| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/00398/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/19 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Ж.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б овогт Ж Ч холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003000000413 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... оны .... дугаар сарын ....-нд Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл ...... хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Ж Ч /РД:..................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүүн урд замд Монгол Улсын замын хөдөлгөөний 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/....согтууруулах ундаа...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Королла маркийн 76-25 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс замын хажуугийн бетонон хашаа мөргөснөөс зорчигч Г.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ж.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүүн урд замд Монгол Улсын замын хөдөлгөөний 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/....согтууруулах ундаа...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Королла маркийн 76-25 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс замын хажуугийн бетонон хашаа мөргөснөөс зорчигч Г.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ж.Ч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10/
3. Хохирогч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр айлын эхнэр надад хундага архи өгөхөөр нь 3 удаа уусан, бэр Ч 2 удаа хундагаар уусан, ...Ч нь Батбаатарын Тоёота Королла маркийн автомашиныг жолоодоод Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урдуур шороон замаар баруунаас зүүн чигт явж байгаад бетонон ханыг чигээрээ давхиж очоод мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/
4. Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 сарын 11-ны өдөр би .Ч ирэхдээ миний нэр дээр байдаг Тоёота Королла маркийн 76-25 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ирсэн байсан. Ч нь Хорвоогийн гэрийн гаднаас Тоёота Королла маркийн 76-25 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод хөдөлсөн гэсэн. Би согтоод байсан тул жолоочийн хажуу талын суудал дээр унтаад өгсөн. Нэг сэрэхэд би машины гадаа гарчихсан газар хэвтэж байсан. Босоод харахад аав миний хажууд газар хэвтчихсэн, Ч машиныхаа урд талд сууж байсан. ...Би эхнэрээ хамгаалаад жолоо барьж явсан гэж худлаа хэлчихсэн юм ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/
5. Иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Зэт Прожект групп ХХК- ийг төлөөлж энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Манай компанийн зүгээс үнэлгээгээр гарсан 1.7505.400 төгрөг болон үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн зардал болох 119.000 төгрөг, нийт 1.824.400 төгрөгийг буруутай жолоочоос нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/
6. Гэрч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг орж ирснээс хойш Ч 1-2 удаа хундага архи уусан. Архийг манай эхнэр, Ч , Ч ийн нөхөр. Батбаатарын аав нар хамт хувааж уугаад, 20 минутын дараа гарахаар болсон. Ч автомашинаа жолоодоод нөгөө хоёр нь хамт автомашиндаа суугаад явчихлаа гээд эхнэр гаднаас орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/
7. Гэрч Э.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч хадам аавтайгаа автомашинаа барьчихсан орж ирсэн. Хадам аав нь бага зэрэг архи үнэртүүлчихсэн, Ч зүрх өвдөөд байна гээд орж ирсэн. Ч ийг “архи уу“ гэхэд. 50 гр архи уусан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11883 дугаартай дүгнэлт: “...С.Д-ийн биед баруун шаантны дээд хэсгийн үе дайрсан бяцарч зөрсөн хугарал, баруун тахилзуур ясны толгойн сэлтэрхий хугарал, баруун эрхий хурууны зүсэгдсэн шарх, зүүн шилбэний зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алталданд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51/
9. Ашид билгүүн ХХК-ийн ТХҮ-220-05 дугаартай үнэлгээний тайлан: “Зэт Прожект групп ХХК-ийн эзэмшлийн бетонон хашаанд учирсан хохирол 1.705.400 төгрөг” /хх 32-37/
10. Мөрдөгчийн магадлагаа /хх 87-88/,
11. Шүүгдэгч Ж.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Ч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№11883/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ж.Ч нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг минутын үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүүн урд замд Монгол Улсын замын хөдөлгөөний 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/....согтууруулах ундаа...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Королла маркийн 76-25 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс замын хажуугийн бетонон хашаа мөргөснөөс зорчигч Г.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ж.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Ч ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-19, 90/, түүний хувийн байдал /...34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б овогт Ж Ч ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ тус тус авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Ч холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Ж.Ч ийн 1213151 дугаарын 1 /нэг/ ширхэг жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч ээс 1.705.400 /нэг сая долоон зуун таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Би Зэт Прожект групп ХХК-д олгох нь зүйтэй.
Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэе.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б овогт Ж Ч ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ тус тус авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Ж.Ч холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Ж.Ч ийн 1213151 дугаарын 1 /нэг/ ширхэг жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч ээс 1.705.400 /нэг сая долоон зуун таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Би Зэт Прожект групп ХХК-д олгосугай.
7. Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Ч ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Ж.Ч сануулсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР