Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/77

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.БолорТ- даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй, 

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч Д.Ө-,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Алтангадас,

шүүгдэгч Л.М-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 21-49/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Л-н М-д холбогдох эрүүгийн 2005029681614 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байр, ... тоотод оршин суух бүртгэлийн хаягтай боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, Зүүннарангийн задгайд дүүгийндээ оршин суудаг гэх, /РД: /, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х- овогт Л-н М-.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 17-18 цагийн орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүннарангийн 0 гудамжинд байрлах “Д-” нэртэй зочид буудлын зүүн урд талын машины гарааш нь дээр Л.Этай архи хундагалахдаа бага хийж байна гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар Л.Эыг хавсарч унагаан цээж болон бие рүү нь удаа дараа өшиглөх зэргээр зодож амь насыг аврах боломжгүй хүнд гэмтэл учруулсны улмаас нас барахад хүргэн алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.М-г Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах, цагаатгах дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “...Баянгол дүүргийн 10 дугаар хороо ЗН-12-53 тоотын гадаа нас барсан хүн байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 12-53 тоот гэсэн хаягтай ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цэнхэр өнгийн дааман хаалгатай, хаалган дээр 53 гэсэн тоотой, гадуураа хашаатай, хашаа нь зүүн урд хэсгээрээ дугуйрсан байдалтай хашааны урд талаар машин шороон зам явсан байдалтай байх ба хашааны зүүн урд хэсгийн  дугуйрсан хашааны төгсгөл хэсэгт шороон замын хойд талд хашаа руу толгой хэсэг нь тулсан байдалтай, толгой хэсэг нь хойд зүгт байрлаж, зүүн тийш налуу байрлалтай, хоёр шүд ам нь жилийсэн, хамар зүүн шанаа хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, дээгүүрээ хар өнгийн куртик дотор талаар хар саарал өнгийн куртик дотор талаар хар саарал өнгийн босоо захтай ноосон цамц, хөлдөө бор өнгийн орчуулгатай хар өнгийн үдээстэй богино түрээтэй САТ гэсэн бичигтэй гутал өмссөн, доогуураа хар өнгийн гутал өмссөн. Доогуураа хар өнгийн өмд өмссөн. Өмдөнд нь саарал өнгийн металл аралтай тэлээтэй, тэлээг хэл хэсгээр тайлсан байдалтай, дээшээ харсан, хашааны доод ирмэгээр өвс ургамал ургаж хатсан хэсэгт хэвтсэн эрэгтэй хүний цогцос байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 тал/,

 

            Цогцост үзлэг хийсэн “...Цогцос нь 158 см урттай, булчингийн хөгжил биеийн галбир зөв, өөхөн эдийн хөгжил бага, мөчдийн галбир зөв, өөхөн эдийн хөгжил бага, мөчдийн хуруунууд бүрэн 45 кг жинтэй 53 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. ...хамрын үзүүрт 5х2.2 см, 0.7х0.5 см, 0.7х0.2, 0.6х0.2 зүүн ташаанд 7.5х0.5 см, зүүн мөрөнд 2х.1.5 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн зулгаралт зүүн хацарт 8.5х6.5 см талбайд хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай, нас бараад 5-6 орчим болсон байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 тал/,

 

Эргүүлийн офицер д/ч Б.С-ны 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цаг 22 минутад “Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны үзүүрт согтуу хүн хэвтэж байна” гэх дуудлагын дагуу очиж шалгахад Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 12-52 тоот хашааны гадаа 50 орчим насны эрэгтэй зүүн шанаа зулгарч цус гарсан, зүүн чих цус болсон дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Ойр орчимд хамт явсан хүн байхгүй, эхнэр Т- нь ирчихсэн мөн дуудлага өгсөн иргэн Бн овогтой О-л нар нь хамт байсан, 20 цаг 53 минутад 103-т дуудлага өгөөд 4 удаа шаардсан 22 цаг 00 минутад 103-ын эмч Б.Б ирж үзээд EXTUS оноштой нас барсан байна гэх тул Бугат-10-д мэдэгдэж... бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөв” гэх илтгэх хуудас /хх-ийн 15 тал/,

 

            Камерын бичлэгт үзлэг хийсэн “...00.00 секундэд бичлэг эхэлж байх бөгөөд 00.24 секундэд дуусав. Дүрс бичлэгийг эхлүүлж үзэхэд Ш- дэлгүүрийн худалдагчаас нэг шил архи худалдаж аваад гарч байгаа бичлэг, Нарантай хүслэн хүнсний дэлгүүрийн дотор хяналтын камерын 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 38 минутад 00.00 секундэд дүрс бичлэг эхэлж байх бөгөөд дүрс бичлэгийг эхлүүлж үзэхэд Ганхүлэг дэлгүүрийн худалдагчаас нэг шил Их Монгол гэдэг 0.75-тай архи худалдаж аваад гарч байгаа бичлэг 03.06 секундэд дуусав...” гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-30 тал/,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би өглөө 10 цагийн үед сэрсэн ба эцэг эх хоёр маань сэрчихсэн цайгаа бэлдээд сууж байсан, аав гарч хогоо асгаад орж ирээд мод хагалсан, гадуур л юм хийгээд яваад байсан, бас түлээ хаглаад л ойр зуурын юм хийгээд л байсан тэр өдөр хагас сайн өдөр байсан. 16 цагийн үед эцэг маань хаашаа гарахаа хэлэлгүйгээр явсан, хашаандаа юм хийж байгаа болов уу гэж бодтол харин гараад явчихсан байсан. 17 цаг 10 минутын үед би өөрөө ажилдаа явсан, ер нь бол Өмнөговь аймаг руу, би гэрээсээ гараад алхаад доошоо буюу ертөнцийн зүгээр урагшаа Хангай дэлгүүрийн чигтэй явж байсан, Хангай дэлгүүрийн зүүн талаар урагшаа алхаад засмал зам дагуу такси барих гээд гараа өргөөд зогсож байсан, тэгээд байж байтал аав маань Хотол нэртэй 2 давхар байна уу даа зочид буудлын урд талаас буюу далангийн ертөнцийн зүгээр зүүн талаас гарч ирсэн, би ойлгохдоо хуванцар сав түүгээд гарч ирсэн болов уу л гэж бодож байсан, эсвэл тушаасан ч байж магадгүй, яг тэр гудамжны зүүн урд талд авдаг газар нь байдаг, тэгээд гарч ирэхээр нь намайг харахад аав маань өөрөөсөө гадна гурван хүнтэй гарч ирж байсан, тэр гурван хүн нь тэр хавиар цугларч сэлгүүцээд архи олдвол уугаад байж байдаг хүмүүс байсан.

Эхнийх нь яг эцэгтэй минь хамт зогсож байсан ба эцгээс бага зэрэг өндөр буюу 164 орчим см өндөртэй, үс нь ургаж өрвийсэн, нүүр нь ам харласан, дээгүүрээ хөх өнгийн малгайтай цамцтай доогуураа хар гуталтай, хоёр гараа хармаандаа хийсэн хүн байсан, дахин харвал танина,

2 дахь хүн нь эхний хүнээсээ бага зэрэг буюу 2-5 см намхан буюу 150-н хэдтэй юм уу 160 см өндөртэй, өргөн цээжтэй, дунд зэргийн махтай, харлаж борлосон царайтай, саравчтай хар малгайтай, алаг өнгийн хар ногоонтой юм шиг гэхдээ цэргийн десант биш куртиктэй, доогуураа улаан өнгийн өмдтэй байсан байж магадгүй, өмд нь нэг өргөндүү өмд байсан, цагаан өнгийн пүүзтэй байсан санагдаж байна, дахин харвал танина,

3 дахь хүн таяг тулсан хүн байсан санагдаж байна, дээгүүрээ ногоон өнгийн куртик бүдэг ногоон, хар даавуун өмд, мөн харласан царайтай, мөн хар гуталтай байх, хашаа налаад сууж байсан, дахин харвал танина.

Намайг харахад таяг тулсан хүнээ 2 дахь хүн нь шоглоод тоглоод байгаа юм шиг цохиж бариад байсан, намайг харахад тэр хүмүүс юм уусан бололтой харагдаж байсан, ер нь л нэг тэнэмэл маягийн нөхдүүд ба эхний 1, 2 дугаар хүн бол яалт ч үгүй тэнэмэл амьдралтай хүмүүс байсан, тэр хүмүүс миний эцэгтэй бол юм яриагүй, нөгөө хоёр нь хэдэн алхмын цаана нэгнийгээ шоглож байгаа юм болов уу гэмээр байж байсан, тухайн үйл явдал 17 цагийн үед болсон. Тэгээд би уул нь зам гараад одоо та гэртээ харь гэж хэлдэг ч юм уу гэж бодож байсан, эсвэл тэр хүмүүсээс салгаад гэр рүү нь дөхүүлээд өгчих ч юм уу гэж бодож байгаад за яршиг гээд дээр нь ажилчдын автобусанд суух учраас орхиод явсан, эцэг маань бас уусан харагдаж байсан гэхдээ тасраад сүйд болоогүй байсан. Би тэр хүмүүсийг өмнө нь харж байгаагүй, миний эцэг өмнө нь хүнд зодуулсан асуудал гарч байгаагүй, яг иймэрхүү буюу архи уудаг тэнэмэл маягийн хүмүүстэй нийлж байгаагүй. Би тэгээд цаашаа ажил руугаа явах гээд такси бариад Баянгол зочид буудлын тэнд очоод тэндээсээ автобусаар нисэх буудал ороод тэндээсээ Оюутолгой руу онгоцоор явсан. Онгоцноос 21 цагийн үед буугаад 21 цаг 14 минутад миний дугаар руу ээжээс дуудлага ирсэн миний эцгийг гудамжинд унасан байна, нүүр ам нь цус болсон ухаангүй чих нь хөхөрсөн байна гэж хэлсэн, тэгээд ээж бас ах дүү нарт хэлээрэй гэхээр нь би аавын эгч дүүд нь бас хэлсэн, хэсэг хугацааны дараа цагдаагаас хүмүүс ирлээ аавыг чинь нас барсан гэж байна гэсэн. ...Ээж гараад очтол аав ямар ч хөдөлгөөнгүй ухаангүй байсан гэсэн, хажууд нь нэг архины шил байсан гэсэн. Би өөрөө ойлгохдоо 17-ны өдөр 17 цаг 20 минутын уед аав таарахдаа 3 хүнтэй таарсан байсан тэр гуравтайгаа архи уугаад тэд нар нь гар хүрээд ийм зүйл болчихлоо гэж би ойлгож байна, ер нь бол 2 цагийн л асуудал болсон, нөгөө хүмүүс нь дээрэлхээд байна уу дээрэмдээд байна уу алчихлаа, өөрөөр миний эцэг хорхойд хоргүй хүн, тэр хойшоо Э-н зам руу микро эргэдэг дугуй засварын газрын ойролцоо байдаг цагдаагийн камерт 17-ны өдөр эцэгтэй байсан хүмүүс бичигдсэн байх ёстой, бас 12 давхар 5 дугаар байрны камерт ч бичигдсэн байх ёстой. Доор тааралдсан газраа эцэг маань зодуулаад харих гэж яваад нас барчихлаа гэж ойлгож байна. Би гомдолтой байна хэргийг хуулийн дагуу шалган шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэг явдал болдог өдөр 21 цагийн үед над руу утсаар яриад аав чинь ухаангүй байна гэж хэлсэн. Одоо 60 нас хүрч байх ёстой хүн байсан. Би маш их гомдолтой байна. Л.М-гаас нийт 11.520.000 төгрөгийг шүүгдэгч нэхэмжилж байна. Зохих ялыг нь оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байхад 21 цагийн үед ээж Т- утсаар яриад аав нь гудамжинд ухаангүй унасан байна, хурдан хүрээд ир гэж хэлсэн. Би очиход манай аав Э гэрийнхээ урд талын гудамжинд гадаа нас барсан байдалтай байсан. Цагдаа нар ирсэн байсан. Би юу болсон талаар мэдэхгүй. А-дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэн зүйлгүй. Би гомдолтой байна. М- нь гудамжны архичин тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 151-152 тал/,

 

Гэрч Б.О-лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж П- 20 цагийн орчимд гаднаас орж ирээд намайг цагдаа руу дуудлага өгөөдөх, гадаа таньдаг хүн хэвтэж байна гээд гараад явсан. Би утсаараа цагдаад дуудлага өгөөд гадагшаа гартал манай хашаанаас 20-30 метр зайтай хашааны буланд хүн хэвтэж байсан. Удалгүй манай ээж, нэг эмэгтэй хүн хүүхэдтэй гурвуулаа ирсэн. Бид дөрөв очиж харсан талийгаачийн нүүр нь цус болчихсон хэвтэж байсан.. Би биеийн байдлыг нь харах гээд гараараа хамарт нь хүрээд хүзүү дээр нь судасны цохилтыг мэдэх гээд хүрч үзтэл мэдэгдэхгүй байсан тэгээд би түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

 

Гэрч О.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дэлгүүр орж тамхи, талх худалдаж авах гээд гартал манай хашаанаас 20-30 метрийн зайнд хүн хэвтэж байсан. Очоод хартал манай найз Т-гийн нөхөр хэвтэж байхаар гэртээ орж О-лыг цагдаад дуудлага өг гэж хэлээд Т-д хэлэхээр явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

 

Гэрч Р.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчим гэрийн гадаа хашаанд мод хагалаад байж байсан. Нэг харсан чинь гадагшаа гараад явчихсан байсан. Хаашаа явахаа хэлээгүй ба хаашаа явахаа хэлэлгүйгээр гадуур явж байгаагүй. Архи уусан ч хүрээд ирдэг. Би гэртээ зээ хүү Ч-н /5 настай/-тэй хамт байсан ба гэртээ нөхрөө ирэхийг хүлээгээд байж байтал манай урд талын айлын хүн 21 цагийн орчимд байх танай нөхөр урд гудамжинд хэвтэж байна гэхээр нь явж очоод харахад дээшээ харчихсан, хамраас нь цус гарчихсан, ухаангүй хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

 

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байсан. Т-г Баян айраг дэлгүүр рүү тамхинд явуулахад манай хүү ирэхдээ манай хашааны хажууд нэг цус болсон хүн хэвтэж байна, хажууд нь манай хажуу талын П ах зогсож байна гэж хэлээд удалгүй цагдаа нар ирсэн. ...Болсон явдлын талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

 

Гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Өргөө орчмоор хог түүгээд явж байгаад Өргөө кино театрын хойд талын гороо авдаг цэг дээр /15 цагийн орчимд байх, цаг хэд болж байсныг хараагүй, цаг байхгүй учраас/ очиж түүсэн гороогоо тушааж, 2000 төгрөгтэй болоод, горооны цэг дээр Ш-, шар нохой дагуулж явдаг М-, өндөр нуруутай хэлгүй /нэрийг нь мэдэхгүй байна/ бид дөрөв мөнгөө нийлүүлээд архи авч ууя гээд ярилцаад байж байтал жижиг хэлгүй хочтой Э ирсэн. Ингээд бид нар тавуулаа болоод 10 хорооны Энхболдын замаар дээшээ гэр хороолол руу өгсдөг замын хажууд байдаг Хотол нэртэй буудлын урд талын дэлгүүрээс очиж Их монгол нэртэй 750 граммын архи аваад, улмаар архи уухаар өргөө хойд талын гараашнууд буюу Д- буудлын хажуухан талд гарааш дээр сууж байгаад 5-лаа архиа хувааж уусан. Ингээд бид тав архи ууж байтал архи бага хийлээ, их хийж өглөө гээд хэлгүй Э, шар нохой дагуулж явдаг М- хоёр хоорондоо маргалдаад, Эыг М- нь нааш ир гээд архи ууж байсан газраас жоохон хойшоо /3-4 алхам газар/ дагуулж явсан. Тэгээд би харж байхад М-, Э хоёр хоорондоо маргалдаж байснаа М- нь Эыг дэгээдэж хойш нь унагаагаад, Эыг уначихсан байхад нь М- биеийнх нь зүүн хэсэг рүү өшиглөөд байсан. Би яг хаана нь хэдэн удаа өшиглөсөн гэдгийг нь мэдэхгүй. Ямар ч байсан газарт уначихсан байхад нь өшиглөөд байсан. Ингээд М- нь Эыг зодож байснаа цаашаа яваад өгчихсөн ба хэлгүй Э нь босож ирэхгүй хэвтээд байхаар нь би очиж татаж босгосон. Босгоход Э нь хөл эвгүй болчихлоо гээд явж чадахгүй байна гээд байхаар нь би хажуу талаас түшээд гараашаас доошоо бууж Өргөө тал руу урагшаа зам хөндлөн гарсан. Ингээд замын урд талд байрны тоотыг нь санахгүй байна, байрны хажуу талд Э нь “яааяа яааяа” гээд өвдөөд байна гээд хаана нь өвдөж байгаагаа хэлэхгүй байсан ба би Эыг байрны хажуу талд суулгаж үлдээгээд яваад өгсөн. Тэгээд би өргөө орчмоор явж байгаад зам урагшаа гартал Дүүхээ төвийн хажууханд Ш-, шар нохой дагуулдаг М- нар хоёулаа явж байсан ба би тэр хоёртой нийлээд явсан. Тэгэхэд М- нь хэлгүй Эыг зодсон талаар хэнд ч хэлж болохгүй шүү, нуугаарай гэсэн ба бид гурав тэр хавиар явж байгаад би тусдаа унтаж амрахаар хорооллын эцсийн хуучин сотын ногоон байрны 33 байрны орцонд орж унтсан. ...Эыг нас барсан гэдгийг цагдаа дээр ирээд мэдсэн. ...Талийгаач архи авахад мөнгө гаргаагүй бөгөөд архи их хийлээ бага хийлээ гэхэд М- нь чи архи авахад мөнгө гаргаагүй байж хүний авсан архи уулаа гээд маргалдсан юм. Маргалдаж байхад М- нь нааш ир ийшлэе гээд архи ууж байсан газраас жоохон хойшоо 3-4 алхам газар яваад, маргалдаж байснаа М- нь талийгаач Эыг дэгээдэж унагаагаад, газарт унасан байхад нь зүүн талын ташаа, хавирга орчимд нь өшиглөөд байсан. Яг хэдэн удаа өшиглөсөнг нь мэдэхгүй байна. Би хажуу талаас болиоч ээ гэхэд М- яваад өгсөн ба би талийгаач Эыг очиж босгоод дагуулж яваад зам гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

            Гэрч Д.Г-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22, 23-24 тал/,

 

Гэрч Ш.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гарааш дээр шар нохой хочит М- архи хундагалсан, шарков хочит Э, М- хоёр архиа яаж хийгээд байгаа юм бэ гээд маргалдсан тэрнээс хойш юу болсныг бол хараагүй ээ, нэг харахад Г- Эыг сугадаад өргөж байгаа нь харагдсан, Бид нар шатаар буугаад тэд нараас салаад Леон нэртэй зочид буудлын хогийн ухаж байгаад Дүүхээ төв дээр М-тай тааралдаад удаагүй удаагүй Г- ирээд би гурав тэр хавиар явж байгаад би тэр 2-оос салсан. ...М- О-н цэг дээр Эт томорч хэрүүл өдсөн байсан. Харин гарааш дээр хоорондоо хэрүүл маргаан болсныг мэдэхгүй байна. М- архи уухаараа их агсан зантай, согтохоороо зодолдье үзье л гэдэг их агсан хүн байгаа юм. Харин Шарков Э их дуу багатай аймхай, жижиг туранхай биетэй хариугүй юм байдаг байсан ... Би би хар куртиктэй дотуур нь ногоон малгайтай ноосон цамцтай, бор пүүзэн гуталтай байсан. Харин М- Улаан малгайтай цамц, хар үүргэвч цүнхтэй, хар бакал гуталтай байсан. Г- хар куртиктэй малгайтай саарал ноосон цамцтай байсан, хар өмдтэй үдээстэй гуталтай байсан. Харин Э хар куртиктэй Улаан шуудай барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/,

Гэрч С.Г-н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байх яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Өдөр хэдэн цаг болж байсныг санахгүй байна Хотол зочид буудлын гадаа шар нохойд М-, Г-, шаркав Э нартай таарсан. Г- дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Их Монгол гэдэг нэртэй архи авч гарч ирээд уусан. Би нэг мэдсэн тасарсан байсан. Нэг сэрсэн гарааш гадаа унтаж байсан юу болсон талаар юу ч санахгүй байна. Би Одоогийн түүхий эдийн цэг дээр Г-тай таараад дагаж архи уудаг. Би М-, Г-, шаркав Э нартай архи уусан тэгээд тасарсан байсан. Би хар малгайтай, хар өнгийн урт куртиктэй, канттай хар хөх өнгийн биеийн тамирын өмдтэй, хар гуталтай байсан М- улаан малгайтай цамц, хар үүргэвч цүнхтэй, хар бакал гуталтай байсан. Г- хар куртиктэй малгайтай саарал ноосон цамцтай байсан, хар өмдтэй үдээстэй гуталтай байсан. Харин Э хар куртиктэй Улаан шуудай барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

 

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн ...дугаар хороо Зүүн Нарангийн ... тоотод хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр буюу ажил дээрээ өглөөний 09 цагт ирсэн. Орой 18 цагийн үед хаасан. Манай цэг дээр архи уудаг, гороо хийдэг хүмүүс ирж архины шил, пивоны лааз авчирч надад тушаадаг. ...Би шил лааз тушаадаг хүмүүсээ ер нь бол танина, нэр хочоор нь мэднэ. Тэр өдөр Г-, Ш-, Чинбаа, М- нар ирж шил лааз өгсөн. Өглөө 10 цагийн үед миний ажил дээр Г- Г-н тай ирсэн. Надад 6000-7000 төгрөгийн шил лааз өгсөн. Ш- 15 цагийн үед ирж надад 3000 төгрөгийн шил лааз тушаасан. Үдээс хойш 16 цаг өнгөрч байхад Г-, шар хочтой Этай орж ирсэн. Ш- тэгэхэд ирсэн байсан, араас нь М- ганцаараа орж ирсэн. Хашааны гадаа М- Эыг нааш ир пизда гээд хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан. Харин Г- М-гаа чи согтохоороо дандаа хүн дээрэлхэж байх юм эрүүлдээ юу ч хэлэхгүй байж гэж хэлж байсан. Тэгээд манай түүхий эдийн цэгийн гаднаас М-, Ш-, Э, Г- нар хамт явсан. Тэр үед 17 цаг болж байсан. Би 17 цаг өнгөрөөгөөд хаагаад явсан. Харин тэр дөрөв гарааш дээр хураалттай машины дугуйны дээр архиа уугаад сууж байсан... М-г танина. М- олон жил манайд шил лааз өгч байна. М- шар нохойт гэж хочтой, архи уугаад согтохоороо жаахан муухай авир ааштай болж агсам согтуу тавьж хамт архи уусан архичингууд руугаа агсам согтуу тавьж хэрүүл маргаан хийгээд байдаг зантай...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 тал/,

 

Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би Нарантай хүслэн дэлгүүрт худалдагч хийгээд сууж байхад орой 17 цаг 10 минутын үед манай дэлгүүрт Шараваа хочит Ш- орж ирээд 1 шил 0.75-тай Их Монгол гэдэг шилтэй архи нэгийг аваад гарсан. Дараа нь 20-30 минутын дараа байх жижиг биетэй Г- нь орж ирээд нэг шил 0.75-тай Их Монгол гэдэг нэртэй архи аваад гарсан. Энэ архи нэг шил нь 6500 төгрөгийн үнэтэй зардаг. Тэд нар дахиж орж ирж архи аваагүй, тэр өдөр 2 шил архи авсан. Ер нь эдгээр архи уудаг хүмүүс өдөр болгон орж ирж архи авдаг, манай зүүн талд байдаг хоёрдогч түүхий эд авдаг цэг байдаг тэнд шил лаазаа тушаачихаад манай дэлгүүрээс архиа авдаг, харин хаана ямар хүмүүстэй уудаг талаар нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2188 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн уушгины хатгагдаж урагдсан шарх, уушгины уг болон дэлбэн хоорондын гялтан доорх цус хуралт, зүүн гялтангийн хөндий дэх цусан хураа /700 мл/, цээжний зүүн талын 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы дан болон хоёрлосон далд хугарал, баруун талын 8, 9-р хавирганы далд хугарал, хугарал орчмын гялтангийн цус хуралт, зүүн бөөрний өөхөн эд дэх цус хуралт, зүүн чамархайн хуйх, нүүр, уруул, зүүн чих, дээд, доод мөч, баруун өгзөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

Талийгаачийн цусанд 3,2 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

Талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас цээжний хөндийд цус алдаж нас баржээ.

Талийгаач нь В (III)-р бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-66, 67-68 тал/,

 

Шинжээч Т.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний гаргасан дүгнэлт үнэн зөв. Уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Талийгаач Б.Эт учирсан эдгээр гэмтлүүд нь хүний цохилтын хүчин зүйлээс үүсэх боломжтой гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь 2 буюу түүнээс олон удаагийн цохилтын хүчин зүйлээр үүсэх боломжтой. Талийгаачийн үхлийн шалтгаан хавирга хугарч уушги хатгагдаж цус алдсаны улмаас нас барсан байна. Уг гэмтлийг авсан хүн богино хугацаанд амьд явах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мөр судлалын шинжилгээний хийсэн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4222 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн куртикны ар талын хэсэгт 42х40мм, 62х55мм хэмжээтэй ханзарсан гэмтэл үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснууд урагдалд, гэмтэл үүсээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн куртикт үүссэн гэмтлүүд нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлцсэний улмаас үүссэн хуучин урагдалтууд, өмдөнд үүссэн 71 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт, 60 мм хэмжээтэй ханзарсан гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр үүссэн ханзралт байна...” гэх дүгнэлт, гэрэл /хх-ийн 80-82 тал/,

 

Шүүх сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1160 дугаартай “...Л.М- сэтгэцийн ямар өвчингүй байна. Л.М- нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.М- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.М- нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 100-101 тал/,

Шүүгдэгч Л.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг орчим гэрээсээ гарсан. ...Бид нар архи аваад Улаан дэлгүүрийн урдуур яваад шатаар гараашны дээгүүр яваад гараашны баруун үзүүрт байдаг машины дугуй хураасан газарт очиж архиа хувааж уусан. Тэгээд буцаж Нарантай хүслэн дэлгүүрийн гадаа очиход Г- ганцаараа дэлгүүр рүү орж нэг шил 0.75-тай Их Монгол гэдэг архи аваал гарч ирсэн. Бид нар буцаад шатаар гараад гараашийн зүүн урд үзүүрт машины дугуй хураасан газраа очиж архиа ууж байсан чинь бага хийж өглөө, их хийж өглөө гээд бага хэлгүй Э надтай хэрүүл маргаан хийсэн. Би Эыг нааш ир гээд архи ууж байсан газраасаа холдож байгаад би Этай маргалдаж байгаад Эыг хавсарч унагаад цээжин хэсэг газарт 4 удаа өшиглөж Э хариугүй биетэй их туранхай хүн байгаа. Архи даахгүй байж уух их дуртай хүн байсан. Харин Э босохгүй хэвтээд байсан. Г- ирээд боль боль гээд очоод Эыг түшиж босгоод аваад явсан. ...Би талийгаач Эыг таньдаг болоод 10 жил болж байна, манай Зүүннаранд гэр нь байдаг, Одноогийн түүхий эд авдаг цэг дээр байнга таардаг. Өмнө нь хамт архи ууж байсан... Бид нар машины гарааш дээр архи ууж байгаад Б.Этай архинаас болж хэрүүл маргаан хийсэн. Тэгээд Эыг унагаад цээжин тус газарт нь 4-5 удаа өшиглөж зодсон, Эт уг гэмтлийг би учруулсан...” /хх-ийн 130-132, 133-134 тал/,

Шүүгдэгч Т.М-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би амь хохирогчийг татаж унагаагаад өшиглөсөн. Болсон явдалд маргах зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байна. Хохирлын хувьд надад төлөх мөнгө байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг хамаарна. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.М-гаас  гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 дүгээр хавтас хэргийн 43-45 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

         Шүүхийн дүгнэлт:

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

Хэрэг учрал болсон 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 17-18 цагийн орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 0 гудамжинд байрлах “Д-” нэртэй зочид буудлын зүүн урд талын машины гарааш дээр шүүгдэгч Л.М-, амь хохирогч Л.Э, гэрч Ш.Ш-, Д.Г-, С.Г-н  нар  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар “архи бага хийж өглөө” гэсэн шалтгаанаар Л.М-, амь хохирогч Л.Э нар маргалдан, шүүгдэгч нь хохирогчийг цохиж, зодсоны улмаас түүнд зүүн уушгины хатгагдаж урагдсан шарх, уушгины уг болон дэлбэн хоорондын гялтан доорх цус хуралт, зүүн гялтангийн хөндий дэх цусан хураа /700 мл/, цээжний зүүн талын 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы дан болон хоёрлосон далд хугарал, баруун талын 8, 9-р хавирганы далд хугарал, хугарал орчмын гялтангийн цус хуралт, зүүн бөөрний өөхөн эд дэх цус хуралт, зүүн чамархайн хуйх, нүүр, уруул, зүүн чих, дээд, доод мөч, баруун өгзөгт зулгаралт, цус хуралт гэмтэл учирч, тус гэмтлийн улмаас нас барсан болох нь нотлогдон тогтоогдож байна. 

 

Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй харилцан хамаарал бүхий нотлох баримтууд болох Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “...Баянгол дүүргийн 10 дугаар хороо ЗН-12-53 тоотын гадаа нас барсан хүн байна...” гэх тэмдэглэл, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтЦогцост үзлэг хийсэн “...хамрын үзүүрт 5х2.2 см, 0.7х0.5 см, 0.7х0.2, 0.6х0.2 зүүн ташаанд 7.5х0.5 см, зүүн мөрөнд 2х.1.5 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн зулгаралт зүүн хацарт 8.5х6.5 см талбайд хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай, нас бараад 5-6 орчим болсон байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эргүүлийн офицер д/ч Б.С-ын 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “...Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүннарангийн 12-52 тоот хашааны гадаа 50 орчим насны эрэгтэй зүүн шанаа зулгарч цус гарсан, зүүн чих цус болсон дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...” гэх илтгэх хуудас, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн өгсөн “...намайг харахад аав маань өөрөөсөө гадна гурван хүнтэй гарч ирж байсан, тэр гурван хүн нь тэр хавиар цугларч сэлгүүцээд архи олдвол уугаад байж байдаг хүмүүс байсан. ...17 цагийн үед би ажилдаа явахдаа харсан. 2 цагийн дараа ажил дээр очсон байхад аавыг маань нас барчихлаа гэж хэлсэн. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байхад 21 цагийн үед ээж Т- утсаар яриад аав нь гудамжинд ухаангүй унасан байна, хурдан хүрээд ир гэж хэлсэн. Би очиход манай аав Э гэрийнхээ урд талын гудамжинд гадаа нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Б.О-лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж П- 20 цагийн орчимд гаднаас орж ирээд намайг цагдаа руу дуудлага өгөөдөх, гадаа таньдаг хүн хэвтэж байна гээд гараад явсан...” гэх мэдүүлэг, Гэрч О.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дэлгүүр орж тамхи, талх худалдаж авах гээд гартал манай хашаанаас 20-30 метрийн зайнд хүн хэвтэж байсан. Очоод хартал манай найз Т-гийн нөхөр хэвтэж байхаар гэртээ орж О-лыг цагдаад дуудлага өг гэж хэлээд Т-д хэлэхээр явсан...” гэх мэдүүлэг, Гэрч Р.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...21 цагийн орчимд байх танай нөхөр урд гудамжинд хэвтэж байна гэхээр нь явж очоод харахад дээшээ харчихсан, хамарнаас нь цус гарчихсан, ухаангүй хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг, Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байсан. Т-г Баян айраг дэлгүүр рүү тамхинд явуулахад манай хүү ирэхдээ манай хашааны хажууд нэг цус болсон хүн хэвтэж байна гэж ирсэн...” гэх мэдүүлэг,   Гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд бид тав архи ууж байтал архи бага хийлээ, их хийж өглөө гээд хэлгүй Э, шар нохой дагуулж явдаг М- хоёр хоорондоо маргалдаад, Эыг М- нь нааш ир гээд архи ууж байсан газраас жоохон хойшоо /3-4 алхам газар/ дагуулж явсан. Тэгээд би харж байхад М-, Э хоёр хоорондоо маргалдаж байснаа М- нь Эыг дэгээдэж хойш нь унагаагаад, Эыг уначихсан байхад нь М- биеийнх нь зүүн хэсэг рүү өшиглөөд байсан. Би яг хаана нь хэдэн удаа өшиглөсөн гэдгийг нь мэдэхгүй. Ямар ч байсан газарт уначихсан байхад нь өшиглөөд байсан. Ингээд М- нь Эыг зодож байснаа цаашаа яваад өгчихсөн ба хэлгүй Э нь босож ирэхгүй хэвтээд байхаар нь би очиж татаж босгосон. Босгоход Э нь хөл эвгүй болчихлоо гээд явж чадахгүй байна гээд байхаар нь би хажуу талаас түшээд гараашнаас доошоо бууж Өргөө тал руу урагшаа зам хөндлөн гарсан. Ингээд замын урд талд байрны тоотыг нь санахгүй байна, байрны хажуу талд Э нь “яааяа яааяа” гээд өвдөөд байна гээд хаана нь өвдөж байгаагаа хэлэхгүй байсан ба би Эыг байрны хажуу талд суулгаж үлдээгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг, Гэрч Д.Г-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Гэрч Ш.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гарааш дээр шар нохойд М- архи хундагалсан, шарков хочит Э, М- хоёр архиа яаж хийгээд байгаа юм бэ гээд маргалдсан тэрнээс хойш юу болсныг бол хараагүй ээ, нэг харахад Г- Эыг сугадаад өргөж байгаа нь харагдсан. ...М- Одмаагийн цэг дээр Эт томорч хэрүүл өдсөн байсан. Харин гарааш дээр хоорондоо хэрүүл маргаан болсныг мэдэхгүй байна. М- архи уухаараа их агсан зантай, согтохоороо зодолдье үзье л гэдэг их агсан хүн байгаа юм. Харин Шарков Э их дуу багатай аймхай, жижиг туранхай биетэй хариугүй юм байдаг байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2188 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн уушгины хатгагдаж урагдсан шарх, уушгины уг болон дэлбэн хоорондын гялтан доорх цус хуралт, зүүн гялтангийн хөндий дэх цусан хураа /700 мл/, цээжний зүүн талын 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы дан болон хоёрлосон далд хугарал, баруун талын 8, 9-р хавирганы далд хугарал, хугарал орчмын гялтангийн цус хуралт, зүүн бөөрний өөхөн эд дэх цус хуралт, зүүн чамархайн хуйх, нүүр, уруул, зүүн чих, дээд, доод мөч, баруун өгзөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас цээжний хөндийд цус алдаж нас баржээ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шинжээч Т.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний гаргасан дүгнэлт үнэн зөв. Уг гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Талийгаач Б.Эт учирсан эдгээр гэмтлүүд нь хүний цохилтын хүчин зүйлээс үүсэх боломжтой гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь 2 буюу түүнээс олон удаагийн цохилтын хүчин зүйлээр үүсэх боломжтой. Талийгаачийн үхлийн шалтгаан хавирга хугарч уушги хатгагдаж цус алдсаны улмаас нас барсан байна. Уг гэмтлийг авсан хүн богино хугацаанд амьд явах боломжтой...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мөр судлалын шинжилгээний хийсэн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4222 дугаартай “...60 мм хэмжээтэй ханзарсан гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр үүссэн ханзралт байна...” гэх дүгнэлт,

Шүүх сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1160 дугаартай “...Л.М- сэтгэцийн ямар өвчингүй байна. Л.М- нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.М- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.М- нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт, Шүүгдэгч Л.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг орчим гэрээсээ гарсан. ...Бид нар архи аваад Улаан дэлгүүрийн урдуур яваад шатаар гараашны дээгүүр яваад гараашны баруун үзүүрт байдаг машины дугуй хураасан газарт очиж архиа хувааж уусан. Тэгээд буцаж Нарантай хүслэн дэлгүүрийн гадаа очиход Г- ганцаараа дэлгүүр рүү орж нэг шил 0.75-тай Их Монгол гэдэг архи аваал гарч ирсэн. Бид нар буцаад шатаар гараад гараашын зүүн урд үзүүрт машины дугуй хураасан газраа очиж архиа ууж байсан чинь бага хийж өглөө, их хийж өглөө гээд бага хэлгүй Э надтай хэрүүл маргаан хийсэн. Би Эыг наашир гээд архи ууж байсан газраасаа холдож байгаад би Этай маргалдаж байгаад Эыг хавсарч унагаад цээжин хэсэг газарт 4 удаа өшиглөж Э хариугүй биетэй их туранхай хүн байгаа. Архи даахгүй байж уух их дуртай хүн байсан. Харин Э босохгүй хэвтээд байсан. ...Эыг унагаад цээжин тус газарт нь 4-5 удаа өшиглөж зодсон, Эт уг гэмтлийг би учруулсан...”гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.М-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт бүхий нотлох баримтуудаар нотлогджээ. 

 

Дээрх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримттай шүүгдэгч Л.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг нийцэж байх бөгөөд хэрэг гарах цаг хугацаанд амь хохирогч Л.Эыг шүүгдэгч Л.М- нь үл ялих зүйлээс буюу архи бага хийж өгсөн гэж шалтаглан эрүүл мэндэд нь халдан гэмтэл учруулсан, шүүгдэгчийн уг үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор хохирогчид амь насыг нь аврах боломжгүй цээжний битүү гэмтэл учирч, цээжний хөндийд цус алдаж амь хохирсон байна.

 

Монгол улсын иргэний амьд явах эрх Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрх ба энэ эрхийг зөрчсөн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч Л.М-гийн согтуугаар амь хохирогч Л.Эыг “архи бага хийж өгсөн” гэсэн шалтгааны улмаас зодсон үйлдэл, амь хохирогч Л.Эын цээжний битүү гэмтлийн улмаас нас барсан хоёр нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.М-гийн дээрх үйлдэл хууль бус шинжтэй, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд аюултайг мэдэж, хүсч үйлдсэн, үйлдлээрээ үр дагаварт буюу хохирогчийн амь насыг хохироож буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

 

Иймд, шүүгдэгч Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

            Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан байна.

 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол нь Л.Эын амь нас хохирсон байдал ба үүнтэй холбогдон гарах бусад зардал нь хор уршигт тооцогдоно. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-нийт 11.520.000 төгрөгийг шүүгдэгч Л.М-гаас хор уршигт тооцон нэхэмжилж байх боловч энэ талаарх баримтаа мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй байна.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нэхэмжлэлээ холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Л.М- нь “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй. 

 

  Шүүгдэгч Л.М- нь хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр нотлогдсон, үйлдсэн гэмт хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Шүүгдэгч Л.М-гийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Л.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М- зүрх муутай, нээх ааш зан гаргаад байдаггүй, манайд бага зэрэг архи уусан ирэхээр нь би хэдэн үг хэлээд гаргадаг. Дорнодоос орж ирээд л архи уусан. Би хэдэн жилийн өмнө нь нэг иргэний үнэмлэх өөрийнхөө гэрийн хаяг дээр авч өгсөн. ...Манай дүү М- нь Улаанбаатар хотод Нийслэлийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуульд сурч байсан. 4 билүү 5 дугаар ангиасаа сургуулиас гарсан байх. Дорнод аймагт барилгын цэргийн ангид алба хаагаад тэндээ үлдээд гагнуурчин хийж байгаад 15-16 жил болоод Улаанбаатар хотод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58, 153-154 тал/,

Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М- нь миний төрсөн эцэг Л.Т-гийн төрсөн дүү байгаа юм. ...М- нь хог, лааз түүж амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/, оршин суух хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 136 тал/,

 иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 138 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Мөн шүүгдэгч Л.М-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч Л.М- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 9 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

           

        Шүүгдэгч Л.М-д хорих ял оногдуулсантай холбоотойгоор түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 97 /ерэн долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтов.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х- овогт Л-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-г 9 /ес/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д оногдуулсан 9 /ес/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-гийн цагдан хоригдсон нийт 97 /ерэн долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д, Э.А-нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3, 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

           

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТ-

           

                        ШҮҮГЧ                                Л.ОДОНЧИМЭГ

                       

                                                 ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО