| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2021/0063/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/57 |
| Огноо | 2021-01-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/57
2021 01 26 2021/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч П.Энхболд,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Б-н Б-О холбогдох эрүүгийн 2010012101064 дугаартай, 187/2021/0063/Э индекстэй хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......... оны .... дүгээр сарын .........-ний өдөр ..........суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... хамт ..........баг, Сангийн далайд оршин суух бүртгэлтэй, Хан-Ууд дүүргийн ...... дүгээр хороо, ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б-н Б-О /РД:....................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүк орчинд санхүү зээл гэсэн зар тавьж, 5.000.000 төгрөгийн зээлийн хүү 275.000 төгрөг, 3.000.000 төгрөгийн зээлийн хүү 170.000 төгрөг урьдчилж өгөх ёстой гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, мөнгө зээлийн үйл ажиллагаа явуулаагүй, биелэгдэх боломжгүй байхад иргэн Ц.З-аас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Наадам центр төвийн бэлэн мөнгөний машинаас 275.000 төгрөг, иргэн С.Т-аас 170.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5071430728 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүк орчинд санхүү зээл гэсэн зар тавьж, 5.000.000 төгрөгийн зээлийн хүү 275.000 төгрөг, 3.000.000 төгрөгийн зээлийн хүү 170.000 төгрөг урьдчилж өгөх ёстой гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, мөнгө зээлийн үйл ажиллагаа явуулаагүй, биелэгдэх боломжгүй байхад иргэн Ц.З-аас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Наадам центр төвийн бэлэн мөнгөний машинаас 275.000 төгрөг, иргэн С.Т-аас 170.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5071430728 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Ц.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 10-ны 16 цагийн үед фэйсбүүкээс зээл санхүү гэсэн хаягтай холбогдоод мөнгө зээлье гэсэн чинь 5 сая төгрөгөөс дээшээ гардаг доош байхгүй гэсэн тэгээд авахдаа эхлээд хүү 275.000 төгрөгийг шилжүүлээд 5 сая төгрөг зээлж болно гэсэн тэгээд би фэйсбүүк чатаар холбогдоод надад хаан банкны 5071430728 тоот Б-О гэсэн данс өгөөд хүүгээ хийгээд мессеж бичээрэй гэсэн. Би тэр данс руу 275.000 төгрө шилжүүлчихээд холбогдох гэсэн боловч болохгүй намайг блок хийсэн байсан. Зээл санхүү гэсэн нэртэй фэйсбүүк хаягаар холбогдсон,...би Хаан банкны 5071430728 тоот Б-О гэсэн данс руу өөрийн Голомт банкны 3155116554 тоот данснаасаа бэлэн мөнгө аваад Хаан банкны АТМ дээр байсан танихгүй хүнийг гуйгаад шилжүүлсэн,...надад гомдол санал байхгүй, миний мөнгийг буцаан өгсөн байгаа ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15/
3. Хохирогч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...5046177729 тоот данс миний данс байгаа юм, би тухайн үед мөнгөний хэрэг гараад фэйсбүүк хаяг орсон чинь мөнгө зээлсэн гэсэн хаягтай фэйсбүүк хуудас байхаар холбогдон мессеж бичихэд хүү 170.000 төгрөг өгөхийн бол 3.000.000 төгрөг зээлэх боломжтой гэхээр нь 170.000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлсэн юм тэгээд мөнгө шилжүүлснээс хойш бичихгүй алга болсон, ...би одоо 170.000 төгрөгөө авах юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-19/
4. Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...80229034 гэсэн дугаарыг 2020 оны 5 дугаар сарын дундуур Нисэхийн байрны буудал дээр айдаг юнителийн салбараас өөрийн нэр дээр аваад Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд 1-2 хоногийн дараа очиход манай ээжийн дүү Б.Б-О өгсөн намайг хотод байхад Б.Б холбогдоод намайг дугаар аваад өг гэсэн тэгээд би авч өгсөн, одоо энэ дугаарыг Бямба-Очирын найз охин Цагаанцоож гэх эмэгтэй хэрэглэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/
5. Ц.З-ын Голомт банкны дансны хуулга, санхүү, зээл авах чатаар харилцсан мессежны хуулгууд /хх-28-36/
6. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-38-39/
7. Б.Б-ын Хаан, Төрийн, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-47-48/
8. Юнител ХХК-ийн 2020 оны 7 дугаар 09-ний өдрийн албан тоот /хх-59-60/
9. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүк орчинд санхүү зээл гэсэн зар тавьж, 5.000.000 төгрөгийн зээлийн хүү 275.000 төгрөг, 3.000.000 төгрөгийн зээлийн хүү 170.000 төгрөг урьдчилж өгөх ёстой гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, мөнгө зээлийн үйл ажиллагаа явуулаагүй, биелэгдэх боломжгүй байхад иргэн Ц.З-аас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Наадам центр төвийн бэлэн мөнгөний машинаас 275.000 төгрөг, иргэн С.Т-аас 170.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5071430728 тоот дансаар шилжүүлэн авч залилсныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нартай эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ц.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн12/, хохирогч С.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-19/, Б.Б-ын хувийн байдал /....30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, дүү нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-н Б-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б-О холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Хаан банкны 5071430728 тоот дансны зарлагын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Б-О сануулж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-н Б-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-О оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б-О холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Б-О сануулсугай.
6. Хаан банкны 5071430728 тоот дансны зарлагын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б-О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР