Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 635

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

“Э” ХХК-ийн “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч Э.Нийн гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэх шаардлага бүхий Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Н-д холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд гомдол гаргагчийн төлөөлөгч Ө.Г, хариуцагч Э.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Э” ХХК-ийн төлөөлөгч Ө.Г нь шүүхэд гаргасан гомдолдоо: “...Барилга, хот төлөвлөлт, зураг төслийн “Э” ХХК нь иргэн Н.У захиалгаар Б******* дүүргийн ******* хорооны нутагт 12 давхар офис, үйлчилгээний барилгын зураг төслийг боловсруулж зохих бүх зөвшөөрөл, баталгаажилтыг нь гүйцээж одоо барилгын ажил нь 5 дугаар давхартаа явж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэхүү зураг төслийг боловсруулахдаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон Архитектур төлөвлөлтийн даалгаврын зарим заалтыг зөрчсөн байна хэмээн бодлогогүй, өнгөц шийдэл гаргаж манай компанийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 5.0 сая төгрөгөөр торгохоор "Шийтгэлийн хуудас" үйлдэж хүргүүлжээ. Юуны төлөө шийтгүүлж байгаагаа манайх огт ойлгохгүй байна. Энэ шийтгэлийг бид ямар ч үндэслэлгүй, мэргэжлийн ойлголтгүйн үүднээс гарсан байна гэж эсэргүүцэж байгаа бөгөөд холбогдох дээд шатны байгууллага болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар та бүхнээс энэ асуудлыг яаралтай судалж үнэн зөвийг нь тогтоож өгөхийг гүнээ хүсэж байна. Ийм маягаар хэтрүүлж, үндэслэлгүйгээр манайх шиг гүйцэтгэгч, татвар төлөгч байгууллагуудад дээрэнгүй хандаж болохгүй.

Яагаад үндэслэлгүй, буруу шийдвэр вэ гэдгийг товч тоочъё:

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур төлөвлөлтийн даалгавар алдаатай бичигдсэн байсан. Эхний хуудас дээр 1 дүгээр давхрыг 12х18м гэсэн боловч 2 дугаар хуудсанд барилгажих талбайг 18х18м гэж схемээр үзүүлсэн нь зөрчилтэй болсон байгаа. Мөн хүснэгтэд барилгажих талбайг зоорийн давхрын талбайгаар бичих ёстой байсныг 1 дүгээр давхраар заасан нь байцаагчийг төөрөлдүүлсэн. Үүнийг 39 жилийн мэргэжлийн хүний хувьд зөвөөр нь ойлгож төслийг зөвөөр нь боловсруулсан. Архитектур төлөвлөлтийн даалгавар дах энэ алдаа, зөрчлүүдээ Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт сүүлд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр засаж Архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчилсэн.

     Дараа нь миний зөвөөр нь ойлгож боловсруулсан "загвар зургийг" Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар журмынхаа дагуу батлаж өгсөн. Өөрөөр хэлбэл хот төлөвлөлтийн хамгийн чухал бичиг баримт болох "Загвар зураг" зөв болсоныг зөвшөөрсөн гэсэн үг юм. Барилга, хот төлөвлөлтийн асуудал бичиг текстээр биш зургаар голлож яригддагийг энгийн хүн ч гадарлах байх.

Мөн ажлын зураг маань Онцгой байдлын ерөнхий газар, Барилгын Хөгжлийн Төвийн Магдлалаар шалгагдаж баталгаажсан байгаа.

           Энэхүү барилгын газрын болон холбогдох суурь зөвшөөрлүүд нь 10 гаруй жилийн түүхтэй гэж ойлгож байгаа. Энэхүү барилга манай зураг төслийн дагуу баригдсанаар хот, нийгэм, иргэдэд ямар ч хохирол учруулахгүйгээр шийдэгдсэн байгаа. Хэн нэгэн хүн гомдоллодог тал бий, гэхдээ хот маань амьдралын шаардлагаа дагаад, хууль журмаараа хөгжиж өөрчлөгдөх байх.

Холбогдогч Э.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Н би, Б******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Уийн худалдаа, үйлчилгээний барилгад ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн хяналт шалгалтын ажиллагаа явуулсан болно. Хяналт шалгалтын явцад Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан барилгын 1 дүгээр давхарын хэмжээ батлагдсан загвар зурагт өөрчлөгдөн тусгагдсан мөн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд алдаатай хэмжээ тусгагдаж баталсан байна.

Иймд дээрх зөрчлийг иргэн Н.У үйлдээгүй ба Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор, хэлтсийн дарга нарын өөрийн хүлээсэн төрийн албаны чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, зураг төсөл зохиогч “Э” ХХК нь Архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчиж зураг төсөл боловсруулсан байна.

Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах дүрэм Хоёр. Зураг төсөл боловсруулах бэлтгэл ажил 2.1 Хөрөнгө оруулагч, захиалагч (цаашид “захиалагч” гэх) зураг төслийн инженер хайгуулын судалгааны ажлын хүрээнд архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга байгууламжийн байршил, загвар зургийг батлуулах, байр зүйн дэвсгэр зураг, инженер геологийн дүгнэлт гаргуулах, техникийн нөхцөлийг авах ажлыг зохион байгуулна.

38 дугаар зүйл Зураг төсөл зохиогчийн чиг үүрэг, 38.1 3ураг төсөл зохиогч дараахь чиг үүрэггэй, 38.1.1 барилга байгууламжийн зураг төслийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтын үр ашиг болон техникийн тооцоонд тулгуурлан боловсруулах;

Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан барилгын зураг төсөлд тавих шаардлагыг хангаагүй; заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх “Э” ХХК-ийн төлөөлөгч Ө.Гын гаргасан гомдолд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар “Э” ХХК-д оногдуулсан 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Н нь иргэдээс ирсэн гомдлын дагуу 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б******* дүүргийн ******* хороо, 4 дүгээр хороолол, Парадоксын автобусны буудлын урд байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын ажлын төлөв байдалтай танилцаж холбогдогч нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас олгогдсон ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан барилгын хэмжээ, мөн давхрын тоог өөрчилж, “Э” ХХК-ийн боловсруулсан ЭД-18-03-А3 дугаартай ажлын зураг төсөлд тухайн зай хэмжээ, давхрын тоог томсгосон” хэмээн “Э” ХХК-д хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” 02-07-096/113 тоот акт тогтоожээ.

Тухайн тогтоосон актын дагуу “Э” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаварыг барилгын хэмжээ “...18х18 метр барилгажих талбайн схем зургийн дагуу” хэмээн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан байна.

Гэтэл холбогдогч буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Э.Н нь “Э” ХХК-ийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...барилгын зураг төсөлд тавих шаардлагыг хангаагүй” гэж 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “...Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заасан байхад холбогдогч улсын байцаагч нь гомдол гаргагчийг гаргасан зөрчлөө арилгасан буюу “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” 02-07-096/113 тоот актаар тогтоосон зөрчлийг арилгасны дараа шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь үндэслэлгүй.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13-д “Шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах, эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана” гэжээ. Гэтэл “Э” ХХК-ийн боловсруулсан Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгын хэмжээг ийнхүү 18х18 бус 12х18 хэмээн бичсэн нь ялимгүй алдаа байхад тус шалтгаанаар 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны акт, үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон байх зарчмыг алдагдуулжээ.

Түүнчлэн Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй”, 40.1.1-д “барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих” гэж заасны дагуу барилгын ажлын зураг төслийг норм, нормативийн баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, түүнд хяналт тавих үүргийг ажил гүйцэтгэгчид олгосон байтал холбогдогч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нь захиалагч “Э” ХХК-д торгууль оногдуулсан нь ойлгомжгүй байна.  

Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Э.Нийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...барилгын зураг төсөлд тавих шаардлагыг хангаагүй” хэмээн “Э” ХХК-д оногдуулсан ******* дугаартай 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт “хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” Монгол Улсын Үндсэн хуулийн ******* зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн ..... баталгааг бүрдүүлэх, ..... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн заасан байх тул захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлж, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь гомдол гаргагчын зүгээс уг актын улмаас “...барилгын үйл ажиллагаа зогсож өвлийн цагт ихээхэн хохирол амсах улмаар санхүүгийн алдагдал хүлээх нөхцөл байдал үүсч байгаа” гэх тайлбарыг тус тус харгалзан үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 6.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Э.Нийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                         ШҮҮГЧ                            Ц.ОДМАА