| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00239/И |
| Дугаар | 223 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 223
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 25-6 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, РД:ОЮ81051410, Боржигон овогт Ядамцоогийн Хонгорзулын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 9 дүгээр гудамжны 21 тоотод оршин суух, 1947 онд төрсөн, эрэгтэй, РД:ПЮ47052318, Тугтан овогт Намнангийн Норовсамбууд холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.000.000 төгрөг, алданги 146.000 төгрөг, нийт 2.146.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Хонгорзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Я.Хонгорзул нь иргэн Н.Норовсамбуутай харилцан ярилцаж тохиролцоод 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу миний бие нь 3.500.000 төгрөгийн үнэ бүхий 8 ханатай, битүү шалтай гэрээ худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд миний бие худалдан авсан эд зүйлийн үнэ болох 2.500.000 төгрөгийг Н.Норовсамбууд 4 сар, 2 хоногийн хугацаатай хүүгүй зээлсэн болно. Зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авагч нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор 2.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 01-ний дотор үлдэгдэл 500.000 төгрөгийг төлөх ёстой байсан. Зээлээр худалдан авагч Н.Норовсамбуу нь 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдөр 500.000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд үлдэгдэл 2.000.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байгаа болно. Миний бие нь Н.Норовсамбуутай олон удаа утсаар ярьж, мөнгөө өгөхийг шаардсан боловч тэрбээр элдэв шалтгаан хэлж, худал хэлсээр өдий хүрсэн. Мөн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүүгүй мөнгө зээлсэн боловч, гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор тохирсон. Иймд зээлээр худалдан авагч Н.Норовсамбуугаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсэн 73 хоног байгаа бөгөөд алданги нь 146.000 төгрөг, нийт 2.146.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Я.Хонгорзул, хариуцагч Н.Норовсамбуу нар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрийн гэрээндээ: “Я.Хонгорзул миний бие Н.Норовсамбуугаас 2.146.000 төгрөг нэхэмжилсэн. Н.Норовсамбуу бид хоёр харилцан тохиролцож 2.146.000 төгрөгөөс 66.000 төгрөгийг хасаж, үлдэх 2.080.000 төгрөгийг авахаар болсон. Үүнээс 585.000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа. Үлдэх 1.495.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийн гэрээг баталж өгнө үү”гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Хонгорзул нь хариуцагч Н.Норовсамбууд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.000.000 төгрөг, алданги 146.000 төгрөг, нийт 2.146.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Я.Хонгорзул, хариуцагч Н.Норовсамбуу нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Я.Хонгорзулын нэхэмжлэлийн шаардлагаас 2.080.000 төгрөг гаргуулахаар харилцан тохиролцож, хариуцагч Н.Норовсамбуу нь 585.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 1.495.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Я.Хонгорзул нь үлдэх хэсэг болох 66.000 төгрөг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгч Я.Хонгорзул, хариуцагч Н.Норовсамбуу нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Я.Хонгорзул нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 49.286 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 2.080.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 48.230 төгрөгийн тал хувь 24.115 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 25.171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Норовсамбуугаас 24.115 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Хонгорзулд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Я.Хонгорзул, хариуцагч Н.Норовсамбуу нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Я.Хонгорзул нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.146.000 төгрөгөөс 66.000 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, хариуцагч Н.Норовсамбуу нь 585.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 1.495.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Төрийн сан /150000941 тоот данс/-аас 24.115 төгрөг, хариуцагч Н.Норовсамбуугаас 24.115 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Я.Хонгорзулд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР