Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 941

 

 

А.Мөнхдөлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2017/00339 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Мөнхдөлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Одгэрэлд холбогдох

 

Зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч А.Мөнхдөлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа,

Хариуцагч Б.Одгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Одгэрэл нь А.Мөнхдөлөөс байшин барих зорилгоор 1 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн, Б.Одгэрэл нь 1 сарын хугацаатай уг гэрээг 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгахыг хүсч, 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сар хүртэл 9 сарын хугацаанд хүүг тасралтгүй төлсөн. Түүнээс хойш түрээсээр гар утас зардаг байсан лангуугаа орхиж яваад 3 сарын хугацаанд хүү төлөөгүй. А.Мөнхдөл хүнээс мөнгө авч Б.Одгэрэлд өгсөн бөгөөд Б.Одгэрэлийг үлдсэн 3 сарын хүүгээ төл гэхэд “хоёулаа зээлийн гэрээг дахин сунгая, нотариат оръё” гэж өөрөө хүссэн байдаг. 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл гэрээг сунгаад, энэ хугацаанд би мөнгийг чинь төлнө гэж хэлсэн. Түүнээс хойш утсаа авдаггүй, мөнгөө ямар нэгэн байдлаар төлөөгүй. Сейфний хувьд хариуцагч өөрөө 2 сараас эхлэн гар утасны лангуун дээр үлдээсэн. А.Мөнхдөл Б.Одгэрэлтэй утсаар ярихад “би танд мөнгө өгөх юм чинь та аваад хадгалж бай, би удахгүй бүх мөнгийг чинь өгөхдөө сейфээ авна” гэж хэлсэн. Сейфний хувьд Хятад Улсад үйлдвэрлэсэн энгийн галд тэсвэргүй, үнийн дүндээ хүрэхгүй, нэг сейф нь 50 см, нөгөө нь 60 см өндөртэй, гадуур зарагдаж байгаа үнэ нь 150 000-250 000 төгрөгийн үнэтэй байдаг. Сейф одоо хүртэл агуулахад байгаа учраас барьцаалсан зүйл байхгүй. Хариуцагчаас 6 сард байгуулсан гэрээний хүү, алданги болон “iphone 5” загварын гар утасны мөнгийг нэхэмжилж байна. Хоёр сарын хүүг төлсөн талаар нотлох баримт байхгүй. А.Мөнхдөл 9 сарын хугацаанд авсан мөнгөө гарын үсгээ зурж баталгаажуулсан. “Iphone 5” загварын гар утасны мөнгийг өгч, авсан талаар нотлох баримт байхгүй. Үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн хүүг сар сардаа авдаг. Ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж энэ гэрээг байгуулаагүй. Үндсэн зээл 1 500 000 төгрөг болон 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх 2 сарын хүү 300 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 76 хоногийн алданги өдөрт 7 500 төгрөгөөр тооцоход 570 000 төгрөг, “iphone 5” загварын гар утасны үнэ 380 000 төгрөг, нийт 2 750 000 төгрөгийн үндсэн зээл болон зээлийн хүү, алдангийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Мөнхдөлөөс 1 500 000 төгрөг 1 сарын хугацаатай зээлж авсан. Гэрээний хугацаа дуусаад би 9 сарын хүү болох 1 950 000 төгрөгийг төлсөн. Энэ мөнгийг үндсэн зээлээс хасч тооцоогүй. Барьцаа болгон 2 сейф дур мэдэн авсан. Анх барьцаагүй зээл гэж гэрээнд заасан байгаа. Бусад банкны зээлээс өндөр буюу 10 хувийн хүүтэй байсан. Боломжтой үедээ би 1 950 000 төгрөг төлсөн. “Iphone 5” загварын гар утасны үнэ 300 000 төгрөгийг би тухайн үедээ төлсөн, гэвч өрөнд суутгалаа гээд суутгаж авсан. Би гэрээний 3.8-д зааснаар мөнгөө төлж байсан. Нотариатаар орно гэж өөрөө санаачилсан. Анх мөнгө зээлж авахдаа гэрийн хаягаа тодорхой бичиж зээл авсан. н.Ану гэдэг хүнд би өргүй. Би ажлаас очиж 2 сейфээ авна гэж хэлэхэд дур мэдэн авч явсан байсан. Мөнгө өгч, авч байхдаа гарын үсэг зурж авч байсан баталгаа хэн хэнд нь байхгүй. Энэ хүн өдөр өдөрт нь гарын үсэг зуруулж авдаг. Мөнгө төлж дуусахад өөрөө баримтаа хураагаад авдаг байсан. 500 000 төгрөгөөс илүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Iphone 5” загварын гар утсыг би 380 000 төгрөгөөр хүнд зээлээр өгнө гэж хэлээд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10-14 хоногийн хугацаатай авсан. Утасны мөнгө гэж 300 000 төгрөг төлсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Одгэрэлээс зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 530 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч А.Мөнхдөлд олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 220 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Одгэрэлээс 16 550 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч А.Мөнхдөлд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч А.Мөнхдөл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэгч А.Мөнхдөл зээлийн гэрээний үүрэгт хүү, алданги гаргуулахаар шаардсан байх ба шүүх зохигчид анхнаасаа хүү, алданги бичгээр тохиролцсон эсэх нь тогтоохдохгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн тул зээлийн хүү авах эрх болон алданги шаардах эрхээ тус тус алдсан байна гэж үзлээ" гэжээ. Хариуцагч тал мөнгө хүлээн авсан зүйлдээ маргахгүй байгаа бөгөөд шүүхэд ирүүлсэн нотлох баримтад байгаа 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний 3.8-д зааснаар энэхүү гэрээ нь 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний сунгалт гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч хүүгээ төлж байсан бөгөөд гэрээг 2 сарын хугацаатай сунгах тухай гэрээ юм. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т тус тус зааснаар 2015, 2016 оны гэрээний сунгалтын хүүг төлөхийг хоёр тал хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч А.Мөнхдөл нь хариуцагч Б.Одгэрэлд холбогдуулан зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 750 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд амаар тохирч 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1 500 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй хариуцагчид зээлдүүлснийг тэрээр үгүйсгээгүй бөгөөд 12 сарын хүүд 1 950 000 төгрөг төлсөн гэж тайлбарласнаас үзвэл зохигчид зээлийн гэрээг хүүтэй тохиролцсон талаар маргахгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Зохигчид 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр амаар тохиролцсон 1 500 000 төгрөгийн зээлийн гэрээг баталгаажуулж 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1 500 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож зээлийн гэрээг нөхөж байгуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

 

Дээрх бичгийн зээлийн гэрээгээр талууд зээлийн хүүг тохиролцсон нь  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний дагуу хүүд 1 350 000 төгрөг төлсөн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу хүүд 1 950 000 төгрөг төлсөн гэж маргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн хүүд 1 950 000 төгрөг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй болно.

 

Хариуцагч нэхэмжлэгчид эхний зээлийн гэрээний дагуу 1 сарын хүүд 150 000 төгрөг төлсөн талаар маргаагүй тул зээлийн хүүд 150 000 төгрөг төлснийг буруутгахгүй.

 

Зээлийн гэрээгээр хариуцагч зээлд 1 500 000 төгрөг, зээлийн 3 сарын хүүд 450 000 төгрөг нийт 1 950 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

Түүнчлэн, талууд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн нөхцөлд хариуцлага тооцохоор тохирсон болох нь бичгийн зээлийн гэрээгээр тогтоогджээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн үнэлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А.Мөнхдөлд хариуцагч Б.Одгэрэл нь зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлд 600 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 76 хоногийн алдангид 228 000 төгрөг, нийт 828 000 төгрөг төлөх үүрэгтэй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид “Iphone 5” загварын гар утасыг 380 000 төгрөгөөр худалдсан үйл баримтын талаар маргахгүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий зөв болжээ.

 

Хариуцагч Б.Одгэрэл нь “Iphone 5” загвсарын гар утасны үнийг төлсөн гэж тайлбар гаргаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбарыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул “Iphone 5” загварын гар утасны үнэ 380 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Одгэрэлээс 1 208 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мөнхдөлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 542 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2017/00339 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Одгэрэлээс 1 208 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мөнхдөлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 542 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 тогтоох хэсгийн 2 дахь заалтын “16 550 төгрөг” гэснийг “33 542 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Мөнхдөлийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                   

                                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ