33-98/,

- Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1-р хх-ийн 101-106/,

- Ослын газрын 5 ширхэг фото зураг /2-р хх-ийн 129-131/,  

- Шүүгдэгч Д.Б-ий хувийн байдалтай холбоотой гэрч А.Бадамхандын мэдүүлэг /1-р хх-ийн 115/, жолоочийн мэдээллийн лавлагаа /1-р хх-ийн 225/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 241/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 244-247/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Тээврийн прокурорын газраас Д.Б-ийг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан заалтыг зөрчин “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх А0102 магистрал зам, Төмөр замын 33 дугаар зөрлөгийн орчим, замд Волво маркийн 00-00 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.5, 1.4-т заасан заалтуудыг зөрчсөнөөс жолооч Ц.Ш-ийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Г.Үүрийнцолмонгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Д.Б-ий холбогдсон хэрэгт хууль ёсны болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэсэн болно.

 

Хэргийн талаар болсон үйл явдал:

          2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багийн нутаг дэвсгэр, А0102 магистрал зам, Төмөр замын 33 дугаар зөрлөгийн орчим Волво маркийн 00-00 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 00-00 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, жолооч Ц.Ш-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Г.Үүрийнцолмонгийн биед хүндэвтэр хохирол тус тус учирсан, 00-00 ДГС улсын дугаартай, Тоёото  Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд 5,075,000 төгрөгийн, 00-00 УНД улсын дугаартай, Волво маркийн тээврийн хэрэгсэлд 3,714,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан үйл явдал болсон байна.

 

          Хэрэгт авагдсан гэрч Л.Энхзоригийн “...Дорноговь аймаг өнгөрөөд 33 дугаар зөрлөг орох гээд 60 орчим км цагийн хурдтай явж байхад намайг Волво маркийн ачааны автомашин гүйцэж түрүүлсэн. Тэгээд 33 дугаар зөрлөг ороод явж байхад миний урд талд зам дээр тоос манараад явахаар нь би зөрлөгөө өнгөрөөд 200-300 метр явж байхад замын хажууд намайг гүйцэж түрүүлсэн Волво маркийн автомашин жижиг машинтай мөргөлдчихсөн зогсож байсан. Нөгөө жижиг машин нь замаас гарчихсан, ус зайлуулах гүүр рүү уначихсан байсан. Тэгээд ...осол болсон газарт очиход Волво маркийн машины жолооч ахаа, эмнэлэг, цагдаа дуудаарай гэж хэлэхээр нь би буцаж машин руугаа очиж утсаа аваад цагдаад дуудлага өгсөн, ...Жижиг машины жолооч эмэгтэй манай нөхөр рүү залгаад өгөөч гэхээр нь би нөхөр рүү нь залгаад эхнэр чинь энд осолд орчихсон байна гэж хэлсэн. ...Яг осол болохыг бол хараагүй ээ, ...Волво маркийн машины хажуугаар дахиад нэг ачааны автомашин гараад цаашаа явчихсан. ...Волво маркийн машины тоормос хавчдаг бүх дугуй нь зэрэг барьдаг учраас богино зайнд тоормос гишгээд зогсох боломжтой байдаг. Тэгэхээр Волво маркийн машин тэр машиныг гүйцэж түрүүлээд өөрийн урсгалдаа ороод явж байхад осол болсон байх, тэгэхгүй бол дөнгөж гүйцэгдэж түрүүлээд өөрийн урсгалдаа орж амжаагүй байхад осол болсон бол гүйцэгдэж байгаа том чиргүүлтэй ачааны машин зогсож амжихгүй Волво маркийн автомашины араас мөргөх байсан, тэгээгүй Волво маркийн машины хажуугаар гараад явчихсан...” /1-р хх-ийн 127-128/ гэсэн,

Гэрч Г.Үрэлмаагийн “...Тэгээд орой 18 цагийн үед 33 дугаар зөрлөг өнгөрөөд явж байхад эсрэг урсгалаас нэг жижиг суудлын автомашин явж байсан, тэр машиныг хажуугаар зөрөөд явах байх гэж бодоод явж байхад гэнэт тоормослоод урсгал сөрж ирээд манай машины зүүн урд хэсэгт мөргөсөн. ...Би тэр үед цагдаа дуудъя гэхэд ...жолооч эмэгтэй манай нөхөр рүү залгачих, манай нөхөр Айраг сумын цагдаагийн дарга гэсэн. Нөгөө машины жолооч эмэгтэйгээс архи үнэртэж байсан, надтай болон нөхөртэй уулзаж чадахгүй тойроод ундаа уугаад цаагуур яваад байсан, тэр үед хоёр хүүхэд нь бид хоёр дээр байсан. Тэгээд нөгөө машины жолооч эмэгтэйн нөхөр нь энгийн машинтай 3 цагдаатай ирсэн, дараа нь цагдаагийн машинтай 2-3 цагдаа ирсэн. Цагдаа гэх нөхөр нь бас согтуу, архи үнэртэж байсан, тэнд очоод пизда гэж хараагаад манай нөхрийг зодох гээд дайраад байсан, намайг хүртэл түлхэж авсан. Тэгээд орой 21 цагийн үед дахиад Айраг сумаас цагдаа нар ирээд хэмжилт хийсэн. Өмнө нь хийсэн цагдаа нар нь хамт ирсэн цагдаа нараа загнаад өөрөө зааж өгөөд эндээс хэмж, тэндээс хэмж гээд байсан, би тухайн үед хэргийн газрын зураг авсан чинь чи яах гээд зураг аваад байгаа юм гээд миний утсыг булааж аваад наад зургаа устга гээд байсан. ...Нөхөр бид хоёр Тоёота Приус маркийн машины жолоочийн хоёр хүүхдийг нь нэг нэгээр нь тэврээд сууж байхдаа би том хүүхдээс нь юу болсон бэ гэж асуусан чинь ээж миний урдуур гараа явуулаад гэнэт ийм юм болчихлоо гэж хэлж байсан. ...Осол болохоос өмнө урдаа явж байсан машиныг гүйцэж түрүүлчхээд өөрийн эгнээндээ ороод ойролцоогоор 400-500 орчим метр явж байхад хажуугаар зөрөөд өнгөрөх нь үү гэтэл урсгал сөрөөд орж ирээд манай машиныг мөргөсөн. ...Манай нөхөр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, гүйцэж түрүүлэх үйлдлээ дуусаад өөрийн эгнээ рүү миний талаар бүрэн орчихсон байхад өөдөөс жижиг тэрэг утаа маналзуулаад ирж яваа харагдсан. Тэгээд удахгүй манай машины зүүн урд тал руу хүрч ирээд хүчтэй мөргөсөн...” /1-р хх-ийн 122, 125-126/ гэсэн мэдүүлгүүд,

- Зам тээврийн осол хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг болсон гэх газар нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багийн нутаг 33 дугаар зөрлөгийн зүүн хойд замд байв. Уг зам нь асьфалтан улсын чанартай, А0102 дугаартай тахир тэгш, хуурай, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвасгүй, хоёр эгнээтэй явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй зам байв...” /1-р хх-ийн 23-24/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны №02/0176, №02/0177 дугаартай дүгнэлтүүд,

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалисткийн шинжилгээний газрын Авто техникийн лабораторын 2020 оны №3652 дугаартай дүгнэлт, уг дүгнэлтэд “...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем болон фото зурагт үзүүлсэн Волво маркийн 00-00 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун зүүн дугуйнаас зам дээр үүссэн тоормосны мөрний уртаар хурдыг тогтооход 73,7 км цагийн хурдтай явж байсан байх боломжтой байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл схем болон фото зурагт үзүүлсэн Тоёота Приус маркийн 00-00 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун зүүн дугуйнаас зам дээр үүссэн тоормосны мөрний уртаар хурдыг тогтооход 83,7 км цагийн хурдтай явж байсан байх боломжтой байна...” /1-р хх-ийн 195-196/ гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар дээрх зам тээврийн осол болсон үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад Волво маркийн 00-00 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Б- нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Зараа багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх А0102 магистрал зам, Төмөр замын 33 дугаар зөрлөгийн орчим урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, уг үйлдлийг буюу урдаа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдлээ дуусгаж, өөрийнхөө эгнээнд орсны дараа 00-00 ДГС улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь урсгал сөрж орж ирээд Волво маркийн 00-00 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйл баримт тогтоогдох бөгөөд энэ үйл баримт нь 1-р хавтаст хэргийн 6-10, 11-18-р талд авагдсан осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, 2-р хавтаст хэргийн 129-130 дугаар талд авагдсан гэрэл зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалисткийн шинжилгээний газрын Авто техникийн лабораторын 2020 оны №3652 дугаартай дүгнэлт, уг дүгнэлтэд “...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем болон фото зурагт үзүүлсэн Волво маркийн 00-00 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун зүүн дугуйнаас зам дээр үүссэн тоормосны мөрний уртаар хурдыг тогтооход 73,7 км цагийн хурдтай явж байсан байх боломжтой байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл схем болон фото зурагт үзүүлсэн Тоёота Приус маркийн 00-00 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун зүүн дугуйнаас зам дээр үүссэн тоормосны мөрний уртаар хурдыг тогтооход 83,7 км цагийн хурдтай явж байсан байх боломжтой байна...” /1-р хх-ийн 195-196/ гэсэн, мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3651 дугаартай дүгнэлтэд “...Д.Б-ий жолоодон явсан Волво маркийн 00-00 УНД дугаартай тээврийн хэрэгсэл, Ц.Ш-ийн жолоодон явсан Тоёото Приус маркийн 00-00 ДГС дугаартай тээврийн хэрэгслүүдийн зам тээврийн ослын үед мөргөлтийн байрлалыг тогтоож, гэрэл зургаар харуулсан...” /1-р хх-ийн 185, 186/ тухай, 

2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №148 дугаартай мөрдөгчийн магадалгаа, уг магадлагаанд “...Тоёота Приус-20 маркийн 00-00 ДГС дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ш- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Осол гарах үед жолооч Ц.Ш- дээрх дүрмийн заалтуудыг зөрчсөн боловч Волво маркийн 00-00 УНД дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б-ий үйлдэл нь осол гарах шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.

4. Тоёота Приус маркийн 00-00 ДГС дугаарын автомашиныг жолоодон явсан жолооч Ц.Ш-ийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь зөрчлийн шинжтэй гэх үндэслэлтэй байна...” /1-р хх-ийн 201-203/ гэсэн дүгнэлтүүд, шүүх хуралдаанд оролцсон шинжээч С.Дарханбаатарын “...Тоёота Приус маркийн 00-00 ДГС дугаарын автомашины жолооч урсгал сөрсөн, Волво маркийн 00-00 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн урсгал сөрөөгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ хэрэгт Д.Б-ийг холбогдуулан мөрдөн шалгах бүхий л ажиллагааг хийсэн боловч Д.Б-ий гэм буруутайг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Тээврийн Прокурорын газраас Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Б-ийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас эрүүл мэндэд учирсан гэмтэл, эд хөрөнгөнд учирсан хохиролтой холбоотой зардалд нийтдээ 14,211,034 төгрөг нэхэмжилсэн, Д.Б- шүүхийн шатанд 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 14,211,034 төгрөгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэлэлцэхгүй орхиж, эрүүгийн 2019001680358 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Х.Б-ий иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ю.Н-гээс  ...Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй байна гэж үзэв.

Мөрдөгчийн 2020 оны 148 дугаартай магадалгаанд: “...Волво маркийн 00-00 УНД дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.5, 1.29.а-1.29 в тэмдгийг аюул бүхий газар байрлуулна. ...Нэг сумтай, 1.29.а, 1.29.б тэмдгийг урт зайд үргэлжилсэн эргэлт дээр дөрвөөс цөөнгүй тоотойгоор цувруулан байрлуулна, 1.29.а-1.29.3 “Эргэх чиг” 1.29.а, 1.29.б тэмдэг нь замын үзэгдэлт хязгаарлагдмал, эргэх радиус багатай хэсгийг ...анхааруулна. Мөн 2 дугаар хавсралтын 1.3 хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.1 хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ; 1.4. 1.1-1.3. 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно..., мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн нь урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ зөрчсөн заалтууд бөгөөд гүйцэж түрүүлэх үйлдлээ хийж дууссаны дараа Тоёото Приус 20 маркийн 00-00 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлэн урсгал сөрж орж ирээд тухайн осол болсон нь Х.Б-ий үйлдэлтэй шалтгаант холбоогүй юм.

 

          Х.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын эрхийн үнэмлэхтэй атлаа “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоныг тухайн зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэхгүй бөгөөд түүний энэ үйлдлийг Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар арга хэмжээ авагдах асуудал гэж үзнэ.  

 

          Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5, зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж- овогт Д-ийн Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Б-ийг цагаатгасугай.

 

2. Цагаатгагдсан этгээд Д.Б- хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 10,000,000 /арван сая/ төгрөг төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжилсэн 4,211,034 /дөрвөн сая хоёр зуун арван нэгэн мянга гучин дөрөв/ төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн 2019001680358 дугаартай хэрэгт хураагдсан нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Б- цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Д.АЛТАНЖИГҮҮР