Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 215

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

    Нэхэмжлэгч: Увс аймаг Улаангом сумын 5 дугаар баг, 6-6 тоотод байрлах, улсын бүртгэлийн 15110021498, регистрийн 4000412 дугаартай, “Дөрвөн ойрад” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

       2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан УВНБ-01/2013 тоот ажил гүйцэтгэх гэрээний зургийн даалгаварт өөрчлөлт оруулахыг даалгах, мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр 4.866.546 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч “Дөрвөн Ойрад” ХХК-ийн итгэмжлэгдсэн Ж.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2012 оноос 2016 онд Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн гэгч нь албан тушаалын байдлаа илтэд урвуулан ашиглаж намын харьяалал, үзэл бодлыг нь гадуурхаж, хийсэн ажлыг хийгээгүй мэтээр худлаа гүтгэж ямар ч нотлох баримтгүйгээр хохироох бодлого барьж эхлээд ажлын зургийн даалгавар өөрчилж өгөхгүй эс үйлдлээрээ 2013 оны 6 дугаар сарын 24-нөөс хойш, дараа нь 2015 оны 2 дугаар сараас ажил хийгээгүй гэж шүүхэдсээр 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүрсэн. 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Дөрвөн Ойрад” ХХК, Увс аймгийн Засаг даргатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Холбооны 36 айл болон хуучин Хархираа зочид буудлын өмнөх 2689 м2 талбайд ногоон байгууламжийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон юм. Гэтэл 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хуучин Хархираа зочид буудлын өмнөх талбайд хийх байсан ажлаас 400 м2 газар хасах болсныг мэдэж, хандахад Засаг даргын зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 17-р хуралдаанаар ажил гүйцэтгэгч талд мэдэгдэлгүй шийдвэрлэсэн байдаг. Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг зөвшөөрөхдөө ажлын зураг /зургийн даалгавар/-т өөрчлөлт оруулж өгөхийг шаардсан. Хуулийн дагуу тавьсан шаардлагын дагуу өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүйгээр барахгүй, “Дөрвөн Ойрад” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж гэрээний төлбөрөө буцаан нэхэмжлэн шүүхэдсээр 2 жил хохироолоо. Ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэхдээ зөвхөн захиалагчийн зургийн даалгаврын дагуу хийж байсан. Энэхүү өөрчлөлт орсноор цаашид ажлаа хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон юм. Хийх ёстой ажил 2289 м2 талбайд ажил гүйцэтгэх ёстой юм шиг болсон нь үүрэг гүйцэтгэх арга нь шударга ёсны зарчимд нийцээгүй, үүргийн гүйцэтгэлийг удаашруулж байна гэж үзэж Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2-д зааснаар шүүхэд хандаж байна. Иймд Засаг даргыг зургийн даалгаварт өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү. Гэрээний төлбөрийн үүрэг нь 1. Банкны баталгааг үндэслэн 13.426.079 төгрөг, 2. ажлын гүйцэтгэлийн захиалагч хүлээн авсны дараа 20.139.188 төгрөг, 3. Улсын комисст хүлээлгэн өгсний дараа 1 1.188.399 төгрөг гэсэн хэсгүүдээс бүрдэх ба нийлбэр дүн буюу 44.753.596 төгрөг нь гэрээний үнийн дүн байдаг. Гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан ёсоор ажлаа гүйцэтгэж байсан бөгөөд гэрээний дагуу 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хийсэн ажлаа 75%-ийн гүйцэтгэлтэй байна гэж ажлын гүйцэтгэлээ тухайн үед холбогдох албан тушаалтнуудаас батлуулж хянуулан нийтдээ 33.292.625 төгрөг авах ёстой байсан боловч Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн эрх мэдлээ хэтрүүлэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авсны дараа 20.139.188 төгрөгийн гэрээний төлбөр төлөх ёстой байснаас 15.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. “Дөрвөн Ойрад” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг захиалагч тал нэгэнт хүлээн авсан болохоор дутуу төлсөн 4.866.546 төгрөг гаргуулах эрх үүсэж байгаа юм. Ийм учраас “Дөрвөн Ойрад” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж захиалагч талаас гүйцэтгэлээс хүлээж авсан ажлын төлбөрийн үлдэгдэл болох 4.866.546 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Дөрвөн ойрад” ХХК нь Увс аймгийн Засаг даргатай 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан УВНБ-01/2013 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр анх тохиролцсон ажлын даалгаварт өөрчлөлт орсноос шалтгаалан ажил цаашид хэвийн үргэлжлэх, хүлээлгэн өгөх боломжгүй болсны учраас зургийн даалгаварт өөрчлөлт оруулахыг даалгах, мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн гэрээний төлбөр 4.866.546 төгрөг гаргуулахыг шаардаж байна. Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зарласан Улаангом сумын төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажил гүйцэтгэх тендерт “Дөрвөн Ойрад” ХХК нь шалгарч 2013 оны 5 дугаар сарын 10-ны ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлаа эхэлсэн бөгөөд Бэлбулаг үйлчилгээний төвөөс хүсэлт ирүүлсний дагуу энэ асуудлыг Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн хийгдэх ажлын талбайгаас 400 м.кв газрыг хасах, гэрээнд нэмэлт өөрчлөлт хийхээр болсон тухай 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 59 тоот албан бичгээр санал хүргүүлсний дагуу 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр 250 метрийн урттай усжуулалтын систем нэмж хийхээр “Дөрвөн Ойрад” ХХК нь зөвшөөрөн ажлын гэрээ байгуулсан нь үүнийг хүлээн зөвшөөрч байгааг нотолж байна. “Дөрвөн Ойрад” ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлын талбайгаас 400 м.кв талбайг хассанаар уг компанитай хийсэн анхны гэрээний үнийн дүнд өөрчлөлт ороогүй байдаг болно. Тохиролцсоныхоо дагуу ажлаа цааш нь үргэлжлүүлэн хийх боломжтой байсан болно. 2 дугаар шаардлагын хүрээнд: “Дөрвөн Ойрад” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 15-ныг дуустал 3 сарын хугацаанд төв гудамжны дагуу ойн зурвас, ногоон байгууламж байгуулах ажлыг тус компани нь хийж гүйцэтгэхээр шалгаран ажлаа эхлүүлсэн байдаг ба урьд авсан санхүүжилт 13.426.079 төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг банкны баталгааг үндэслэн гүйцэтгэгч компанид шилжүүлсэн, мөн 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 33,292,625 төгрөгийн гүйцэтгэл гаргаж ирүүлсэн боловч ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа тухай Засаг даргын зөвлөлд танилцуулан 15.000.000 төгрөгийн санхүүжилтийг 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/467 дугаар захирамжаар олгосон бөгөөд гүйцэтгэлд заагдсан мөнгөн дүнг гүйцэт олгоогүй нь ажлын гүйцэтгэлд нь тохирсон хөлс болно. Үлдэгдэл мөнгөн дүн буюу нэхэмжлэлд заагдсан 4.866.546 төгрөгийг гүйцэтгэгч компани нь гэрээний дагуу заагдсан ажлаа тухайн үедээ хийгээд авах боломжтой байсан ба гэтэл газар хассан, гэрээнд өөрчлөлт оруулсан, зургаа өөрчилж өг гэсэн шалтаг, шалтгаанаар гэрээнд заасан үүргээ зөрчин ажлаа гүйцээгээгүй орхисон байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасан ба мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасны дагуу уг компаний ажлын гүйцэтгэлийн баримтад тулгуурлан 28.426.079 төгрөгийн санхүүжилт олгосон нь бодит ажлын гүйцэтгэлийн дүн юм. Ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрөөгүй нь санхүүгийн албан хаагч нарын гарын үсэг зураагүй баталгаажуулаагүй байдлаас харагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэсхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Дөрвөн Ойрад” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг нэхэмжлэгч тал хариуцан, хариуцагчаас гаргуулахгүйгээр тохиролцсон болно” гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюун шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэсхүүгийн шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “Дөрвөн Ойрад” ХХК нь хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдуулан 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан УВНБ-01/2013 тоот ажил гүйцэтгэх гэрээний зургийн даалгаварт өөрчлөлт оруулахыг даалгах, мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр 4.866.546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч “Дөрвөн Ойрад” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан УВНБ-01/2013 тоот ажил гүйцэтгэх гэрээний зургийн даалгаварт өөрчлөлт оруулахыг даалгах, мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр 4.866.546 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчН.Тэсхүүгийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь “Дөрвөн Ойрад” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан УВНБ-01/2013 тоот ажил гүйцэтгэх гэрээний зургийн даалгаварт өөрчлөлт оруулахыг даалгах, мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр 4.866.546 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

       Нэхэмжлэгч “Дөрвөн Ойрад” ХХК нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.815 төгрөг төлсөн ба тал хувь болох 46.408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 46.408 төгрөг, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 46.408 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Дөрвөн Ойрад” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Дөрвөн Ойрад” ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан УВНБ-01/2013 тоот ажил гүйцэтгэх гэрээний зургийн даалгаварт өөрчлөлт оруулахыг даалгах, мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөр 4.866.546 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Дөрвөн Ойрад” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 92.815 төгрөгөөс 46.408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 46.408 төгрөг, хариуцагч Увс аймгийн Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 46.408 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Дөрвөн Ойрад” ХХК-д олгосугай.

     3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР