Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 168

 

Зохигчдын  эвлэрлийг  баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 6 дугаар баг, 2-23 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО86063015, Булгадар овогт Нацагийн Магсаржавын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХХК-ийн Увс аймгийн газарт холбогдох,

            Ажилгүй байсан хугацааны цалин 2.000.000 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв. 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Магсаржав, хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Сүрэнжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Н.Магсаржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 31 дүгээр шийдвэр, магадлал, хяналтын шатны тогтоолоор намайг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн Тэс сумын салбарын ажилтнаар эгүүлэн тогтоосон. Одоо би 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалин нийт 2.000.000 төгрөг болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

       Хариуцагч “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХХК-ийн Увс аймгийн газрын дарга Л.Даваажав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Булгадар овогтой Нацагийн Магсаржавын нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байгаа болно” гэжээ. 

      Нэхэмжлэгч Н.Магсаржав, хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Сүрэнжав нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ““Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХХК-ийн Увс аймгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр тус компаниас ажилгүй байсан хугацааны цалин 1.000.000 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Н.Магсаржав нь хариуцагч “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХХК-ийн Увс аймгийн газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 2.000.000 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Шүүх хуралдаан дээр зохигчид нь ““Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХХК-ийн Увс аймгийн газраас ажилгүй байсан хугацааны цалин 1.000.000 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр” тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байгаа бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

        Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигчид нь эвлэрсэн тул нэхэмжлэгч Н.Магсаржавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 1.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28550 төгрөгийг хариуцагч “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХХК-ийн Увс аймгийн газраас гаргуулж нэхэмжлэгч Н.Магсаржавт олгох нь зүйтэй байна. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Нэхэмжлэгч Н.Магсаржав, хариуцагч “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХХК-ийн Увс аймгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сүрэнжав нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож ““Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХХК-ийн Увс аймгийн газраас ажилгүй байсан хугацааны цалин 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр” зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХХК-ийн Увс аймгийн газраас улсын тэмдэгтийн хураамж 28550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Магсаржавт олгож, 46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ