| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2021/0019/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/19 |
| Огноо | 2021-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунжаргал,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Халх овогт Чулуунхүүгийн Баярсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2019003120001 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ам бүл 4, 10-13 насны хоёр хүүхэд, хамтран амьдрагчийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлж, Уурхайчин гудамж 2-2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, 2-223 тоотод амьдарч байгаа, урьд;
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлсэн, Халх овогт Чулуунхүүгийн Баярсайхан /РД: ЕТ76051810/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өглөөний 8 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Цагаан дөрвөлжийн 223 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Даваажаргалыг үснээс нь зулгаан доош дарж байгаад нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөн зодож хамрын таславчийг нь мурийлган түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн; “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн үед Айраг сумын 4 дүгээр баг Цагаан дөрвөлжийн 223 тоотод өөрийн гэртээ 3 хүүхдийн хамт байж байхад манай хадам ээжийн дүү Ч.Б архи уучихсан согтуу ганцаараа орж ирээд намайг “янхан, ал, Дашдондогийн шээс” гэж хэл амаар доромжилж салаавч гаргаад миний баруун хөл рүү нэг удаа өшиглөөд намайг доошоо тонгойлгож байгаад нуруу, толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиж байгаад манай гэрээс гараад явсан. Маргааш өдөр нь өглөө...намайг хэл амаар доромжилж байснаа үснээс зулгааж байгаад хамар руу 2-3-н удаа хөлөөрөө өшиглөж миний хамраас цус гаргахаар нь би гэр рүүгээ гүйгээд орсон...Би тухайн үед Ч.Бд уурлаад түүнийг алгадах гээд дайрах үед түүний эхнэр М.Нарантуяа бид хоёрын дундуур орж салгах гэж байгаад миний гарт оногдож өөрийнхөө зүүн чих орчимд алгадуулсан...Надад Ч.Бтай холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ч.Б манай гэрт орж ирээд “уучлаарай ахынх нь буруу” гээд надаас уучлалт гуйхаар нь би түүнийг уучилсан.” гэсэн мэдүүлэг /хх-10, 12/,
Гэрч М.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...11 дүгээр сарын 11-ний өглөө хүүхдээ хичээлд явуулаад гэртээ байж байтал Д.Даваажаргал манай гэрт орж ирээд орноосоо дөнгөж босож байсан манай нөхөр Ч.Б руу очоод үгийн зөрүүгүй алгадаад, үсдээд авахаар нь манай нөхөр уурлаад түүнийг ор руу түлхэхэд тэр орон дээр суугаад босож ирэхээр нь би Д.Даваажаргалыг “Алив Д.Даваажаргал минь яв” гэж хэлээд гэрээс гаргах гэтэл Д.Даваажаргал намайг алгадаад авахаар нь манай нөхөр намайг өмөөрч босож ирээд түүнийг үсдэж дараад нүүр орчимд нь нэг удаа өшиглөөд хоёр дахь удаагаа өшиглөх гэхээр нь би тэр хоёрыг салгах гэхэд дийлэхгүй байсан ба тэгээд Д.Даваажаргал өөрөө манай гэрээс гараад явсан. Манай нөхөр Д.Д-ын нүүрэн тус газар нь өшиглөхөд түүний хамраас цус гарч байсан. Тэр манай гэрээс гарахдаа цусаа жоохон дуслуулаад гараад явсан. Надад Д.Даваажаргалтай холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-19/,
Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны орой 19 цагийн орчимд нагац дүүгийн эхнэр Д.Д-ын гэрт ганцаараа нэлээд согтуу байдалтай ороод дүүгээсээ “20.000 төгрөг өгчих, мөнгө орж ирэхээр буцаагаад өгье” гэхэд “мөнгө байхгүй, та намайг дандаа дээрэлхдэг” гэхээр нь түүнийг “янхан, ал, Дашдондогийн шээс” гэх мэтээр хэл амаар доромжлоод түүн рүү салаавч гаргаад уурандаа түүний хөл рүү өшиглөөд тонгойж байхад нь нуруу, толгой хэсэг рүү гараараа хэд, хэдэн удаа цохиж байгаад гарсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан учраас зарим зүйлээ санахгүй байна. Тэгээд би гэртээ унтаж амраад маргааш нь өглөө орноосоо босож чадаагүй байхад дүү Д.Даваажаргал орж ирээд үгийн зөрүүгүй “та одоо яаж байгаа юм” гээд намайг алгадаад авахаар нь би уурандаа түүний нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөхөд хажууд байсан манай эхнэр түүнийг “гар” гээд гэрээс хөөхөд гэрээс гарахдаа манай эхнэрийн баруун чихийг алгадаад гараад явсан. Тэгээд манай гэрээс гараад “Чамайг шоронд чинь явуулна, чамайг шоронгийн хадаас болгоно” гэж хэлээд уурлаад явсан. Тэр өдрөөс хойш би түүнтэй харьцаагүй, тэр надтай ч харьцаагүй. Өмнө нь хүүхдүүдээсээ болж хоорондоо багахан хэмжээнд маргалдаж байсан. Би архи авч уух гэж л дүүгээсээ мөнгө гуйсан. Бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Д.Даваажаргал надаас эмчилгээний зардал гэж мөнгө төгрөг нэхээгүй. Би айраг сумын “0” зогсолт дууссаны дараа ажил хийж байгаад хэдэн төгрөг өгье гэж бодож байгаа. Одоогоор надаас мөнгө нэхээгүй. Би 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түүнийг гэрт нь байхад орж түүнээс өөрийн буруугаа ухамсарлаж, уучлал гуйсан ба бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Д.Даваажаргал надад гомдол санал байхгүй гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-14-15, 17, 34-35/,
Иргэн Д.Даваажаргалаас Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан “...хадам ээжийн дүү н.Баярсайханд зодуулсан” гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Иргэн Д.Даваажаргалаас Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан “...Өчигдөр орой 19 цагийн үед Ч.Б гэх залуу согтуу орж ирж “20000 төгрөг өгчих” гэхээр нь “байхгүй” гэсэн чинь элдэв есөн шидээр харааж өшиглөж толгой руу цохисон, хүүхдүүдийг айлгаж, уйлуулсан. Тэгээд өглөө эрүүл болохоор нь гэрт нь орж “та согтуудаа битгий ингэж бай” гэж хэлэхэд намайг “Дашдондогийн шээснүүд, гуйлгачин минь битгий хуцаад бай” гэхээр нь би хэрэлдсэн. Тэгтэл босож ирээд намайг толгой руу, хамар руу цохиж, хамраас цус гоожуулсан, нэг биш удаа ингэж байгаа. Урьд нь мөн адил орж ирж элдэвээр харааж ерөөсөн байдаг. Иймд гомдолтой байгаа учраас энэ хүнд арга хэмжээ авч өгнө үү.” гэх өргөдөл /хх-4/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/0341 дугаартай “...Д.Д-ын биед хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-6/,
Хохирогч Д.Даваажаргалаас гаргаж өгсөн түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-23/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-25/, Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-26/,
Шүүгдэгч Ч.Б-ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-27/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/,
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-49-53/,
Яллагдагч Ч.Б-ы “ ...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бэр дүү Д.Д-ын биед хөнгөн гэмтэл учруулсан. Би өөрийн буруутай үйлдлээ ухамсарласан, хохирогч Д.Даваажаргал надаас нэхэмжлэх зүйлгүй тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-66/,
Хохирогч Д.Д-ын “...Ч.Баас нэхэмжлэх зүйл байхгүй тул Баярсайханд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-67/ зэрэг болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өглөөний 8 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Цагаан дөрвөлжийн 223 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Даваажаргалыг үснээс нь зулгаан доош дарж байгаад нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөн зодож хамрын таславчийг нь мурийлган түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь;
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн; шүүгдэгч Ч.Б-ы гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
хохирогч Д.Д-ын “...намайг хэл амаар доромжилж байснаа үснээс зулгааж байгаад хамар руу 2-3-н удаа хөлөөрөө өшиглөж миний хамраас цус гаргахаар нь би гэр рүүгээ гүйгээд орсон.” гэх,
гэрч М.Нарантуяагийн “...Д.Даваажаргал манай гэрт орж ирээд орноосоо дөнгөж босож байсан манай нөхөр Ч.Б руу очоод түүнийг үгийн зөрүүгүй алгадаад, үсдээд авахаар нь манай нөхөр уурлаад түүнийг ор руу түлхэхэд тэр орон дээр суугаад босож ирэхээр нь би Д.Даваажаргалыг “Алив Д.Даваажаргал минь яв” гэж хэлээд гэрээс гаргах гэтэл Д.Даваажаргал намайг алгадаад авахаар нь манай нөхөр намайг өмөөрч босож ирээд түүнийг үсдэж дараад нүүр орчимд нь нэг удаа өшиглөөд хоёр дахь удаагаа өшиглөх гэхээр нь би тэр хоёрыг салгах гэхэд дийлэхгүй байсан ба тэгээд Д.Даваажаргал өөрөө манай гэрээс гараад явсан.” гэх,
гэрч, яллагдагч Ч.Б-ы “...дүү Д.Даваажаргал орж ирээд үгийн зөрүүгүй “та одоо яаж байгаа юм” гээд намайг алгадаад авахаар нь би уурандаа түүний нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөхөд хажууд байсан манай эхнэр түүнийг “гар” гээд гэрээс хөөхөд гэрээс гарахдаа манай эхнэрийн баруун чихийг алгадаад гараад явсан.” гэх мэдүүлгүүдээр болон
иргэн Д.Даваажаргалаас Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан гомдол, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/0341 дугаар дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Б, хохирогч Д.Даваажаргал нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, мөн яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Даваажаргал нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчид дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар;
Шүүгдэгч Ч.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба тэрээр цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Халх овогт Чулуунхүүгийн Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Бд шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 112.500 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ