Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

                

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Н.Энхболд,

гэрч Д.Ц-, Б.У-,

шүүгдэгч Д.М-, Б.Д-, Д.Б-, Н.И-тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0216/

шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Б.Энх-Амгалан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1766/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М- овогт Д-н  М-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц- овогт Б-н  Д , С  овогт Д-н  Б-, У  овогт Н-н  И-  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20050... 451451 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. М- Улсын иргэн, ... оны .... дүгээр сарын ...-ний өдөр Сэлэнгэ аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, “...” ХХК-д нярав ажилтай, ам бүл ..., эхнэр хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, /РД: / урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М- овогт Д-н  М.

 

2. М- Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, татварын байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., нөхөр .. хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо ... гудамж, ... байрны ... тоотод оршин суудаг /РД: /, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц- овогт Б-н  Д .

3. М- Улсын иргэн, ... оны ...дугаар сарын ...-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ... ХХК-д авто оператор ажилтай, ам бүл ..., хамт ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суудаг /РД: /, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С  овогт Д-н  Б-.

4. М- Улсын иргэн, ... оны... дүгээр сарын ...-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, ...настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эх, хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо Хилийн цэргийн ....-н айлын ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо залуус хороолол ... тоотод түр оршин суудаг /РД: /, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, У  овогт Н-н И.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.М- нь 2020 оны 3 дугаар сарын 31-ээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А ” трейд ХХК-ны Э  нэртэй зочид буудалд үл таних залуучууд хоорондоо маргалдан зодолдож, танхайран, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах үедээ хохирогч У.Б ыг биед тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, эрүү, хамар, хоолой, баруун гарын эрхий хуруу, зүүн гарын чигчий хурууны шарх, шалбаралт, цус хуралт, хаван хавартай гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан

Шүүгдэгч Н.И-нь 2020 оны 3 дугаар сарын 31-ээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ...  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А ” трейд ХХК-ны Э  нэртэй зочид буудалд үл таних хүмүүстэй маргалдан танхайрч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Д.Б- нь 2020 оны 3 дугаар сарын 31-ээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ...  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А ” трейд ХХК-ны Э  нэртэй зочид буудалд үл таних хүмүүстэй маргалдан танхайрч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Шүүгдэгч Б.Д- нь 2020 оны 3 дугаар сарын 31-ээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ...  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А ” трейд ХХК-ны Э  нэртэй зочид буудалд үл таних хүмүүстэй маргалдан танхайрч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгаж, гэмтээж, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.М-, Б.Д-, Д.Б-, Н.И-нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав. Үүнд:

 

Гэрч Д.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Намайг 00-ийн өрөөнд байхад гадаа бөөн юм болоод байсан. Би яг юу болсон талаар хараагүй. Би эдгээр хүмүүсийг салгах үйлдэл хийсэн боловч дийлээгүй...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.У-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тус хэрэг гарахад хамт байсан. Анх буудал руу ороход хохирогч янз бүрийн хараалын үг хэрэглэж доромжилсон. Дараа нь буудлаас гарах гээд би гутлаа өмсөж байтал манай нөхөр 2-3 хүмүүстэй зодолдож байсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 31-ний шөнө буудлаас гарах гэж байтал хохирогч манай найзтай хэрүүл хийгээд байсан. Би яагаад байгаа юм бэ гэтэл миний хамар руу цохисон. Түүнээс болж зодоон үүссэн. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг би учруулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би хохирогчид эхлээд 1 сая төгрөг өгсөн. Дараа нь дахин 1 сая төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Н.И- гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 20050... 451451 дугаартай хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан “...Баянгол дүүргийн ...  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Э  нэртэй зочид буудалд үл таних хүмүүст зодуулсан...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 5 тал/,

 

Хохирогч У.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Говьсүмбэр аймгаас ирсэн. Т , бүтэн нэрийг нь мэдэхгүй Эрка гээд найзуудтай уулзахаар болсон. Бид гурав Саппоро орчим уулзаад Э  зочид буудал руу явсан. Э  зочид буудалд манай эхнэрийн авсан 2 ортой өрөөнд орсон. Тэр буудлын өрөөнд орохоос өмнө Т , Эрка бид гурав 2 шил 750 граммтай экс нэртэй архи, ус, ундаа зэрэг зүйлс авч орсныг хуваан ууцгаасан. Буудлын өрөөнд байж байтал манай эхнэр машинаа байрлуулчихаад ирье гээд гарсан. Би эхнэрийн араас гарч машинаасаа нэг юм аваад буудлын коридороор явж байтал өөр нэг өрөөний хаалга нь онгорхой дотор нь нэлээн олон хүмүүс байсан. Тэр хүмүүс дундаас нэг алчуур барьсан эмэгтэй намайг дуудаад байсан. Тэр эмэгтэй чи хаана байгаа юм, хэдүүлээ байгаа юм, хэнтэй явж байгаа юм гээд сонин юм асуугаад байсан. Би тухайн үед эхнэртэйгээ эхнэрийнхээ араас явж байна гэж хэлээд зогсож байтал нэг танихгүй залуу над руу чи хэн юм, яах гэж байгаа юм гээд гараад ирсэн. Би тэр залууд өөрсдөө дуудчихаад юу яриад байгаа юм гэсэн чинь тэр танихгүй залуу шууд нүүрэнд цохиод эхэлсэн. Тэр үед нөгөө алчуураар цохисон эмэгтэй миний нүүр рүү цохиод эхэлсэн. Тэр үед хоёр хүнтэй буудлын өрөөнд байсан хүмүүс гарч ирээд намайг тал талаас нь зодож эхэлсэн. Би толгой руугаа нэлээн хэд цохиулснаас болоод ухаан алдсан байсан. Нэг сэрсэн цагдаа нар ирчихсэн. Манай эхнэр ирчихсэн байсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би гэмтлүүдийг намайг зодсон хүмүүсийн хэн нь учруулсан гэдгийг мэдэхгүй. ...Миний биед учирсан гэмтэлд нэг сая гаруй төгрөгийн зардал гарсан. ...Хэрэг болох үед намайг зодож эхэлсэн залуу эмчилгээний зардал гэж нэг сая төгрөг өгсөн боловч тухайн үед тэр хүмүүст зодуулсны улмаас миний зүүн гарын чигчий хурууны шөрмөс тасарсан. Тэрнээс болж шөрмөс залгах хагалгаанд орох шаардлагатай болоод байгаа учраас тус зардлыг гаргуулмаар байна. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 31-32, 200-201 тал/,

Хохирогч А ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө намайг ажил дээрээ ирэхэд Э  зочид буудлын 2 давхрын коридор болон шатан дээр цус болчихсон байсан. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө Э  зочид буудалд амарч байсан 2 болон 3 давхрын хүмүүс хоорондоо зодолдсон гэж байсан. Тэр хүмүүсийн үйлдлийн улмаас манай байгууллагад учирсан онц ноцтой хохирол байхгүй. Гэхдээ тэр хүмүүсийн зодооны улмаас манай буудалд ээлжинд ресепшин Н , үйлчлэгч нар нэлээн айсан байдалтай, маргааны салгах үед тэр хүмүүс дийлдэхгүй байсан гэсэн. Тэр хүмүүс манай ажилчдыг хойш нь түлхэж байгаад зодолдоод байсан гэсэн. Манай байгууллага дээр үйлчлүүлж байгаа хүмүүс хоорондоо маргах, зодолдох асуудал гардаг л байсан. Гэхдээ тэр өдрийнх шиг ийм аймаар зодоон болж байгаагүй. Би дараа нь бичлэгийг нь харж байсан. Манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан асуудал байгаа. Манай байгууллагад өчнөөн хүн үйлчлүүлдэг бөгөөд тэр зодооноос болж үйлчлүүлж байсан хүмүүс гарах, шинээр орж ирж байгаа үйлчлүүлэгч нар орж чадахгүй гарах асуудал байсан. Манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй, мөн нэхэмжлэх зүйл байхгүй. Эдгээр хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 33, 39-40 тал/,

“А” ХХК-ийн итгэмжлэл, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Нийслэлийн аялал жуулчлалын газрын зөвшөөрлийн хуулбар /1 хх-ийн 34-36 тал/,

Нийслэлийн түргэн тусламжийн эмч У.Б ын эмнэлэгт хүлээлгэн өгсөн баримт /1 хх-ийн 8 тал/,

Гэрч Э.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Э  нэртэй зочид буудлын дотор манай нөхөр Б  1 цагт тухайн буудлаар үйлчлүүлж байсан үл таних 5 эмэгтэй 3 эрэгтэй хүмүүст зодуулсан. ...Найз Д-г хүргэж өгөөд буцаж Э  зочид буудалд орж ирэхэд манай нөхрийг газар шалан дээр зодож байсан. ...Согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэсэн байсан...” /1 хх-ийн 9-11 тал/,

 

Гэрч С.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 01 цагийн үед найзууд болох Ц, Д, Д-н найз үл таних охины хамт Э  зочид буудлаас гарах гээд үүд хэсэг рүү явж байтал зодоон болсон байдалтай байсан. Цустай холилдсон залуу миний эрүү хэсэг рүү цохисон тэгэхээр нь би уурлаж цохисон залуутай нь цуг явж байсан залуутай нь хэрэлдсэн. Тэгж байтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 13-15 тал/,

 

Гэрч Б.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид нар бие засаад гараад ирэхэд манай нөхөр Д-н нөхөр хоёр гараад явчихсан байсан. Тэгээд хувцсаа өмсөөд байж байтал коридорт манай нөхрийн дуу хадаад байхаар нь гараад хартал манай нөхөр дээр 2-3 хүн шавчихсан бөөн зодоон болж байсан. Бид нар очоод манай нөхрийг салгаж авсан. Салгаж байх явцад нэг залуу намайг жийж унагаасан. Би тэр залуугийн подволкноос зуураад чамайг явуулахгүй, чи намайг зодсон гэхэд тэр залуугийн эхнэр эмэгтэй намайг нөхрөөсөө салгах гээд дайраад байсан. Эмэгтэйчүүдийн бие засах өрөөнд бөөндөө байж байгаад гарч ирсэн. Гараад ирэхэд зодоон болчихсон байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 17-18 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 00 цаг 48 минут 26 секундэд зодоон эхэлж буй дүрсийг харуулав. 00 цаг 48 минут 28, 33 секундэд зодолдож буй дүрсийг харуулав. 00 цаг 49 минут 08 секундэд зодолдож буй дүрсийг харуулав. 00 цаг 49 минут 08 секундэд зодолдож буй дүрсийг харуулав...” гэх  тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 22-24, 26-28 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгт байгаа хэргийн оролцогч нарыг ялгах үүднээс оролцогч нарын өмсөж явсан хувцсаар нь ялгаж үзлэгийг оролцогч нарын хийсэн үйлдэл бүрийг ялгахдаа тэдгээрийн нэрээр бичиж тэмдэглэл хийхээр болов. ...Д.М- хохирогчийн толгойн ар хэсэг рүү зүүн гараараа нэг удаа цохин баруун гараараа хохирогчийг мушгин газар унагаах ба энэ үед гэрч Ц гийн өрөөнд байсан гэрч Б-, Ц , У , Д  нар гарч ирэх ба гэрч нар гарч ирэхдээ Ц  наашаа газар унах гэж байгаа мэт бүдрэн явах үед гэрч М  хохирогчийг газар унагаасан байсан ба түүний хажууд гэрч Д  очин ямар нэгэн зүйл өшиглөж байгаа мэт үйлдэл хийх ба У  нь салгах гэж байгаа мэт үйлдэл хийх бөгөөд Б- наана гэрч И- гийн хамт хараад зогсож байв. Энэ үед уг Э  зочид буудлын ажилтан бололтой хүн ирж маргааныг салгах ба мөн гэрч нарын байсан өрөөний цаад талын өрөөнөөс хоёр хүн гарч ирэн мөн маргааныг салгах үйлдэл хийх ба энэ үед маргааныг гэрч У , Б-, О- нар, зочид буудлын ажилтны хамтаар салгах гэж байхад дундуур нь гэрч Д  очин хохирогчийг газар унасан байхад өшиглөж байгаа үйлдэл хийх ба ...цаанаас гэрч И-  мөн хөлөөрөө ямар нэгэн зүйл өшиглөх үйлдэл хийв. Энэ үед буудлын ажилтан гэрч нарыг салгаад хойш нь болгоход гэрч Д  хохирогчийн явсан зүг рүү яван ямар нэгэн зүйл өшиглөх ба энэ үед гэрч М  цаанаас мөн ирж дахин маргах гэж байгаа үйлдэл хийгээд алга болсон.  

...М  буцаад зодоон болсон хэсэг рүү явах үйлдэл хийхэд Б-, И-  нар үлдэх үед хохирогч, Дөлгөөнзул нар гарч ирэн шатаар буух гэхэд Б-, И-  нар хохирогчийг саатуулах ба хохирогч Б-ыг түлхэн доош буух гэхэд Б- хохирогчийг зуурах ба И-  баруун гараараа хохирогчийн нүүрэн хэсэгт нэг удаа цохих үйлдэл хийв. Тэгээд И-  нь дахин баруун хөлөөрөө хохирогчийн хөл рүү өшиглөх үед хохирогч зөрүүлэн И- гийн хөл рүү өшиглөх үед маргааныг салгаж байсан Б- хохирогчийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа шат руу унатал цохих ба хохирогч, түүний ард байсан Дөлгөөнзулын хамт шат руу унаад босох гэхэд Б- нь дахин хохирогчийн нүүрэнд хоёр удаа цохих ба ...Б- дух хэсгээрээ Д-н нүүрэн хэсэгт мөргөн дахин маргаан болох энэ үед И-  нь Г-г мөн хөлөөрөө өшиглөх үйлдэл хийх үед Б-, Г нар анх маргаан болсон хэсэг рүү орон алга болох үед хохирогчийг шатан суусан байхад Д  гартаа барьсан зүйлээр хэд хэдэн удаа хохирогчийн толгой руу цохих үйлдэл хийх үед цаанаас М  гарч ирэн мөн хохирогчийг дахин зодох ба энэ үед Дөлгөөнзул салгах гэж байгаа мэт боловч Б-ыг цохих үйлдэл хийхдээ хойшоо хөл алдан унах ба түүний дээрээс О- цохих үйлдэл хийж байв. Энэ үед хохирогчийг М  зодож байх ба У , Ц  нар нь салгах үйлдэл хийж байхад И-  нь хохирогчийн бие рүү өшиглөж байхад Б- гарч ирэн салгах ба М-г  хохирогчоос салгасан боловч М  нь шууд нааш яван Г-н байгаа газар ирж Г-г цохих үйлдэл хийх үед Б- салгахад М  нь дахин цааш явж хохирогчийн ард байсан Дөлгөөнзулын зүг очин мөн зодох үйлдэл хийхэд У  салгах гэсэн боловч М  дийлдэхгүй хэсэг удсаны дараа И- , О- нар очин М-г  салгаад явах үед бичлэг дахин үсрээд ...М , шатан дээр хохирогчтой зодолдсон байдалтай /хохирогч ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй шатан дээр суусан байдалтай/ У  хохирогч, М-г  салгахаар зууралдаж байв...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 71-73 тал/,

 

Хохирогч У.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд гарган өгсөн гэрэл зураг, мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-ийн 25-28 тал/,

Гэрч Л.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 1-ний шөнө 00 цагаас хойш манай буудлын 3 давхарт байсан нэг туранхай залуу, өөр нэг найзынхаа хамтаар байхад эхнэр нь гараад явсан. Тэр залуу гараад ирэхээр нь эхнэр чинь гараад явсан, миний дүү буцаад өрөөндөө ор гэж хэлээд явуулсан. Тэгтэл тэр залуу буудлын 2 давхраар эхнэрээ хайж яваад 217 тоот өрөөний хаалга нь онгорхой байхаар нь харах гэж шагайснаас болж тэр өрөөнд байсан хүмүүстэй маргалдсан байсан. ...Эхнэрээ явуулсан залуу болон буудлын 2 давхрын 217 тоотод байсан хүмүүс хоорондоо маргалдаад зодоон болсон. ...Эхнэрээ хайгаад байсан залууг 217 тоотод байсан 2 хүүхэн 2 залуу дөрвүүлээ нийлээд зодож байсан бөгөөд би салгах гэсэн боловч дийлээгүй, хоёр хүүхэн нь намайг холдуулаад нэг залуу нь зодоод байсан. ...Цагдаа нар ирсэн боловч тэр хүмүүс зодолдоод байсан бөгөөд цагдаа нар ирээд дийлэхгүй болохоор нэмэлт хүч дуудсан. Улмаар 2 цагдаа ирж тэдгээр хүмүүсийг аваад явсан. Тэр зодоонд 217 тоот өрөөнд байсан 2 махлаг залуу, 2 эмэгтэй, эхнэрээ асуугаад байсан залууг зодсон. 217 тоот өрөөнд байсан 2 махлаг залуу, 2 эмэгтэй салгаж байгаа хүмүүстэй хүртэл зодолдох гээд байсан. Хоёр эмэгтэй нь хамгийн их дэвэргэсэн хүмүүс...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 41-43 тал/,

Гэрч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ариун цэврийн өрөө ороод бие засаад гарч байхад коридорт хүмүүс орилолдоод байсан. Гараад очиход манай найз М  танихгүй туранхай залуутай зодолдож байсан. Тэд нар дээр очоод салгатал хажуугаас тэд нар олуулаа орж ирээд бөөн бужигнаан болоод цагдаа дуудаад, бүгдийг аваад цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Ямар шалтгааны улмаас зодоон болсон гэдгийг мэдэхгүй. ...Тэд нар нэлээн согтуу харагдсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 46-47 тал/,

Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...22 цаг өнгөрч байхад Бичлийн Э  нэртэй зочид буудалд 2 давхарт өрөө аваад үлдсэн тал шил архиа уугаад сууж байсан. У- машинаас юмаа авна гэж гараад орж ирэхгүй байсан. Б  ах араас нь гараад 5-10 минутын дараа буудлын шатын хажууд хүмүүс орилоод байсан. Дөлгөөнзул бид хоёр коридорт гараад хартал Б  шатан дээр ухаан алдаад, нүүр гар нь цус болчихсон. Хажууд нь хоёр танихгүй залуу зогсож байсан. Бас 4 эмэгтэй байсан. Би гүйж очоод тэр залууг татаж салгасан. Тэгэхэд тэнд байсан махлаг залуу бас 2 эмэгтэй Б  руу дайраад нэмж зодоод байсан. ...Тухайн үед махлаг залуу, оронж куртиктэй өндөр залуу нийлээд Б ын дээр нь гараад нийлж зодож байсан. Хажуугаас нь 2 эмэгтэй нь дайраад өшиглөөд байсан. Бусад нь салгах гээд татаад байсан. Би очиж тэд нарыг салгасан. Б  ухаан алдаад зодолдох тэнхэлгүй байсан. Би очиж салгасан, бид нараас харилцан зодолдсон хүн байхгүй. Б ын нүүр хэсэг хавдаж цус болсон. Зүүн нүд нь хөхөрч хавдсан, 2 гар нь цус болсон байсан. Нөгөө залуучуудын биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 50-51 тал/,

Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Коридорт хүмүүс бужигнаад байхаар нь яваад очтол М  танихгүй 3, 4 залуучуудтай муудалцаад зогсож байсан. Хажууд нь манай найзууд гарч ирээд салгах гээд бөөн бужигнаан болж байсан. М  нэг залуутай зодолдоод байсан. Би очоод М-г  салгаж аваад гадагшаа гараад бусад нь дотор үлдсэн. Тухайн үед бүгдээрээ нэлээд муудацгаасан байсан. Нөгөө залуу бас нэлээн согтуу харагдсан. ...Тухайн үед М , танихгүй 1 залуутай дээр доороо ороод зодолдоод байсан. Бусдыг нь Б- хаалганы хажууд хааж зогсоод оруулахгүй байсан. ...М ын хамраас цус гарчихсан. Нөгөө залуугийн нүүр нь бас цус болсон харагдсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 54-55 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4279 дугаартай “...У.Б ын биед тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, эрүү, хамар, хоолой, баруун гарын эрхийн хуруу, зүүн гарын чигчий хурууны шарх, шалбаралт, цус хуралт, хаван хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэх дүгнэлт /1 хх-ийн 58-59 тал/,

Хохирогч У.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, асап сангийн лавлагаа /1 хх-ийн 93, 94-105 тал/,

Хохирогч У.Б ын Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “...эмчилгээний зардлыг бүрэн хүлээж авсан. Өнөөдрийн байдлаар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх бичиг /2 хх-ийн 13 тал/,

Шүүгдэгч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад ярих зүйл байхгүй, маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 181 тал/,

Шүүгдэгч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Миний хувьд өөрийн үйлдлээ бүрэн ухамсарлан хүлээж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 186 тал/,

Шүүгдэгч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би болсон асуудалд одоо маш их харамсаж байна. Цаашид өөрийн үйлдлийг бүрэн ухамсарлаж явах болно...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 191 тал/,

Хохирогч У.Б ын шүүхэд өгсөн “...Б  миний бие зодуулж хохирсон гэмтлийн эмчилгээний төлбөрийг бүрэн хүлээж авсан. Яг өнөөдрийн байдлаар гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Харин хурууны гэмтлийг баримтаа бүрдүүлж байж нэхэмжилнэ. Шүүх хуралдаанд Ковид 19 хөл хориотой байгаа тул биечлэн оролцохгүй...” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөн шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгч Д.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 77, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 8 тал/, тал/, асап сангийн лавлагаа /1 хх-ийн 78-82 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 83 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /1 хх-ийн 84 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 85 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /1 хх-ийн 86-92 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1 хх-ийн ... 5 тал/, Пирамид-Орд ХХК-ний ажлын газрын тодорхойлолт /1 хх-ийн 145, 2 хх-ийн 15 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /1 хх-ийн 146 тал/,  гадаад паспортын хуулбар /1 хх-ийн 147 тал/,

Шүүгдэгч Б.Д-н иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 115 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /1 хх-ийн 116 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1 хх-ийн 117 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн ... 9 тал/, асап сангийн лавлагаа /1 хх-ийн 130 тал/, бакалаврын дипломын хуулбар /1 хх-ийн 143-144 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 7 тал/,

Шүүгдэгч Д.Б-ы асап сангийн лавлагаа /1 хх-ийн 151-154 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 163 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 164 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 165 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /1 хх-ийн 166 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1 хх-ийн 167 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 9 тал/, “Замын Битум” ХХК-ийн тодорхойлолт /2 хх-ийн 14 тал/,

Шүүгдэгч Н.И- гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 215 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /1 хх-ийн 216 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 217 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 218 тал/, Бакалаврын дипломын хуулбар /1 хх-ийн 219-222 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хх-ийн 223 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 10 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй нийцэж байх тул үнэн зөв гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М- овогт Д-н  М-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 Ц- овогт Б-н  Д , С  овогт Д-н  Б-, У  овогт Н-н  И-  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

“Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” бол “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилжээ.

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах энэ гэмт хэрэг нь эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, зан заншлыг үл тоомсорлон, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсамнах, доромжлох, айлган сүрдүүлэх, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг гэмт этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон санаатай, идэвхтэй үйлдлээр илрэн гарахаас гадна олон нийтийн газар, нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгаагаа нийтэд илээр үзүүлсэн үйлдлийг ойлгоно.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэвэл: Шүүгдэгч Д.М-, Д.Б-, Н.Ичинхорол, Б.Д- нар 2020 оны 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ...  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтаннаран” трейд ХХК-ийн “Э ” нэртэй зочид буудалд орж үйлчлүүлж байхдаа тус зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч У.Б , нэр бүхий гэрч нартай ямар ч шалтаг шалтгаангүйгээр маргалдан зодолдож, тухайн буудлын хэвийн үйл ажиллагаа, тэнд амарч үйлчлүүлж байсан бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байна.

Энэ үйл баримт нь хохирогч А ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б гийн “...2020 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө намайг ажил дээрээ ирэхэд Э  зочид буудлын 2 давхрын коридор болон шатан дээр цус болчихсон байсан. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө Э  зочид буудалд амарч байсан 2 болон 3 давхрын хүмүүс хоорондоо зодолдсон гэж байсан. Тэр хүмүүсийн зодооны улмаас манай буудалд ээлжинд ресэпшин Н , үйлчлэгч нар нилээн айсан байдалтай, маргааны салгах үед тэр хүмүүс дийлдэхгүй байсан гэсэн. Тэр хүмүүс манай ажилчдыг хойш нь түлхэж байгаад зодолдоод байсан гэсэн. Манай байгууллага дээр үйлчлүүлж байгаа хүмүүс хоорондоо маргах, зодолдох асуудал гардаг л байсан. Гэхдээ тэр өдрийнх шиг ийм аймаар зодоон болж байгаагүй. Би дараа нь бичлэгийг нь харж байсан. Манай байгууллагад өчнөөн хүн үйлчлүүлдэг бөгөөд тэр зодооноос болж үйлчлүүлж байсан хүмүүс гарах, шинээр орж ирж байгаа үйлчлүүлэгч нар орж чадахгүй гарах асуудал байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 33, 39-40 тал/, хохирогч У.Б ын “...Би эхнэрийн араас гарч машинаасаа нэг юм аваад буудлын коридороор явж байтал өөр нэг өрөөний хаалга нь онгорхой дотор нь нилээн олон хүмүүс байсан. Тэр хүмүүс дундаас нэг алчуур барьсан эмэгтэй намайг дуудаад байсан. Тэр эмэгтэй чи хаана байгаа юм, хэдүүлээ байгаа юм, хэнтэй явж байгаа юм гээд сонин юм асуугаад байсан. Би тухайн үед эхнэртэйгээ эхнэрийнхээ араас явж байна гэж хэлээд зогсож байтал нэг танихгүй залуу над руу чи хэн юм, яах гэж байгаа юм гээд гараад ирсэн. Би тэр залууд өөрсдөө дуудчихаад юу яриад байгаа юм гэсэн чинь тэр танихгүй залуу шууд нүүрэнд цохиод эхэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 31-32, 200-201 тал/, Л.Н гийн “...2020 оны 4 дүгээр сарын 1-ний шөнө 00 цагаас хойш манай буудлын 3 давхарт байсан нэг туранхай залуу, өөр нэг найзынхаа хамтаар байхад эхнэр нь гараад явсан. Тэр залуу гараад ирэхээр нь эхнэр чинь гараад явсан, миний дүү буцаад өрөөндөө ор гэж хэлээд явуулсан. Тэгтэл тэр залуу буудлын 2 давхраар эхнэрээ хайж яваад 217 тоот өрөөний хаалга нь онгорхой байхаар нь харах гэж шагайснаас болж тэр өрөөнд байсан хүмүүстэй маргалдсан байсан. ...Эхнэрээ явуулсан залуу болон буудлын 2 давхрын 217 тоотод байсан хүмүүс хоорондоо маргалдаад зодоон болсон. ...Цагдаа нар ирсэн боловч тэр хүмүүс зодолдоод байсан бөгөөд цагдаа нар ирээд дийлэхгүй болохоор нэмэлт хүч дуудсан. Улмаар 2 цагдаа ирж тэдгээр хүмүүсийг аваад явсан. Тэр зодоонд 217 тоот өрөөнд байсан 2 махлаг залуу, 2 эмэгтэй, эхнэрээ асуугаад байсан залууг зодсон. 217 тоот өрөөнд байсан 2 махлаг залуу, 2 эмэгтэй салгаж байгаа хүмүүстэй хүртэл зодолдох гээд байсан. Хоёр эмэгтэй нь хамгийн их дэвэргэсэн хүмүүс...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 41-43 тал/, гэрч Г.О-ын “...Коридорт хүмүүс бужигнаад байхаар нь яваад очтол М  танихгүй 3, 4 залуучуудтай муудалцаад зогсож байсан. Хажууд нь манай найзууд гарч ирээд салгах гээд бөөн бужигнаан болж байсан. М  нэг залуутай зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 54-55 тал/, гэрч Б.Г-н “...Д бид хоёр коридорт гараад хартал Б  шатан дээр ухаан алдаад, нүүр гар нь цус болчихсон. Хажууд нь хоёр танихгүй залуу зогсож байсан. Бас 4 эмэгтэй байсан. Би гүйж очоод тэр залууг татаж салгасан. Тэгэхэд тэнд байсан махлаг залуу бас 2 эмэгтэй Б  руу дайраад нэмж зодоод байсан. ...Тухайн үед махлаг залуу, оронж куртиктэй өндөр залуу нийлээд Б ын дээр нь гараад нийлж зодож байсан. Хажуугаас нь 2 эмэгтэй нь дайраад өшиглөөд байсан. Бусад нь салгах гээд татаад байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 50-51 тал/, Гэрч Д.Ц-гийн “...Ариун цэврийн өрөө ороод бие засаад гарч байхад коридорт хүмүүс орилолдоод байсан. Гараад очиход манай найз М  танихгүй туранхай залуутай зодолдож байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 46-47 тал/, гэрч Б.У-гийн “...Бид нар бие засаад гараад ирэхэд манай нөхөр Дариагийн нөхөр хоёр гараад явчихсан байсан. Тэгээд хувцсаа өмсөөд байж байтал коридорт манай нөхрийн дуу хадаад байхаар нь гараад хартал манай нөхөр дээр 2-3 хүн шавчихсан бөөн зодоон болж байсан. Бид нар очоод манай нөхрийг салгаж авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 17-18 тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1 хх-ийн 22-24, 71-74 тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн дүрсийг бэхжүүлсэн компакт диск зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, нэр бүхий шүүгдэгч нар дээрх үйлдэлд оролцохдоо шүүгдэгч Д.М- нь олон нийтийн газар хохирогч У.Б ыг бусадтай харилцаж байхад ямар ч шалтаг шалтгаангүйгээр яах гээд байгаа юм гэж хэлээд цохиж, олон нийтийн газар зориудаар маргаан үүсгэн танхайрч, хохирогчийн эрүүл мэндэд халдан зодоон үүсгэсэн, уг зодооныг зогсоож салгах гэсэн хүмүүсийн үгэнд орохгүй, дийлдэхгүй удаан хугацаагаар үргэлжлүүлсэн, Н.И- , Б.Д-, Б- нар түүний хууль бус дээрх үйлдлийг таслан зогсоохын оронд бусад гэрч, хохирогч нартай маргалдах, цохих, өшиглөх зэргээр тус үйлдэлд идэвхтэй, дэмжлэг үзүүлж хамтран оролцсон байна. Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт энэ үйл баримттай маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж оролцсоныг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Д.М-, Д.Б-, Б.Д-, Н.Ичинхорол нарын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө “Э ” зочид буудлаар үйлчлүүлж байхдаа нийтийн хэв журмыг буюу нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг ямар нэг шалтаг шалтгаангүйгээр бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван амарч, ажиллах нөхцөлийг санаатай алдагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийн “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг гэж дүгнэх үндэслэл болж байна.   

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар тухайн цаг хугацаанд шүүгдэгч Д.М- нь хохирогч У.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4279 дугаартай “...У.Б ын биед тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, эрүү, хамар, хоолой, баруун гарын эрхийн хуруу, зүүн гарын чигчий хурууны шарх, шалбаралт, цус хуралт, хаван хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...” гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдсон байна.

Тодруулбал, шүүгдэгч Д.М- нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдэх явцдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг давхар үйлдсэн байгаа нь тогтоогдсон тул прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна. Энэ үйл баримтад шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчид “...Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл дээр маргахгүй. Гэхдээ хохирогч байгууллагад буюу зочид буудалд хохирол хор уршиг учраагүй байхад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, энэ гэмт хэргийн бүх шинжээр яллах дүгнэлт үйлдсэн нь буруу. Байгууллагад бодитоор учирсан хохирол байхгүй тул Зөрчлийн хуулиар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна...“ гэх агуулгаар дүгнэлт гаргаж оролцсон.

Хэргийн үйл баримтаар хохирогч “Алтаннаран” трейд ХХК-ийн “Э ” зочид буудлын эд хөрөнгийг устгаж, гэмтээж, эд хөрөнгө өмчлөх эрхэд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагаа, буудлын ажилтан, үйлчлүүлэгч нарын амгалан тайван байдал алдагдсан болох нь тогтоогдсон тул өмгөөлөгч нарын “...энэ гэмт хэргийн бүх шинжээр яллах дүгнэлт үйлдсэн нь буруу...” гэснийг шүүх хүлээн авч, тогтоогдсон үйл баримтын хүрээнд зөвтгөн шийдвэрлэсэн, энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэв.

 Учир нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинж нь заавал ч үгүй тодорхой хохирол, хор уршиг үүссэн байхыг шаардахгүй, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, өдөөн турхирсан, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулснаар төгсдөг.

Иймд шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.И- , Д.Б-, Б.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь гэмт үйлдэлдээ танхай сэдэлтэй, шууд санаатай хандсан байх тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй, мөн нэхэмжлэх зүйл байхгүй. Эдгээр хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэж мэдүүлсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгсдөг, заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй.

Иймд шүүгдэгч Д.М-, Д.Б-, Н.Ичинхорол, Б.Д- нарын үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас тэдгээрээс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Хохирогч У.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...миний биед учирсан гэмтэлд нэг сая гаруй төгрөгийн зардал гарсан. ...Миний хувьд хэрэг болох үед намайг зодож эхэлсэн залуу эмчилгээний зардал гэж нэг сая төгрөг өгсөн. Миний зүүн гарын чигчий хурууны шөрмөс тасарсан. Тэрнээс болж шөрмөс залгах хагалгаанд орох шаардлагатай болоод байгаа учраас тус зардлыг гаргуулмаар байна. Өөр гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн ба шүүхийн шатанд “...эмчилгээний зардлыг бүрэн хүлээж авсан. Яг одоогийн байдлаар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ гэмт хэргийн хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт шүүхэд ирээгүй бөгөөд шүүгдэгч Д.М- шүүхийн хэлэлцүүлэгт “би хохирогч Б т эхлээд 1 сая төгрөг өгсөн, дараа нь тодорхойлолт авахаар өмгөөлөгчтэйгээ очихдоо  1 сая төгрөг өгсөн...” гэж мэдүүлсэн.

Иймд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарснаас хойш эдгэрэх цаг хугацаа, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн баримтад дүгнэлт хийж, тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.М-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Б.Д-, Д.Б-, Н.И-нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.М-т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...хохирогчид учруулсан хохирлыг төлсөн...” гэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Д-, Д.Б-, Н.И-нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Тэдгээрийн хувийн байдал тогтоосон нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нар урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бүгд бага насны хүүхдүүдтэй, тогтмол оршин суух хаягтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэж биеэ хянах чадвар алдагдсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдлууд тогтоогдсон байна.   

 

Иймд шүүгдэгч Б.Д-, Д.Б-, Н.И-нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал болон тэдгээрийн бага насны хүүхдүүдтэй хувийн байдлыг тус тус харгалзан, шүүгдэгч Б.Д-, Д.Б-, Н.Ичинхорол нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Д-, Д.Б-, Н.И-нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Д-, Д.Б-, Н.И-нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлаж байна.

Шүүгдэгч Д.М-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд үйлдсэн бөгөөд энэ хоёр гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж хуульчилснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй болно.

Түүнчлэн, тэрээр гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн газарт бусадтай маргалдан танхайрч, улмаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, таслан зогсоохыг оролдсон хүмүүсийг үл ойшоон, хууль бус үйлдлээ удаан хугацаанд үргэлжлүүлсэн зэрэгт шүүх дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 1 /нэг/ жил хорих ял оногдуулахаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд учруулсан хохиролд тооцож хохирогч У.Б т 2 сая төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзаж 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэх нь шүүгдэгч Д.М-ын үйлдэлд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж заасан тул шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал болоод Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Д.М-т оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзаж Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди нь хэргийн үйл баримтыг нотолсон нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар тогтов.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч Б.Д-, Д.Б-, Н.И-нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч Д.М-т шүүхээс хорих ял оногдуулсантай холбогдуулан өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч М- овогт Д-н  М-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанНийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг  тус тус үйлдсэн гэм буруутайд,

           - Шүүгдэгч Ц- овогт Б-н  Д , С  овогт Д-н  Б-, У  овогт Н-н  И-  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанНийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            - Шүүгдэгч Б.Д-, Д.Б-, Н.И-нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Д-, Д.Б-, Н.И-нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэнд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-, Д.Б-, Н.И-нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Д-, Д.Б-, Н.И-нарт сануулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-, Д.Б-, Н.И-нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА