| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00345/И |
| Дугаар | 00345 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 00345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1992 онд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Их-уул сумын Сум дундын эмнэлэгт хүний их эмч ажилтай, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 5 дугаар багт оршин суух, РЙ92052907 дугаар регистртэй, Эрхий мэргэн овогт Дашдэлэгийн Баасанбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Мандал багт оршин суух, РЖ92102819 дугаар регистртэй, эрэгтэй, Жаргалант овогт Баасанхүүгийн Зоригтбаатарт холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2017/00232/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Д.Баасанбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Баасанбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Зоригтбаатар бид хоёр ахлах ангид хамт сурч байхдаа 2010 онд үерхэж эхлэн, 2013 оноос хамтран амьдарч, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүү З.Оргил-Одыг төрүүлсэн. Хүүгийн төрсний гэрчилгээг Б.Зоригтбаатар өөрийнхөө нэрээр овоглоод авсан байхаар нь гэрлэлтээ батлуулсан юм байна гэж бодсон. Гэвч гэрлэлтээ батлуулаагүй байсныг саяхан мэдсэн. Бид 2014 оны 06 сар хүртэл хамт амьдарч байгаад Б.Зоригтбаатар Хөвсгөл аймгийн Рашаант суманд банкны теллерээр ажилд орж тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд Б.Зоригтбаатар гэр бүлээс гадуур олон удаа харилцаа үүсгэж байсан ч би уучилж байсан. Гэвч хамгийн сүүлд нэг эмэгтэйтэй хамтран амьдарч, холбоогоо таслах боломжгүй гүнзгий харилцаанд орсон байсан учир цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Бидний хооронд одоо ямар ч харилцаа байхгүй. Иймд хүү З.Оргил-Одыг тэжээн тэтгүүлэх тэтгэлгийг эцэг Б.Зоригтбаатараас гаргуулж авах хүсэлтэй байна. Бид хүүхдийн тэтгэлгийн талаар хоорондоо ярилцаж тохирсон ч одоо хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.Зоригтбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Баасанбаяртай 2010 оноос үерхэж оюутан байх хугацаандаа хамт амьдарсан. Энэ хугацаанд 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүү Оргил-Од төрсөн. Оргил-Од нь миний хүүхэд мөн гэдгийг зөвшөөрч байна. Таарч тохирохгүйн улмаас тус тусдаа амьдарч байгаа. Хүү Оргил-Од нь байнгын нааш цааш явж бид хоёр дээр байдаг. Би хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Баасанбаяр нь хариуцагч Б.Зоригтбаатарт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Баасанбаяр, хариуцагч Б.Зоригтбаатар нар 2013 онд хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүү З.Оргил-Од төрсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүү З.Оргил-Одын №6722000030 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү З.Оргил-Од нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Зоригтбаатараас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү З.Оргил-Одыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон тул 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү З.Оргил-Од нь 3 нас 1 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч Б.Зоригтбаатар төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү З.Оргил-Одод сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1.041.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Зоригтбаатар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Баасанбаярыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг хариуцагч Б.Зоригтбаатараас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА