| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00175/И |
| Дугаар | 227 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 227
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8-07 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, РД:ОГ68062713, Шангас овогт Аюушийн Батжаргалын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1968 онд төрсөн, 49 настай. Би Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1981 онд аавыгаа дагаад малчин болж 1989 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд хонь, ямаа маллаж байсан. Одоо нас өндөр болж байгаа бөгөөд тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учраас Завхан сумын “Сандалай” нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсноор шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Батжаргал нь Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргаж ирүүлсэн Доржийн Аюушийн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 1 дүгээр сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. 1984 онд авахуулсан гэх фото зураг,
3. Цэргийн үүрэгтний үнэмлэх,
4. Гэрч Т.Бааяагийн шүүхэд өгсөн: “Би 18 настайгаасаа буюу 1959 оноос эхлэн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдлийн Хяргас нуур багт аав, ээжийн хамтаар, сүүлдээ бие даан гэр бүлийн хамтаар 1991 он хүртэл мал малласан юм. А.Батжаргалын хувьд нэг нутгийн хүмүүс учраас түүнийг болон гэр бүлийнхнийг нь сайн таньж мэдэх юм. А.Батжаргал нь хар багаасаа Хяргас нуурт багт мал маллаж өссөн хүүхэд бөгөөд 1981 оны дундуур нэгдлийн малчин болж ажиллаж байгаад 1989 оны үеэр ажлаас чөлөөлөгдсөн байх” гэх мэдүүлэг,
5. Гэрч Н.Пагмын шүүхэд өгсөн: “Би 15 настайгаасаа буюу 1963 оноос эхлэн Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдлийн Хяргас нуур багт малчнаар ажилд орж улмаар нөхрийн хамт 1991 он хүртэл мал малласан юм. А.Батжаргал нь багаасаа аав, ээжийн хамт Хяргас нуурт багт мал маллаж өссөн бөгөөд 1981 оноос эхлэн бие даан нэгдлийн малчнаар 1989 он хүртэл ажилласан байх” гэх мэдүүлэг,
6. Гэрч Т.Бааяа, Н.Пагма нарын Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч А.Батжаргал нь Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргахдаа аав Д.Аюушийн цалингийн тодорхойлолтыг хавсаргасан, мөн ажиллаж байхдаа буюу 1984 онд авахуулсан гэх фото зургийг хавсаргасан ба энэхүү зурагт А.Батжаргал байгаа эсэх нь тодорхойгүй, гэрчүүдийн мэдүүлэгт “түүнийг ажиллаж байсан байх” гэсэн мэдүүлэг өгсөн, А.Батжаргал нь 1986 оны 8 дугаар сараас 1988 оны 8 дугаар сарыг хооронд цэргийн алба хаасан болох нь түүний цэргийн үүрэгтний үнэмлэхэд бичигдсэн байдлаар тогтоогдож байгаа ба цэргийн алба хаасан хугацаанд мөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд А.Батжаргалын Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шангас овогт Аюушийн Батжаргалын Увс аймгийн Завхан сумын “Сандалай” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР