Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 108

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 3 дугаар багт оршин суух, Шунхтай овогт Цэдэнсодномын Батбаярын хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Батбаяр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Батбаяр Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Ц.Батбаяр нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 577 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх-Орон нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14, 1982 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01, 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 11 тоот тогтоолууд, 1979 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Эх-Орон нэгдлийн зөвлөлийн хоёрдугаар хурлын гишүүдийн нэрс, Эх-Орон нэгдлийн зөвлөлийн 1986 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит хурлын дотоод журам, 1988 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 11 тоот зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол, гэрч Д.Бямбасүрэн, С.Даваадулам, П.Пунцагцэрэн нарын мэдүүлэг, Нарийнтээл сумын 2 дугаар баригадын 1985 оны хүн амын дэлгэрэнгүй бүртгэл, Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1040 тоот нас барсны бүртгэлийн лавлагаа, 1020 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Батбаяр өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарШунхтай овогт Цэдэнсодномын Батбаярыг 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА