Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 226

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 11 дүгээр баг, 7 дугаар гудамжны 23 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, РД:ОГ66090108, Шар Зэс овогт Номоомядагийн Оюунгэрэлийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж   Нэхэмжлэгч Н.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 51 настай. Би 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Барилга угсалтын трестэд 1992 оны 3 дугаар сарын 13-ныг өдөр хүртэл шаварчин, будагчнаар, 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Барилгын биржид шаварчин, будагчнаар ажиллаад санхүүгийн хүндрэлийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй юм. Иймд миний 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид шаварчин, будагчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Н.Оюунгэрэл нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл шаварчин, будагчнаар, Барилгын биржид 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал шаварчин,  будагчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 154 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “ЕБ-ын 8-р анги төгсөн УААА-н үйлдвэрлэлд хуваарилагдсан Номоомядаг овогтой Оюунгэрэлийг галын 8-р бригадад 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс шаварчин, будагчнаар авч ажиллуулсугай” гэжээ,

2. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргаж ирүүлсэн Номоомядагийн Оюунгэрэлийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд шаварчин, засалчнаар 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

3. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн “Барилга угсралтын трест” УҮГ нь 1992 оны 3 дугаар сарын 14-нд “Барилгын бирж” болж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

4. Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Засалчин ажилтай Н.Оюунгэрэлийг 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй” гэжээ,

5. Гэрч Э.Бум-Эрдэнийн шүүхэд өгсөн: “Би 1986 оноос Увс аймгийн Барилга трестийн барилгын бригадад туслах ажилчнаар 1988 оныг дуустал ажиллаад цэргийн албанд яваад үргэлжлүүлж ажиллаагүй юм. 1986 онд намайг тус трестэд ажилд ороход Н.Оюунгэрэл нь заслын бригадад засалчин, будагчин, шаварчнаар ажиллаж байсан бөгөөд 1988 онд намайг ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн. Би тухайн үед барилгын бригад болон заслын бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан учраас Н.Оюунгэрэлийг сайн танина, бид хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед Барилга трестийн даргаар Т.Батзул ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

6. Гэрч Ж.Түвдэндоржийн шүүхэд өгсөн: “Би 1981 оноос Увс аймгийн Барилга угсралтын трестэд барилгын бригадад цахилгаанчнаар 1991 оныг дуустал ажиллаад 1992 оноос Барилгын бирж болоход үргэлжлүүлэн 1995 он хүртэл ажилласан юм. Миний ажилд орсон тушаал 1981 оноор гарсан боловч би ТМС-д суралцаж төгсөөд 1983 онд тус трестэд ажилд орсон бөгөөд намайг ажилд ороход Н.Оюунгэрэл заслын бригадад засалчнаар /будагчин, шаварчнаар/ ажиллаж байсан юм. Улмаар 1992 оныг дуустал трест болон биржид ажилласан юм. Бид Улаангом сумын одоогийн Татварын хэлтсийн барилга, Барилгын 60 айлын орон сууц, Махын 1, 2 дугаар 60 айлын барилга, Нисэхийн 60 айлын орон сууц, 1, 2 дугаар 48 айлын орон сууц зэрэг томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцсон юм” гэх мэдүүлэг,

7. Гэрч Э.Бум-Эрдэнийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох түүнийг ажилд томилсон Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 182 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Ж.Түвдэндоржийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох түүнийг ажилд томилсон Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1981 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 201 тоот “Ажилд томилох тухай” тушаал зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Н.Оюунгэрэл нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл шаварчин, будагчнаар, Барилгын биржид 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал шаварчин,  будагчнаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 154 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргаж ирүүлсэн Н.Оюунгэрэлийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд шаварчин, засалчнаар 1986 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гаргаж ирүүлсэн “Барилга угсралтын трест” УҮГ нь 1992 оны 3 дугаар сарын 14-нд “Барилгын бирж” болж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа, Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Э.Бум-Эрдэнэ, Ж.Түвдэндорж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Н.Оюунгэрэлийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 10 жил, 8 сар, 23 хоног шаварчин, будагчнаар, Барилгын биржид 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал 9 сар, 14 хоног шаварчин,  будагчнаар, нийт 11 жил, 6 сар, 7 хоног шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шар Зэс овогт Номоомядагийн Оюунгэрэлийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 10 /арав/ жил, 8 /найм/ сар, 23 /хорин гурав/ хоног шаварчин, будагчнаар, Барилгын биржид 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ сар, 14 /арван дөрөв/ хоног шаварчин,  будагчнаар, нийт 11 /арван нэг/ жил, 6 /зургаа/ сар, 7 /долоо/ хоног шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР