Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 216

 

       Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 13-40 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЮ75102377, Тугчин овогт Буянтогтохын Баттулгын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох,

        Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/35 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баттулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Нансалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Б.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2011 оноос эхлэн Увс аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн даргын тушаалаар уг байгууллагад нярав, жолоочоор ажиллаж эхэлсэн ба ажлаа холбогдох хууль журамд заасны дагуу алдаа доголдол гаргалгүй хийж гүйцэтгэж байсан. Тухайн үедээ төрийн албаны шалгалтад орсон, Хөдөлмөрийн Дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөнийг болон жолоочийн В, С, D ангилалтай мэргэшсэн жолооч гэсэн байдлыг минь шалгуур болгон ажилд авч байсан билээ. Газрын дарга тушаалдаа намайг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан байдлаар буюу тушаалынхаа үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, Хөдөлмөрийн гэрээний хариуцлага гэсэн хэсгийн заалтуудыг барьж ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь надад хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих чиг үүргийг алдаа дутагдалгүй гүйцэтгэж байсан, нярав, жолооч миний ажилдаа ийм ийм алдаа дутагдал гаргасан гэдгийг тогтоосон ямар нэгэн акт баримт байхгүй. Тодруулбал, Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтыг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд явуулсан ба уг хяналт шалгалтын үр дүнгээр миний нэрээр ямар нэгэн акт тавигдаагүй болно. Дараа нь хяналт шалгалт хийсэн байцаагчтай уулзахад танай дарга чамайг халахын тул шалгуулаад байгаа юм гэж хэлж байсан. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан жирийн албан хаагч иргэн миний хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж, тогтоогдоогүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн явдал нь миний эрх ашгийг хохироож байгаа тул миний зөрчигдсөн эрхийг сэргээж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжпийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нярав, жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

       Хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Нансалмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2014-2015 он, 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт, аудитын албанаас хийсэн хяналт шалгалтаар санхүүгийн анхан шатны баримтыг дутуу, хуурамчаар бүрдүүлсэн, нөхөж бүрдүүлсэн, төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан нилээд зөрчил дутагдал гарсан юм. Тус газрын жолооч няраваар ажиллаж байсан Б.Баттулга нь санхүүгийн хяналт сул байсныг далимдуулан замын хуудсыг хуурамчаар бичиж 650 литр бензины баримтыг бүрдүүлэн байгууллагад 1.007.500 төгрөгийн хохирол учруулсан, хуүхэд харах үйлчилгээний 9.000.000 гаруй төгрөгийг бэлнээр хураан авч, зориулалт бусаар зарцуулахад мөн хуурамч баримт бүрдүүлэх, баримтыг нөхөн бүрдүүлж өгөх зэргээр төсвийн мөнгийг буруу зарцуулсан, үрэгдүүлсэн уйлдлүүд шалгалтаар тогтоогдсон. Түүнчлэн 2015 онд С.Эрдэнэ сайд манай аймагт ажлаар ирэхэд бүх ажилчдаас тус бүр 200.000 төгрөг хураан авч түүнийхээ тайлан гаргаж танилцуулаагүйгээс хэдэн төгрөг юунд хэрэглэсэн нь тодорхойгүй, зарим хэсгийг нь ашигласан байж болох зэрэг хууль бус үйлдлүүд ч байгаа. Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай актад дурдсан зөрчилд нярав Б.Баттулгын нэр нь бичигдээгүй ч санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар нөхөж бүрдүүлдэг, хууль бус үйлдлүүд няравын үйл ажиллагаатай шууд холбоотой юм. Иймд Б.Баттулгын ажил олгогчийн итгэлийг алдаж, байгууллагын хөрөнгийг үрэгдүүлж, ноцтой зөрчил гаргасан үйлдэлд нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Б.Баттулга нь хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/35 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Увс аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга Б.Нансалмаагийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/35 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 9.в.1, 9.в.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 2.2.1, 2.2.4, 2.2.5, 3.1, 3.4, 3.5 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Баттулгыг Увс аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын нярав, жолоочийн үүрэгт ажлаас нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

        Б.Баттулгыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба “замын хуудсыг хуурамчаар бичиж 650 литр бензины баримтыг бүрдүүлэн байгууллагад 1.007.500 төгрөгийн хохирол учруулсан, хуүхэд харах үйлчилгээний 9.000.000 гаруй төгрөгийг бэлнээр хураан авч, зориулалт бусаар зарцуулахад мөн хуурамч баримт бүрдүүлэх, баримтыг нөхөн бүрдүүлж өгөх зэргээр төсвийн мөнгийг буруу зарцуулсан, үрэгдүүлсэн уйлдлүүд шалгалтаар тогтоогдсон, 2015 онд С.Эрдэнэ сайд манай аймагт ажлаар ирэхэд бүх ажилчдаас тус бүр 200.000 төгрөг хураан авч түүнийхээ тайлан гаргаж танилцуулаагүйгээс хэдэн төгрөг юунд хэрэглэсэн нь тодорхойгүй, зарим хэсгийг нь ашигласан байж болох зэрэг хууль бус үйлдлүүд гаргасан” гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан

      Гэрч Я.Нансалмаагийн “Б.Баттулга нь 650 л бензин буюу 1.007.500 төгрөгийг өөртөө авч байгууллагад хохирол учруулаагүй. Хүүхэд харах үйлчилгээний 9.000.000 төгрөгийг тухайн үед хариуцсан мэргэжилтэн Ө.Эрдэнэханд, нягтан бодогч А.Ганчимэг нар хураамж авсан. 2015 онд С.Эрдэнэ сайдыг ирэхэд Б.Баттулга мөнгө хураагаагүй. Нягтлан бодогч А.Ганчимэгээр дамжиж хураагдсан бөгөөд 4 байгууллага нийлжэ төлсөн юм” гэх мэдүүлэг,

    Гэрч А.Ганчимэгийн “Санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн 650 л бензин нь хүүхэд харах үйлчилгээний хянах шалгалтын бензин нэрээр төсөвт тусгагдсан байсан. Гэхдээ манай байгууллага “Ундарга Увс” ХХК-нд өртэй байсан тул тухайн өрөндөө шилжүүлсэн, мөн 4 сумаар хяналт шалгалт хийхэд мөн зарцуулагдсан. Б.Баттулга нь 650 л бензин буюу 1.007.500 төгрөгийг хувьдаа авч байгууллагад хохирол учруулаагүй. Хүүхэд харах үйлчилгээний 9.000.000 төгрөгийг мэргэжилтэн Ө.Эрдэнаханд хурааж аваад орой бүр надад хүлээлгэн өгч тооцоо нийлдэг байсан. 2015 онд С.Эрдэнэ сайдыг ирэхэд хураасан мөнгийг миний бие хурааж авсан. Нярав Б.Баттулга хурааж аваагүй, тэр талаар нярав Б.Баттулга тайлагнах үүрэг байхгүй” гэх мэдүүлэг,

     Гэрч Ө.Эрдэнэхандын “Хүүхэд харах үйлчилгээний 9.000.000 төгрөгөөс 2.000.000 гаруй төгрөгийг дансаар, бусдыг нь бэлнээр хурааж авсан. Өмнөх дарга Я.Нансалмаа болон А.Ганчимэг нар “Төрийн сангийн гүйлгээ хийгдэхгүй байгаа учраас намайг хурааж ав” гээд би бэлнээр хураан авсан. Хүүхэд харах үйлчилгээний 9.000.000 төгрөгийг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Бүртгэл, баримтууд нь няравт байх ёстой. Би хураан авсан мөнгөө гарын үсэгтэй нь хамт нягтлан бодогч А.Ганчимэгт хүлээлгэж өгсөн. Хүүхэд харах үйлчилгээний хяналт үнэлгээ хийх зорилгоор 7, 8 дугаар саруудад Баруунтуруун, Хяргас, Зүүнговь сумуудаар явсан” гэх мэдүүлгүүдээр дээрх байдлууд үгүйсгэгдэж байна.

    Мөн тушаалдаа Хөдөлмөрийн гэрээний 2.2.1, 2.2.4, 2.2.5 дах заалтуудыг зөрчсөн гэх боловч хөдөлмөрийн гэрээнд ийм заалтууд тусгагдаагүй байна.

      Иймд нэхэмжлэгч Б.Баттулгыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/35 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, түүнийг Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нярав, жолоочийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв. 

       Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн Увс аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/408 тоот тодорхойлолт, Хаан банкны зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчаас гаргаж ирүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний сургалтад оролцогчдын ирцийн бүртгэл, жолоочийн тооцооны хуудас, 2 хуудас өргөдөл зэрэг баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй, мөн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн Хүүхэд харах үйлчилгээний ажлын тайлан гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Баттулга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 70.200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/35 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Баттулгыг Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нярав, жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Баттулга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР