| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00174/И |
| Дугаар | 217 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 217
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Давст сумын 3-р багт оршин суух, 1979 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, РД:ОВ79032912, Дархан овогт Дагвын Бямбадоржийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 18-23 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЮ85042510, Цагаан малгайт овогт Рэнцэнсамбуугийн Цогбаярт холбогдох,
Гэрээний дагуу машины өмчлөх эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Бямбадорж нь Р.Цогбаяртай харилцан тохиролцоод 2015 оны 12 дугаар сард 78 тонн 200 килограмм давсыг 11.168.000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар болж, тохирсон ёсоор Р.Цогбаярт давсаа өгсөн. Р.Цогбаяр нь давсны үнэ болох 11.168.000 төгрөгөөс 2.450.000 төгрөгийг өгсөн бөгөөд үдэгдэл 8.718.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр болж 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болно. Гэрээний дагуу Р.Цогбаяр нь мөнгөө 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд 68-98 УВХ улсын дугаар бүхий Венз маркын авто машиныг үлдэгдэл төлбөр болох 8.718.000 төгрөгт бодож надад шилжүүлж өгөхөөр тохирсон болно. Гэтэл Р.Цогбаяр нь одоо хүртэл гэрээний үлдэгдэл төлбөр болох 8.718.000 төгрөгийг төлөхгүй байгаа бөгөөд машинаа шилжүүлж өг гэхээр “Удахгүй мөнгийг чинь өгнө, түр хүлээж бай” гэсээр өнөөдрийг хүрлээ. Иймд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1438 тоот гэрээний дагуу 68-98 УВХ улсын дугаар бүхий Венз авто машины өмчлөх эрхийг надад шилжүүлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Р.Цогбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие иргэн Д.Бямбадоржийн гаргасан давсны үнэ болох 8.718.000 төгрөгийг төлөх нь үнэн бөгөөд гэрээ хийж нотариатаар батлуулсан билээ. Бид энэхүү асуудлыг эвлэрлийн журмаар тохиролцож 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 8.718.000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 154.438 төгрөгийн хагсыг нэмж төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 8.718.000 төгрөг төлөөгүй тохиолдолд өөрийн эзэмшилд байгаа Benz маркын 68-98 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Бямбадоржийн эзэмшилд шилжүүлж өгнө” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Бямбадорж шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Бямбадорж нь иргэн Р.Цогбаярт холбогдуулан давсны үнэ болох 8.718.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Р.Цогбаяр бид хоёр харилцан тохиролцож 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор миний нэхэмжилсэн 8.718.000 төгрөгийг өгөхөөр болж, өгөөгүй тохиолдолд өөрийн эзэмшилд байгаа Benz 17-35 маркын 68-98 УВХ улсын дугаартай машиныг надад шилжүүлэн өгөхөөр болов. Иймд миний энэхүү нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бямбадорж нь хариуцагч Р.Цогбаярт холбогдуулан гэрээний дагуу машины өмчлөх эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Цогбаяр нь нэхэмжлэгч Д.Бямбадоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 8.718.000 төгрөг төлөх, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 8.718.000 төгрөг төлөөгүй тохиолдолд өөрийн эзэмшилд байгаа Benz маркын 68-98 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Бямбадоржийн эзэмшилд шилжүүлж өгөхөөр тохиролцсон болох нь тэд нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Р.Цогбаяр нь Д.Бямбадоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.Бямбадорж нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.438 төгрөг төлсөн ба тал хувь болох 77.219 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 77.219 төгрөг, хариуцагч Р.Цогбаяраас 77.219 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбадоржид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бямбадоржийн 8.718.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 8.718.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд өөрийн эзэмшилд байгаа Benz маркын 68-98 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Бямбадоржийн эзэмшилд шилжүүлж өгөхөөр тухай хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Бямбадоржоос тэмдэгтийн хураамжид төлсөн 154.438 төгрөгөөс 77.219 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 77.219 төгрөг, хариуцагч Р.Цогбаяраас 77.219 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбадоржид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Р.Цогбаяр шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР