Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 00359

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багт оршин суух, РМ62021933 дугаар регистртэй, Луут овогт Нямхүүгийн Батцогтын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2017/00191/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Н.Батцогт нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Батцогт шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1978 онд 8 дугаар ангиа төгсөөд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1980 онд цэргийн албанд явж 1983 онд халагдаж ирсэн. Тэгээд Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд эр, сувай үхэр маллаж байсан. 2-3 сарын хугацаанд үхэр маллаж байхдаа бас хонь хамт маллаж байсан. Гэвч би үхэрчнээр ажиллаж байсан жилээ тогтоолгоно. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл зарим нэг баримт бичиг байхгүй, хөдөлмөрийн дэвтэр засвартай учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай боллоо. Ажиллаж байх хугацаандаа авсан шагнал урамшууллын материал манай байшинтай хамт шатаж устсан. Иймд миний Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

         Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Батцогт нь ажиллаж байсан байдал тогтоолгох  тухай  хүсэлт  гаргасан  ба   Иргэний

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.      

Нэхэмжлэгч Н.Батцогт Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.Батцогтын 1984 оны 1 дүгээр сараас 1992 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлээс олгосон “1. 1986 оны 06 сарын 01. “Ялалт” нэгдэлд хоньчноор томилов. “Ялалт” нэгдлийн даргын 1986.06.25-ны 27-р тушаал” гэх бичилттэй 1985 оноос 1990 оныг дуустал хугацааны цалин хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Цэрэндолгорын “Н.Батцогт нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт”  нэгдэлд 1984 оны 01 сараас 1992 оныг дуустал хугацаанд үхэрчин хийж байсан. Нэгдлийн үхэр малладаг малчин байсан. Түүнээс өмнө цэрэгт яваад ирсэн юм. Нэгдлийн 1 дүгээр бригадад бид хамт мал маллаж байсан хүмүүс. Нэгдэл маань 1993 онд тарсан... тасралтгүй ажиллаж байсан... Би Түнэл сумын “Ялалт” нэгдэлд 16 наснаас эхлэн үхэрчин хийж байгаад 21 наснаас эхлэн хоньчин, саальчнаар ажиллаж, нэгдэл тарах хүртэл ажилласан...”  гэх мэдүүлэг, гэрч Д.Юндэндоржийн “...Н.Батцогт нь цэргийн алба хааж ирээд Түнэл сумын “Ялалт” нэгдлийн 1 дүгээр бригадад үхэрчин хийх болсон. 1984 оны 01 сараас 1993 он хүртэл хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Бяруу, содон үхэр маллах зэрэг нэгдлийн үхэр л малладаг байсан... тасралтгүй ажиллаж байсан... Би Түнэл сумын “Ялалт” нэгдэлд 1975 оноос 1985 он хүртэл хоньчноор ажиллаж байгаад 1987-1994 он хүртэл сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан... 1985 он хүртэл хамт ажиллаж байсан. Байгаль хамгаалагчаар ажиллахын тухайд нэг сумын нэг нутгийн хүмүүс нэг нутаг усандаа л ажиллаж байсан. Хэн нь нэгдэлд, хэн нь захиргаанд ажиллаж байсан талаар мэднэ. Сумын байгаль хамгаалагч харин ч малчидтай хамтын ажиллагаатай, бэлчээр, худаг ус, нүүдэл суудал отор хийх гээд хамтын ажиллагаатай байсан... нэгдлийн дарга Буянт, Бат-Очир дарга нар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.  

Н.Батцогтын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Тус аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Н.Батцогтод холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/73 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Луут овогт Нямхүүгийн Батцогтын Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА