Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 228

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 7 дугаар багт оршин суух, 1964 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, РД:ОО64092019, Тайж овогт Гагавын Доржсүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Г.Доржсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1964 онд төрсөн, 53 настай. Би 1980 онд 8 дугаар анги төгсөөд Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн дугуй зууханд нүүрс оруулагчаар ажилд орж ажиллаж байгаад 1983-1986 онд цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд үргэлжлүүлэн 1994 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаад цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн юм. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1980 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн дугуй зууханд нүүрс оруулагчаар, Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн дугуй зууханд 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд тоосго өрөгч, гаргагчаар, 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрийн дугуй зууханд тоосго өрөгч, гаргагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Г.Доржсүрэн нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрт 1980 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дугуй зуухны нүүрс оруулагчаар, Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрт 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл дугуй зуухны тоосго өрөгч, гаргагчаар, Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрт 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл дугуй зуухны тоосго өрөгч, гаргагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Барилга угсралтын трест Барилга материалын үйлдвэрийн даргын 1980 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 86 тоот “Ажилд авах тухай” тушаалд “Дугуй зуухны нүүрс оруулагч Ж.Батсүх тэтгэвэрт гарсан тул орон тоон дээр нь Гагав овогтой Доржсүрэнг 1980 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай” гэжээ,   

2. Увс аймгийн Барилга угсралтын трест Барилга материалын үйлдвэрийн даргын 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тушаалын хуулбарт “Гагав овогтой Доржсүрэнг 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дугуй зуухны нүүрс оруулагчийн ажлаас чөлөөлсүгэй” гэжээ,  

3. Увс аймгийн Барилга угсралтын трест Барилга материалын үйлдвэрийн даргын 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 79 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Хугацаат цэргийн алба хааж бэлтгэлээр халагдсан Гагав овогтой Доржсүрэнг 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дугуй зуухны тоосго өрөгч, гаргагчаар ажилд томилсугай” гэж бичжээ,

4. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргаж ирүүлсэн Гагавын Доржсүрэнгийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1986 оны 9 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

5. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гаргаж ирүүлсэн “Барилга угсралтын трест” УҮГ нь 1992 оны 3 дугаар сарын 14-нд “Барилгын бирж” болж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

6. Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 86 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Гагав овогтой Доржсүрэнг өөртөө нь тохиролцсоны үндсэн дээр 1994 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нв чөлөөлсүгэй” гэжээ,

7. Гэрч Г.Ганхуягийн шүүхэд өгсөн: “Би 1981 оноос Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны нүүрс оруулагч, галчаар ажилд орж улмаар өрөгч, гаргагчаар 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад үргэлжлүүлэн 1992 оноос Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны өрөгч, гаргагчаар 1994 оныг дуустал ажиллаад “Их барилга” ХХК-д 1996 оныг дуустал тус тус ажилласан юм. 1981 онд намайг анх ажилд ороход Г.Доржсүрэн нь Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрийн дугуй зууханд нүүрс оруулагчаар ажиллаж байсан бөгөөд 1983-1986 онд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн тоосго өрөгч, гаргагчаар 1994 оныг дуустал ажилласан юм. Увс аймгийн Барилга угсралтын трест нь 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажиллаад 1992 оны 3 дугаар сараас Барилгын бирж нэртэй болсон юм. Бид нэг байгууллагын нэг цехэд хамт ажиллаж байсан учраас Г.Доржсүрэнг би сайн таньж мэднэ” гэх мэдүүлэг,

8. Гэрч З.Нансалжавын шүүхэд өгсөн: “Би 1982 оноос Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрийн заслын бригадад будагчин, шаварчнаар ажилд орж 1991 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаад 1992 оноос Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрийн заслын бригадад 1994 оныг дуустал тус тус ажилласан юм. Г.Доржсүрэн нь намайг 1982 онд анх ажилд ороход Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрийн дугуй зууханд нүүрс оруулагчаар ажиллаж байсан бөгөөд улмаар тоосго өрөгч, гаргагчаар 1994 оныг дуустал ажилласан санагдаж байна. Бид 1982 оноос эхлэн бие биенээ таньж мэдэх бөгөөд найз нөхдийн холбоотой олон жил явсан. Тухайн үед дугуй зуух нь 8, 16 цагийн зайтай 2 ээлжээр ажилладаг байсан бөгөөд манай нөхөр дугуй зууханд галч, тоосго өрөгч, гаргагч байсан юм” гэх мэдүүлэг,

9. Гэрч Г.Ганхуяг, З.Нансалжав нарын Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Г.Доржсүрэн нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрт 1980 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дугуй зуухны нүүрс оруулагчаар, Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрт 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл дугуй зуухны тоосго өрөгч, гаргагчаар, Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрт 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл дугуй зуухны тоосго өрөгч, гаргагчаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Барилга угсралтын трест Барилга материалын үйлдвэрийн даргын 1980 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 86 тоот “Ажилд авах тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсралтын трест Барилга материалын үйлдвэрийн даргын 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тушаалын хуулбар, Увс аймгийн Барилга угсралтын трест Барилга материалын үйлдвэрийн даргын 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 79 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргаж ирүүлсэн Г.Доржсүрэнгийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гаргаж ирүүлсэн “Барилга угсралтын трест” УҮГ нь 1992 оны 3 дугаар сарын 14-нд “Барилгын бирж” болж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа, Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 86 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Г.Ганхуяг, З.Нансалжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Г.Доржсүрэнгийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрт 1980 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 жил, 9 сар, 20 хоног дугуй зуухны нүүрс оруулагчаар, Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрт 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 5 жил, 6 сар, 13 хоног дугуй зуухны тоосго өрөгч, гаргагчаар, Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрт 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл 2 жил, 6 сар, 16 хоног дугуй зуухны тоосго өрөгч, гаргагчаар, нийт 10 жил, 10 сар, 22 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Доржсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Гагавын Доржсүрэнгийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрт 1980 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 9 /ес/ сар, 20 /хорь/ хоног дугуй зуухны нүүрс оруулагчаар, Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрт 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 5 /тав/ жил, 6 /зургаа/ сар, 13 /арван гурав/ хоног дугуй зуухны тоосго өрөгч, гаргагчаар, Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрт 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар, 16 /арван зургаа/ хоног дугуй зуухны тоосго өрөгч, гаргагчаар, нийт 10 /арав/ жил, 10 /арав/ сар, 22 /хорин хоёр/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Доржсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР