Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0239/З |
Дугаар | 356 |
Огноо | 2018-06-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 356
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: С.Н
Хариуцагч: НТГ
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн С.Нийг ажлаас халах тухай Б/141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн тээврийн газрын даргад даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Н шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Н би Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Тээврийн газарт 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ачаа тээвэр, техник технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хяналт шалгалтын ахлах мэргэжилтэн, ачаа тээврийн хэлтсийн дарга, Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн техник технологи, инновацийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Улсад 16 жил түүнээс төрийн албанд 14 жил ажиллаж байна.
Миний бие НТГт ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг буруулах, иргэдийг түгжрэл бухимдалгүй зорчих, нийтийн тээврээр ая тухтай үйлчлүүлэх зэрэг дорвитой томоохон ажилд өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллаж ирсэн. Гэтэл одоогийн нийслэлийн тээврийн газрын удирдлагууд намайг ажлаас зориуд гаргах гэж удаа дараалан хууль бус үйлдэл хийж 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар ажлаас халсан.
Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны Б/141 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг зөрчсөн учир уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасны дагуу Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын зөрчил тооцохоор тушаал гаргасан. Хууль зүйн утгаараа тушаалын үндэслэх хэсэг заасан хууль, зөрчлийн шинж байдал таарч байх учиртай.
Гэтэл миний зөрчилд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийг хэрэгжүүлээгүй, ажил тасалсан, ажлын цагаар бүрэн ажилллаагүй гэх ямар ч үндэслэлгүй зөрчлүүдийг нэгтгэн ажлаас халсан.
Хэрэв төрийн жинхэнэ албан хаагч ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар “албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тохиолдолд албан тушаал бууруулах"-аар зохицуулсан.
Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажил таслах, ажлын цагаар бүрэн ажиллаагүй зэрэг зөрчлүүдэд дотоод журмын ямар заалтыг баримтлан хариуцлага тооцохыг тодорхой заагаагүй атлаа Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.3 гэх ажлаас халах заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй юм. Өөрөөр хэлбэл гаргасан зөрчлийн шинж байдал тодорхойгүй байхад албаар тулгаж зөрчил гаргасан мэтээр бичиж дахин төрийн албанд ажиллуулахгүй гэж Төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халж миний хөдөлмөрлөх эрхэд халдсанд гомдолтой байна.
Нийслэлийн тээврийн газрын дарга, удирдлагууд намайг ажлаас халахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн хүрээнд урьдчилан мэдэгдээгүй сонсгол хийгээгүй, мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу миний зөрчлийн нөхцөл байдлыг тогтоолгүй ажлаас халсан нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл илэрхий зохион байгуулалттай ажилгүй болгохоор зэхэж, ямар ч үйлдээгүй зөрчлөөр намайг буруутгаж ажилгүй болгосон. Иймд Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн С.Нийг ажлаас халах тухай Б/141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн тээврийн газрын даргад даалгаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 70, 130 дугаар зүйлийг үндэслэн маргаан бүхий тушаалыг гаргасан байна. “Ажлын цаг ашиглалтыг батлах тухай журам” нь хуулиар эрх олгосон журам биш. Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдүүлэх тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ажлын цаг 7 хоногт 40 цаг, өдрийн 8 цаг байна, 12 цагт амарна гэх тухай заалт байна. Тэгэхээр энэ журам нь анхнаасаа хүчин төгөлдөр байсан эсэх, түүнчлэн уг журмыг мөрдөж ажилтны цагийг бүртгэж болох эсэх асуудал яригдана. Уг журмыг мөрдүүлж, хоцорсон цаг, минутыг нэгтгэж 1444 цаг болгож, хариуцлага тооцож болох тухай зохицуулалт Нийслэлийн Тээврийн газрын дүрэм, Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журмаар заагаагүй байна.
Мөн хариуцагчаас гаргасан тайлбартаа 2016 оны А/40 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9.5, 12.7 дахь заалтуудыг тусгасан байна. С.Нийг ажлаас чөлөөлөх үед А/40 дүгээр тушаал мөрдөгдөж байсан ба уг тушаалаар 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр захирамжийг батлан гарсан байна. Тодорхой хэлбэл, А/928 дугаар тушаал нь хүчингүй болсон байсан тул журмаа шинэчлээгүй, А/64 дүгээр тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмыг баримталж байсан байна.” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “С.Н нь Тээврийн хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.7-д заасан Хууль тогтоомж, захиргааны шийдвэр, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээгээр тогтоосон бусад үүргээ чанд биелүүлэх үүргийг биелүүлээгүй, мөн 9.1-д заасан Ажил олгогч болон өөрийн шууд удирдлагын зааварчлагаа, зөвлөгөө, хууль ёсны үүрэг даалгаврыг үндэслэлгүйгээр сөргүүлэн тайлбар тавьж, үл ойшоон, хайхрамжгүй хандаж биелүүлээгүй тул тус газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
С.Нийн өөрийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн стандарт, техник технологийн мэргэжилтнээр томилсон.
Гэвч С.Н нь мэргэжилтнээр томилогдсон өдрөөс эхлэн буюу сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сар бүрийн төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг гарын үсгээр баталгаажуулан шууд удирдах албан тушаалтанд өгөөгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлж, ажил төрлийн бус яриа өрнүүлж, дэмий сэлгүүцэж, ажлын байраа орхин ажил тасалсан нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дахь заалт, тус газрын 2016 оны А/40 дүгээр тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.7, 9.5 дахь заалтууд, 2014 оны А/59 дүгээр тушаалаар батлагдсан “Ажлын цаг ашиглалтын журам"-ын 13.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байдаг.
Дээрх асуудлыг тус газрын Захиргааны зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр хурлаар тус тус хэлэлцэн С.Нийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн.
Захиргааны ерөнхий хуулийн дагуу тус газрын дарга Д.Отгонбаатар, хэлтсийн дарга Д.Галбадрах нар 2017 оны 09 дүгээр сард мэргэжилтэн С.Нтой биечлэн уулзаж түүний асуудлыг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэх тухай мэдэгдэж, түүний санал хүсэлтийг сонссон.
Тухайн үед Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам” нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан болно.
Нийслэлийн Тээврийн газрын Б/141 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудад хамаарахгүй тул хууль зүйн үндэслэл бүхий хүчин төгөлдөр захиргааны акт юм.
Иймд С.Нийн гаргасан “Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн С.Нийг ажлаас халах тухай Б/141 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн тээврийн газрын даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Ажлын цаг ашиглалтыг батлах тухай журам” хүчин төгөлдөр эсэх тухай ярьж байна. Ажил олгогч нь дотооддоо “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг мөрдүүлэх үүднээс мөн журмын 7, 9.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2014 оны А/59 дүгээр тушаалыг гаргасан. Тодорхой хэлбэл, “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг тус газрын ажилтан, албан хаагч нарын ажлын цаг ашиглалтыг сайжруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор гарсан. Уг журам нь ажилтны ажлын цаг, цалинтай шууд холбоотой. Мөн журмын 3.3.1-д “Ажилтан албан хаагч бүр ажилдаа ирэх гарахдаа, цаг бүртгэх төхөөрөмжид заавал бүртгүүлсэн байна” гэж заасан. Уг журмыг эрх бүхий албан тушаалтан дотоод зохион байгуулалтаа хангах үүднээс гаргасан тул мөрдөх зайлшгүй шаардлагатай.
НТГ нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд үйл ажиллагаагаа тухайн дүрмийн хүрээнд зохицуулж ажилладаг. 2014 онд А/64 дүгээр захирамжаар тус газрын дүрмийг баталсан бөгөөд уг дүрмийг баримтлан үйл ажиллагаагаа явуулж ирсээр 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А/928 дугаар захирамжаар дүрмийг дахин шинэчлэн баталсан. Энэ нь төрийн байгууллагын бүтэц, тогтолцооноос хамаарч байна. Засгийн газрын 8 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллага болон түүний бүтцийг баталсан. Засаг дарга дотооддоо харьяа агентлаг, өмчит байгууллагынхаа бүх бүтэц, зохион байгуулалтыг хийдэг эрх бүхий байгууллага тул дүрэм, бүтцийг дахин шинэчлэн баталсан. Тухайн үед буюу 2017 оны 11 дүгээр сард мөрдөгдөж байсан “Хөдөлмөрийн дотоод журам” нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар батлагдсан дотоод журам. Тодорхой хэлбэл, НТГ нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/64 дүгээр захирамжаар батлагдсан дүрмийг мөрдөн хүрээнд ажилладаг байсан. Тухайн үед А/928 дугаар захирамж гараагүй байсан.
Мөн нэхэмжлэгчээс тухайн цаг хугацаанаас зөрж ярьж байна. А/928 дугаар захирамж гарч, А/64 дүгээр захирамж хүчингүй болсон бол А/64 дүгээр захирамжийн дагуу тухайн үед мөрдөгдөж байсан дүрмийн хүрээнд гаргасан захирамж, тушаалууд бүгд хүчингүй болно гэсэн ойлголт байхгүй.
Байгууллагын хэлтэс, нэгж, тэдгээрийн үйл ажиллагааны чиглэл, түүнтэй холбогдуулан ажлын байрны тодорхойлолтыг батлан гаргасан. С.Н мэргэжилтний буюу техник, технологи, инновацийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан. Уг тодорхойлолтод тусгай шаардлага, ерөнхий шаардлагыг оруулсан бөгөөд ажлын ачаалал даах шаардлагыг тодорхой тусгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Н тус шүүхэд “Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/141 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн тээврийн газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Н НТГт 2013 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн техник технологи, инновацийн мэргэжилтний албан тушаалаас халагдахын өмнө буюу 1 жилийн хугацаанд 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Тээврийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн стандарт, техник технологийн мэргэжилтнээр албан тушаал буурч, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/42 дугаар тушаалаар техник, технологи инновацийн мэргэжилтнээр албан тушаал өөрчлөгдөн ажиллаж байгаад тус газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн техник технологи, инновацийн мэргэжилтний албан тушаалаас халагджээ.
Нийслэлийн Тээврийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн техник технологи, инновацийн мэргэжилтэн С.Нийг
1. удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй
2. ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийг хэрэгжүүлээгүй
3. ажлын цагаар бүрэн ажиллагаагүй, ажил тасалсан зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халахаар шийдвэрлэжээ.
Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх зөрчлийн тухайд:
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “С.Н удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй” талаар дурдсан байдаг.
Тухайлбал: Нийслэлийн тээврийн газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай хурлын тэмдэглэлд “...Техник технологийн хэлтсийн мэргэжилтэн С.Н хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй”, мөн “сануулах арга хэмжээтэй байгаа, хэлтсийн хурлаар 3-4 удаа оруулсан ” гэж тэмдэглэгджээ.
Мөн тус газрын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дугаартай хурлын тэмдэглэлд “... төлөвлөлтийн хэлтсээс С.Нийн ажил болохгүй байгаа тул шийдвэр гаргаж өгнө үү гээд тушаал гаргахын тулд хэлтсээс ямар хурал хийв, ямар үүрэг даалгавар биелүүлээгүй талаар баримт нэхэхээр барих зүйл байхгүй байна”, “ ...тушаал гаргаж болж байна. Гэхдээ ажил тасалсан асуудлыг шүүх дээр очиход халах хүртэл шийдвэр болж чаддаггүй. Үнэхээр шүүхэд маргаан үүсэн үед бидэнд нотлох баримт хэрэгтэй. Хэлтсийн даргаас нь нотлох баримт шаардахаар өгсөн юм байхгүй байна.” зэргээр тэмдэглэгдсэн байдаг.
Түүнчлэн Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн хурлын 2017 оны 01-05 дугаар хурлын тэмдэглэлүүдэд С.Нийг ямар үүрэг даалгавар хэрхэн биелүүлэхгүй байгаа, ямар нэг хариуцлага ногдуулах талаар тэмдэглэгдээгүй бөгөөд “2 цаг тутамд хэлтсийн даргад ажлаа тайлагнаагүй” гэх зөрчлийг гаргасан гэжээ.
Харин С.Нийн гүйцэтгэж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журам зэргээс үзэхэд 2 цаг тутамд ажлаа тайлагнах талаар үүрэг ногдуулаагүй атлаа дээрх зөрчлийг гаргасан гэх нотлох баримтгүйгээр С.Нийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж дүгнэсэн байна.
Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийг хэрэгжүүлээгүй гэх зөрчлийн тухайд:
С.Н 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/42 дугаар тушаалаар техник, технологи инновацийн мэргэжилтнээр томилогдон ажилласан бөгөөд уг ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажил, үүргийг хэрхэн биелүүлээгүй талаар хариуцагчийн тайлбар болон бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн тээврийн газрын техник, технологи инновацийн мэргэжилтний албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод 5 үндсэн зорилтын хүрээнд 33 төрлийн ажил үүргийг хэрэгжүүлэхээр тодорхойлсон бөгөөд “С.Н ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хэрэгжүүлэхээр үр дүнгийн гэрээг байгуулаагүй” гэж хариуцагч тайлбарладаг.
Гэтэл С.Ноос 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр үр дүнгийн гэрээ байгуулахаар гэрээний төсөл өгснийг хэлтсийн дарга Д.Галбадрахад авч гараар засвар хийсэн боловч баталгаажуулаагүй, мөн 2017 оны эхний хагас жилийн ажлын тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулаагүй нь хэрэгт авагдсан гэрээний төсөл, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн үр дүнгийн гэрээний илтгэх хуудас болон тайлангийн төслүүдээр нотлогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ.”, 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ.” гэж зааснаар хариуцагч байгууллага нь албан хаагчидтайгаа Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулж, түүний хэрэгжилтийг дүгнэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч С.Нтой уг гэрээг байгуулж, дүгнэх үүргээ хариуцагч биелүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.
Ажлын цагаар бүрэн ажиллаагүй, ажил тасалсан гэх зөрчлийн тухайд:
С.Н 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/42 дугаар тушаалаар техник, технологи инновацийн мэргэжилтнээр томилогдон 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажиллахдаа 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 8 дугаар сарын 14-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа эдэлснийг хасч тооцвол 4 сар гаруй хугацаанд уг албан тушаалд ажиллажээ.
Ингэхдээ 5 дугаар сард 23 хоног ажиллахаас 21 хоног ажиллаж 2 хоногт өвчтэй, чөлөөтэй гэж, 6 дугаар сард 21 хоног ажиллахаас 20 хоног ажиллаж 1 хоног тасалсан гэж, 7 дугаар сард 17 хоног ажиллахаас 6 хоног ажиллаж 11 хоног ээлжийн амралт эдэлсэн гэж, 8 дугаар сард 23 хоног ажиллахаас 15 хоног ажиллаж, үлдэх хоногт ээлжийн амралт эдэлснээр, 9 дүгээр сард 21 хоног ажиллахаас 21 хоног, 10 дугаар сард 22 хоног ажиллахаас 22 хоног ажилласнаар, 11 дүгээр сард 8 хоног / 16-ны өдөр ажлаас халагдсан/ ажиллаж 1 хоног ажил тасалсан гэж цагийн бүртгэлд бүртгэгджээ.
Хариуцагчаас С.Нийг нийслэлийн Тээврийн газрын 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар батлагдсан Ажлын цаг ашиглалтын журмын 4.5-д заасан “сард 1440 минутаас хэтэрсэн дутуу гүйцэтгэлтэй хүнийг 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсанд тооцон ... сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасны дагуу 11 дүгээр сард ажил тасалсан зөрчил гаргасныг ажлаас халах нэг үндэслэл болгосон байна.
Харин нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хагас сайн өдөр хөдөө хүнсэндээ яваад машин эвдрээд ирж чадахгүй тухайгаа хэлтсийн даргад хэлэх гээд залгахад утсаа аваагүй. 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 дэх өдөр, 14-ний өдөр 2 дахь өдөр байсан бөгөөд 15-ны өдөр ирэхэд ажлаас халсан гэж хэлсэн” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч ажлын 2 өдөр буюу 16 цаг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас жил албандаа ирээгүй байтал хариуцагчаас нэхэмжлэгчийг 24 цаг ажил тасалсан гэж үзэн ажлаас халахдаа нэхэмжлэгчээс хүндэтгэн үзэх шалтгааныг тодруулалгүйгээр түүний эзгүйд захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар 26.1-д ”Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, мөн зүйлийн 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.” гэж заасан байна.
Гэтэл хариуцагч Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар Техник технологийн хэлтсийн мэргэжилтэн С.Нийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийг хэзээ, хэрхэн зөрчсөнийг тогтоолгүйгээр, түүнчлэн эрх нь хөндөгдөж байгаа албан тушаалтныг өөрийг нь байлцуулан зөрчил гаргасан эсэх асуудлыг хэлэлцэлгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх;” төрийн албан хаагчийн баталгааг хангалгүй ажил албан тушаалаас халахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч С.Нийн төрийн алба хаших, хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.
Түүнчлэн хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёс, төрийн албаны ил тод байх, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах зарчмууд, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч С.Нийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.Нийн цалин хөлсийг Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар тогтоосон бөгөөд техник технологи инновацийн мэргэжилтний албан тушаал нь цалин ангилал зэрэглэл буураагүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар ТЗ-5-5 ангилал зэрэглэлтэй 628.344 төгрөгийн үндсэн цалин, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл 20 хувиар тооцох үндэслэлтэй байна.
С.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн техник технологи, инновацийн мэргэжилтний албан тушаалаас халагдаж шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл нийт 6 сар, 22 өдрийг ажилгүй байсан хугацаанд тооцож 5.909.976 төгрөгийн олговрыг нийслэлийн Тээврийн газраас гаргуулж, үүнээс 4.839.783 төгрөгийг нэхэмжлэгч С.Нид олгох, 1.070.193 төгрөгийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч С.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/141 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн тээврийн газрын даргад даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.Н нь Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 1.962.548 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авсан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан С.Нийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/141 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Нийг Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн техник технологи, инновацийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан С.Нийн ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс энэхүү шийдвэр гарсан 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 6 сар, 22 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх 5.909.976 төгрөгийн олговрыг нийслэлийн Тээврийн газраас гаргуулж, үүнээс 4.839.783 төгрөгийг нэхэмжлэгч С.Нид олгох, 1.070.193 төгрөгийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН